sonin.mn
АН-ыг үүсгэн байгуулагчдын холбооны гишүүн, Улсын Бага хурлын гишүүн асан Д.Чилхаажавтай ярилцлаа.
 
-АН  дотооддоо талцал  нь дийлдэхээ байж тарахад ойртсон  гэх юм. Үүнтэй зэрэгцэн  энэ намыг үүсгэн байгуулагчид гэх хэдэн хүн шинэчлэл ярих боллоо. Хаанаас  гарч ирсэн, ямар зорилготой хүмүүс вэ?
 
-АН-ыг шинэчилнэ гэж ярьж байгаа нь 1990 онд намыг анх үүсгэн байгуулсан хүмүүс л дээ. Хэдэн хүн ч  яриад байгаа юм биш.  Улс орны өнцөг булан бүрт ардчиллын анхдагч олон мянган хүн бий.
 
Ихэнх нь 40 –өөс дээш  насынхан. Ардын намын үүсгэн байгуулагчид бол одоо байхгүй. Энэ бол АН-ын хувьд бас нэг боломж, давуу тал шүү. Саяхан цуглаж намаа шинэчлэх  чуулган хийхэд  21 аймгийн төлөөлөл 300 гаруй хүн ирсэн.  АН анх байгуулагдахдаа  нэг үзэл баримтлалтай, нэг үнэт зүйлийг тойрч нягтарсан хүмүүс байсан.Өөрөөр хэлбэл,  ардчилсан үзэл, түүний үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч нэгдсэн хэсэг бүлэг хүн нам байгуулсан. Гэтэл одоо огт өөр болчихоод байна. Үүнд бид эмзэглэж, намаа шинэчилъе гэж байгаа юм.
 
-Анх байснаас өөрчлөгдөөд  ямар болсон  гэж үзэж байна?
 
-Ер нь бол судлаачид улстөрчдийг хоёр хувааж үздэг юм байна лээ. Нэгдүгээрт, улс төрийг зорилгоо болгосон, хоёрдугаарт  улс төрөөс хишиг хүртэхийг хүссэн хүмүүс гэж. Үүнээс үүдэж улс төрийн нам  төлөвшихгүй байна. Нам төлөвшихгүй, дотоод ардчилал сул нөхцөлд  улс төрөөс хишиг хүртэхийг хүсэгчид намын удирдах байгууллагад  олширдог юм байна. Энэ нийгмийн болоод улс төрийн намын түүхэнд тогтоогдсон зүйл. Ийм байдал АН-д давтагдсан.
 
-Ер нь ганц АН ч биш, улс төрийн намууд яагаад төлөвшихгүй байна вэ?
 
-Олон хүчин зүйл байна. Нэгдүгээрт, гарааны нөхцөл ижил байсангүй. Монголд олон намын тогтолцоо бий болоход шинээр гарч ирсэн намууд хуучин байсантай харьцуулахад гарааны нөхцөл ялгаатай байгаа. Үндсэн хуулиар тэр үеийн МАХН /МАН/-ын удирдан чиглүүлэгч буюу төрийг удирдах эрхийг  хасчихсан боловч намын бүтэц хуучин социализмын үеийнх шиг бүх баг, хороо, аймаг, сумд хүртэл хэвээр үлдсэн. Хөрөнгө, санхүүгийн  байдал ч хэвээр үлдсэн. Хэдийгээр эрх зүйн хувьд ижил болсон ч эдийн засгийн хувьд намуудын гараа өөр байснаас болж ялгаа гарсан.
 
Хуучин МАХН /МАН/ төрийг удирддаг том нам байсан, бүтэц нь ч тийм. Гэтэл шинээр бий болсон намууд тэр  хүчинтэй тэмцэхийн тулд мөн тийм бүтэцтэй болох шаардлага тулгарсан. Тэр нь асар их зардал шаарддаг. Үүнийг шийдэлгүй орхисон. Одоо ч шийдээгүй байгаа. Намын санхүүжилтийн асуудал Монгол Улсын хувьд хэвээр байна. Тиймээс мөнгөтэй бизнесийнхнийг татах явдал гарсаар байна. Эрхзүйн орчин дутмаг байсан нь ч бас л хэвээр байгаа. Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон заалт гажиг үүсгэсэн. Өмнө нь намын бүлэг гэдэг бүтэц  Үндсэн хуульд байгаагүй. Өнөөдөр намын бүлэг  төрийн гол шийдвэрийг гаргаад байна. Төрийг нам удирдаж байгаагийн жишээ энэ. Үүнээс болж сонгодог парламент буюу парламентын үндсэн зарчмууд ажиллахаа байсан. Сонгуульд олонх  болсон ч дангаараа засаглаж чадахаа байсан нь үүнтэй холбоотой.
 
МАНАН үүслээ, төр МАНАН-тлаа  гэдэг шүүмжлэл үнэн шүү дээ. Сонгодог парламентын зарчмаар бол цөөнх хяналтаа тавина, олонх нь засгаа байгуулна. Гэтэл цөөнхийн  хяналт  тавьдаг зарчим байхгүй болсон.  Өнөөдөр энэ байдлыг аваад үзэхэд нэг нам дангаараа засаг барьдаг, хүч түрж асуудал шийддэг боллоо. Жишээ нь, МАН 65 суудал авсан. Эсрэгээрээ хүчний харьцаа 60:40 юм уу, хүчтэй сөрөг хүчинтэй болчихвол нийлчихдэг. Энэ юуг харуулж байна гэвэл ерөөс  хяналтгүй  байх, дураараа дургих хүсэл сонирхолд автагдсаных.
 
Дээр нь   Монголд хариуцлага хүлээдэггүй хоёр байгууллага бий болсон.  Нэг нь улс төрийн нам, нөгөө нь УИХ болсон. Дүрмээ биелүүлж байна уу, үгүй юу хамаагүй. Хууль, журмаа хэрэгжүүлж байна уу, үгүй юу мөн л падлийгүй. АН ч, МАН ч  дүрмээ биелүүлэхгүй байна. АН гэхэд л ҮЗХ, намын их хурлаа хуралдуулахгүй 6-7 жил боллоо. Дүрмээ биелүүлэхгүй нам байна гэдэг хариуцлагагүйн илрэл. Намын дүрэмд ч, хуульд ч хариуцлагын тогтолцоог маш муу тусгасан. Намын дүрэм гэдэг “тоглоомын дүрэм” шүү дээ. Спорт тоглоом, уралдаан, тэмцээн  дүрмээ биелүүлэхгүй бол юу болохыг хүмүүс сайн мэднэ. Түүн шиг  нам дүрмээ биелүүлэхгүй бол юу болох вэ. Дүрмээ биелүүлэхгүй байгаа нам төрд гарч ирээд хуулиа сахих уу. МАН ч гэсэн өнөөдөр   тийм байна. Энэ байдал намын дотоод ардчиллыг “алдаг”.
 
-Яаж?
 
-Саяхан Хан-Уул дүүргийн АН орон нутгийн ИТХ-д нэр дэвшүүлэхдээ ямар байв, дотроо хэд хэд хуваагдчихсан  хурал хийгээд  телевизээр гарсан. Би ч дэвшинэ, тэрийг ч дэвшүүлэхгүй гээд талцаж байна. Баянзүрх дүүргийн АН мөн адил. Өөрөөр хэлбэл, намын анхан шатны байгууллагаас сонгогдож, төрийн  сонгуульд  дэвших, өрсөлдөх ямар ч боломж алга. Дотоод ардчилал байхгүй, төлөвшихгүй байгаа учраас нам төлөвшихгүй байна. Би АН-ын гишүүн учраас АН-д бүхнийг хамааруулж ярьж байж магадгүй. Ер нь бол бүх нам ийм байна. МАН-ыг харахад юу ч амлаж болдогийн бодит жишээ.
 
Худал амлалтаар төрд гарч байна. АН бас ялгаагүй. Асар хариуцлагагүй , төрийг тогтворгүй болгож  байна шүү дээ. Тэгээд яаж дахин сонгогдох вэ, яаж үлдэх гэдэгт хамаг анхаарлаа тавьдаг. Тэр нь тойрон хүрээлэгч, мөнгө, албан тушаалын хэнээтнүүдийг бий болгож байна. Бүлэглэл, фракц үүсгэж байна. Уг нь фракц гэж зорилго нэгтэй, зорилгодоо хүрэх арга барил нь өөр өөр хүмүүсийн нэгдэл. Гэтэл АН болоод бусад намд байгаа фракцуудын зорилго өөр байна. Шударга бус сонгууль, бүлэглэлийн хүнээ албан тушаалд тавих гэсэн зорилготой, ийм л байна.
 
-Одоо АН-ыг үүсгэн байгуулагчид ямар шинэчлэл хийх хэрэгтэй, яаж өөрчилнө гэж ярьж байгаа вэ?
 
-Намын удирдлагаас эхлээд шинэчлэх ёстой. Намын дүрмийн байгууллагуудыг шинэчлэх хэрэгтэй. Үүнийг бүгд хэлж байгаа л даа. Намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат  ҮЗХ-ны гишүүдийг 100 хувь шинэчилнэ гэж ярьж байна лээ. Ер нь бол бүгдийг цогцоор шийдэж байж нам шинэчлэгдэнэ. Дүрэм, эрх зүйгээ өөрчлөх ёстой. Намуудын тухай хуулийг өөрчилмөөр байна. Сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл өргөн барьсан ч буцаачихсан. Намуудыг хариуцлагатай болгох, намын нэрээр төрд  гарсан хүмүүст хариуцлага тооцох зэрэгт бүх нам дургүй байгаагийн илрэл тэр.
 
Иймээс намд хариуцлага тооцох зүйл алга. Намууд төрөөр тоглож байна.Нам асуудал шийдэх биш,  дотроо нэг бүлэглэлийг тойрсон хүмүүс асуудал шийдээд, тойрон хүрээллээр  албан тушаалд  очдог хэдэн хүн байна. Иймээс төрийн байгууллагуудын чадамж суларсан. Энэ хэрээр төрийн нэр хүнд гадаад, дотоодод унаж байна. Үндсэн хуулиа аваад үзэхэд намаар дамжиж төрд гардаг учраас намыг шинэчлэхгүйгээр төрийн хямралыг цэглэж, төрийг шинэчилнэ гэж байхгүй. Тэгэхээр намын шинэчлэл маш чухал юм. Нам Их хуралд нэр дэвшүүлнэ гээд  хуульчилчихсан байхад  дотоод ардчиллаа тэнцвэржүүлж байж зөв хүмүүсээ төрийн байгууллагад дэвшүүлдэг, томилдог эрүүл тогтолцоонд шилжинэ.
 
-АН-ыг үүсгэн байгуулагчид шаардлага гаргасан гэсэн. Таны ярьж байгаа үндэслэлүүдээр шаардах бичиг, уриалга гаргасан уу?
 
-АН-ыг үүсгэн байгуулагчдын юуны  өмнө бодож, зорьж байгаа зүйл энэ. Намын бүх шатны байгууллагад үүсгэн байгуулагчдыг квотоор оруулъя гэж үзэж байгаа. Одоо бол намыг үүсгэн байгуулагчид гудамжинд явж байгаа шүү дээ. Намын бүх асуудал бидэнд хаалттай байдаг.
 
-Яагаад?
 
-Бүх эрх мэдлийг бүлэг­лэл, фракцууд хуваагаад авчихсан. Тиймээс бид намын гишүүн гэсэн нэрнээс цаашгүй. Үгээ хэлээд тоодог хүн байдаггүй. Очоод уулъя гэхээр дарга, цэрэг нь олддоггүй. Байгаад ч хүлээж авдаггүй. Ийм байдлаар намын  дарга нар хамт олон, эгэл жирийн гишүүдээсээ тасарчихсан. Энэ байдал нь төрд нөлөөлөөд байгаа шүү дээ.
 
-Өнөөдөр  ахмадууд, анхдагчид  нь  намын шинэчлэл  ярьж, уриалга, шаардах бичиг гаргахаар хүлээж авч байгаа хүн байна уу, АН-д?
 
-Бид намын их хурлаа зүгээр нэг хурал биш Онц их хурал гэж  зарлан хуралдуулах нь зүйтэй  гэж үзсэн. Намынхаа алдаа, оноог хэлэлцэж дүгнэнэ. Дүрмээ шинэчилнэ. Дүрмийн байгууллагуудыг шинээр сонгоё. Намын их хурлаас төлөөлөл сонгоход нөгөө л бүлэглэлүүд  орж ирээд хүссэн шийдвэрээ гаргуулчихна гэж АН-ыг  үүсгэн байгуулагчдын холбоо  үзэж байгаа учраас намын их хурлын төлөөлөгчдийн 30-аас доошгүй хувь нь шууд үүсгэн байгуулагчдаас орох нь зүйтэй гэж шаардаж байгаа.
 
-Үүсгэн байгуулагчид бас эрх ашиг, албан тушаал горилж  яваа юм биш биз дээ. Яагаад өөрсдийгөө намын Их хуралд 30 хувь, ҮЗХ-ны гишүүдийн төдөн хувь байх ёстой гэж үзээд байгаа юм бэ?
 
-АН-ыг үүсгэн байгуулагчид үзэл бодолдоо үнэнч хүмүүс. Ардчиллын үнэт зүйлд тууштай байдаг. Би түрүүнд хэлсэн дээ, судлаачид улс төрчдийг хоёр хувааж үздэг гэж. Тэгвэл үүсгэн байгуулагчид бол  эрх ашгийг биш улс төрийг  нэгдүгээрт тавьдаг хүмүүс. Тиймээс ардчиллаас урвахгүй. Ардчиллын үнэт зүйлийн төлөө байгаа тэр хүмүүс намын бүтэцэд байж хяналтаа тавьж байх ёстой.
 
-Албан тушаалд  бас очно гэсэн үг үү?
 
-АН-ыг үүсгэн байгуулагчдад төрийн өндөр  албан тушаал хэрэггүй. Тэд тийм зүйл хүсэхгүй. Зөвхөн намаа зөв байлгах, эрүүл саруул үйл ажиллагаа явуулах, шударга шийдвэр гаргуулахад анхаарч ажиллана. Намын дотоод ардчиллыг төлөвшүүлнэ. Үүнээс өөр гарц алга. 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин