sonin.mn
Ажаад л байхнээ Монголд маш муу нэг хүн байна. Тэр муухай амьтны нэр нь Баярцогт.  Баярцогтыг муулахгүй хүн гэж бараг алга. Топ попуупаас эхлээд улс орны амьдралын учир начирыг ухдаггүй мунхаг нь хүртэл өөр өөрийнхөө хэм хэмжээнд түүнийг муулж кайф авцгаана. Сонин сэтгүүл, сайт, тэлвийз радио бүгд л тэр хүнийг боорлон зулгааж амин зуулгаа залгуулж байгаа мэт харагдах боллоо.
 
Түүнийг муулж албан тушаал ахиж, тэндэрээ шийдүүлж, тойргоо зуруулж байгаа нь ч бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.  Нэг хэсэг 2013-14 оны үед Батинженерийг твиттерт дайрч давшилдаг аккаунтууд бөөндөө гарч ирцгээсэн. Судлаад байтал ихэнх нь замын тэндэр горилогчид, МИАТ-д сонин сэтгүүлээ шахагчид байж билээ.  Яг л тэрэн шиг болж байгаа нь бараг нүдэнд харагдаад байна.
 
Өөрийн хүний олон хүн Баярцогтыг тал талаас нь боксын мешок шиг нүдэж өөр өөрсдийн улс төрийн гараагаа эхэлнэ, эх орончоо батална, гэмгүй ариунаа тодотгоно. Гэвч тэд яаж ч зүтгээд нөгөө муу Баярцогтынхоо чигчий хурууны толионы дайтай гялалзахгүй. Баярцогт ч тэдний муулсан үгийг огт тоохгүй.
Тэд Баярцогт муу хүн учраас засаж авах гээд, эсвэл түүнийг зайлуулж маш сайн хүн оронд нь тавих гээд тэгээд муулаад байгаа ч юм биш. Зүгээр л Баярцогт бол тэдний хувьд хоолоо олж идэх багаж нь болчихоод байгаад л хамаг учир нь байгаа юм. Өөрөөр хэлбэл Баярцогт тэр хүмүүсийн тэжээгч, өл залгуулагч шахуу болчихсон хэрэг. Гэв гэнэт Баярцогт улс төрөөс гараад явчихвал хамгийн түрүүнд нөгөө хэн, хэн бас хэн нар өлсөж үхнэ. Үгүйдээ л орлого нь нойл заах тийшээгээ хандана. Бас тэр хэн гуайн улс төрийн карьер ч тэгэсгээд унтарна. Учир нь тэднийг байнга хооллож, байнга сэдэв нь болж гөвүүлж байх Баярцогт шиг мөлжүүртэй яс мөддөө олдохгүй л болов уу. 
 
Баярцогт бол 80-д оны сүүл үеийн оюутнууд, 90-д оны эхэн үеийн залуучуудын төлөөлөл болж 90 онд улс төрд орсон бидний үеийн эр. Түүнийг бөөнөөрөө боорлон нүдэж байхад өмөөрөхгүй өнгөрөх совесть энэ удаад хүрсэнгүй.
 
80-д оны Мөрөнд хүүхдүүдийн олон бүлэглэл, сахилгагүйтэл танхайрлын олон хэлбэр байсан юм. Тэдний дунд нэлээн нэртэй биеээ даасан нь манай 7б ангийнхан байв. 29 хөвгүүн, 9 охинтой анги маань 32 жилийн дараа тулаанд орсон суман шиг нэлээн хэдээр цөөрчээ. Гэвч бидний багын зан хэвээрээ. 2014 онд баригдаад суллагдахад 30 жил сураггүй байсан найзууд маань утасдаж биеийг минь асууж, тус дэмээ санал болгож байсансан. Үнэхээр л унаган багын найзууд л үлддэг, зам зуурын найзууд зам зуурынх л байдаг гэж яалтчгүй үнэн.
 
Бид ч үнэхээр шуугиулдаг нураадаг байлаа. Гэхдээ энд сэдвээсээ хэт хазайн тоочоод яахав. Дараа нь хэзээ нэгэн цагт хуучны түүх, паянгаа дурссан “7б” гэдэг бичил өгүүллэг юм уу тууж бичих санаа байгаа тул тэнд дэлгэрэнгүй өгүүлье. Брежневийн гашуудлын цуглаан дээр ангиараа инээсэн хэргээр 82 оны өвөл Мөрөнгийн бүх сургуулиар тараагдахаасаа өмнө жинхэнээсээ нураадаг хүнд гарууд байлаа.
 
Сахилгагүй зодоонч шазруун бацаанууд байсныг доод ангийн маань УИХ гишүүн Энх-Амгалан нар одоо ч батлаад хэлээд өгөх байх. Гэхдээ бидэнд нэг зарчим байсан юм. Мөрөөрөө хэнийг ч дээрэлхэхгүй, бяраа гайхуулагчдын хандыг дарж, 2 хүүхэд зодолдож байвал зодуулж байгаа талыг нь дэмжин өмөөрдөг байж билээ. Ялангуяа шударга бусаар дээрэлхүүлж байгаа нэгнийг өмөөрөх нь бидний бараг хобби байлаа. Бидний хийсэн зодооны зонхилох хэсэг нь бусдыг хамгаалах зодоон байлаа. Мууд бяраа гаргагчийн хандыг дарах шиг кайфтай юм ер нь байдаггүй юм шд.
 
Яг энэ бусдыг өмөөрдөг зан маань Баярцогтыг хараад сэргэж ирэв. Түүнийг өмөөрмөөр санагдаж байна. Яахлээрээ манай үеийн улс төрд байгаа залуусаас арай дөнгүүрийг нь энэ 10а-гийнхан, тэдний гар хөлүүд ийн боорлоод байгаа юм.
 
Өмөөрөхийн тулд би Баярцогтыг хоосон магтахгүй, үндэслэлгүй  зохиохгүй. Зүгээр л байгаа юмыг байгаагаар нь харцгаая л гэх гэсэн юм.
 
Бодит байдлыг л харцгаая. Баярцогт яахав муу хүн юм байж. Тэгвэл хэн нь сайн хүн нь юмб? Жэнко юу? Эсвэл Уянга уу? А эсвэл Ганбаатар уу, Аль нь юмб? Эдний хэд нь 90 онд улсаа жинхнээс нь тусгаар болгох гээд явж байсан билээ? Нэг санах гээд үз дээ! Миний ой тогтоолт сайн, ай кю өндөр ч надад л лав санаанд орж ирэх юм алга.
 
Монгол улс ардчилагдаад 25 жил л болж байна. Ардчилагдах ч гэж дээ энэ зүг рүү зам тавиад 25 жил болж.  Баярцогт бол тийм зам барьж байгаа замчин нь. Түүнийг шороотой, замын хар үнэртсэн, хиртэй бохир, явсан мөр нь шавхайтай хэмээн түүний тавьсан замаар донсолгоогүй давхисан эрхэмүүд муулж байгааг л би харж байна.   
 
Баярцогт улс төрч эрхэмүүдийн цэрвэдэг, нэр хүндээ гамнаад асуудлаас зугатаадаг аль халшрам асуудлуудыг барьж авч зууралдан түүнээсээ заримдаа загнуулж, бангадуулж, миалуулж нэр хүндээ алдаж явдаг хүн. Хэн төрийн ордныг тойрсон шарилын газрыг цэгцэлсэн юм?  Манай эх оронч, улс төрчдөөс хэн нь ч хийж зүрхлээгүй, барьж авахаасаа ч халгадаг байсан Сүхбаатар Чойбалсангийн бунхныг нурааж, оронд нь хааныхаа хөшөөг залах ажлыг хэн хийсэн билээ? Монголд Чингисийн албан ёсны хөшөөг 3 л хүн барьсан байдаг. Энэ бол Төмөр-Очир, Жэнко Баттулга 3 дахь нь ЗГХЭГ дарга С.Баярцогт. Эх орныхоо зүрхэн дээ хааны хөшөөг залах ажил амар байгаагүй нь тодорхой. Та бод л доо. Сүхбаатар, Чойбалсан, Самбуу гуай нарын шарилын хөндөх асуудал тэс хөндлөн зогсож, түүнээс бүгд цэрвэн зугатааж байсан юм шүү дээ. 
 
Саяхан би жиргээнээс нэг сайхан үг олж уншсан юм. "Залуу хүнийг чадахгүй бол яв гэж загнахын оронд чамаас өөр хэн хийх юм бэ гэж загнаж байх хэрэгтэй гэж". Чухам энэ үг л бидний үеийнхнийг хөглөж байдаг. Баярцогт ч исключение биш. Оюутолгойг хэл аманд орон орон С.Баяртай хамтран эхлүүлээгүй бол өнөөдөр бид яах байсан юм. Попууд маань ч юугаа тойрч улс төржих байсан юм бол?
 
Тэр шуугиад байгаа офф шоор данснынх нь тухай бодлоо хэлье. Би оюутан байхдаа гадаадад данстай байж билээ. Их амархаан нээдэг юм байгаан. Төгсөөд Монгол руу үлдэгдэл багахан мөнгөө татаж өр ширээ төлөх гэж л нэлээн юм болсон санагдаж байна. Дансандаа 20-30 доллар үлдээгээд тэр нь тэр чигээрээ мартагдсан. Хаана ч мэдүүлээгүй, нэгэнт ашиглахгүй, хандахгүй байгаа дансыг мэдүүлээд ч яах юм билээ.
 
Ер нь Монголчууд нэг юм ойлгох хэрэгтэй. Энэ бол 90 оноос хойш Монгол хүн гадаадад хувийн данстай байх эрхтэй болсон явдал юм. Анхны бизнесүүд хятад оросын хооронд ре-экспорт буюу манайхны хэлдэгээр ганзагаар боссон. Энэ үеээс л Монголчууд гадаадын санхүүгийн харилцаанд орж, бага багаар суралцсаар  ирсэн билээ.
Оффшор дансны гол давуу тал нь татваргүй тул бизнесийн харилцаанд орж байгаа талуудын гүйлгээг бэлэн мөнгөөр хийж байгаа мэт хялбар болгож өгдөг. Оффшор гэдэг систем байхгүй байсансан бол бид ОюуТолгой ч үгүй, Боинг онгоц ч үгүй сууцгааж байх байсан.
 
Оюу толгой бол Монголчууд 34 хувийг нь эзэмшдэг офф шор компани. Монголын хувийг бид ард нийтээрээ эзэмшдэг. Хэрэв Панамын хуулийн фирмийг дэлбэлсэн сэтгүүлчид өщөө сайн ухсан бол бидний нэр ус 3 саяуулаа гараад ирэх л байсан юм.  Бид ОюуТолгойг зэсийн борлуулалтын мөнгө маань борлогдсон улсын татварын албанд гувшуулалгүй шууд Монголчуудад ирж байгаасай гэж л оффшорт бүртгүүлсэн. Хэрэв оффшоор систем байгаагүй бол дэлхийн уул уурхайн бизнес ажиллахаа зүгээр л зогсчихно.  МИАТ 2013 онд авсан Боинг онгоцоо Америкийн оффшор буюу Делаверт бүртгэлтэй компаниар дамжуулан арилжаа хийж авсан.
Дэлхийн бүх хүмүүсийн шүтээн болсон Стив Жобсын үндэслэсэн Аппл компани ч АНУ-н гадна талд олсон олон тэрбумын орлогоо Ирландын офф шор бүсэд хадгалж байсан нь саяхан ил болсон ч бизнесийн түгээмэл практик тул энэ сэдэв газар аваагүй. Дашрамд дурьдахад Айфон дээр монгол фонт одоо хүртэл байхгүй л байгаа. 
 
Төрийн сайд бус, жирийн иргэн Баярцогтыг 2006-7 онд оффшор данстай байсанд би гайхахгүй, бас энэ талаар муулах ч бодолгүй байна. Яг бусдын үгээр муулах биш өөрийнхөө оюун ухаанаар тунгаагаад нэг үзвэл офф шор асуудал тийм ч нүд орой дээр гарахаар асуудал биш. Учир нь надад боломж олдсон бол би ч оффшор данс нээлгэхээс буцахгүй.
 
Баярцогт найзуудтайгаа нийлж тус бүр $250К босгоод хөрөнгө оруулж FOREX буюу валют арилжааны бизнес хийхээр хөдөлж байсан юм билээ. 250 мянган доллар бол жирийн багшийн 20 жилийн цалин гэж мэгээл шоудах улс төрчид популистууд захаас аван гарч ирэх л байх л даа. Гэхдээ энэ мөнгө бол Баярцогт шиг боловсролтой, боловсрол чадвараа шудрагаар үнэлүүлэх хэмжээний ажлын гэрээ хийх үнэлэмжтэй хүнд цочмоор их мөнгө бас биш юм. Жирийн инженер би л гэхэд 2010-2011 онд том хүүгийнхээ нисэгчийн сургуулийн зардалд $70К хувиасаа төлж байлаа. Энэ мөнгийг би МИАТ ХК-д боловсрол, ур чадвар, хөдөлмөрөө шудрагаар үнэлээд олж авсан. Орлогоо мэдүүлж татвараа төлөөд, тэрүүгээр ч зогсохгүй хүүхдийн сургалтын төлбөртөө татварын буцаан олголт авсан санагдаж байна.
 
МИАТ-д 2 ширхэг 767 онгоцыг нийлүүлээд сарын 295 мянган долларын түрээсээр олж ирж, Боинг компанитай урт хугацаан хүнд хэлэлцээр хийж анхны санал болгосн үнээс нь нийлбэр дүнгээр бараг 30 сая доллараар буулгасан гэрээ хийн, Асиана компанийн үүсгэсэн заргаас Солонгосын өрсөлдөөний газрын тавьсан байсан 2 тэрбум воны торгуулийг биечлэн захиа бичиж байж хүчингүй болгуулан, 2011, 2012 оны зуны нислэгийн үед солонгосын талын өгөхгүй гүрийж байсан нислэгийн зөвшөөрлүүдийг өгүүлэх татгалзахын аргагүй албан захиа Солонгосын тээврийн яам руу бичсэнийг МИАТ компани үнэлж боломжийн цалин урамшуулал олгож байсан нь намайг хүүхдээ нисэгчийн сургуульд сургах санхүүгийн боломж олгосон юм. Миний хувьд олсон мөнгөө хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулсан бол Баярцогтын хувьд дэлхийн санхүүгийн тогтолцооны халуун тогтоонд нь орж бизнес хийхээр оролдсон байна.  Иймээс би оффшор асуудал дээр Баярцогтыг муулмааргүй байна. Тэр төрд ороод тэр дансаараа гүйлгээ хийж, орлогоо татвараас бултуулахыг оролдоогүй нь харин ч түүний давуу тал. Обама ч багадаа хар тамхи татаж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингэлээ гээд түүнийг хар тамхичин гэхгүй л байгаа биз дээ.
 
Би McGill их сургуулийн Graduate certificate in Air and Space Law хөтөлбөрт 2007 онд элсэхээр 2006 онд өргөдөл гаргасан юм. Тэр том сургуулийн admission процесс нь онлайн явдаг. Сонголтгүй хэдэн хариултын нэгийг нь сонгоод л цааш урагшлана. "Nationality" гэдэг цонхон дээр "People's Republic of Mongolia" гэж гарч ирдэг юм байна. Эхэндээ их л эмзэг байлаа. Сургуульдаа элсэж орсныхоо дараа admission office руу нь мэйл бичиж байж алдааг засуулсан. Миний төгсөлтийн yearbook дээр Mongolia гэж бичигдсэн. "bat tsedevdamba mcgill" гээд гууглдвэл гараад ирнэ. Одоо Баярцогтыг хаа нэгтээ хятадын Монгол болгож бүртгэсэн нь яг нэг иймэрхүү л техникийн алдаа юм.  Гэтэл үүнийг хөөрөгдөж хөөрцөглөх нь юм үзэж нүд тайлаагүйгээ л зарлахаас хэтрэхгүй. Дэлхий даяар Монголыг хэдэн улс орон мэдэх билээ. Монголоо бид таниулж чадлуу?   
 
Та нар нэг ч өөгүй өндөг шиг хүн олоод дээрээ залчих санаатай л үзээд байх юм. Төгс хүн олдож магадгүй л юм. Харин тийм төгс хүн бол дарангуйлагч л болдог юм шд. Мэдээтэй л байгаарай. Өөлүүлэх шүүмжлүүлэх муу ч юм хийгээгүй, сайн юм бүүр ч хийгээгүй нэг өндөг олоод толгой дээрээ тавиад үз. Өндөгөн дотроор чинь нэг махчин шувууны дэгдээхэй, үгүй бол могойн зулзага, эсвэл матар, хамгийн сайндаа л хөдөлж өгдөггүй яст мэлхий, гарч ирнэ. Дарангуйлагчид төрд гарахаасаа өмнө бүгд л өөгүй өндөгнүүд байсан байдаг юм шүү.
 
Баярцогт бол төгс хүн биш. Харин ч түүний төгс бус байдал нь өөрөө ардчилалыг төгс болгоход маш хэрэгтэй давуу тал нь билээ.
 
Баярцогт энэ төрд байх ёстой хүмүүсийн нэг. Тэр цаашид ч дор хаяж 20 жил төрд зүтгэх байх. Энэ бичлэг гарсан ч эс гарсан ч Баярцогт Сэлэнгээсээ торохгүй сонгогдоно. Харин Баярцогтыг төрд орж ирвэл бид ашиглаж авах ёстой. Түүнээс одоогийн залуус, манай дараа үеийнхэн суралцах юм даанч их. Учир нь Баярцогт бол Монголын ардчилсан төрийн өвийг энэ биеээрээ тээгч нь. Түүн шиг 90 оноос хойш төрд зүтгэж бүх эмзэг, зарчмын асуудлыг нь шийдэлцэхэд оролцож, оройлон зүтгэж байсан улс төрчийн олоход бэрх. Цагийн аясаар ахмад туршлагатай улс төрчид халаагаа залуу үедээ өгч байна. Баярцогт бол тэр ахмадуудын дэргэдээ байлгаж, дараа үеийнхэнд дамжуулах үгээ зааж өгсөн гарынх нь шавь.
 
Олон асуудлын гол асуудлыг нь тэр зүтгүүлээд явдаг. Тэр тэвштэй будаа тээж яваад ганц нэг нь унахад зогсож түүхгүй. Үндсэн ачаагаа тээгээд л цааш явна. Улс төрч хүн мелкий байх угаасаа зохимжгүй.  Баярцогт мелкий биш.
1921 оны ардын засгийн анхны наадамд Сэлэнгийн “боохой” Данзан түрүүлж Ардын засгийн анхны арслан болж байжээ. Баярцогт бол Сэлэнгийн унага, зарим үг даадаггүй чацгатай бэлтрэгний хажууд бол бие гүйцэж долоо шархадсан боохой, түүний гүйлгээ ухаан, самбаа овсгоо бол Данзан Данигай эсвэл Солийн Данзантай л зүйрлэж болох ховор өгөгдөл.
 
Хэрэв АН хэзээ нэгэн цагт дахин засаглах боломж олж авбал энэ хүнд намаа, засгаа атгуулаад нэг үзэх хэрэгтэй.  Тэгээд яахыг хараарай. Данзангийн хийж амжилгүй үлдээсэн реформыг тэр хийнэ.
 
Баярцогтыг магтахгүй, муулахгүй харахад л ийм байна.
 
Бат инженер