sonin.mn
Сайн хуульч, шулуун шударга, өсөх ирээдүйтэй залуу улстөрч гэж таныг төрийн өндөр сэнтийд хоёр дахь удаагаа сонгож залсандаа Баянзүрх дүүргийн сонгогчид бид сэтгэл таатай байдаг. Түшээгийнхээ зарчимч байр суурь, ончтой санал санаачлагыг бид үнэлж байдгийн зэрэгцээ засуул хүн бөхөө засдаг шиг танд анхааруулмаар зүйл бас гарах юм аа.
 
Саяхан УИХ-ын чуулган дээр Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай хэлэлцэхэд таны хэлсэн үгийг сонсоод ахмад сонгогч бид энэхүү зурвасыг бичиж байна. Түүх мэдэхгүй зарим нь сэхээтний төөрөгдөл гэгч болон Д.Дамба, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Лоохууз нарын хэсэг хүнийг Ю.Цэдэнбал л хэлмэгдүүлчихсэн мэтээр олон жилийн турш гүтгэж ирснээс нээрэн ч тийм юм болж дээ гэх бодол санаа олны дунд газар авчээ.
 
Цаг, цаас хэмнэхийн тулд тэдгээрээс зөвхөн эхний, сүүлчийн хоёрыг, тухайлбал сэхээтний төөрөгдөл, Ц.Лоохуузын бүлгийн талаарх түүхийн үнэн баримтаас танд цухас төдий сонсгоё.
 
Дөч, тавиад онд сэхээтнүүдийн дунд “Улсын хөгжил удаан, ард түмний амьдрал дорой байна. Барууны орнуудын тусламжаар үйлдвэр, ялангуяа хүнд үйлдвэр хөгжүүлье” гэсэн яриа шүүмжлэл нэлээд гарсан байдаг. Тиймээс Улстөрийн товчооны гишүүд, намын Төв хорооны дарга нар, Сайд нарын Зөвлөлийн орлогчдыг зарим яам, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн газар, их, дээд сургуулиуд, томхон үйлдвэр, аж ахуйн газар, олон нийтийн төв байгууллагуудад очуулж, хурал цуглаан хийж, нам, засгийн бодлогын талаар сэхээтнүүдийн санаа бодлыг сонсон илэн далангүй, чөлөөтэй ярилцдаг байсан юм.
 
Энэ ажлын дүнг хэлэлцэх үед намын Төв xopooны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба тэргүүтэй зарим хүн нэлээд хатуурхаж, олон сэхээтнийг ажлаас халах, арга хэмжээ авах байр суурь илэрхийлсэн боловч Ю.Цэдэнбалын санаачлага, чармайлтаар Улстөрийн товчооны тогтоолд цөөн хүний нэр дурдаад өнгөрсөн, нэг ч хүнийг ажлаас халж хэлмэгдүүлээгүйг тэнд нэр зааж шүүмжлүүлсэн Г.Шагдаржав саяхан хэвлүүлсэн “Захидал” номдоо тэмдэглэсэн байна.
 
Ц.Лоохууз нарын бүлэглэсэн явуулгын тухайд гэвэл, тэд 1964 оны намын Төв хорооны бүгд хурал дээр Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн удирдлагын дутагдлыг шүүмжилчихсэн учраас л хэлмэгдсэн гэх ташаа ойлголт дэлгэрсэн юм.
 
Үнэн хэрэгтээ Ц.Лоохууз тэргүүтэй бүлэг тухайн бүгд хурлыг ашиглан ордны эргэлт хийж, өөрсдөө засгийн эрхэнд гарах зорилготой хуйвалдааныг бүр өмнө нь зохион байгуулж байсан нь тодорхой болсон юм. Бүгд хуралд олонх болохын тул намын Төв хорооны гишүүдийг талдаа татах, ятгах, нөлөө бүхий хүмүүст албан тушаал амлах, нэр хүндтэй ажилчин, малчин гишүүдийн шүүмжлэлийг бэлтгэж өгөх, нууц уулзалт, цугларалт зохион байгуулах, бүтэлгүйтвэл Хятад, Румын, Польшийн ЭСЯ-аас дэмжлэг хүссэн захидал бэлтгэх зэрэг хуйвалдааны баримт материал нь бүгд хурал дээр илчлэгдсэн байдаг.
 
Бүгд хурлын 100-гаад гишүүн шүүмжлэлээрээ Ц.Лоохууз нарын хуйвалдааныг баримттайгаар илчилж, тэдний талаар Ю.Цэдэнбал бүгд хурал дээр үг хэлээгүй санал гаргаагүй. Хуйвалдааны бүх баримт тагнуулын газрын болон Улсын төв архивд одоо ч байдаг юм билээ.
 
Хууль бус аргаар төрийн эрх авах гэсэн хуйвалдагчдыг хуулийн байгууллага шийтгэх ёстой ч намаас хөөж, ажлаас халаад өнгөрсөн ч тэднийг хэлмэгдүүлээгүй Түүхээ мэддэггүй хүмүүсийн балгаар өнөөдөр баатар, гавьяатын дүрд тоглож яваагаа Ц.Лоохууз нар өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж л байгаа.
 
Түүхийн талаар цагаан толгойгүй, онол, улстөрийн мэдлэг нимгэн, ноён нуруугүй, муйхардах, нударгалахыг урьтал болгодог С.Эрдэнэ шиг аманд орсноо бурж болдоггүй юм аа. Төрийн түшээгийн үг, байр суурь ултай бодож боловсруулсан, үнэн бодитой, баталгаа үнэмшилтэй байх ёстой шүү, Ж.Батзандан гишүүн ээ.
 
Таныг улам чамбайруулахыг хүсч, зурвас илгээсэн
П.Пэрэнлэй, Б.Батжав, Н.Цэрэн, Г.Буянтогтох, Н.Эрдэнэ, Ц.Чимэгээ