sonin.mn
 Ганга нуур ширгэж гэнэ, сүхбаатарчууд “Гангын чуулган-2016” өдөрлөг зохион байгуулж байна гэхчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч, сошиал ертөнцийн жиргээчид ч ид шуугиж байна.
 
Ганга нуур нь ширгэснийг  бахдан тэмдэглэж “Гангын чуулган” хийж байгаа юм уу гэж  зарим нь ойлгоно. Нэгэнт ширгэсэн бол ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж байгаа юм уу гэж бодогдоно. Ямартай ч зүүн зүгийн толин чимэг, хүмүний сэтгэлийн ганган чимэг, байгаль дэлхийн нүдэн чимэг болсон Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэж, улаан шавар, зэвхий сайр л үлдэж. Усгүй шахам болж хатаж хагаруутсан шавар дээр хун шувууд нь уйтай гасалж, усны мандалд хөвөх аргагүй болсон тул явгалан тонголзож  буй зургууд л энэ намрын Ганга нуураас үлдэх нь ээ.
 
ГАНГА НУУР ШИРГЭЖ, АЛТАН-ОВОО МЭХИЙЛЭЭ, ХАРИН ХҮМҮҮС…
 
Үлгэр домогт  үзэсгэлэнт бүсгүй Ганга  нуур, сайхан эр Дарь уулаа тольдож, бие биеэ харуулдан байдаг юм хэмээн хайрын түүх хүүрнэх нь бий. Тэгвэл одоо, дэлхий ээжийн  ариун  судсаар холбоотой, нэг нь байхгүй бол нөгөө нь байхгүй гэх хунгийн ариун домогтой нуур, уул хоёр амьдын хагацалд унаж. Ариун Ганга ширгэж, Алтан Дарь овоо гашуудан мэхийжээ...Харин хүмүүс нь  тийм биш байна.  
 
Бүгд биш ч, гашуунаар, хатуугаар хэлчихэд шүү. Ганга нуурын усны түвшин доошиллоо, бохирдлоо, ирдэг хунгийн тоо цөөрлөө гэх үгс одоогоос зургаан жилийн өмнө 2010 оноос дуулдах болсон. Мод тарилаа, овоогоо тойруулаад хашаа татлаа, хогийн цэг байгууллаа, нуураа хашаалж хамгаалж байна гээд чамгүй ажил хийж байсан, дуулдаж ч байсан. Харин модыг нь машинаараа дайраад булгалчихсан, хогоо цэг дээр биш энд тэндгүй хаяж, нуурын хашлагыг түлэхээр аваад явчихсан, эсвэл зад татаад адуу малаа оруулчихсан хүмүүс  зөндөө л таарч байв даа. Худгаас усаа ховоогоор татаад малаа усалчихдаг малчин бараг байхгүй болчихсон гэж байгаа.
 
Адуу, малаа мотоциклиор тууж, арьс ширээ боловсруулахаа больж урд хөршөөс сур, ногт, чөдөр оруулж ирж, мухлаг тэргээ тэмээндээ ачаалаад оччих газар машинаар давхиж зан заншил, ёс уламжлалаа гээсний нэг илрэл энэ. Техникийн дэвшил, хөгжлийн эрингээс хоцрохгүй гэлээ ч бодох юм нутгийн иргэдэд байсан уу гэвэл байсан. Бас дээр нь нэмж хэлэхэд, байгаль хамгаалал гэдэг зөвхөн тэр нутгийнхны бус  бүх хүний, түүгээр явсан, аялсан болгоны үүрэг байх учиртай. Гэтэл жилийн дөрвөн улирал тэнд хүний хөл тасардаггүй. Цагаан сарын шинийн 8-нд 200-300-аараа жийпний цуваа хөвөрч, машинтайгаа Шилийн Богдын орой дээр чихэлдэж, олны хөлөөр Алтан-Овооны энгэрийн булууг буулгаж, элсний нүүдэл, цөлжилт талхагдлын аюул нүүрлүүлсэн.
 
Зундаа Талын агуй дотор хөргөгчинд чихсэн мах шиг “бөөгнөрч”, Ганга нуур, ойр ормын жижиг нуур, булаг шандыг бохирдуулж, зэрлэгшсэн хүн  сүрэг шиг  тарвалзаж байдаг байлаа, хол ойрын хүмүүс. Дээр нь нутгийн гаралтай хүмүүс нь Ганга нуурын байгаль экологи, эко системийг  хамгаалъя  гэчихээд зоосны нүхээр харж, ёолж байгаа газар дэлхийнхээ зовлонг нь мартаж, хурал чуулган нэрээр тэнд эндээс  “мөнгө сааж” жудаг, зулаггүй байгааг аврал гэх үү, сүйрэл гэх үү. Ганга нуур ийм байдалтай, эрлэгийн үүдэнд, “Цаазын тавцан”-д байна.
 
Тиймээс, төр засаг нь ч, түмэн олон ч нийтээрээ Ганга нуур руу анхаарал хандуулж, эхийн сүү шиг энэ нуураа аварч, эх орноо бүтэн байлгая гэж уриалмаар байна.  21 аймаг, 360 сум, Монголын нийт нутаг дэвсгэр, нэг гол, ширхэг чулуу бүгд багтаж байж Эх орон минь болно. Тийм болохоор дэргэд нь байж та нар гэж шүүмжлэн буй ч монголчуудын өнөөгийн нүүр царай ийм л байгаа.  “Ганга нуур байгаа цагт Миний Эх орон мөнхөд оршино” гэж дуу шүлэгт орсон дагшин нуур өнөөдөр ийнхүү ширгэж байгаад бид бүгд буруутай. Дарьганга нутгаас төрж, гарсан, урлаг соёлын, нийгмийн зүтгэлтнүүдийн байр суурийг хүргэе.
 
Ай.Төмөр-Очир/Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч/:
 
ДУУДААД ИРЭХГҮЙ ДАГШИН ХАЙРХАНАА “БУУДААД” УНАГААЧИХЖЭЭ, ХАРАМСАЛТАЙ
 
Дарьганга нутаг гэхээр Ганга нуур санаанд орно. Ганга нуур гэхээр Дарьганга минь бодогдоно. Ганга нуургүй бол ямар Дарьганга байх билээ. Ганга нуур үгүй бол яаж Дарь уул, Алтан-Овоо байх билээ.
 
Дорнын их найрагч Б.Явуухулан
 
“Хоёр сайхан ундаргатай
Эхийн сүү дундрахгүй
Хорин нэгэн булагтай
Энэ нуур ширгэхгүй
Ганга нуурын цэлийх ус
Эхийн сvv шиг цагаан
Ганга нуурын мэлмэрэх ус
 
Эхийн нулимс шиг бvлээн” гэж шүлэглэсэн нь бий. Гэтэл  энэ сайхан нуурын хоёр сайхан ундарга нь ч, 21 булаг нь ч амь тасарчээ. Эхийн сүү ч дундрах нь, өвгөдийн ухаан ч ширгэлээ. Ганга нуур хатаж үхжээ гэж дуулаад элэг урагдаж, эрүү ам дагжиж байна. Эх нуураа ширгэснийг сонсоод эх орон минь ширгэж байгаа гэж айж байна. Яах гэж  О.Дашбалбар хүүдээ Гангабаатар гэж нэр хайрласан юм бэ. Яах гэж Ай.Төмөр-Очир ач зээдээ Хурбулаг, Сорбулаг, Харбулаг, Хашбулаг, Хосбулаг гэж 21 булгаа бэлгэдэж нэр өгсөн юм бэ.
 
Ганга нуур ширгэчихээд байхад “Ганга нуурын чуулган”  хийж байгаа гэж сонслоо. нуур ширгэж гэж бахалж, тавалж байгаа юм уу, хаашаа юм. Хачин юм хийхээ болих хэрэгтэй.  Худал үнэн хэлж, мөнгө төгрөг цуглуулж, хөрөнгө босгож, хандив цуглуулж асар их зарлага гаргалаа л гэдэг. Байгаль хамгаалдаг, бодлого хэрэгжүүлдэг төрийн байгууллагууд ч, ТББ-ууд  ч олон байдаг. Яам, тамгын газраасаа эхлээд орон нутгийн байгууллага, бүтэц нь байна. Ажил хийдэг бол хийхээр хугацаа өнгөрлөө. Гэтэл нуур нь хатаж, ширгэж байна. Энэ жил нар гарсан ч, дэлхийд байхгүй юм гарчихсан биш.
 
Нар, хур ээлжлээд болж л байгаа. Дам сонсоход мэргэжлийн бус хэдэн хүн энд тэнд худаг гаргаж байна гээд нуурын усны судлыг хагалчихсан гэнэ үү, гэмтээчихсэн ч гэв үү худагнууд  нь усаар дүүрч халиад нуурын усны түвшин доошилсон гэсэн. Энэ асар том эмгэнэл. Лус савдгийн уур хилэнг хөдөлгөсөн үйл ажиллагаа. “Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал өөр рүү чинь их буугаар буудна” гэж үг бий. Дуудаад ирэхгүй дагшин хайрханаа буудаад унагаачихлаа. Эмгэнэн гашуудаж байна, Энэнээс өөр зүйл хэлж ч чадахгүй нь, ах нь. 
 
 
Ш.Чимэдцэеэ /Ардын жүжигчин/:
 
ХУДГААС УСАА ТАТЧИХГҮЙ, МАЛАА НУУР РУУ ОРУУЛДАГ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭ БАЙНА
 
- Яг дэргэд нь байхгүй ч янз бүрийн мэдээ сонсоод дандаа сэтгэл зовдог. Ганга нуур ширгэхэд нэгдүгээрт,   нутаг орныхны байгальдаа хандах хандлага, бэлэнчлэх сэтгэлгээ  нөлөөлж байна уу гэж боддог.  Манай нутагт задгай ус байх биш.  Сүүлийн үеийн малчид, залуус  адуу, малаа тэр чигээр нь туугаад оруулчихдаг болсон шиг байна. Өмнө нь тийм байгаагүй гэж хэлэхгүй л дээ. Мал орж л байсан. Гэхдээ эргэн тойрон олон худагтай байсан. Хоёрдугаарт, хүний хөл их болсон. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.
 
Нуурын ус ихээхэн бохирдсон. Замгийг нь шүүж цэвэрлэх ёстой юм уу, яаж ариутгах учиртай юм бол. Ус судлаач, энэ чиглэлийн эрдэмтэд ан­хаа­рал хандуулж, судалгаа шинжилгээ хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Байгаль, орчноо хамгаалж, Ганга нуур, Алтан-Овоондоо хандаж ирсэн өвгөдийн сургааль, шашны зан үйлийн ном сударт юу гэж өгүүлсэн байдгийг ч орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн давуу талуудтай хослуулаад Ганга нуураа аварч хам­гаалахгүй бол болохгүй.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин