sonin.mn
НҮБ./TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд сонгогдохоор өрсөлдөж буй нэр дэвшигчдийн Крымын талаарх байр суурь нь манай улсын хувьд тэднийг дэмжих үү, үгүй юү гэдгийг шийдэх гол үндэслэл болно гэж НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Владимир Ельченко мэдэгдлээ.
 
Украин улс бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн орон учраас нэр дэвшигчдийг шалгаруулахад оролцож байгаа аж. Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохын тулд АЗ-ийн гишүүн орнууд бүгд санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байх ёстой юм.
 
Украины байнгын төлөөлөгчийн ярьснаар, АЗ-д хаалттай байдалд болсон ярилцлагын үеэр нэр дэвшигч 12 хүн тус бүрээс Крымын талаарх байр суурийг нь асууж тодруулсан байна. 
 
2007 оноос хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мүнийг залгамжлахаар өрсөлдөж буй 12 хүн энэ сарын 21-ний өдөр Португалын Ерөнхий сайд асан Антониу Гутерриш /одоо НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар/ хамгийн их дэмжлэг аваад байна.
 
Тэрбээр дэмжсэн 12, түдгэлзсэн 3 санал аваад байгаа бол түүний өрсөлдөгч болох Словен улсын Ерөнхийлөгч асан Данило Тюрк-ийг 11 улс дэмжиж, хоёр улс эсэргүүцсэн санал өгч, хоёр нь түдгэлзжээ.
 
Нэр дэвшигчдийн жагсаалтын гуравдугаарт ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова явж байна. Тэрбээр дэмжсэн 9, эсэргүүцсэн 4, түдгэлзсэн 2 саналтай байгаа юм.
 
Дараагийн шалгаруулалтыг АЗ-ийн гишүүн орнууд 8 дугаар сарын 5-нд явуулахаар товлосон бөгөөд дүрэм ёсоор бол, нэр дэвшигчдийн аль нэг нь АЗ-ийн гишүүн бүх 15 орны дэмжлэгийг авах хүртэл уг шалгаруулалт үргэлжилсээр байх юм. Эл шалгуурыг хэн нэгэн нэр дэвшигч давсны дараа түүний нэрийг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хүргүүлнэ.
 
Саяхан НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэлэхдээ, Бан Ги Мүнийг залгамжлагчийн нэр 10 дугаар сард тодорхой болно гэж мэдэгдэж байсан юм. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг