sonin.mn
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэгтэй ярилцлаа.  
 
-Сүүлийн үед харшилгүй хүн гэж бараг үгүй болжээ. Харшилтай байгаа нь юунаас болоод байна вэ?
 
-Харшил ерөнхийдөө эрхтэн тог­толцооны өвчин юм. Энэ нь ямар нэгэн эрхтэн системийг хамарч,  өвчлүүлдэг.  Жишээлбэл, арьс, хамар, нүд, үе мөчний зэрэг олон төрлийн харшил бий. Харшил нь энэ зууны гол  өвчин болоод байна. Хүний бие организмын дасан зохицох процесс нь онцлогтой байдаг. Сүүлийн үед хүмүүс ургамлын тоосонд харшлах нь ихэслээ. Ургамлын тоосны харшил гэдэг нь тоосыг бие организм хүлээж аваад үзүүлж буй хариу урвал юм.
 
Амьсгалын замаар хүлээж авбал салстууд хөөх, хавагнах, нус нулимс гоожих, найтаах,хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Улаанбаатар хотод хүн ам хамгийн их төвлөрч нягтаршсан учраас өвчлөл ихэсч байна. Ургамлын тоосны харшилтай иргэдийн 70 гаруй хувь нь шарилжных байдаг. Шарилж нь хогийн ургамал учраас талхлагдсан буюу эвдэрсэн газар хамгийн ихээр ургадаг. Иймд нийслэлд эвдэрч, талхлагдсан газар ихээхэн байна гэсэн үг.
 
-Ургамлын тоосны харшил яг хэдийд дэгддэг вэ. Үүнийг тодруулна уу?
 
-Салхиар тоосоо хүртээдэг ургамлыг гурав ангилдаг. Нэгдүгээрт, бургас, улиас, хар мод, хус зэрэг модлог ургамлын үе. Энэ ургамлууд дөрөвдүгээр сарын сүүлчээс зургадугаар сарын эхэн хүртэл тоосоо хаядаг. Хоёрдугаарт, үет ургамлын үе буюу  зүлэг, ерхөг, согоовор зэрэг өвс зургадугаар сарын дундаас долдугаар сарын эхний үед тоосоо хаядаг.
 
Гуравдугаарт, хөл газрын ургамал буюу хогийн ургамал. Хөл газрын ургамал тоосонцроо наадмын дараачаас эхлээд есдүгээр сарын эх хүртэл агаарт салхиар дамжуулан хаяж амьсгалын замаар хүнд харшил үүсгэдэг.  Ургамлын тоосны харшлын сэдээлт агаарт тархсан тоосны бүлгийн хэмжээнээс хамаардаг. Нэг см куб-д 25 ширхгээс дээш, нэг кв см-т 50-аас дээш ширхэг тоос байгаа тохиолдолд хүний бие организмд өвчин үүсгэх чадвартай. Амьсгалын замын үрэвсэл үүсэхэд тоосны тооны хэмжээнээс их шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, тоос, шороо ихтэй газарт байх нь тухайн хүний дархлааны механизмаас хамаарч өвчин үүсэх эрсдэл бий болж байна гэсэн үг юм.  
 
-Ургамлын тоосонцроос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
 
-Урьдчилан сэргийлэх эмчил­гээнд хэчнээн эрт орно төдий чинээ үр дүнд хүрч, дараагийн гарах эрсдэл бага байдаг. Тухайлбал, эмчилгээ хийлгээгүйгээс хамрын салст нь хөөгөөд самалдгаа гэмтээчихсэн, улмаар жилийн дөрвөн улиралд хамар нь тагларч бөглөрдөг хүмүүс манайд олон ирдэг. Ийм хүнд байдалд орохгүйн тулд урьдчилаад 1.5-2 сарын өмнө эмчилгээ хийлгэх ёстой. Эмчилгээг тухайн харшил өгөөд буй тоосонцорт тохируулж үйлдвэрийн аргаар бэлтгэсэн таблетик тариа, шүршлэг хэлбэрийн вакциныг бид хэрэглэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 5-ны хооронд вакцинжуулалт хийдэг. Одоо манайд хийгээд эхэлсэн. Бага тунгаас их рүү гэх зарчмаар 54-60 хоногийн эмчилгээг хийснээр өвөрмөц дархлаа үүсгэж, тухайн ургамалтай нь дасал, танил болгодог.
 
-Тэгэхээр харшлын эмчилгээг тавдугаар сарын 5-наас хойш хийлгэх боломжгүй гэсэн үг үү?
 
-Тийм ээ. Тавдугаар сарын дунд үеэс ургамлууд  тоосоо хаяад эхэлчихсэн байдаг учраас тухайн хүн эмчилгээ хийлгэсэн ч дархлаа үүсч амждаггүй. Тиймээс манай төвд энэ сарын 5-наас хойш вакциныг хийхгүй.  
 
-Дархлаа тогтоох эмчилгээ хэр хугацааны дараа үр дүнгээ өгдөг вэ?  
 
-Хоёр гурван жил цаашлаад таван жил тасралтгүй эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй болдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Харшлын эмчилгээ буюу вакциныг их журамтай хийдэг. Хүн бүр дур мэдэн хийлгэвэл үр дүн өгөхгүй. Олон жилийн судалгаанаас үзэхэд харшлын эсрэг вакцины үр дүн 70, сүүлийн үед хэлэн доороо тавьж уусгаж уудаг эмийн үр дүн нь 80 хувьтай байгаа юм. Энэ нь эмчилгээний өндөр өгөөж. Үүний цаана 20-30 хувь нь үр дүнгүй байна. Яагаад гэхээр тухайн хүн маш олон зүйлд харшилтай, эмчилгээ хийлгэж байхдаа дэглэм сахихгүй, архи, дарс, халуун ногоо хэрэглэх эсвэл эм, тариагаа тасалдуулах зэргээс эмчилгээ үр дүнгүй болдог.
 
-Эмчилгээг хийлгэхийн өмнө заавал сорил тавиулах шаардлагатай юу?
 
-Заавал тавиулах шаард­лагатай. Манай төвд Харшил суд­лалын лаборатори бий. Тэнд уусмалыг цацлага болон тарилгаар хийж байна. Сүүлд ОХУ-аас бид антиполин гэж вакцин оруулж ирсэн. Үүнийг хэлэн доороо уусгаж, 54 хоногийн турш хэрэглэдэг. Эдгээр эмчилгээг хийлгэхийн тулд оношоо зөв тогтоолгох хэрэгтэй.
 
Ургамлын тоосны харшлаас болсон эсэхийг сорил тавиулж байж  мэднэ. Мөн ерөнхий дархлааны механизмууд ямар хэлбэрээр явж байна вэ гэдгийг үзүүлээд эмчийн хяналтад орох хэрэгтэй. Манайхан эхний хэдэн хоног эмчлүүлээд гайгүй болонгуут тэр чигээр нь эмчилгээгээ хаячихдаг. Ноднин эмчилгээ хийлгэсэн бол энэ жил үргэлжлүүлэх ёстой. Өвөрмөц дархлаа үүсгэнэ гэдэг 3-5 жилийн эмчилгээний үр дүн юм.
 
-Иргэд харшлын шинж тэмдэг илэрдэг үе болох зургаагаас есдүгээр сард эм ууж, харшлын эсрэг дусал хийлгэдэг. Энэ нь зөв үү?
 
-Хүмүүс харшилтай гээд шууд өндөр тунгаар гармоны тариаг эмчийн хяналтгүй хийлгэчихдэг. Үүний уршиг их хортой. Залуучуудыг үргүй болгохоос гадна бөөрний дээд булчирхай, бусад дааврыг дарангуйлж дархлааны өөрчлөлтөд оруулдаг. Ингээд аутоиммуны буюу системийн өвчинтэй болдог. Аутоиммуны өвчлөл нь өөрийн дархлааны хомсдолыг бий болгодог маш хүнд өвчин юм. Үүнийг мэдэхгүйгээр өнөөдөр л гайгүй болж байвал маргааш хамаагүй гэсэн бодлоор дур мэдэн тариа хийлгэж болохгүй. Мөн хэн нэгний бизнесийн үйл ажиллагаанд хууртагдаж янз бүрийн эм, бэлдмэл уух нь ихэсчээ. Тиймээс иргэд эрүүл мэндээ бодож байвал тухайн үзүүлэх гэж буй эмнэлэг, эмч, хэрэглэх эм, тариагаа сайтар судлах хэрэгтэй.
 
-Урин дулаан цагт ургамлын харшлаас гадна нарны харшилтай хүн цөөнгүй байдаг. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
 
-Нарны идэвхжил эхлэхээс өмнө гуравдугаар сард эмчилгээг хийдэг. Нарны туяа А, В, С гэсэн гурван ангилалтай. Нарнаас хамгаалах тос хэрэглэх, нэгэнт харшилсан бол угтуулах эмчилгээг сайтар хийлгэх, хамгийн их идэвхжилтэй үе болох үд дундын наранд гадагш гарахгүй байх хэрэгтэй. Нарны харшилтай хүн бүхий л халуун зүйлд харшилдаг. Саунд орж, ил галд ойр байж болохгүй.
 
-Харшлын эмчилгээг хийлгэхэд хэчнээн төгрөгийн эм, тариаг хэрэглэдэг вэ. Зарим хүн мөнгөгүйн улмаас эмчилгээгээ тасалдуулж, эмчлүүлж чаддаггүй байх?
 
-Ерөнхийдөө манай хүн амын худалдан авах чадвар тийм ч муу биш байгаа юм. Гагцхүү эрүүл мэнддээ анхаарал тавих болохоороо “гараа татчихдаг”. Өөрийн­хөө эрүүл мэндийг үнэгүй­дүүлчихсэн. Улс орон нь хүний­хээ эрүүл мэндийг үнэгүй болгочихсон. Энэ гаж тогтолцоо өдийг болтол хүмүүсийн ухамсарт үйл ажиллагаанаас салахгүй байна уу даа гэж боддог. Антиполин гэж эмийг албан ёсны гэрээ байгуулаад 185 мянгаар оруулж ирсэн. 54 өдөр хэрэглэнэ гэхээр нэг хоногт 3300 төгрөг ногдож байгаа юм. Гэтэл ОХУ-д 300, АНУ-д 1000 ам.доллар, Европын холбооны улсад 1500 еврогоор хийдэг.
 
-Эмчилгээ хийлгэж байх явцад сөрөг нөлөө үзүүлэх үү. Эмчилгээнд насны ангилал гэж бий юү?
 
-Яг хөдөлмөрийн буюу 16-36 насныхан харшлын өвчинтэй болж байна. Сүүлийн үед хүүхдүүд их өвдөж, 2-3 насныхан ургамлын тоосны харшилтай болсон байна. Тэгэхээр агаарын бохирдол өндөр, бие организмын дасан зохицох чадвар муу,  хэтэрхий вакум орчинд амьдарч байгаагийн илрэл энэ юм болов уу. Гаж нөлөө эм, вакцин алинд ч байдаг. Тухайн хүний бие организмын хүлээж авах чадвартай шууд холбоотой. Нэг пинециллинийг хуваагаад хоёр хүнд тарихад нэг нь харшлаад нөгөө нь зүв зүгээр байх жишээтэй.
 
-Харшлын эсрэг эм уух, вакцин хийлгэх гэхээсээ илүү уламжлалт аргаар эмчлэх нь хэр үр дүнтэй вэ. Зарим хүн голио идвэл сайн гэж ярьдаг шүү дээ?
-Үр дүнтэй байх магадлалтай. Голио нь ургамлаар хооллодог. Голдуу шарилж, лууль, зүлэг иддэг. Гэдсийг нь задлаад үзэхээр ногоон өнгөтэй ургамал байдаг. Түүнийг шингэрүүлээд, үйлдвэрийн аргаар боловсруулж хандлаад харшилтай хүнд өгөөд байгаа шүү дээ.
 
-Шарилжны харшлаас хэрхэн сэргийлэх вэ?
 
-Иргэд хашааныхаа шарилжийг зулгаахдаа маск хэрэглэж, тар­муураар хадах хэрэгтэй. Үүүрээр 04.00-08.00, орой 20.00-23.00 цагийн хооронд шарилж тоосоо гөвдөг. Энэ үед цонхоо онгойлгож болохгүй, болж өгвөл гадагшаа гарсны хэрэггүй. Бороо их орсон, хэт их халсан үед ургамал тоосоо гөвдөг.
 
Үүнийг бодолцож үзээд ажил, амьдралаа зохицуулах хэрэгтэй.  Мэргэжлийн эмчээс заавал зөвлөгөө авах ёстой. Харшил үүсгэгч юу байна түүнээс хол байх шаардлагатай. Харшлын гаралтай өвчний нэг онцлог нь эмчилгээнээс үл хамааран харшил төрүүлэгч сэдээгч хүчин зүйл нөлөөлж, дахиж байдаг. Үүнийг хүмүүс ойлгохдоо эдгэрдэггүй өвчин гээд байдаг. Харшил төрүүлэгчээс ангид байх боломжгүй зүйл гэж байна. Жишээлбэл, ургамлын тоосны харшил маш төвөгтэй болоод байгаа юм.
 
-Харшлын өвчин ихэссэн учраас танай эмнэлгийн ачаалал мөн тэр хэмжээгээр нэмэгдсэн байх?
 
-Манай байгууллага 1990 оны үеийн нөөц бололцоогоороо өдийг хүртэл явж байна. Манай бүтэц үйл ажиллагааны стандартыг 96 эмчтэй байхаар баталсан. Гэтэл гол цэг дээр ажиллаж буй 36 эмч байна. Нэг эмч өдөрт 50-60 хүн үздэг. 2000 оны эхэн үед амбулаторид ганцхан кабинет ажиллаж байсан. Одоо 11 кабинеттай болсон ч ачааллаа дийлэхгүй байна. Хүн амын нягтаршил болон өвчлөл ихэссэнтэй холбоотой байх. Харшлын гаралтай бүлэг өвчнүүд бий.
 
Тэр нь эрхтэн болгон дээр илэрдэг. Арьсны хувьд 28 төрлийн өвчин байдаг. Харшлын өвчин нь халдварлахгүй, харин удамшдаг. Аав, ээж хоёрын хэн нэг нь харшлын өвчтэй бол хүүхэд нь харшилтай байх магадлал 70 хувь. Харшил нь хүндэрвэл бусад эрхтэндээ нөлөөлж тархдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ харшлаа удамшуулахгүйн тулд цаг алдалгүй эмчлүүлэх нь юу юунаас чухал.
 
Ц.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин