sonin.mn
Монгол хүн эх орондоо Монгол хэлнээсээ татгалзаж буйг хараад яагаад энэ залуус хоорондоо Англиар яриад байна вэ гэж бодох. Монгол хэл сураагүй өссөн болов уу гэтэл тийм биш. Тэд гэнэт Монгол хэлээр ярих жишээтэй. Хаа л бол үйлчилгээний газруудын хаяг Англи хэлээр бичигдсэн байх.
 
Мэдээж хүн төрөлхтөний мэдлэгтэй танилцахад Монгол хэл хангалтгүй байх боломжтой. Гэтэл хүмүүсийн ердийн өдөр дутмын харьцаанд Монгол хэл хэрэглэгдэх буруу биш үү гэж асуумаар. Бизнэс нэртэй санхүү эдийн засгийн байгууллагуудаас авахуулаад ялангуяа гадаадынханы гарт орсон Оюу Толгой гэх мэт газрууд Англи хэлээр ярихаас өөр замгүй биз. Тэр олон гадаадын иргэдтэй Англи хэлээр л ярих шаардлага гардаг байлгүй. Гадаадынхан өнгөтэй өөдтэйнүүдийг булааж ноёрхохынхоо хажуугаар бас Монгол хэлийг ноёрхож гадуурхахгүй баймаар. Монгол хүнийг эх орондоо Монгол хэлээр ярих боломж олгомоордоо.
 
Монгол хүнийг ажихад зайлуул эх орондоо нэгдүгээрт биш бараг хоёрдугаарт эсвэл гуравдугаарт орсон мэт. Нэгдүгээрт гадаадын капиталистууд харин хоёрдугаарт гадаадын сүм хийдүүд бололтой харагддаг. Газар нутаг байшин барилга гудамж тайлбайгаа зэрэгцээд ой мод уул усаа алдаад зогсохгүй одоо Монгол хэлээрээ ч ярихаас татгалзаж Монгол хэлээр үйлчилгээний газрууд хаяг сурталчилгаа бичихээ ч болих жишээтэй.
 
Их дэлгүүрийн ойр орчимын байруудыг түрээслэнэ гээд Монгол хэлээр биш Англи хэлээр бичжээ. Тэгэхээр Англи хэлний хүмүүст л байр түрээсэлж буй Англи хэлтэнүүдийн л асуудал бололтой.
 
Англи хэлээр нэг л их цэвэрхэн ярьж бараг л Англи хүн болох гээд байгаа юмуудаа гэмээр хичээж үхэн хатан махан хэлээ мурийлган тагнаа дотроо мурилзуулж байхыг харахад яагаад ийм болчихвоо л гэмээр. Монголчууд ингэж гүрийтлээ цэвэрхэн Англи хэлээр ярих гэж бантагнаж Монгол хэлээр биш Англи хэлээр хоорондоо ярихыг харахад их л мундаг гэдгээ харуулах гэж буй. Америк оронд байж байгаад ирлээ гэдгээ харуулах гэж хичээгээд л. Мэдээж тэнд нэг их удаагүй байж байгаад Харвардын диплом өвөртлөөд ирдэг нөхдүүд бий л дээ. Гэхдээ тэдний тухай энд ярих гээгүй. Энд юу хэлэх гэсэн бэ гэхээр эх орондоо ч гадаад ч Англи хэлийг нэг их тоодоггүй гайхамшигт ард түмнүүдээс суралцмаар санагдах.
 
Жишээлбэл Франц, Герман хүмүүс Англи хэлээр ярихаараа зориуд өөрийн хэлний аялгуугаар ярьж Англи хэлний хүн биш түүнд нэг их үнэ өгөхгүй байгаа шүү гэдгээ мэдрүүлдэг. Түүнээс гадна Английн колони байсан Энэтхэг хүмүүс хүртэл ямар хэлээр яриад байна гэмээр Англи хэлэнд нэг их үнэ өгөхгүй өөрийн эх хэлнийхээ аялгууг хадгалж чадаж буйг сонсоход ямар их өөрсөндөө итгэлтэй ард түмэн бэ гэмээр. Хойд хөрш Оросууд ч гэсэн том үндэстэн тул түүнийгээ харуулах гэсэн мэт Англи хэлээр зориуд Орос аялгуутайгаа холилдуулан ярихыг сонсоход ёстой бахархам. Энэ үндэстэнүүд яагаад ийм Англи хэлэнд үнэ өгөхгүй байна вэ гэхээр яахаараа заавал Англи, Америк хүмүүс бусад ард түмний хэлийг сурах дургүй бараг ярих чадваргүй харин бусад ард түмэн тэдний хэлээр ярих ёстой вэ гэсэн асуултанд л хариулж буй шүү дээ.
 
Германы нэгэн профессор 2-р дайны үеэр Америк орон луу цагаачлан очсон хэдий ч дайн дууссаны дараа маш их яарч Герман орондоо ирсэн гэдэг. Түүнээс хүмүүс тэндээ байхгүй яагаав яагаад хүрээд ирэв гэж асуухад тэр хүн ингэж хариулсан гэдэг: “Би зөвхөн Герман хэлээрээ л яримаар байна. Түүнээс гадна бас хүүхэд насаа өнгөрөөсөн тэр газар луугаа ирж өөрийнхөө өнгөрсөн амьдралаа аврах гэж ирлээ”. Энэ жишээг сонсоод би өөрөө ч гэсэн Герман оронд ажиллаж амьдарч байхдаа хурдан ажлаа дуусгаад эх орондоо очиж Монгол хэлээр өдөржингөө ярьж аз жаргалтай өнгөрсөн хүүхэд насныхаа үеийн байшин барилгуудын хажуугаар алхах гэж яарч ирж байж билээ.
 
Хүүхэд нас гэснээс тэр үеийн барилгуудыг хайр найргүй нурааж гудамж талбайн нэр өөрчилж буйг харахад Монгол хүн нэг л биш болжээ. Зарим дурсгалт барилгуудыг зориуд засаж засварлахгүй балгас болгохыг харахад Улаанбаатар хотын энэ төв хэсгийг л устгах гээд буй. Мэдээж хүүхэд насандаа аз жаргалгүй байсан хүмүүс дандаа л муухай санамжтай байдаг тул устаж буй Улаанбаатарыг хараад баярладаг биздээ.
 
Хүүхэд залуучуудын паркийг устгаж Нацагдоржийн хөшөөний оронд Түвд үгээр хаягласан “Шангри Ла” нэртэй шашины утга агуулгатай зочид буудал барихыг хараад өөрсдийгөө доош хийж гадаадынханд зориулж яахаас ч буцахгүй болцгоождээ л гэх. Шангри Ла гэдэг нөгөө л Шамба Ла-гаа хэлээд байгаа шүү дээ. Шамба Ла-гийн дайн болохоор хорхой шавьж хүртэл оролцдог гэж айлгаж ирсэн шүү дээ. Энэ бүгдийн цаана нөгөө л ашиг хайсан капиталистууд ажилласаар. Ингээд дотоодын дайсан дээр гадаадын дайсан нэмэгджээ.
 
Капиталистууд 100 жилийн дараа дахиад л Монголчуудыг өр зээл хүүгийн дарамтанд оруулж чадлаа. Тэр үед гадаадын мөнгө хүүлэгчидийг ардын хувьсгал хийж байж хөөж гаргасан. Өнөөдөр хувьсгал байтугай жагсаал ч хийж чадахгүй болтолоо өр зээлийн хүүнд дарагдсан иргэд одоо удахгүй сонгуулийн үеэр бас л боол золиос гэдгээ дахин мэдэрцгээнэ.
 
Капиталистууд хамгийн их ашиг олох гэж зөвхөн л ашиг ярих тул хэзээ нэг цагт Монголчуудыг байтугай дэлхийг баллана. Айн Рандын номноос авахуулаад Милтон Фридманий неолиберализм бүгд Монголчуудыг бүрэн эзэрхийлжээ. Энэ хоёр хүн одоо байхгүй гэтэл тэднийг юундаа ингэж их шүтэн бишрэнэ вэ? ШУТИС-ийн оюутнуудын дунд “Милтоныг хэн сайн мэдэх вэ” гэсэн уралдаан өнгөрсөн хавар зарлаж байна шүү дээ.
 
Яагаад олон ард түмнүүдийг баллаж улс орнуудыг сүйтгэж балласан гэмт этгээд Милтон Фридманыг оюутан залуучуудаар шүтүүлэх арга хэмжээ авна вэ? Үүний цаана хэн байна вэ?
Монгол хүн ялангуяа залуучууд өөрсдийгөө мэдсэн мэдээгүй Англи хэлний боол золиос болгохын хажуугаар Англи хэлээр ярьдаг гадаадын капиталист хүмүүсийг эх орондоо тансаг баян хязгааргүй эрх мэдэлтэй амьдрахад бас өөрсдийгөө нэмээд боол золиос болгож буйг харахад яана даа л гэмээр.
 
Яагаад Монгол хүн эх орондоо нэгдүгээрт биш вэ? Яагаад Үндсэн хууль Монгол хүнийг нэгдүгээрт байлгах чадваргүй вэ? Яагаад Англи хэлний ноёрхолын эсрэг арга хэмжээ авахгүй байна вэ?
 
Монгол хүн эх орондоо эзэн биш болж харин хэдийний уул уурхайгаас авахуулаад санхүү эдийн засаг болон зээл хүүгийн цаашлаад өрийн болон бондын гэх мэт хөрөнгө мөнгөөр эзэрхийлсэн гадаадын капиталистууд бүрэн түрэмгийлжээ. Монголчууд бүгдээрээ өрийн тулам болжээ.
 
Хаа л бол өнгөтэй өөдтэй болгоныг худалдан авах хүчтэй урсгал орж иржээ. Энд тэнд Монгол хүмүүс хоол зөөх эсвэл машины жолооч хийж ерөөсөө Монгол хүний хөгжих үйл явцыг сүүлийн 20 гаруй жил бүрэн зогсоожээ. Энэ хүмүүсийг завсардуулсан хүмүүс завсардсан үеийнхэн гэж тохуурхана. Цагаан ажлыг гадаадын капиталистууд харин хар ажлыг Монголчууд хийнэ.
 
Монгол хэл тийм муу хэл бишээ. Би 2011 онд Германы философич Хайдэггерийн бичсэн 20-р зууны философийн алдарт зохиол “Байх ба Хугацаа” номыг орчуулсаны дараа Монгол хэл ямар их чадвартай хэл гэдэг батлагдсан. Гагцхүү философийг ойлгоогүй худлаа профессор эсвэл доктор нэртэй хүмүүс л Монгол хэлэндээ муу учраас ойлгомжгүй мэргэжлийн хэмжээнд орчуулж чадалгүй түүний гайгаар хүмүүс философийг үнэлэхээ больсоныг ухаарч билээ. Тиймээс би үргэлж л хэлдэг Монгол хэл сайн харин Монгол хэлээр сайн ярьж чаддаггүй мэргэжлийн биш хүмүүс л нийт боловсролын системийг унагажээ гэдэг. Оюутнууд орчуулсан номыг уншаад бас лекц сонсоод философийг ийм гоё бас ийм их хэрэгтэй гэдгийг одоо л мэдэж авлаа гэдэг. Мэдээж шүү дээ философичид хэзээ ч ахуй ямар вэ гэж асуудаггүй харин хүн байх ямар вэ гэж асуудаг. Хүн байх тухай үгийг хүн ахуй гээд байхаар хэн ч ойлгох вэ дээ.
 
Капиталистуудыг ойлгож тэднийг илрүүлэхийн тулд зүгээр л дэлхий дээр болж буй зөрчил мөргөлдөөн дайн дажин мөн хэрхэн Арабын улс орнуудыг сөнөөж бөмбөгдөж байгаа жишээнүүдийг бодож тунгаах хэрэгтэй. Аливаа болж буй улстөрийн үйл ажиллагаануудыг харахад заавал нэг хаа ч билээ үүнийг хараагүй бил үү эсвэл яг ийм үйл явдал өөрийн оронд болсон биздээ гэх мэт төсөөтэй ойролцоо агуулгатай бас адилхан зорилготой үйл явдалууд харагддаг.
 
Украин орон яаж өөрсдийгөө хүнд байдалд оруулж хэдхэн цөөн тооны шуналд хөтлөгдсөн албан тушаал хөөцөлдсөн хүмүүсийн гарт орж дотроо зөрчилдөж улс орноо олны өмнө нурааж бас гадна хөрштэйгээ дайсагнаж буйг хараад Монголчууд 90-ээд онд нэг иймэрхүү ойролцоо байдалд орж байсан санагдаж билээ.
 
Украин орныг капиталистууд эзэрхийлсэний дараа шууд л газрын баялаг руу шунасан гэсэн. Америкийн дэд ерөнхийлөгч Байдэний хүү Америк Украины хамтарсан газрын тос эзэмших компаны удирдах зөвлөлд орсон гэж жилийн өмнө хэвлэл мэдээлэлээр мэдээлсэн. Үүнийг сонсоод бас л адилхан түүх санагдав. 90-ээд оны эхээр Монголыг ардчилал нэрийн дор сулруулж хамаг өнгөтэй өөдтэйгээ хувааж идэх дайралт эхэлсэн. Тэр үед талаар дүүрэн мал бэлчиж байсан хөрөнгө мөнгө ч хангалттай ямар ч оронд өр зээлгүй байсан. Гэтэл зориуд мөнгөний ханшийг унагаж хүчээр дэлгүүрүүдийг хоосруулж хоосон лангуу үүсгэж ард иргэдийг айлган сүрдүүлсэн.
 
Энэ зориудаар лангуу хоосруулж айлган сүрдүүлсэнийхээ дараа олон төрлийн хувьчлал болон улстөрийн эргэлт хийх зорилготой улс орноо эвдэж хэмхлэх хуулиудаа батлуулж байсан санагдана. Энэ үйл хэрэг амжилттай явагдсаны дараа тэр үеийн Америкийн дэд ерөнхийлөгч Бэйкер ирж маш их үр дагавартай үг хэлж жижиг орнуудыг хэрхэн замбараагүйтүүлдэг аргаа хэрэглэсэн. Сүүлдээ Бэйкерийн хүү Дорнод нутагт газрын тосны цооног эзэмших зөвшөөрөл авлаа ч гэх шиг хэвлэл мэдээлэлээр мэдээлж л байсан. Хаа нэг газар сонссон болгон өөрийн оронд яг хэрэгжсэн байна шүү дээ гэж бодохоор хүн ямар их бодож тунгаах шаардлагатай болж байна даа гэж бодогдох. Монгол хүн унтаа бас аймхай биш сэргэг зоригтой байх цаг иржээ. Хамгийн аюултай юу вэ гэхээр Монголчуудыг бодлоготойгоор санамжгүй мартамхай болгох вэб сайт сэтгүүл ярилцлагууд зогсоо зайгүй явагдаж байна шүү дээ.
 
Ингээд Украиныг эргээд харцгаая. Өнөөдөр ямар байдалтай байна вэ? Зүгээр тайван оршин тогтнох боломжгүй юу? Украин орон Орос оронтой үүрд хамт зэрэгцэн оршино биздээ. Тэгвэл алс холын орнуудаас илүү хөрш орон чухал биздээ. Алс холын орнууд далайн цаадах орнууд чухал биш биздээ. Хэн хөрш хоёр орнуудыг зөрчилд оруулав. Гаднаас хэн нөлөөлөв? Майданы талбай руу хэн тэгж айхтар сүрхий мэргэн буудагчийн чадвараар онож буудав?
 
Капитализм дайн хийж байж л баяждаг. Тэд дайн хийхгүйгээр амьдарч чадахгүй. Гэтэл социализмын орнууд энх тайван байцгаасан. Социалист орнууд хэзээ ч Араб болон Африкийн орнуудыг бөмбөгдөөгүй. Гэтэл капитализм бүгдийг бөмбөгдөнө. Капитализм ардчилал нэрийн дор ямар ч сайхан орныг хэн ч биш болгоно. Капитализм ямар ашигтай вэ гэж асуугаад л ашиглаад л явцгаана. Гэтэл социализм бол энх тайван, тэгш эрх болон өндөр боловсролыг чухалчилдаг нийгэм байлаа. Тэр үе өнгөрчээ.
 
Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол хүн сүүлийн 20 гаруй жил ямар үнэ цэнэтэй байлаа?
 
Социализмаас өмнө Монгол хүн шиг үнэгүй хүн байсангүй. Хаадууд дайн хийлгэж мориноосоо буулгүй тэнүүчлэнэ. Лам нар хуурч мэхэлнэ. Ноёд зарцалж малаа хариулуулна. Богд хаан төр шашин хоёрыг хослуулна. Төр гэсэн ойлголттой Монгол хүн түүхэндээ уулзаж явсангүй. Төр гэхээр Монгол хүн дээдэс ноёд баячуудад л хамаатай гэж айж сүрдэж явсан бололтой.
 
Өнөөдөр бас л Монгол хүн ноён шүтээд л лам нарт хууртагдаад л явцгаана. Мэхэлсэн лам баян Хуурсан ноёд баян. Баячуудын тоонд өнөөдөр лам нар багтах болжээ. Монголчууд буцаад л феодалын боллоо. Одоо цагаан сараар хар шар феодалууд баяраа хийнэ.
 
Социализмын үед ганцхан нам байсан тул ганцаараа бүх улс орны төлөө ажиллаж байсан. Ардчилсан нам гарч ирсэнээр улс орны тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажиллаж нэгэнт хэсэг хүмүүсийн төлөө гарч ирсэн тул үлдсэн хэсгийн эсрэг болцгоосон. Эндээс л Монгол хүмүүсийн зөрчил, дайсагнал, тэмцэл эхэлсэн. 20 гаруй жил Монголчууд нэг нэгнийхээ эсрэг зөрчилдөж, тэмцэлдэж, дайсагнаж ирлээ. Үүнийгээ улстөр гэж нэрлэх жишээтэй.
 
Монголчууд эх орноо гэж нэрлэж буй газар нутаг руугаа уул уурхай болон жуулчлал нэрийн дор харгис хэрцгийгээр дайрлаа. Уул уурхай ч яахав нэгэнт хяналтаас гарсан. Энэ сайхан том газар нутгийг өвгөд дээдэс үлдээсэн гэж худлаа ярихаа больж баталгаажуулж өгсөн хоёр хөрш орнуудад баярлах хэрэгтэй. Хиагтын гэрээг мартаагүй биздээ.
 
Хоёр хөршүүд хяналт тавиж хязгаарлаагүй бол капиталистууд бүр даварч энэ орныг сүйрүүлэх байсан даа. Монголын уул уурхайн баячууд тэдэнтэй нийлээд бүрмөсөн газар нутгаа сөнөөх байсан биз.
 
Одоогоос их машин техник ирэх байсан шүү дээ. Тэр газар доорх шуналтануудыг дуудах эд баялаг хурдан дуусаасай билээ.
 
Монгол хүнийг яаж үнэ цэнэтэй болгож саруул ухаан суулгах вэ? Милтон Фридманыг хэн муу мэддэг болох вэ?
 
Үргэлжлэл бий.