sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Ирэх сард болох сонгуулийн өмнө Монгол Улсын парламент сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулсан билээ. Үүний улмаас гадуурхагдаад буй жижиг намууд “коммунизмыг халснаас хойш 25 жилийн нүүрийг үзээд байгаа Монголын ардчиллын үнэ цэнэ алдагдаж байна” гэж мэдэгджээ.
 
Гуравхан сая хүн амтай, өргөн уудам тал нутагтай, Чингис хааны өлгий нутаг болсон Монгол бол нэг намын тогтолцоотой БНХАУ, ОХУ-аар хүрээлүүлсэн ардчиллын баян бүрд билээ.
 
Монгол орон 1990 онд тайван замаар хувьсгал хийж ардчилалд шилжсэн нь гадаад хөрөнгө оруулалтыг татах үндэс болсон. Гэтэл 2012 оноос хойш тус улсын эдийн засгийн өсөлт удааширч, “Рио Тинто” зэрэг компанитай үүссэн маргаан нь даамжирсан юм.
 
Уул уурхайн салбар уналтад орсон нь ирэх сард болох сонгуулийн үеэр Ардчилсан намд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байгааг санал асуулга харууллаа. Харин Монгол Ардын нам үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлэх эсэх нь мөн тодорхойгүй байгаа боловч тус улсын ардчиллын мөн чанарт үндсэн өөрчлөлт гарснаар энэ удаагийн сонгууль хоёр морины оролцоотой уралдаан болох нь.
 
Парламентын 76 гишүүний 28-ыг нь намуудын авсан саналын тоог хувь тэнцүүлэх журмаар сонгоно гэсэн 2012 онд гаргасан заалтыг хасахын тулд УИХ энэ сарын 5-нд сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
 
"Харамсалтай нь буцаад мажоритар тогтолцоонд шилжиж байгаа нь арагшаа ухарсан алхам болсон. Энэ нь олон намуудыг улс төрийн хоёр эвсэлд хуваана" гэж Иргэний Зориг-Ногоон намаас сонгогдсон хууль тогтоогч С.Оюун мэдэгдсэн байна.
 
Монголын Үндсэн хуулийн цэц “хууль тогтоогчдыг намын жагсаалтаар сонгох ёсгүй, тэднийг иргэд сонгох ёстой” гэж үзжээ. Үүнээс гадна энэ шийдвэрийн улмаас гадаадад амьдардаг 150 мянган монголчууд сонгуулийн тойрогт бүртгүүлэх, сонгуульд санал өгөх боломжгүй болж байгаа юм.
 
Сонгуулийн хуульд өөрчлөлт орсон нь ардчиллыг дэмжигчдийн зоригийг мохоож байна. “Сонгууль хаяанд ирсэн үед хуульд өөрчлөлт оруулах нь хамгийн буруу” гэж Нээлттэй нийгэм форумын сонгууль, улс төрийн санхүүжилт хариуцсан хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг ярьж байна.
 
Ардчилсан хувьсгалаар гарч ирсэн Ардчилсан нам Зөвлөлтийн үед Монголын төрийн эрхийг барьж байсан Монгол ардын намтай /МАН/ өрсөлдөнө.
 
Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас хоёр өдрийн өмнө Засгийн газраас томилогддог Сонгуулийн ерөнхий хороо жижиг хоёр намыг, тухайлбал, Иргэний Зориг-Ногоон намыг баримт бичгийн зөрчилтэй хэмээн сонгуульд оролцохыг нь хориглосон байна.
 
“Ард түмнээ хайрлая” нам, “ХААН сонголт” эвсэл, Консерватив нам зэрэг жижиг 12 намууд сонгууль оролцох эрхээ авсан боловч сонгуулийн хуучирсан тогтолцооны хүрээнд өрсөлдөх тул амжилт олох боломжгүй юм.
 
Хүндхэн цаг үе
 
Иргэний Зориг-Ногоон нам сонгуульд оролцох эрхээ авахыг зорьж байгаа бол сонгуульд оролцох боломжгүй болсон Хөдөлмөрийн үндэсний намын дарга Сүрэнхүүгийн Боргил бие даан нэр дэвших бодолтой байна.
 
2008 оны сонгуулийн үеэр санал будлиантуулсантай холбоотойгоор Улаанбаатар хотод эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд ийм хэрэг энэ сонгуулийн үеэр гарч болзошгүй хэмээн тэрбээр эмээж байна. “Сонгуулийн хуулийг өөрчилсөн нь түүний үйл явцыг сайжруулах бус ардчиллыг хууран мэхэлж байгаа явдал юм. Энэ нь сонгуулийг замбараагүй болгоно” гэж Боргил мэдэгджээ.
 
Монголын эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл газар авч байгаа нь тус улсын иргэдийн улс төрчдөд итгэх итгэлийг хөсөрдүүлж, нийгэм дэх зааг ялгааг улам тод болгосон юм.
 
Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар, монголчуудын 57 хувь нь УИХ-ын үйл ажиллагаа үр дүнгүй гэж үзсэн бол 67 хувь нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг  дэмжээгүй байна.
 
Энэ онд Монголын эдийн засгийн өсөлт 0.1 хувь байна гэсэн таамаглал гарсан нь 2011 оны 17.5 хувийн өсөлттэй харьцуулшах аргагүй юм. Нүүрс, зэсийн үнэ унаж, Хятадад эрэлт багассан нь Монголд хүндхэн цохилт болжээ.
 
"Бүх зүйл хүнд байна. Маш хүнд байна" гэж Чингисийн талбайд чихэр худалдаж амьдардаг өдгөө 56 настай Дэлгэрмаа ярьж байна. Хэний төлөө санал өгөхөө тэрбээр шийдээгүй байна гэж "Ройтерс" агентлагийн редактор Дэвид Станвэй бичжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг