sonin.mn
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, МАН-ын гишүүн  П.Баярхүү Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораакыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
 
Уулзалтын үеэр БНЧУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораак “Юуны өмнө хотын даргын орлогчийн албан тушаал томилогдсонд баяр хүргэе. Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Улаанбаатар хотод албан айлчлал хийсэн.
 
 Мөн өмнөх хотын даргатай уулзаж байсан. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамж, гэрэлтүүлгийг сайжруулах, битүү стадион барих төслийг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Та бүхнийг энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн ирэх сарын дундуур Чехийн Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан бизнесийн групп нийслэлд айлчилна.
 
Энэ үеэр болох бизнесийн форумд оролцохыг урьж байна” гэсэн аж. Харин Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү уулзалтын үеэр гар утсаараа оролдож, зочноо эвгүй байдалд оруулсан байна. Энэ нь зөвхөн зочноо ч бус улс орноо доромжилж буй хэрэг юм хэмээн зарим хүмүүс дүгнэж буй юм.
 
Э.Мягмар