sonin.mn
ВАШИНГТОН. /Anadolu/. Терроризмтой тэмцэх хүчин чармайлтын хүрээнд Америк дахь мусульман шашинтнуудыг шалгах /profiling/ асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай байгаа Дональд Трамп хэллээ.
 
“Лалын шашинтнуудыг шалгах асуудлыг бид авч хэлэлцэх хэрэгтэй” гэж тэрбээр телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
 
Тэрбээр цааш ярихдаа “бид энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй. Бусад улс ч ийм арга хэмжээ авсан байдаг. Ингэх нь тийм ч буруу зүйл биш. Би шалгахыг үзэн яддаг. Гэхдээ бид асуудалд эрүүл ухаанаар хандах хэрэгтэй байна” гэжээ.
 
Өнгөрсөн оны 12 дугаар сард Калифорни муж улсын Сан-Бернандино хотод зэвсэгт этгээд гал нээн 14 хүнийг хөнөөсөнтэй холбогдуулан Трамп хэлэхдээ “хэрвээ би ерөнхийлөгч болбол лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглоно” гэж байсан юм.
 
Мөн энэ сарын 12-нд Омар Матин гэгч афганистан гаралтай Америкийн иргэн Флорида муж улсын Орландо хот дахь ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт дайран орж, гал нээн 49 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарсантай холбогдуулан лалын шашинтнуудыг АНУ руу нэвтрүүлэхийг хориглохыг Дональд Трамп дахин уриалсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг