sonin.mn
Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатартай ярилцлаа.
 
-Та өмнөх Засгийн газарт дөрвөн жил Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. Тиймээс энэ удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг юу гэж дүгнэж байна гэдгээс яриагаа эхэлье?
 
-Ямар ч Засгийн газрын хувьд 100 хоног гэдэг бодлогоо тодорхойлох чухал үе.МАН сонгуульд ялж, засгаа байгуулаад удахгүй 100 хонох гэж байна. Гэтэл Монгол Улс цаашид ямар алсын хараа, зорилготой байх вэ гэдэг өнөөдрийг хүртэл тодорхой биш байна. Улс орон маань морь унасан толгойгүй хүн шиг, эзэнгүй мэт төртэй байгааг харах эмгэнэлтэй байна. Шинэчлэлийн Засгийн газар л гэхэд сонгуулиас өмнө хийх ажлаа тодорхойлчихсон, тэр төлөвлөгөөнийхө өдагуу цаг алдалгүй ажиллаж байлаа.
 
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад эхний 100 хоногтоо ямар ажил амжуулж, ард түмэндээ тайлагнаж байсныг товчоор эргэн санацгаая?         
 
-Бүтээн байгуулалт хийнэ, авлига хээл хахуультай тэмцэнэ гэж үндсэн чиглэлээ тодорхойлсон. Энэ хүрээнд экспортыг дэмжиж, импортыг багасгана. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихээ илэрхийлж байлаа. “Нүүрс”,  “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх мэт төсөл хөтөлбөр зарласан. Төрөөсөө мөнгө хулгайлдаг “дээрэмчидтэй” тэмцэж, олон барилгыг царцааж, шалгасан.
 
Авлига, хээл хахуультай тэмцсэнийхээ гороор Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайдын бүрэлдэхүүн ахлах зөвлөхөөс эхлээд шоронд орсон. Олон нийт, нийгмийн бодлого хариуцаж байсны хувьд над дээр ч хэрэг үүсгэж, АТГ-т 10 гаруй удаа мэдүүлэг өглөө. Өнөөдөр ч барьж, хорих асуудлууд үргэлжилсээр байна. Их бүтээн байгуулалт өрнүүлж, 21 аймгаа нийслэлтэй засмал замаар холбоно гэдгээ зарласан. Цахилгаан, дулааны хувьд өргөтгөл шинэчлэлт хийж, Улаанбаатарыг энэ талын доголдолгүй болгоно гэсэн биелсэн. Энэ мэт олон ажлыг эхлүүлж, бүтээж, бий болгосныг та бид харж байна.
 
-Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэж хэлээч?
 
-АН мөрийн хөтөлбөрүүдээ амьдрал дээр үндэслэн гаргаж байсан. Харин МАН-ынхан сонгуульд ялахын тулд юу ч хамаагүй амладаг. Худал мөрийн хөтөлбөр гарган, ард түмнээ хууран сонгуульд оролцсон гэдэг нь эхнээсээ харагдаж байна. Ганцхан жишээ татаж,  төсвийн тодотголыг авч үзье. Үрэлгэн төсвийг танасан, цалин тэтгэврийг хасахгүй гэж тайлбарлах байх. Гэгээлгээр төсөөлье хасахгүй юм байна. Гэтэл Төвбанк чинь бодлогын хүүгээ өсгөхөөр мөнгөний нийлүүлэлт багасч, юмны үнэ өснө. Нэгэнт 423 тэрбумаар танагдсан төсвөөсөө өгсөн цалин юу ч биш болно.
 
Эцсийн дүндээ ард түмэнд хэмнэсэн мөнгөнөөс юу нь наалдаж үлдэж байгаа юм бэ. Бөөн асуудал дэгдээж, хэмнэсэн мөнгийг эргүүлээд Төв банк нь бодлогоороо сороод авчихна шүү дээ. Сая татвар нэмж, цалин хасах байсан. Орон нутгийн сонгууль болох гэж байгаа болохоор хойшлууллаа. Гэхдээ сонгуулийн дараа тэд цалин хасч, татвар нэмэх нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, МАН дараагийн гурван жилд дураараа дургих нь. Засгийн бодлого нь ард түмнийхээ ахуй амьдралыг уруудан доройтуулах нь тодорхой байна.Энэ мэтээс эхлээд МАН-ын Засгийн газар юу хийхээ мэдэхгүй, “Ойд төөрчихсөн сармагчин шиг” явж байгаа нь харагдаж байна.
 
-“Станд бай” хөтөлбөр авна гэж байна. Энэ хэр оновчтой вэ?
 
-Шинэчлэлийн Засгийн газрын үед ч ОУВС энэ саналыг их тавьж байсан. Энэ нь монголчууд сэтгэж, бодож, үйлдвэрлэж чадахгүй. Миний гэр орон, хоол, хүнсийг өөр хүн бэлдээд өг гэсэн үг. Бүх төсөв, хаана ямар мөнгө хувиарлахыг тэд мэдэх болно. Эргээд 70 гаруй жил МАН ЗХУ-ын удирдлага дор явсантай ямар ч ялгаа болно гэсэн үг.
 
-“Станд бай”-д орохгүй бол хаанаас, мөнгө босгох юм бэ?
 
-Мега төслөө хөдөлгөхөөс өөр аргагүй. Хэрэгжих хамгийн магадлалтай нь Тавантолгой. Дотоодын үйлдвэрлээ дэмжье, суурь үйлдвэрлэлээ хөгжүүлье гэдэг үг яагаад эд нараас гарахгүй байна вэ. Мега төсөл гэхээр ганц уул уурхай гэж харж болохгүй.  “Тоёота” компанийн үйлдвэрийг Монголд оруулж ирье гэдэг яриа хэлэлцээр бүгд амжилттай явж байгаа. М.Хүдэрбаатар санаачилсан гээд  иймэрхүү боломжийг алдаж болохгүй.  Зүгээр үйлдвэрлэсэн машин оруулж ирж байхаар үүнийг Монголд хийе гэдэг байх хэрэгтэй. Энэ мэт олон боломж бидэнд байна. Дотоод нөөцөө ашиглах шаардлагатай.
 
-Эдийн засаг хүндэрсэн нөхцөлийг бондын мөнгөтэй холбож тайлбарладаг. Ирэх оноос эхний төлөлт нь эхэлнэ. Энэ Шинэчлэлийн Засгийн газрын үед тавигдсан өр шүү дээ?
 
-АН-ыг бонд авсан гэж их шүүмжилсэн. Гэтэл бондын мөнгөнөөс авсан 888 үйлдвэрээс 70-аад хувь нь МАН-ын компани байсан. Сүүлд энэ асуудал чуулган дээр ч яригдлаа. Бизнес хийж улсаа хөгжүүлнэ гэж зээл авсан тэр компаниуд өнөөдөр мөнгөө төлөх учиртай. Энэ мөнгийг татвар төлөгчид, төрийн албан хаагчдын цалингаар төлөх учиргүй. Төсөвт бонд дарамт болох ёсгүй.
 
-Энэ нөхцөлд бид ямар арга хэмжээ авах ёстой вэ?
 
-Эдийн засгийн асуудал  дан эдийн засаг яриад шийдэгддэггүй. Систем нь засаглал нь зөв байх ёстой. Засгийн газар мэргэжлийн боловсон хүчний сонголт, түүний томилгоо гэдэг дээр том мухардалд оржээ. Яг одоо 60 тэрбумын томилгоо л явагдаж байна. Мөнгө өгсөн хүн МАН-д ажиллаж болдог, нэр дэвшинэ, улс төрд орж болдог. Улс орны эрх ашиг гэдэг зүйл байдаггүй гэдгийг өнгөрсөн сонгууль, томилгоо, өнөөгийн байдал нь харуулж байна. Энэ бүхнийг хараад МАН ард түмнийхээ төлөө ажиллана гэдэгт эргэлзээ бий боллоо.
 
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн томилгоо мэтээс эхлээд хэзээ ч байж болохгүй зүйлс биеллээ олж байна. Зүгээр л МАН-ын даргыг спонсорлосон хүмүүс сайд, дарга, агентлагийн дарга гээд албан тушаалд очиж байна. Аливаа нам, хувь хүнд ёс зүй байх ёстой. МАН өөрийгөө боловсон хүчний бэлтгэл сайтай мундаг гэдэг. Нөгөө боловсон хүчин, мэдлэгтэй, зорилготой, өөрийн гэсэн бодолтой залуус нь хаана байна. Бүгд л “Сүү долоосон гөлөг шиг” дув дуугүй байгаа. Нөгөө оюунлаг залуучууд нь хаана байна вэ.  Бүгд Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарыгаа хараад байж байна.Аливаа зүйл толгойноосоо эхлэлтэй. Одоо байгаа тэргүүн нь болох Ж.Эрдэнэбат ОУВС-д толгойгоо мэдүүлэхэд бэлэн, өөрийн мэдэлгүй утсан хүүхэлдэй байснаас огцорсон нь дээр.
 
-Танай намд ч асуудал байна. Энэ тал дээрх таны байр суурийг сонсоод яриагаа өндөрлүүлье?
 
- Манайхны одоо ярьж байгаа дүрмийн шинэчлэлт байх ёстой. Дүрмээ шинэчлэн гэж ярихаасаа илүү дүрмээ мөрддөггүй өөрсдийн эрх ашгийн тулд юу ч хийхээс буцахгүй АН доторх манангаасаа салах хэрэгтэй.
 
Шуудхан хэлэхэд, өөрсдийн намын засгаа унагадаг Б.Наранхүү мэтийн нөхдүүдээсээ салах хэрэгтэй. Бас МАН-ынхантай үзэл бодол, түрийвчээрээ нэгдсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, нарын хүмүүсийг зайлуулж байж АН-ын шинэчлэлийн тухай ярих үүд хаалга нээгдэнэ. Яг үнэндээ манай намд үүсээд байгаа хүндрэл намд МАНАН үүсгэснээс л болсон. Өнөөдөр намын дүрэм, явж ирсэн чиг шугам үгүй боллоо гэж байгаа бүгд чинь энэ бүхнийг уландаа гишгэсэн дээрх хүмүүсээс л шалтгаалсан гэдгийг дахин хэлье.
 
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин