sonin.mn
Монголбанкны Мөнгөний Бодлогын зөвлөл шинэ гишүүдтэй болсон. Мөнгөний Бодлогын зөвлөл нь 14 гишүүнтэй бөгөөд эдгээрийн тав нь хараат бус буюу Монголбанканд хамааралгүй, бизнес эрхлэгч, судлаач хүмүүсээс бүрдэж байна.  
 
Хараат бус гишүүний нэг нь Б.Баттүшиг юм. Энэхүү томилгоог янз бүрийн байдлаар улстөржүүлэх хандлагатай байгаа бөгөөд энэ зөвлөлийн гишүүнээр яагаад сонгогдох болсон тухай тайлбарыг Б.Баттүшигтэй холбогдон авлаа. 
 
Б.Баттүшиг нь одоо "Алтай Холдинг" группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.  Тус групп энэ жил Монголын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдааны сүлжээнд цоо шинэ стандарт бүхий  "И-Март" сүлжээ дэлгүүрийг зах зээлд танилцуулж богино хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болоод буй. Тиймээс ч бид тус сүлжээ дэлгүүрийн эзэмшлийн талаар мөн тодрууллаа. 
 
- И-Март дэлгүүрийг монгол уу, солонгос уу, энэ дэлгүүрээс худалдан авалт хийх нь эх оронч биш хандлага болно гэх мэдээлэл тарах болж. "И-Март"-ын эзэмшлийн тухай тайлбар хийх үү?
 
-  “И-март”-ын 90 хувь нь Монголын хөрөнгө оруулалттай учраас манай үндэсний компани гэдэгт ямар ч маргаан байхгүй. Үлдсэн 10 хувьд хөрөнгө оруулахыг бид өөрсдөө Солонгосын талд санал болгож, менежментдээ гэрээгээр зөвлөгөө авч байгаа. Тиймээс “И-март” бол цэвэр Монголынх, энэ дэлгүүрийг үйлчлүүлэгчдэд нь гадных мэтээр ойлгуулах гэсэн оролдлого өөрөө бодит үнэний оргүй зүйл.
 
Энэ дэлгүүрт монголчууд хөрөнгө оруулж, монголчууд ажиллаж, монголчууд үйлчлүүлж, ашиг нь ч Монголдоо үлдэж байгаа. Эх оронч байх тухай өрөөсгөл гаж тайлбар, тэрс үзлүүдийг би хувьдаа хамгийн эрүүл бус гэж бодож байна.
 
- Өөрийг тань Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдсоныг буруугаар тайлбарлах мэдээлэл их цацагдлаа. Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдсон учир шалтгаанаа тайлбарлахгүй юу?
 
- Би Монголбанкны хараат бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхлээд удаагүй байна. 
 
Хэвлэлээр гарсан, магадгүй цөөнгүй хүний дургүйцлийг төрүүлж байж болох энэ мэдээлэлд хариулт өгөхгүй бол миний зүгээс биеэ тоосон явдал болох байх. Юуны өмнө би хувийн бизнесээ хийсэн хэвээр байгаа гэдгээ хэлье.  Миний өдөр тутмын ажил бол та бүхний мэдэж байгаачлан “Алтай Холдинг” буюу “И-март”-ын удирдлагын багаа хариуцсан хэвээр.
 
 Миний бие Чикагогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ дахь олон улсын банк санхүүгийн байгууллагуудад ажиллаж байлаа. Дараа нь Харвардын бизнесийн сургуульд хоёр жилийн бүрэн мастер хамгаалсан. Өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай тогтоосон сайн харилцаа, түүнчлэн өөрийн сурч дүүргэсэн их сургуулиудын эрдэмтэн багш нарын сүлжээнд идэвхтэй оролцох тал дээр нэлээд туршлага хуримтлуулснаа энэ дашрамд онцлох хэрэгтэй болж байна. 
 
"Би Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүний ажлаа өндөр хариуцлага үүрэн гүйцэтгэж байна"
 
Тиймээс ч намайг хараат бус зөвлөлдөө мөнгөний бодлогын гишүүнээр ажиллах санал тавьсан болов уу. Намайг гишүүнээрээ харьяалж байгаа энэхүү зөвлөл бол өдөр тутмын үйл ажиллагаатай байгууллага биш юм. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хараат бус зөвлөлийн гишүүний хувьд би Монголбанкнаас цалин авдаггүй. Өмнөх хараат бус гишүүд бас бизнес эрхлэгчид болон академийн хүмүүс байсан. Тэгэхээр энэ маань Монголбанкнаас надад тавьсан саналыг хүлээн авах миний шалтгаан болсон юм. Их энгийнээр тайлбарлах юм бол би энэ ажлаа өөрийн сайн дураар, гэхдээ өндөр хариуцлага үүрэн гүйцэтгэж байна. 
 
- Монголбанкны Мөнгөний Бодлогын зөвлөлийн хараат бус гишүүний хувьд Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дээшлүүлэх боломжтой гэж харж байгаа вэ?
 
- Монголын эдийн засгийн талаар гадаадын хэвлэлд нийтлэгдэж байгаа мэдээллүүд бодит байдлаас илүүтэй хамгийн их хохирол учруулах хандлагатай болчихлоо. Нэгэнт ийм сөрөг төсөөлөл тогтсон байхад Монголын талаас эхний ээлжинд хөрөнгө оруулагчдын сэтгэгдлийг өөрчлөх оролдлого хийхээс өөр замгүй. 
 
Одоо бид өөрсдөө л сайн ажиллахгүй бол гаднынхан алив бид нар хямралаас чинь гаргаад өгье, олон улсын хэвлэлийнхэнд та нарыг сайхан худлаа магтаад орхиё гэхгүй л дээ. Тиймээс бүх зүйл биднээс өөрсдөөс маань л шалтгаална. Зөв бодлого гаргаад, сайн ажиллаж, тууштай зүтгээд эхэлбэл гадаад ертөнц тэр тусгалыг шүүрээд л авна. Миний анзаарснаар, тэдэнд Монголоос нэг тийм сайн чимээ ирнэ гэсэн хүлээлттэй байх шиг.
 

Эх сурвалж: ikon.mn