sonin.mn
Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдтэй ярилцлаа.
 
-Мэргэжил нэгтэнтэйгээ ярилцах болсондоо баяртай байна. Таны улс төр нийгмийг шүүмжилсэн аливааг гэгээрүүлэх гэсэн  нийт­­лэлүүд хүмүүст их хүр­дэг. Энэ салбарт хэзээнээс зүтгэж, ямар өнгө аясаар мөр гаргаж явна вэ?
 
-Би 1995 оноос хойш сэтгүүлзүйн салбарт ажил­лаж байна. Энэ сал­барт гүн орсон маань тухайн үед МСНЭ-ийн дарга байсан Цэрэндорж гэдэг хүнтэй холбоотой.  Ахынхаа нөмөр нөөлөг дор “Өдтэй бичиг” гэдэг сонинд ажиллаж эхэлсэн.  Мэдээ, нийтлэл гэдэг зүйлтэй тэнд л анх танилц­сан даа.
 
Дараа нь “Үнэн” сонинд ажиллаж байгаад 2000 оноос  “Монцамэ” агентлагийн орлогч дарга, “Даяар Монголчууд” сонины эрхлэгч зэрэг ажил хийж байсан. Ер нь сэтгүүлчийнхээ хувьд ямар хүн бэ, аль төрөл надад зохих вэ гэж их бодож өөрийгөө хэсэг хугацаанд хайж явсан. Тэгээд ярилцлага, сурвалжлага хийгээд байхад надад зохихгүй, нийтлэл бичих хүн юм гэдгээ олсон.  Ялангуяа улс төр, нийгмийн талын асуудлыг бичих их сонирхолтой.
 
-Та үйл явдал хөөж өдөр тутамд гүйгээд байхгүй атлаа нийтлэлээ голыг нь олоод эх сурвалжтай бичдэг. Ер нь их ажигладаг хүн үү. Таны онцлог юу юм бэ?
 
-Сэтгүүлчид маань ямар ч эх сурвалжаас мэдээллээ авах чадвартай байх ёстой. Эдийн засгийн амьдралыг гэхэд энгийн таксинд явж байхдаа, захын нэг дэлгүүрээр орохдоо ч ямар хэмжээнд байна вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Би их ажигладаг, анзаардаг хүн. Мөн миний нэгэн давуу тал нь байнга уншдаг. Өдөр тутмын сониноос бол салдаггүй.
 
Ер нь оюутнуудад ч хэлдэг уншихгүйгээр, ялангуяа өдөр тутмын сонинтой нөхөрлөхгүйгээр сэтгүүлч болж чадахгүй гэдэг.  Энэ нь миний мэргэжилдээ ханддаг хандлага юм. Мөн сэтгүүлчдийг би ямар нэгэн сэдвээр мэргэших хэрэгтэй гэж боддог. Супер амьтан ховор шүү дээ. Улс төр, спорт, эдийн засаг гээд бүгдийг нь нэгэн зэрэг авч явна гэж бараг байхгүй дээ.  Тиймээс ямар нэгэн төрөлд гарших л хэрэгтэй.
 
-Та хэр гаршиж байна вэ. Өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ?
 
-Их л бичих юм даа. Чухам өөрийгөө үнэлж мэдэхгүй байна. Сэтгүүлч уран бүтээлчийн хувьд нийгмээ хараад эмзэглэх юм.  “Яагаад ийм байна. Гарах гарц нь юу вэ” гэж өөрийн эрхгүй бодогддог. Өчигдөр, өнөөдөр, ирээдүйн холбоосийг харж чадахгүй бол сэтгүүлч байгаад хэрэггүй.   Тухайн асуудлынхаа гаргалгааг гаргаж чадахгүй бол тэр сэдвийг хөндөөд хэрэггүй. Мөн сэтгүүлч хүн зөвхөн үйл явдлын үзэгдэлтэй зууралдаад байх шаардлагагүй л гэж боддог доо.
 
-Та олон асуудалд эмзэглэж, нийтлэлээрээ хөнддөг.  Яг одоо таныг эмзэглүүлж байгаа сэдвийн тухай ярихгүй юу?
 
-Монголын нийгэмд эмзэглэх асуудал олон байна.  Эдийн засаг хүндэрсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Ойрын таван жилийн хугацаанд бид нэлээд хүнд замыг туулах нь тодорхой боллоо. Мөн манай нийгэм  хэзээ хэзээгүй задран унахад бэлэн хэд хэдэн том ангалд хуваагджээ. Хүн амын 20 гаруй хувь нь үгээгүй ядуу, 40 орчим хувь нь цалингаас цалингийн хооронд арай гэж амьдарч байна.
 
Үлдсэн хэсэг нь дэлхийн баячуудын хэмжээнд хүржээ. Тэгээд энэ гурван хэсгийн хуваагдал бие биенийгээ үзэн ядаж байна. Баячууд нь үр хүүхдээ асар өндөр төлбөртэй сургуульд явуулдаг.  Жирийн сургуульд явбал доромжлол мэтээр хүлээн авдаг болж. Иймэрхүү зөрчилт давхрууд бий болжээ.  Энэ нь нийгмийн хөгжлийн эрүүл бус үзэгдэл юм. Мөн оюун санааны хүрээнд маш олон хагарал бий болжээ. Намаараа талцаж байна.  Энэ талцал нь утгаа алдаж бараг солиотой гэмээр болж байна.  Тэд үзэл бодлоороо биш эрх ашгаараа талцаж байгаа нь хамгийн харамсалтай.
 
-Та хамгийн сүүлд “Монголоо нэхэж буй Монгол” номоо гаргасан.  Энэ бүтээлд таны эдгээр үзэл бодол шингэсэн байсан. Та энэ номоороо яг юу хэлэхийг зорьсон юм бэ?
 
-Аливаа үндэстэн өөрийн мөн чанараа алдаад ирвэл устаж үгүй болоход амархан байдаг.  Түүнээс биш газар нутаг, тусгаар тогтнолгүй байсан ч үндэстний хэв шинжээ хадгалж чадвал тухайн үндэстэн мөхөхгүй яаж ийгээд л тэсээд байна. Тэсч явсаар байгаад эргээд тусгаар тогтнолоо олж авсан улс орон Изриалиас эхлээд дэлхийн түүхэнд олон бий.  Гэтэл бид өнөөдөр тусгаар тогтнолтой хил хязгаартай атлаа хэв шинжээ алдаж байна. Харамсалтай нь түүнийгээ мэддэггүй. “Бид даяаршиж байна, дэвшингүй соёлоос суралцаж байна” гэж өөрийгөө хуурдаг.  Уг нь энэ цаг үед бид аливааг ойлгож, сэхээрэх ёстой юм. Би энэ санааг л номондоо тусгахыг хичээсэн дээ.
 
-Энэ таны хэд дэх ном бэ. Дараагийн бүтээлээ мэдээж бодож амжсан байх?
 
- “Монголоо нэхсэн Монгол” маань миний долоо дахь ном. Дараагийн бүтээлээ мөнгө нь байвал өнөөдөр ч хэвлүүлэхэд бэлэн байна.  “Чингис хааны эрхэм дээд чанарууд” гэсэн нэртэй. Чингис хааны хүч чадлыг судлаачид цэрэг дайны, стратегийн, монгол морины гээд олон хүчин зүйл дээр тулгуурлан тайлбарладаг. Гэтэл их энгийн зарчимтай ажиллаж ирсэн байгаа юм. Илүү байгальлаг, хүний язгуур эрх ашигт  тулгуурласан зарчмууд байна.  Түүнийг яг өнөөдөр гаргаж ирэх цаг нь болжээ гэж харсан. Бид өнгөрсөн түүхээ хараад бахархаад өнгөрөх биш алдаа оноогоо харж түүхээсээ суралцах хэрэгтэй.  Тэр дундаа Монголоо алдаж байгаа бидэнд сэргэн мандах үзэл ус агаар мэт чухал юм.
 
-Чингис хаан илүү байгальлаг, хүний язгуур эрх ашигт  тулгуурласан зарчмуудтай байсан гэлээ.  Яг ямар зарчмын тухай та яриад байна вэ?
 
-Хамгийн эхнийх нь гэвэл Чингис хаан маань их энгийн байжээ.  Тэр хүн дэлхийн эзэн болсон. Ямар ч баялаг алт эрдэнэс түүнд байлаа. Алтан жорлон дээр суусан ч болох байсан. Гэтэл тэр ердийн орог даавуу өмсөж, модон аяганд цайгаа хүртэж, модон гэрт амьдардаг байлаа. Их Засаг хуулиараа ч зэрэг дэвтэй эрхмүүдийг элдэв янзын чимэг зүүхийг хориглосон. Гэтэл өрнө дорнын хаадууд хэдэн янзын чимэг зүүдэг билээ дээ.  
 
Энэ энгийн байх үзэл нь Чингис хааныг нэгэн зарчим байлаа. Гэтэл өнөөдөр Монголчууд маань энэ зарчмын эсрэг явж байна. Хамгийн тансаг машин, цаг, цүнхээр хоорондоо өрсөлддөг. Болно л доо. Гэхдээ энэ чинь эрүүл бус хандлага юм. Бүхэл бүтэн арван айл өрхийн нэг жилийн орлоготой тэнцэх хэмжээний цүнхээр гангараад яах юм. Тийм биз дээ. 
 
-Та сошиал ертөнцөд их идэвхтэй байдаг хүн.  Таны нийтлэлүүд өв уламжлал, монгол ахуйгаа дээдэлсэн танин мэдэхүйн чанартай байдаг. Үүгээрээ та ялгарч чаддаг?
 
-Би Америкт нэлээд хэдэн жил амьдарсан.  Хүн гадаадад байхдаа үндэстнээ сэрж мэдэрдэг юм билээ.  Бид энэ цаг үед өнгөрсөн түүх, монгол ахуйгаасаа олон зүйлийг ойлгох хэрэгтэй. Гуравхан сая хүнтэй монголчууд бие биеэ хайрлах нь мөн чухал байна. Түүнээс хятад, америк, оросууд биднийг хайрлахгүй.  Монгол хүн биенээ хайрлах  нэг сэжүүр бидний түүх соёл юм шүү дээ. Тиймээс миний оруулсан нэг зураг, нэг өгүүлбэр нэг хүний сэтгэлд үндэстнээ хайрлах галыг өдөөж байвал миний зорилго биелэх юм даа. 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин