sonin.mn
Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч Ч.Амартүвшинг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, ярилцлаа.
 
-Археологийн хүрээлэнгээс 2015 онд хийсэн малтлага, судалгааны ажлынхаа талаар ерөнхийд нь тайлагналаач?
 
-Манай ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт археологийн судалгаа хийдэг, дагнан гүйцэтгэдэг байгууллага. Энэ чиглэлээр тэргүүлж ажилладаг байгууллага учраас археологийн чиглэлийн бүхий л цаг үеийн судалгааг хийж байна. Чулуун зэвсгийн үеэс авахуулаад 17 дугаар зуун хүртэлх дурсгалыг судлан шинжлэх ажлыг гүйцэтгэдэг гээд ойлгочиход болно. Бид судалгаагаа гадаадын 20 гаруй хамтарсан төслийн хүрээнд хийж байгаа. Дээрээс нь үндэсний төслийн хүрээнд ч судалгаа хийж байна. Судалгааны чиглэл болгон өөрийн гэсэн судлаачидтай байдаг. Тэр болгоныг нэг хүн базаад ярина гэдэг хэцүү л дээ.
 
Чулуун зэвсгийн судалгааг гэхэд энэ чиглэлээр дагнан судалж байгаа эрдэмтэн, судлаачид л нарийн ярина шүү дээ. Гэхдээ бид өнгөрсөн 2015 онд маш үр дүнтэй, сайн ажиллалаа. 2015 оны судалгааны үр дүнг яагаад 2016 оны хоёрдугаар сард ярьж байна вэ гэхээр, бидний ажлын онцлогтой холбоотой. Археологийн судалгаа гэдэг олсон олдворуудаа тэр дор нь тайлагнах боломжгүй. Эрдэм шинжилгээний баримтжуулалт гэж маш урт хугацааны ажил байна. 2015 онд олдсон олдворуудаа бид одоо бүрэн гүйцэд баримтжуулж дуусаагүй байгаа. Гэхдээ эхний ээлжинд урьдчилсан байдлаар олон нийтэд мэдээлэх боломжтой болсон.
 
Ер нь ч жилийн жилд өдийд л ажлаа урьдчилсан байдлаар тайлагнах боломжтой болдог. Археологийн судалгаа­ны ажлууд хаалттай байна. Мэдээлэл багатай гэх мэт шүүмжлэл гардаг л даа. Тийм болохоор бид тайлагнаж байх ёстой юм байна гэж бодсон. Ер нь мэдээлэл бол нээлттэй байгаа. Ямар олдвор олсон, хэрхэн хадгалагдаж байна, хэнтэй хамтарч ажиллав гээд бүх мэдээлэл тодорхой байвал зүгээр байдаг юм. Тиймдээ ч бид олон нийтэд мэдээлж, тайлагнадаг. 
 
-2015 онд хийсэн малтлага судал­гааны ажил болоод олсон олд­во­рын­хоо талаархи тайланг БСШУЯ-нд өгчихсөн байгаа гэсэн. Тэгвэл өн­гөрсөн онд хэчнээн аймагт судалгаа хийж, хэдэн олдвор олсон бэ. Тоо баримттай мэдээлэл өгвөл?
 
-11 аймгийн 16 суманд үндэсний хээрийн шинжил­гээний ангиуд ажиллаж байгаа юм. Дээрээс нь би түрүүнд хэлсэн. Гадаадын эрдэм шинжилгээний багтай хамтарч ажилладаг гэж. Тэгвэл есөн улстай хамтарсан 29 төслийн хүрээнд 15 аймгийн нутагт 33 удаагийн хээрийн судалгааны ажил хийж байгаа.
 
Энэ бол маш том багаар ажиллаж байгаа хэрэг. Бид өнгөрсөн онд 1000 орчим дурсгалыг илрүүлж, сэргээн завсарлах үйл ажиллагаа болоод нарийвчилсан лабо­раторийн ажлуудыг хийгээд явж байна. Судалгааны ажлын цар хүрээ үнэхээр том. Бид гэнэт л энэ жилээс эхлээд дэлхийн есөн орны судалгааны багтай хамтарч ажиллаж байгаа юм биш. Олон жил болж байна. Өмнө нь бид нээлттэй мэдээлдэггүй байлаа. Энэ жилээс л олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж байгаа юм.
 
Ер нь 1990-ээд оноос өмнө археологийн судалгааны ажил тийм ч өргөн цар хүрээтэй байсангүй. Харин нийгэм өөрчлөгдөж, гадны улсууд нүүдэлчдийн соёл иргэншлийг судлахаар манайд орж ирсэн. Түүнээс хойш археологийн судалгааны ажил илүү өргөжсөн. Дээрээс нь манай судлаачдын судалгааны ажил илүү сайжирч байна. 
 
-Олсон олдворуудаас онц­лоод хэлбэл. Өнгөрсөн онд анх удаа л олсон үнэт олд­ворууд байгаа гэсэн байх аа?
 
-2015 оны ажлын хамгийн том ололт болсон олдворыг бид олсон. Хүннүгээс хойшхи овог аймгуудтай холбоотой олдвор манайд байдаггүй байсан. Түүх нь байгаад байдаг батлах, харуулах олдворгүй байлаа. Тэгвэл өнгөрсөн онд Сяньбигийн үед холбогдох түүхэн олдворыг бид илрүүлж, судалгааны эргэлтэд орууллаа. Баян-Өлгий аймгаас доктор н.Төрбатын олж илрүүлсэн Сяньбигийн дурсгал бол үнэхээр гайхалтай. Монголын түүхийг баяжуулах шинэ хэрэглэгдэхүүн гэж хэлж болно. 
 
-Ямар олдвор юм бол?
 
-Бүлэг булш байсан юм. Тэр олдворуудыг нээж илрүүлсэн. Энэ дурсгалыг нээж илрүүлснээр цаашид ийм төрлийн дурсгалууд олноор гарч ирэх магадлал өндөр болж байна. Ингэснээр Монголын түүхийг илүү бодитойгоор баяжуулах боломжтой болох юм. Түүнээс гадна Эгийн голын булшнаас бид эмэгтэй хүний бортого малгай  олсон. Хүрэл, зэс, алтаар хийсэн, гайхамшигтай ур хийцтэй малгай гарч ирсэн. Дэлхийн археологийн түүхэнд ч гараагүй олдворыг бид анх удаа олсон. Одоогоор сэргээн засварлалтын ажил хийж байна.
 
Маргааш манай Архелогийн хүрээлэнгээс “Монгол археологи” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд зохион байгуулна. Энэ хурлын үеэр энэхүү олдворын талаар илүү дэлгэрэнгүй ярих юм. Ур хийцийн хувьд үнэхээр гайхалтай. Монголчуудын металл урлах уран дархны урлаг ямар гайхамшигтай хэмжээнд хүрч байсны жишээ тэр гэж хэлж болно. 
 
-Олдворуудын он тооллыг тогтооход хэцүү гэж эрдэмтэд яриад байгаа. Манайхан өөрсдөө археологийн олд­ворын он тооллыг тогтоох боломжгүй юм уу. Гадаад руу явуулахаар хэр удаж байж он тооллыг нь тогтоож өгдөг юм бол?
 
-Археологийн дурсгалыг байгалийн ухааны  шинжлэлийн Ц14 гэдэг аргаар он цагийг нь нарийвчлан тогтоож байгаа. Ерөнхийд нь оноор тогтоож өгдөг маш нарийн арга. Манайд тэр лаборатори нь байхгүй. Тэр ч битгий хэл дэлхийд маш цөөхөн байдаг юм. Тийм болохоор гадаад руу явуулж, он тооллыг нь алдаагүй тогтоолгох хэрэгтэй. Ингэснээр тэр дурсгал тэдий үеийнх гэдгийг зөв үечлэн тогтоож байгаа юм. Энэ бол маш чухал.
 
Яваандаа манай улсад он цаг тогтоох техник технологи нь ороод ирэх байх гэж найдаж байна. Тэгвэл он цагийн дээжийг илүү хурдан хугацаанд тогтоох боломжтой болно. Гадаад руу гаргаж тогтоолгохоор хагас жилээс бүтэн жил хүртэл хугацаа шаардлагатай болдог. Тийм болохоор бид олсон олдвороо тэдий үеийнх гэдгийг эрт хэлж чадахгүй болчихоод байгаа юм. Ерөнхийд нь багцаалдаж, харьцуулсан судалгааны үндсэн дээр тэдий үеийн байж магадгүй гэж хэлдэг тохиолдол бий л дээ. 
 
-Сяньбигийн үеийн бүлэг булш олсон гэсэн шүү дээ. Сяньбигийн үеийнх гэдгийг нь баттай тогтоочихсон гэсэн үг үү?
 
-Гадаад руу явуулаад, шинжилгээний дүн нь ирчихсэн. Франц улс руу явуулаад, шинжлүүлсэн юм. Зун малтлага хийгээд, булшаа олж, Франц руу шинжлүүлэхээр явуулсан. Өвөл хариу ирсэн. Маш хурдан хугацаанд шинжилсэн. Сяньбигийн үеийнх гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас Сяньби улсын үеийн булш олсон гэж зоригтой мэдээлж байгаа юм. Мөн одоо он цагийг нь тодорхойлохоор ажиллаж байгаа олон олдворууд бий.
 
Шинжилгээний хариу гараад ирэхээр бид илүү нарийн мэдээллийг өгөх боломжтой болно. Энэ Жужаных, тэр нь Уйгарын үеийнх нь гээд нарийн мэдээлнэ. Ер нь бол 2017 онд 2015 оны олдворуудын он цагийн мэдээлэл нарийн гарах боломжтой. 
 
-Археологийн судалгааны нэг том хэсэг нь авран хамгаалах судалгаа байгаа. Өнгөрсөн 2015 онд цөөнгүй газарт авран хамгаалах судалгаа хийж, олон олдворыг олсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
 
-Авран хамгаалах судалгааны ажил гэдэг бол соёлт ард түмнүүдийн хийдэг ажлын нэг. Өөрсдийнхөө түүхийн үнэт өвийг бүтээн байгуулалтын ажлын явцад яаж эвдэн сүйтгүүлэхгүйгээр авч үлдэх вэ. Хойч үедээ өвлүүлж үлдээх вэ гэдэг дэлхийн олон оронд л тулгамдаж байгаа асуудал. Харин манай улс бол соёлын өвийн тухай маш сайн хуультай. Соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлд анхаарсан, маш сайн заалттай хууль бий. Энэ хуулийг хэрэгжүүлэх гол хүмүүс нь археологчид, угсаатан зүйчид, палентологичид байгаа юм.
 
Өнөөдөр уул уурхайн болоод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа Монгол Улсын хувьд илүү онцлогтой. Бүтээн босголтдоо анхаарах уу, эсвэл өвөг дээдсийнхээ булш бунхан, соёлын өвийг хамгаалах уу гэдэг хоёр асуудлын дунд байгаа.  Ер нь хоёуланг нь хийх боломжтой. Хуулиар зохицуулагдсан зүйл. Уул уурхайн лицензийн талбайд байгаа түүхэн дурсгалыг археологчид авран хамгаалаад, чөлөөлнө. Түүний дараа уул уурхайн ажил нь хэвийн үргэлжлээд явж болно. Эсвэл үнэхээр хосгүй үнэт түүхэн дурсгал учраас хөдөлгөхгүйгээр үлдээгээд, хадгалах боломж ч байна.
 
Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйл ажиллагаа явуулуулахгүй байна гэсэн үг. Тэр бүхнийг хуулиар зохицуулчихсан. Тийм болохоор бидний хувьд давуу тал ихтэй. Авран хамгаалах судалгааны ажил 2015 онд эрс багассан. 2010, 2011, 2012 оны үед авран хамгаалах судалгааны ажлыг жилдээ 100 гаруйг хийдэг байлаа. Гэтэл өнгөрсөн онд 50 орчим ажил л хийсэн.
 
-Ямар учиртай ингэж багассан юм бол?
 
-Уул уурхай зогссонтой холбоотой бидний ажил багассан. Манай талбайг үзээд, судалгааны ажил хийгээд өгөөч гэж захиалга өгөх компани багасч байна. Гэхдээ яах вэ, бид хангалттай ажлаа хийгээд, аварч хамгаалах өв соёлоо авраад, хамгаалаад ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Эгийн голын усан цахилгаан станц барих талбай дээр таван байгууллага нэгдэж байгаад 30 орчим археологич ажиллаад, судалгаа хийсэн.
 
Хамтраад судалгааны ажлынхаа тайланг тавина. Цогц байдлаар мэдээллээ өгөх юм. Манай судалгааны баг 13 дугаар зууны үед хамаарах хатдын бортогон малгайны чимэглэл олсон гэдгийг дээр хэлсэн. Улаанбаатар их сургуулийнхан шинэ чулуун зэвсгийн үеийн булш бунхан олж илрүүлсэн.  50 гаруй жилийн өмнө Дорнод аймгаас шинэ чулуун зэвсгийн үед хамаарах булш олж байсан. Түүнээс хойш анх удаа өнгөрсөн онд олсон. Гэхдээ яг нарийвчилсан он тооллын судалгааны хариу гараагүй байгаа. Урьдчилсан байдлаар бид шинэ чулуун зэвсгийн үед холбогдоно гэж үзээд байгаа юм. Гарсан эд өлгийн зүйл, оршуулгын зан үйлийг нь үзээд тэр үеийнх байна гэж үзсэн. Энэ бол үнэхээр гайхамшигтай нээлт. Гол нь ШУТИС, МУИС, Музейн судлаачид аварга том хэрэгсүүрүүдийг малтаж, малтлага хийсэн.
 
Том цар хүрээтэй малтлагын ажлыг зохион байгуулах нь хоёр талын ач холбогдолтой. Эгийн голын усан цахилгаан станцыг барихтай холбоотойгоор тухайн дурсгалуудыг хамгаалах чиглэлд археологчдыг дэм­жиж, тэднийг бие даан ажиллах боломжоор хангаж,  археологийн шинжлэх ухааныг шат ахиулах бололцоог олгосон нь нэг том эерэг нөлөөлөл шүү дээ. Бид дурсгалуудаа хамгаалж авч үлдэхийн хажуугаар археологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлд хийсэн их том ажил боллоо. 
 
-Тэндээс олдсон олдво­руудаа бүгдийг нь хам­гаа­лалтад аваад, сан хөм­рөгтөө авчирчихсан биз дээ?
 
-Бид олдворуудаа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж байгаа. Эрдэм шинжилгээний зориулалттай сан хөмрөг байдаг юм. Тэнд код, дугаартай нь хадгалдаг. Дээрээс нь жил бүр олсон олдворуудын тоон мэдээллийг яаманд өгдөг. Бид чинь археологийн малтлага, судалгаа хийхийн тулд заавал зөвшөөрөл авдаг. Тийм учраас бүх судалгааны ажлын үр дүн, тоон мэдээллээ зөв гаргаж өгч байж дараа жилийн ажлын зөвшөөрлөө авдаг. Ийм л хариуцлагатай ажил хийж байна даа. 
 
-Манай улс аялал жуулч­лалын салбарыг илүү их хөгжүүлэх ёстой гэж амтай болгон ярьдаг. Тэгвэл архео­лог­ийн үнэт олд­воруу­дыг аялал жуулч­лал­тай холбож өгөх юм бол илүү хөгжих боломж­той санагдаад байгаа юм?
 
-Яг тийм, бид энэ тал дээр анхаарах шаардлагатай. Жишээлбэл, Монголын үндэс­ний музей гэхэд автомашины зогсоолгүй байдаг. Энэ бол наад захын жишээ. Гаднаас ирсэн жуулчид үзье гээд очиход ганц автобус үүдэнд нь зогсоод л өөр зай үлддэггүй. Дотроо ороод урсдаг шат байхгүй.
 
Гэх мэтээс авахуулаад дэлхийн музейн стандартад хүрэхгүй байна. Тийм байгаа болохоор Улаанбаатар хотод ирсэн жуулчдад музейгээ өндөр үнээр үзүүлнэ гэхээр жаахан хэцүү. Нөгөө талаар, археологчдын нэг ярьдаг зүйл нь хөдөө хээр байгаа археологийн дурсгалуудаа ил музей хэлбэрээр хөгжүүлье гэж.
 
Тэр бүх дурсгалууд чинь орчиндоо сүлэлдээд, ахуйтайгаа хамт байгаа шүү дээ. Түүхэн дурсгал, онгон байгаль, монгол гэр гээд л. Тэр бүхэн чинь музей байхгүй юу. Хамгийн гол нь явах зам, хаана очихоор нь хэн хүлээж авах вэ, буух жуулчны бааз нь ямар байх вэ гэдэг л байна. Энэ тал дээр манай Түүх, археологийн хүрээлэн ажилладаг. Манай н.Эрдэнэ-Очир гэдэг эрдэмтэн аялал жуулчлалтай археологийн дурсгалыг яаж холбох талаар бичсэн ном хүртэл гаргаж байсан.
 
Маршрутыг нь тодорхой зааж өгч байсан байхгүй юу. Олон хүн ч гэсэн биднээс шаарддаг. Та нар булш л малтах юм. Үүнийг инновацид оруул гээд л. Энэ бол зөв. Гэхдээ аялал жуулчлалтай холбоно гэхээр зөв хийх хэрэгтэй. Онгон байгальдаа байсан тэр сайхан дурсгалуудыг аялал жуучлалтай хамаагүй холбохоор сүйдэх аюултай ч байж мэднэ. Янз бүрийн аюул бий. Тэр бүхнээ л бодож, төлөвлөж хийх хэрэгтэй болов уу гэж боддог.
 
Н.Пунцагболд
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин