sonin.mn
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоогоор томилоогүй байгаа дөрвөн сайдыг нөхөн томилох хүртэлх хугацааны үүргийг зарим сайд нарт хариуцуулав.
 
 Үүнд: - Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат,
 
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг Шадар сайд У.Хүрэлсүх,
 
- Эрчим хүчний сайдын үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж,
 
- Эрүүл мэндийн сайдын үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус тус хариуцахаар болжээ.
 
АТГ нь Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдад томилогдохоор нэр дэвшсэн Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарыг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн.
 
Иймээс дээрх дөрвөн сайдын оронд Ерөнхий сайд нэр өргөн барих ёстой ч одоогоор зөвшилцөлд хүрээгүй байгаа юм. Томилгоог хийх хүртэлх хугацаанд тэдгээр сайд нарыг Д.Ганбат, У.Хүрэлсүх, Ц.Дашдорж, Н.Номтойбаяр нар орлох аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг