sonin.mn
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 12:40 минутад УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн санал авах 3 дугаар хэсэгт очиж саналаа өглөө.
 
Тэрбээр энэ үеэр, "Нар хур тэгшилсэн зуны энэ өдөр нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэнд хүргэе. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу монголын ард түмэн ирэх 4 жилийнхээ өнгийг тодорхойлох энэхүү сонгуульдаа саналаа өгч, төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлж байна.
 
Бүх нам, эвслүүд хуулинд заасны дагуу бүгд сонгуулийн сурталчилгаагаа амжилттай хийлээ. Өнөөдрийн хувьд манай ард түмэн сонголтоо хийж байна. Ард түмний сонголт мэргэн байх болтугай. Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээнэ гэдгээ хэлье" гэв.
 
Тус хэсгийн хороо 12 цагийн байдлаар 2200 сонгогч саналаа өгөхөөс 495 сонгогч саналаа өгөөд байв. Сонгуулийн явцыг 18 нам эвслийн ажиглагч ажиглаж байгаа бөгөөд ямар нэг зөрчил гараагүй байлаа. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг