sonin.mn
ВАШИНГТОН. /investing.com/. Дараалан 4 жил уруудсан эдийн засгийн өсөлтөө сэргээх найдвар тээсээр монголчууд энэ долоо хоногт шинэ парламентаа сонгох гэж байна.
 
Чингис хааны өлгий нутаг гэдгээр нь сайн мэдэх, ердөө 3-хан сая хүн амтай алс холын энэ улс нэг намтай дэглэмүүдээр хүрээлүүлсэн ардчиллын баян бүрд мэт байсаар ирсэн юм.
 
1990 онд тайван замаар хийсэн хувьсгалаас хойших хугацаанд Монголын улс төрд гарсан өөрчлөлт нь ашигт малтмал руу нь хараагаа бэлчээсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд тун таатай хэрэг байлаа.
 
Харин 2012 оноос хойш эдийн засгийн өсөлт гэнэт удааширсан нь “Рио Тинто” групп зэрэг олон улсын компаниудтай холбоотой маргааныг өдөөсөн юм. Зэсийн “Оюутолгой” ордын 5.3 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн төлөвлөгөөг “Рио Тинто” болон Монголын Засгийн газарт өнгөрсөн сард эцэслэн баталжээ.
 
Уул уурхайн салбарын уналт нь лхагва гарагт болох парламентын сонгуулиар эрх баригч Ардчилсан намыг парламентад эзэлж буй суудлаас нь салгаж магадгүй гэдгийг санал асуулгууд харуулж байна.
 
“Эдийн засгийн хямралд Ардчилсан нам 100 хувь буруутай” гэж ням гарагт Монголын засгийн газрын ордны өмнө болсон ардчиллын эсрэг жижигхэн жагсаалыг удирдан явуулсан Д.Совоод ярилаа.
 
Уул уурхайн эрчимтэй хөгжлийн ид үед “Майн-голиа” гэх хоч зүүх болсон Монгол Улс өөрчлөгдөн буй нөхцөл байдалд дасан зохицохыг хичээж байна.
 
2011 онд 17.5 хувьтай байсан Монголын эдийн засгийн өсөлт Ардчилсан намыг төрийн эрхэнд гарснаас нэг жилийн дараа эрс буурсан юм. Энэ онд тус улсын эдийн засаг ердөө 0.4-хөн хувиар өснө гэж ОУВС урьдчилан таамаглаж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг