sonin.mn
Зарим хүмүүс "улстөр бол бохир зүйл" хэмээн ярьж, бичиж, ойлгуулдаг.
 
Улстөр гэдэг нь миний ойлгож байгаагаар, өргөн уудам газар нутагтай байгалийн баялаг ихтэй мөртлөө, гуравхан сая хүнтэй монголчуудыг эрүүл саруул байлган, сэтгэлийг нь амар амгалан амьдруулж, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нь олгон сайн хүн болгон төлөвшүүлж, авьяас чадвар, мэдлэг боловсролоороо ажиллаж хөдөлмөрлөн олж буй орлого нь амьдралд нь хүрч, эх орноороо бас өөрөөрөө бахархаж амьдрах нийгмийн зөв тогтолцоог бүрдүүлэн,  системийг нь сайн ажиллуулах үүрэг хариуцлага юм шүү дээ.
 
Түүнээс бус заавал бусдыг хууран мэхлэн худлаа амалж, ямар ч хариуцлага хүлээлгүйгээр дураараа дургин, эх орон ард олны эрх ашгийг бус хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө хууль бус үйлдлүүдийг хийн өөрийгөө зовоож, өрөөл бусдыг бухимдуулах үйлдэл биш юм шүү дээ. Ядаж байхад цөөхүүлээ болохоор бие биенээ сайн таньж, тэдний сайн муу алив үйлдлүүдийг алган дээр тавьсан мэт харан магтаж шүүмжилж, шоолж дургүйцэн, уурлаж бухимдаж сууцгаах боломжтой. "Дагдангийн эхнэрийн таргалсан, Дулмаагийн турсан" болгоныг харж халаглаж суудаг нь бидний "гэм биш зан". 
 
ХАРДЛАГА ТЭЭСЭН УЛСТӨР
Монголын улстөр сүүлийн 25 жилд "Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ" гэдгийн үлгэр болж байгаа тухай хүмүүс бухимдан өөр хоорондоо ярьдаг болсоор удаж буй. "За яахав дээ, мунгинаж байгаад ч болов учраа олох биз дээ?" гэсэн уужимхан бодол "Энэ ер нь нэг л бишээ" гэж өрөөл бусдын болоод өөрсдийн амьдрал дахь ялгааг харьцуулсан бухимдлаар солигдож буй. Яг батлаад нотлоод илэрхийлж чадахгүй байгаа боловч амьдрал дээрх сөрөг хандлагууд, хүмүүсийн ам дамжин "шивэр авир" ярих яриа олон хардлагуудыг тээж байгаа.
 
Улстөрчдийн яриа болон үйлдлүүд хоорондоо зөрж, гаргаж буй шийдвэрүүд нь ойлгомжгүй, үр дүн хэрэгжилт нь тодорхой бус, нийтлэг эрх ашиг дээр огт нэгдэж чадахгүй өөр өөрийнхөөрөө үгүйсгэн тайлбарлаж байгаа нь ийм хардлагууд бий болох үндсэн шалтгаан болдог. Би юу гэж хардаж байна, гээч!
-Сүүлийн 25 жил Засгийн эрхийг ээлжлэн, заримдаа хамтран барьж буй МАХН, МАН, АН-ууд намынхаа эрх ашгийг улс орны эрх ашгаас дээр тавьж, гишүүнчлэл нэрээр олон нийтийг хагаралдуулан талцуулж байна. Ингэх нь олон нийтийг эвлэлдэн нэгдэх боломжийг хааж, тэднийг "Ухаангүй ноёдод урагшгүй албат" болгон хувиргах муу зүйл рүү түлхэж байна.
 
-Хэдийгээр олон гишүүд дэмжигчтэй НАМ гэж нэрлэж байгаа боловч, намуудыг удирдаж байгаа цөөн фракцуудын ашиг сонирхолд бүх бодлого, үйл ажиллагаа зангидагдан хууль бус олон үйлдлүүдийг үйлдэх, тийм үйлдлүүдийг хуулиар халхавчлан хаацайлах боломж болон хувирч байна.
 
-Сонгуулиар Засгийн эрх барих үүрэг хүлээсэн намууд, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалуудад бизнесийн ашиг сонирхлоор томилгоо хийж байгаа нь "намын санхүүжилт босгох", улстөрийн албан тушаалуудыг бизнес маягаар ашиглан өөрсдөө баяжих боломжийг олгон энэ хэрээр "улстөрийн шантааж",  "авилгал хээл хахуул авч өгөх" зэрэг хууль бус үйлдлүүдийг бий болгон хөгжүүлж байна.
 
-Бие даасан, хараат бус байх зарчимтай хууль хяналтын байгууллагууд өөрсдийг нь томилсон улстөрийн нам болон эрх мэдэлтнүүдийн "захиалга"-аар ажиллах болсноос тэдэнд итгэх олон нийтийн итгэл алдагдаж байгаа нь хамгийн аймшигтай үзэгдэл мөн. Хууль, дүрэм журам бүх хүнд адил тэгш үйлчлэхгүй байгаа нь айдаст автах, итгэлгүй байх шалтгаан болж байна.
 
-"Дөрөв дэх засаглал" хэмээн үнэлэгддэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс худалдан авч, бас байгуулж өөрсдийн эрх ашиг, сонирхолд таацуулан ашиглаж байгаа нь мэдээллийн шударга, тэгш хүртээмжийг үгүй болгож байна. Энэ хэрээрээ мэдээллийн үнэн зөв, ил тод, шударга байх зарчимд олон нийт "эргэлзэж" байна. Бас тэдэнд итгэхгүй байна.
 
-Үг яриа, үйлдэл ажил хэрэг хоорондоо авцалдахгүй зөрж байгаа олон улстөрчдөд хүмүүс итгэхээ больж, зарим тохиолдолд тэднийг шоолон зэвүүрхэж байгаа нь ажиглагддаг. Улстөргүйгээр "амьдарч чадахгүй" болсон зарим хүмүүс олон нийтийн анхаарлыг татах гэж элдэв марзан шоу зохиож, алиалан марзганаж "ичих булчирхайгаа ч гээж" эхэллээ. Энэ нь олон нийтийг тэнэг мунхаг байдлаар төсөөлөн, басамжлан доромжилж буй нэг хэлбэр мөн. 
 
-Монгол улсын тусгаар тогтнол, үнэт зүйл, нийтлэг эрх ашиг, монгол хүний итгэл үнэмшил, үнэ цэнэ, хөгжил дэвшлийн сайн бодлогууд дээр намууд нэгдэж чадахгүй байгаа нь өнөөгийн бидний бухимдаад, итгэл алдарч муу талаас нь тэднийг хардаад байгаа олон шалтгаануудын шалтаг нь мөн. Энэ нь улстөрчдийн Монгол улс хийгээд монгол хүмүүсийн өмнө үйлдэж буй ГЭМТ ХЭРЭГ мөн. 
 
ХОШИН ШОГ ШИГ УЛСТӨР
2016 оны улстөрийн сонгууль ойртож байгаа энэ үед Монголын улстөрд, санаатай болон санамсаргүй, захиалгатай бодлоготой хийгдэж байгаа олон үйлдлүүд хүмүүсийн анхаарлыг татаж, талцан маргалдах шалтгаан болж буй. Гэхдээ бид ийм үзэгдлүүдийг тал талаас нь харьцуулж бус зөвхөн нэг талыг барьж дүгнэн, олон нийтээрээ "манай тал", "дайсны тал" болгон хагаралдаж байгаа нь ХЭНД АШИГТАЙ БАЙНА ВЭ?
 
-"Цензургүй яриа ба Шийлэгдамба"
Авилгалын хэргээр сэжиглэгдэн саатуулагдсан ЭМС-сайд, МАХН-ын ЕНБД Шийлэгдамба сэтгүүлч Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо "МАХН-ын дарга Н.Энхбаярын даалгавраар намын санхүүжилт болгон бусдаас авсан 170 000 ам долларын талаарх нууц"-аа дэлгэв. Шийлэгдамбын нотолж байгаачлан намын нөхөд нь уг үйлдлийг өөрт нь тохож, "улстөрийн золиос" болгон хаяж байгаа нь үнэн бол үүгээрээ тэд "намын санхүүжилт хэрхэн босдог", "улстөрийн албан тушаал нь бизнесийн ашиг сонирхлоор хуваарилагддаг төдийгүй тэднийг бусдаас авилгал хээл хахуул авах хууль бус үйлдэл рүү түлхдэг"-ийн нотолгоо болно. Яалт ч үгүй өөрөө илчлэгдээд бусдыг илчилж байгаа энэ үйлдэл нь зөвхөн МАХН-д байдаг гэдэгт би эргэлзэж байна.
 
Бусад намуудад ийм үйлдэл түгээмэл байдаг болохоор "нэг үхрийн доргисон эвэр, мянган үхрийн эврийг доргионо" гэж би харж байна л даа. Энэ бүхнийг хуулийн дагуу шалгаж, хэн хэнд нь хариуцлага тооцон бусад ийм үйлдлүүдийг таслан зогсоох нь ЗГ болон хууль захиулах байгууллагуудын эрх үүрэг юм шүү дээ. Хэрхэхийг харж байя.
 
-"С.Ганбаатарын диплом"
УИХ-д "бие даагч" байгаад саяхан ХҮН-ын дарга болсон С.Ганбаатарын "хуурамч диплом"-ын асуудлыг сэтгүүлч Алтаншагай "илчлэв". УИХ-ын гишүүн болохоосоо өмнө өөрсдийн намтар болон анкетаа "дур дураараа" бичдэг улстөрчдийн нэгэн дүр төрх. Яг шалгаад үзвэл суралцаж төгссөн гадаад дотоодын Их Дээд сургуулиуд болон хамгаалсан эрдмийн зэрэг, "хөрөнгө орлогын мэдүүлэг" зэрэгт олон зөрчил бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Лав л нилээд дээр Х.Баттулга гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүний төгссөн сургууль болон эрдмийн зэргийнх нь талаар өөрийн эргэлзээгээ хэлж байсныг санаж байна. Харин энэ удаад "Яагаад зөвхөн С.Ганбаатар гэж?" гэдэг асуулт "Улс оронд үүнээс илүү ноцтой асуудал алга уу?" гэдэг харуусалтай холилдож л байв.
 
Улстөрчид олон нийтэд өөрийнхөө талаар худал мэдээлэл өгнө гэдэг ёс зүйгүй үйлдэл мөн хэдий ч, үүнийг шалгаж нотлох учиртай байгууллагуудынх нь талаар, бусад ийм эргэлзээтэй гишүүдийн талаар, энэ асуудлаарх хариуцлагын талаар энэ нэвтрүүлэгт огт хөндсөнгүй. Чухам ийм учраас "захиалгат" юм шиг харагдаад байгаа хэрэг. Асуудлыг шударга зарчмаар хөндөж байгаа бол С.Ганбаатар гишүүн ч, шалгаж хянах үүрэгтэй ТГ-ч адил хариуцлага хүлээж, бусад ийм гишүүдийн асуудлыг ч энэчлэнгээр гаргаж тавих шаардлагатай болно. Дахиад ийм асуудал гаргуулахгүй байх нь эрх баригч байгууллагуудын үүрэг мөн.
 
-"Гүндалайгийн шоу"
 
2000 оны сонгуулиар УИХ-д "бие даан" орж ирсэн Гүндалай, Монголын улстөрд шинэ "үзэгдэл" болж олны анхааралд өртөн талархал хүлээж байсан. "Ганц дайчин ганцаардахгүй" гэдэгчлэн тэрээр шударга үнэний төлөө өөрийн дуу хоолойгоо өргөн АН-ын "нэрийн хуудас" болж байсан үе ч бий. Эрүүл Мэндийн салбрыг удирдан элдэв хэл аманд өртөж байсан ч үе бий. Нугаршгүй итгэл үнэмшил,  шантаршгүй эр зориг, худалдагдашгүй үнэ цэнэ байхгүй л бол олон хүмүүс аажим аажмаар "бүдгэрч", өөрийн орон зайгаа алдан улстөрөөс "арчигддаг".
 
Түүний нэгэн жишээ нь Гүндалай. Эрдэнэтэд очин хууль бус үйлдэлд олон нийтийг " турхирахдаа"  түүний хэлсэн "Чацга царайлаад" гэдэг үг өдгөө олон нийтийн доог тохуундаа ашигладаг үг нь болсон. Дараа нь тэрээр энэ үгээ "өрөвдөлтэй" байдлаар тайлбарласан ч улам л доог тохуу болохоос хэтрээгүй. Сүүлийн үед өөрөө дуулж хийсэн дууны клип нь мөн л тохуурхал дагуулсаар. УИХ-ын нэг биш гишүүд , үндсэн үүргээсээ гадна дуулж, бүжиглэн үүгээрээ клип хийлгэн олон нийтэд үзүүлж байгаа нь "Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив" гэдгийн үлгэр лугаа адил. Улстөрчдийн ийм үйлдлүүд "газар авах" хэрээр тэдний аргаа барсан төрхийг илчлэх.
 
-"Популист улстөрчид"
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Уянга нарын Оюутолгой, Тавантолгой, Ноён уулын ашиглалттай холбоотой ЗГ-ын эсрэг байр суурь болон энэ талаар тайлбарлаж хэлсэн үг болгон нь "популист" гэдэг нэр зүүх шалтгаан нь болж буй. ЗГ-ын зүгээс "Том ордуудаа ашигласангүй гэж шүүмжлэх атлаа ордуудаа ашиглах боломж болгоныг эсэргүүцэн саад хийж байна" хэмээн тэднийг буруутгана. Асуудлыг шийдэхгүйгээс болж алдаж буй цаг хугацаа, олж болох мөнгө, өргөжүүлж болох боломжийн талаар бодолцож ойлголцож чадахгүй байгаа нь тэдний зөрчил. Улс орны нийтлэг эрх ашиг дээр нэгдэж ойлголцож чадахгүй, чадахыг хүсэхгүй байгаагаасаа тэд өөрсдөө "сайхан ярьдаг атлаа юу ч хийж чаддаггүй" популистууд болон хувирцгаадаг. Бичлэгийн камер өөр рүү нь чиглэх мөчид олон нийтэд таалагдах гэж "худлаа ярих" атлаа цаанаа бол эсрэгээрээ буруу муу зүйлс хийж явдаг гишүүд цөөнгүй бий.
 
УИХ-аар хэлэлцэж буй асуудлаар саналаа хэлэх гэж "Тэмээ гэхээр ямаа ярьж", хэлэлцэж буй асуудлаа ойлголгүй " амаа авч давхидаг морь шиг хадуурч", ховч авгай нар шиг буруу зөрүү гомдоллож байдаг олон хүмүүсийг бид ТВ-ээр өдөр болгон харж буй. Би нэг л зүйлээс айж байна. Улс орны хөгжлийн төлөөх санал, зөв сайн санаачлага гаргаж буй хүн бүрээ "популист" хэмээн адалж, тэднийг шоолдог, үзэн яддаг болчих вий гэдгээс айдаг. Ингэх нь бидний урагшаа биш арагшаа алхах гишгүүр болон хувирна. Өнөөдөр сайхан ярьж байгаа нь биш, чин сэтгэлээсээ хийж бүтээж байгаа болгон цаг хугацааны шалгуурт тэнцэж үлддэг юм.
 
 
...Сонгууль ойртож байгаа энэ мөчүүдэд улстөрийн намуудын ийм "тоглолт", улстөрчдийн "марзганал" хэр удаан үргэлжлэхийг таах аргагүй.
БИДЭНД СОНГОЛТ БАЙГАА
 
Бие биенээ хараад л таньдаг цөөхөн хүн амтай монголчууд бидний хувьд, улстөр нь заавал "бохир" байх шаардлагагүй дээ. Гуравхан сая хүнийг эрүүл саруул өсгөж, жалгын сэтгэлгээнээс нь салган дэлхийн хэмжээнд хөгжүүлэх, тэдний нийгмийн асуудал хийгээд авьяас чадварыг нь дэмждэг тогтолцоо бий болгоход тийм ч хэцүү биш ээ. Жишээд харах юм бол өндөр хөгжилтэй орнуудын жижиг хэмжээний хотын л хүн ам.
 
Дээр нь газар дээрх, доорх баялаг болон хүмүүсийн оюун санааны баялгаа тооцох юм бол ингэтлээ "нохой шиг архиралдан уралцаж, яс булаалдан хэмлэлдэх" шаардлага бий гэж үү? Баян ядуугаараа талцаж, шударга ба шударга бусаар мөнгөжсөн хэн нэгнийгээ үзэн ядаж, харааж зүхэх хэрэгцээ бий гэж үү? Хэдийгээр алдаж онож байгаа ч урагшаа харж яваа нь бидний боломж. Манай улстөрчдөд эх орноо гэсэн чин сэтгэл, шударга ёс зүй, үүрэг хариуцлагаа даах ухамсар, бусдыг хайрлан туслах мөн чанар дутагдаад байна.
 
Бүхэлд нь багцлаад харах юм бол, өмнөх улстөрчдийн бий болгосон НАМ ТӨВТЭЙ буруу тогтолцоо бий болжээ. Бид социализмын үеийн сэтгэлгээгээрээ өнөөгийн төрийг удирдах гэж оролдоод байгааг тань, нийтлэг тарааж буй одон медалиуд, "нэрэмжит" болгож буй байгууллага өрөө тасалгаанууд, энд тэнд очиж тууз хайчлах дур хүслүүд, түнтийсэн том гүзээ, аахилсан малигар царай зэрэг тань нотлоод байна бус уу?  Цолтой бөх, алдартай дуучин төрүүлэх гэсэн зорилготой "Нутгийн зөвлөл" хэмээн жалгархсан үзэл дор дэлхийн хөгжлийг олж харахгүй байна.
 
Өдрөөс өдөрт дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй монгол оюун ухааны бярыг үнэлэхгүй, биеийн бярыг үнэлсээр байгаагаас өөрсдийн үнэ цэнээ алдсаар байна.  Бид хүнээ бус малаа, газар доорх нүүрс, алт, зэсээ "баялаг" гэж үнэлсээр уджээ. Бид буруу системийн шаварт шигдсэн улстөрчдийг буруутган харааж зүхээд байгаа болохоос, нийслэлийн утаа шиг бохирдсон улстөрийн системийг анзаарч харахгүй байна.
Бид энэхүү буруу системийг өөрчилж шинэчлэх сонголтын өмнө ирээд байна. Шинэ системийг хуучин хүмүүс бий болгож чадахгүй.
 
"Үлдэх хүнээр ачаа бүү татуул" гэдэг сургааль бий. Ийм системийг шинэ үеийн залуус бий болгоно. Тэд дэлхийн орон зайг харж буй. Улстөрийг ч, намуудыг ч тэд л өөрчилж чадна. Намууд олон байж болох ч, улс орны эрх ашиг цорын ганц байдаг. Энэ бол тусгаар тогтнол, зөв сайн хөгжил. АЛДАХ ЭРХГҮЙ ЦАГ ҮЕ ГЭЖ БИЙ.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2016-02-04