sonin.mn
Эх орныхоо нэрийг холын Америкт цуурайтуулж, монгол уран нугаралтын гайхамшгийг зааж буй нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Уран нугараач, соёлын тэргүүний ажилтан Б.Сэрчмаа 1998 оноос Сан-Францискогийн циркт ажилласан ба “Монгол уран нугаралт” төвөө ажиллуулж буй уран бүтээлч юм.
 
-АНУ-д уран нугаралтын төвөө нээсэн болон “Монгол уран нугаралт” гэж нэрлэсэн түүхээс ярилцлагаа эхэлье.
 
-Би Америкийн циркт нугарахын зэрэгцээ Сан Франциско хотын “Circus Center” гэдэг циркийн хичээл заадаг байлаа. Би уран нугаралтын төвөө монгол үндэсний уламжлалаар авч явахыг хичээдэг. АНУ-д байрлаж байгаа учраас англи нэр өгч болох л байсан. 
 
Гэхдээ би монгол уран нугаралтаа сурталчилж, дэлхийд таниулах зорилгоор төвөө нээсэн. Уран нугаралтыг авьяастай залуучууд хийх ёстой гэсэн нийтлэг ойлголтыг эвдсэн. Сунгалт болон иогоос өөр төрлийн монгол уран нугаралтын техникт тулгуурласан дасгал байдаг гэдгийг таниулахыг хүссэн юм. Мэргэжлийн хүрээгээр хязгаарлагдахгүй олон дасгал монгол уран нугаралтын техникт бий. Тиймээс зүгээр уран нугаралт гэдгээр бус Монголын хэмээн тодотгох нь зүйтэй болов уу.
 Цаашид төвөө өргөжүүлэх бодолтой байна.
 
Манай төв бага насны монгол болон гадаад хүүхдүүдэд уран нугаралт заадаг. Монгол охид зав чөлөө гаргаж, хичээлд хамрагддаг төдийгүй АНУ-д зохион байгуулдаг монголчуудын арга хэмжээнд үргэлж оролцдог. Миний шавь монгол охид “America’s got Talent” буюу “Авьяаслаг америкчууд" шоунд 2014 онд амжилттай оролцсон. Мөн АНУ-д зохиогддог хамгийн том хандивын арга хэмжээ болох хөхний хорт хавдрын эсрэг тоглолтод оролцсон. Гадаадын оюутнууд төдийгүй мэргэжилтнүүд манай төвд хандан, хичээлд хамрагддаг.
 
- Хүн бүр чаддаг зүйлээ бусдад сургаж, эзэмшүүлж чаддаггүй. Энгийн хүмүүст багшлах хэцүү байдаг уу?
 
-Миний багшлах авьяасыг нээсэн хүн бол ээж минь. Ээж “Чи ийм сайхан мэргэжил эзэмшсэн юм чинь бусдад зааж өгөөч" гэж хэлдэг байв. Би ч ээжийнхээ хэлснээр хүүхдүүдэд нугаралтын хичээл зааж эхэлсэн. Миний ууган шавь уран нугаралтын багш болоод одоо надтай хамт ажиллаж байна. Сурсан эрдмээ хүнд зааж сургах нь надад хэцүү санагддаггүй. Би сүүлийн жилүүдэд шавь нараа эх орондоо авчран монгол соёл, ахуйтай танилцуулдаг болсон. Тэд ямар ахуй соёлоос Монголын уран нугаралт үүсч хөгжсөнийг нүдээр үзэх хэрэгтэй. Мөн Монголын циркийн багш нарын нээлттэй хичээлд шавь нараа хамруулдаг.
 
-Монголын циркийн сургуулийн уран нугаралтын ангид нарийн шалгуур давж байж тэнцэн суралцдаг. Та шавь нараа элсүүлэхдээ ямар шаардлага тавьдаг вэ? 
 
-Мэргэжлийн нугараач болох зорилготой суралцагчдаас тодорхой шалгалт авч, авьяасыг нь харж программд хамруулдаг. Харин сургалтаа сайжруулах, монгол нугаралтын дасгалаас сонирхсон хүмүүсииг айхтар шалгадаггүй. Хөгшин залуу гэж насны ангилал тогтоодоггүй гэсэн үг. Надад 55 настай шавь ч бий. Уран нугаралтынхаа техникт үндэслээд ямар ч мэдэгдэхүүнгүй хүмүүст хичээл зааж байна. Энэ санаачлага минь амжилттай . хэрэгжиж, хүмүүс фитнес маягаар хичээллэх болсон. Уян хатнаа сайжруулах гэсэн шавь нар минь уран нугараач болох гэж бус эрүүл мэндийнхээ төлөө хичээллэдэг.
 
-Тэгэхээр танай төвд мэргэжпийн бус олон хүн ханддаг байх нь ээ?
 
-Тэгэлгүй яах вэ. Америкчууд эрүүл мэнддээ онцгой анхаардаг ард түмэн. Эрүүл байхын гол үндэс нь булчингийн уян хатан байдал гэж үздэг. Манай монголчууд ч “Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг" гэж ярьдаг даа. Их утга учиртай үг шүү. Булчин хөшингө байдалд шилжсэнээр олон өвчний эхлэл болдог. Тиймээс уран нугаралтын техник, сунгалтын дасгалаар булчингаа суллах гэж тамирчин, балетын бүжигчин гээд олон төрлийн мэргэжилтэй хүн манай төвд ханддаг.
 
-Нугараач болоход уян хатнаас илүү ямар чадвартай байх ёстой вэ?
 
-Уян хатан байна гэдэг нугараачийн нэг шалгуур. Гэхдээ уян хатантайгаа адил хэмжээний хүч чадалтай байх ёстой. Амжилтад хүрэхэд оюун санааны болон сэтгэлийн тэвчээр чухал.
 
-Та хэдэн настайгаасаа нугарч эхэлсэн бэ. Нугаралт ямар ид шидтэй болоод таныг өөртөө татах болов?
 
-Би багадаа Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Энхцэцэг эгчийн нугарахыг хараад л нугараач болохоор шийдсэн. Ээж минь багадаа уран нугаралтын дамжаанд суралцаж байсан ч эмч болох замыг сонгосон. Намайг багад ээж нугаралтын дасгал заадаг байсан нь бас нугараач болоход минь нөлөөлсөн байх. Ээж Хөтөлд цэргийн эмчээр ажиллаж байхад Л.Энхцэцэг эгч тоглолтоор ирж таарсан юм.
 
Тоглолтын дараа би ээжтэйгээ хөшигний ард очин Л.Энхцэцэг эгчтэй уулзаж, шалгууллаа. Намайг “Чадвартай байна. Хотод очиж багшид /Т.Цэнд-Аюуш/ цаг алдалгүй шалгуул” гэв. Би тэгэхэд долоон настай байсан. Ээжийгээ гуйсаар байж, хотод шалгуулахаар ирлээ. Би шалгуулахдаа бусад хүүхэд шиг “Тэнцэхгүй бол яана" гэж ерөөсөө бодоогүй. Харин ээж минь дотроо “Охин минь тэнцчихвэл хотод хаана амьдруулна даа” гэж бодсон гэсэн. 
 
Тэгээд би тэнцэж нагац ахындаа нэг жил амьдарч нугаралт сурсан. Ээж миний төлөө олон зүйлийг хийснээс хамгийн агуу нь хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарч Улаанбаатарт ирсэн явдал юм. Охиныхоо хүсэл сонирхлыг ойлгож, дэмжсэн ээждээ би одоо ч баярлаж явдаг. “Би ээжийнхээ төлөө сайн нугараач болно шүү" гэсээр шантралгүй сурсан.
 
-Уран нугаралтын эрдэм техникийг заасан багшийнхаа талаар дурсана уу?
 
-Би Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Тогоончулууны Цэнд-Аюуш багшийн шавь. Ээж минь надад амьдрал бэлэглэж, төрүүлж өсгөсөн бол багш минь намайг нугараач болгож амьдрах замыг минь зааж өгсөн хоёрдахь ачтан билээ. Багштайгаа учирсандаа, энэ их эрдмийг надад өвлүүлсэнд нь талархаад баршгүй. Багш маань Монголын уран нугараачдын хэдэн үеийг сургаж бэлтгэсэн ачтан. Манай нугараачдын бахархал болсон хүн. Бүх шавь нь багшийнхаа нэрийг өндөрт өргөж явахыг хичээдэг.
 
-Та яагаад нугарахаа больсон юм бэ?
 
-Олон шалтгааны улмаас больсон. Урлагийн бид ихэвчлэн оройн цагаар тоглодог, өдөрт нь бэлтгэл хийх, аялан тоглох гээд ар гэрийнхэндээ хандуулах цаг бага гардаг. Тиймээс гэр бүлдээ болон шавь нартаа илүү цаг зарцуулах гэж тэтгэвэртээ гарсан юм. Би эндхийн циркт нугарч байхдаа шавь нартаа төдийлөн сайн анхаарал тавьдаггүй байсан болов уу.
 
-АНУ-д хөл тавьсан түүхийг тань сонсмоор санагдлаа. Урилгаар очсон уу эсвэл өөрөө зориглоод Сан-Франциског зорьсон уу?
 
-Би оюутан байхдаа гэр бүлтэй болсон. Нөхөр маань сурахаар АНУ-д түрүүлж ирсэн юм. Тэгээд намайг урьж, би “Аялна, Америкийг үзнэ" гэсэн төлөвлөгөтэй Сан-Францискод ирсэн. Гэтэл нөхөр минь “Үргэлжлүүлж сурмаар байна.
 
Хамтдаа үлдье” гэсэн юм. Би залуу байсан учраас шууд л зөвшөөрсөн. Эхний хэдэн cap хүний газарт хөлөө олохгүй хэцүү байсан. “Cirque Ingeniuex” гэх “Broadway” циркийн тоглолтод хос нугаралтын үзүүлбэрт нэг нугараач хайж байна гэж Лас-Вегаст нугардаг монгол нугараачдаасаа сонссон юм. Тэднээр дамжуулан холбогдож, АНУ-д анхны тоглолтдоо орсон.
 
-Америкийн циркт ажилтнаар орох гээд шалгуулахад ямар байв?
 
-Би найруулагчтай уулзаад шалгуулах гэхэд “Монголын уран нугараачийг шалгана гэдэг миний хувьд ахадсан ажил. Би та нарыг шалгах хэмжээний хүн биш” гэж хэлээд намайг шууд ажилд авсан. Тэгэхэд би Монголын нугаралтыг дэлхийд таниулсан уран бүтээлчдээрээ бахархсан. Дэлхийн хаана ч очсон нүүр бардам байх Монголын циркийн өнгө төрх, түүх, амжилт манай уран нугараачидтай салшгүй холбоотой.
 
-Эх орноосоо хол байхын хэцүү нь юу вэ?
 
-Гэр бүлээ санах хамгийн хэцүү. Нөхөр бид хоёр хүүгээ орхиод АНУ-д ирсэн. Тиймээс хүүгээ, ээжийгээ их санадаг байлаа.
 
-АНУ-д Монголын маш олон нугараач ажиллаж амьдардаг. Та бүхний Америкийн циркийн хөгжилд тэр дундаа уран нугаралтын түүхэнд гүйцэтгэж буй үүргийг хэрхэн дүгнэх вэ?  
 
-АНУ-д уран нугаралт хөгжихөд Монголын нугараачид гол үүргийг гүйцэтгэсэн гэдгийг би хаана ч бардам хэлнэ. Манай ахмад үеийнхэн, миний багшийн боловсруулсан Монголын гэх уран нугаралтын техникийг гаднынханд заалаа гэж биднийг нэг хэсэг шүүмжилдэг байсан. Хэрвээ уран нугаралт зөвхөн Монголдоо оршоод байвал хөгжиж, дэлхийд танигдахгүй шүү дээ. 
 
Биеийн уян хатан зөвхөн монгол хүнд заяагдаагүй. Гадаад хүмүүсийн дунд маш уян хатан хүн олон бий. Гэхдээ монгол уран нугаралтыг гаднынхантай харьцуулахад урлаг талаасаа хүний гоо сайхан, хүч чадлыг харуулж маш сайхан мэдрэмж төрүүлдэг. Монгол нугаралтын техник нь маш агуу. Бид зөв зааж, сурталчлахгүй л бол техник хөгжсөн өнөө цагт хүссэн хүн интернэтээс хараад дуурайж хийж чадаж байна шүү дээ. Тиймээс хичээлийн сургалтаар зөв зааж, үндэсний урлагаа сурталчлах хэрэгтэй.
 
-Та бүхэн хоорондоо холбоотой байдаг уу?
 
-Нугараачдын мэргэжлийн онцлог юм уу, бид хоорондоо элэг нэггэй байдаг. Фэйсбүүк зэрэг цахим сүлжээгээр бид хоорондоо байнга холбогддог.
 
-Саяхан дэлхийн урлагийн түүхэнд 420 монгол нугараач нэгэн зэрэг нугарсан сайхан үйл явдал боллоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
 
-Үнэхээр бахархсан. Оролцож чадаагүйдээ л харамссан. Энэ үйл ажиллагаа нь Монголын уран нугаралтын гайхамшгийг харууллаа. Энэхүү сайхан үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан багш нар, уран нугараачиддаа баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь улам их амжилт хүсье. Энэ амжилтаа улам хөгжүүлж, дэлхийн олон орноос уран нугараачид Монголд цугладаг наадам болох болтугай.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин