sonin.mn
НЬЮ-ЙОРК. /VOA/. Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлал өндөр байна.
 
НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүний халааг авахаар өрсөлдөж буй 12 өрсөлдөгчийн тоог цөөрүүлэх буюу тэдний нэрсийн жагсаалтыг хумих талаарх эхний санал хураалтыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ энэ долоо хоногийн пүрэв гарагт явуулсан юм.
 
НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүн санал хураалтын үеэр нэр дэвшигч тус бүр дээр “дэмжиж байна”, “дэмжихгүй байна” болон “ямар ч хувилбар алга” гэсэн гурван хувилбараас сонголтоо хийжээ.
 
Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, мөн НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссароор 10 жил ажилласан Антонио Гутерришийг АЗ-ийн 15 гишүүний 12 нь “дэмжиж байна” гэсэн бол нэг нь ч “дэмжихгүй байна” гэсэн хувилбарыг сонгоогүй байна.
 
Эхний хаалттай санал хураалтаар Словенийн Ерөнхийлөгч асан Данило Тюрк хоёрдугаарт оржээ. Түүнийг АЗ-ийн 15 гишүүний 11 нь “дэмжиж байна” гэсэн бол хоёр нь “дэмжихгүй байна” гэжээ.
 
Харин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова болон өөр хоёр өрсөлдөгч адил санал авснаар гуравдугаар байрт орсон байна. АЗ хоёр дахь санал хураалтыг удахгүй явуулах аж. Бан Ги Мүний НҮБ-ын тэргүүнээр ажиллах үүрэг хугацаа энэ оны сүүлчээр дуусах юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг