sonin.mn
Хүүш Оюука нэвтрүүлэг үзлээ. Юун олон шинэ нэршил  вэ гэх нэлээдгүй найзууд утас цохив.
 
Зарим нь бүр нөгөө Амраагийн шторк чиний нэвтрүүлгийн реклам байсан юм уу? гээд л тууж байна.
 
Уг нь бол гурван жилийн хугацаанд нойроо чилээж, улс орны сэргэн мандал, уруудан доройтлын нууцыг эрэлхийлж, тэр нууц нь өнгөрсөн, одоо, ирээдүйг нэвт сүлбэсэн нүдэнд үл үзэгдэх хөгжлийн торлогийн тухай нэвтрүүлэг юм.
 
Дэлхий биднийг хэрхэн харж, бнд өөрсдийгөө хэрхэн тодорхойлдог вэ?
 
Монголчууд Бид хэн байсан, Хэн байгаа, ирээдүйд Хэн болох вэ?
 
Энгийн ч ээдрээтэй эдгээр асуултад бид хамтдаа хариулах цаг иржээ. Өөрийгөө таниагүй үндэстэн өрөөлтэй хэрхэн өрсөлдөх билээ.
 
Бид агуулгаас илүү хэлбэрийг шүтэж, шийдэл биш бухимдал ярьж, судалгаагаар биш сургаар явсаар бусад улс орон мэргэжлийн сэлэлтээр урагшилж байхад, бид өөр хоорондоо томорсоор нөгөө алдарт тогоондоо нохой самардан хоцрох нь.
 
Улстөрчдөө тохуурхан шоолж, улмаар уурсан хашгирсан Германы жишээ, Африкийн орнуудын сургамж, Маягийн хот улсуудын эмгэнэлт түүхийн шинж тэмдгүүд манайд ч ажиглагдах болов.
 
Өнгөрсөн 25 жилийг дүгнэж, дараагийн 25 жилийн шийдлийг ярьж эхлэхийн тулд л ардчилсан нийгмийн идэвхитэй иргэн байх үүргээ биелүүлж, энэхүү нэвтрүүлгийг бэлдсэн юм.
 
Ингээд Монголд хамгийн олон буюу 42 хүн орсон нэвтрүүлгийн агуулганд багтсан цөөн санааг нэгэн төсөөллөөр хүргэе.
 
2040 он НҮБ-ын Хурлын танхим
 
Хуралд даргалагч:
 
Бид өнөөдөр 2016-аас 2040 оныг хүртэл, сүүлийн 25 жилийн дотор гуравдагч орноос Азийн хөгжлийн хөтлөгч гүрнүүдийн нэг болсон Азийн Хүлэг Улс хэмээх Монгол Улсын хөгжлийн загварыг ярилцаж байна. Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сая та бүхэн харлаа. Үндсэн илтэгчээс нэмэлт асуулт байна уу?
 
Зочин:
 
Би Аргентин упсаас ирсэн. Хорин тавхан жилийн өмнө Монгол улс эдийн засгийн гүн хямрал, өрийн сүлжээнд нэрвэгдэж байсан. Үүнийг даван туулсан гол хүчин зүйл юу вэ?
 
Үндсэн илтгэгч:
 
Мэдээж жам ёсны бизнесийн эрүүл орчныг бүрдүүлсэн. Уул уурхайн баялгийн төлөөх уралдаанд хошуурч, улс төрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашигласнаас болж, өөрсдийн сууж буй мөчрөө хөрөөдөж, жам ёсны бизнесийн бүтцээ эвдсэнээ үндэсний томоохон үйлдвэрлэгчид хожим ойлгосон юм. Тэр үед Монголын Билл Гейтс, Стив Жобс нар бүгд өөрсдөө парламентын гишүүн байлаа.
 
Тэд бие биенээ боомилохоо больж, улс төрийн шууд оролцоогоо багасгаж, авлигын эсрэг төр засагтайгаа хамтран ажиллаж эхэлснээр хувь хүний биш хуулийг засаглал бүрэддсэн.
 
Ингэснээр Ази төдийгүй дэлхийд тэргүүлэх сэргээгдэх эрчим хүч, органик хүнсний бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүн, эмийн ургамлын үйлдвэрлэл, боловсрол, технологи, түүхэн аялал жуулчлал, агаарын тээврийн томоохон тэргүүлэх салбаруудыг уул уурхай түшиглэн Засгийн газартайгаа хамтран гаргаж ирсэн.
 
2016 онд здийн засгийн 80 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай байсан бол өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг тэргүүлэх салбарууд, жижиг дунд үйлдвэрлэл авч явдаг учир манай эдийн засаг тогтвортой байдаг.
 
Зочин:
 
-Би Мексикийг төлөөлж байна. Хөгжлийн загвараа хэрхэн гаргаж ирсэн нь сонирхолтой. БНХАУ, ОХУ-тай хил залгаа упсын хувьд хөгжлийн загвар, онцлог төлөвшин бүрдэх амаргүй нь ойлгомжтой.
 
Үндсэн илтгэгч:
 
-Бид хэнийг ч хуулбарлаагүй юм. “Монгол хөгжлийн загвар”-ыг Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншлийн сэтгэлгээнээсээ гаргаж, дэлхийн дэвшилтэд ололтгой амжилтгай хослуулж чадсан. Бидний хөгжлийн торлогийн суурь филисофи, үнэт зүйл оюун санаа, хурд, давтагдашгүй ялгарал байсан. Уламжлалаа маш гүнзгий хадгалсан бас маш мэргэжлийн гэгддэг энэхүү хосолмол загварыг гуравдагч орнууд өнөөдөр судалдаг. Гэхдээ улс орнуудын загвар хоорондоо тохирох албагүй.
 
Зочин:
 
-Би Өмнөд Африкаас ирсэн. Дэлхийд олон хөгжлийн загвар байдаг. Бас гаднын улс орнуудын шууд болон шууд бус нөлөө их бий. Монгол хөгжлийн загвар биеллээ олсон суурь нөхцөл нь юу байсан бэ?
 
Үндсэн илтгэгч:
 
-Хөрвөх чадвар бүхий Монгол хүн. Хүн ам цөөхөн сул талаа бид давуу тал болгон чадсан юм. Хүн хөгжихгүйгээр улс хөгжихгүй. Тиймээс цөөн хүн амаа эрүүл чийрэг, дэлхийд өрсөлдөх боловсролюй, эх оронч, өмчтэй, эргэлтийн хөрөнгөтэй болгох цогц бодлогыг хэрэгжүүлснээр хүн амынхаа 75 орчим хувийг чинээлэг дундаж давхарга уруу оруулж чадсан юм.
 
Дэлхийн инновацийн хүрээлэнгүүд, олон улсын банк санхүүгийн байгууплага, технологийн паркууд, томоохон их дээд сургуулиудад менежерээс дээш төвшинд Монгол хүмүүс ажилладгийг гол нууц ердөө л энэ. Өнөөдөр Монгол улс өрсөлдөх чадвараар бүс нутагтаа тэргүүлдэг.
 
Зочин:
 
-Би Филиппин улсыг төлөөлж байна. Мэдээж энэхүү амжилтад “Сайн засаглал” нөлөөлсөн гэж бодож байна. Авлигын индекс туйлын өндөр Азийн орнуудын нэг байсан. Энэ байдлаасаа гарсан нууц нь юу бол?
 
Үндсэн илтгэгч:
 
-Энэ бол Академик цаазын индэр. Их дээд сургуулиуд, мэргэжлийн Бодлогын судалгааны хүрээлэнгүүд, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд, улс төрчдөд тавигдах ёс зүйн шалгуурыг Азид хамгийн өндөр болгон төлөвшүүлж чадсан юм. Сингапур, Хонконг, Монгол өнөөдөр Азид авлигал хамгийн багатай улс гэдгийг та бүхэн мэднэ. Улс төрчид манайд шат дараалсан мэтлэлцээнээр тодордог. Улс төрчдийг мөнгө биш мэдлэг нь л авардаг тогтолцоо бүрдсэн. 'Ёс зүй өндөр иргэний нийгмийн шалгуурт нийцэхийн тулд улс төрчид удаан Хугацаанд өөрсдийгөө шат дараалан бэлддэг.
 
За та бүхэнд баярлалаа.
 
Л.Оюун-Эрдэнэ