sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Өнгөрсөн онд Бразилд улаан бурхны халдвар авсан тохиолдол огт бүртгэгдээгүй учир Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тус улсыг улаан бурхнаас ангижирсан улс гэдгийг мягмар гарагт албан ёсоор зарлалаа. Нэлээд хэдэн жилийн турш тууштай арга хэмжээ авсны дүнд тус улс улаан бурхнаас ангижирч чадсан байна.
 
Бразилд 1985-2000 онд улаан бурхны халдвар огт илрээгүй байсан боловч 2013 онд энэ халдварт өвчин тус улсын зүүн хойд нутгийн Пернамбуко болон Сеара мужуудад бүртгэгдсэн гэж ДЭМБ-ын улаан бурхны тархалттай тэмцэх асуудал хариуцсан олон улсын хорооны ерөнхийлөгч Марселин Даль-Режис хэллээ.
 
Улаан бурхан нь амьсгалын замаар, шүлсээр дамжин хүүхдүүдэд голдуу халдварладаг өвчин юм. Найтаалгах эсвэл ханиах үед энэ өвчний вирус агаарт маш хурдтай тархдаг бөгөөд халдвар авснаас хойш 10 хоногийн дараа бие дээгүүр улаан юм туурах зэргээр анхны шинж тэмдгүүд илэрдэг байна. 
 
Халдвар авсан хүмүүс ерөнхийдөө гурван долоо хоногийн дотор эдгэрдэг боловч тураалтай хүүхдүүд энэ өвчин туссан тохиолдолд уушгины хатгаа тусч, хараагүй болох цаашилбал амь насаа алдах аюултай.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг