sonin.mn
-Аян замын тэмдэглэл-
 
Ийм нэг нутгаар хэд хоног яваад ирлээ. Өвөрмонголын өөртөө засах орны Дархан муумянган холбоот хошуу нь одоогийн тогтолцоогоороо Бугат хотын харьяанд байдаг юм байна.
 
Хөххотоос баруун хойш 300 гаруй газар зайтай юм. Газар гэдэг маань 500 метрийн зайг хэлж байна. Манайхаар бол Хөххотоосоо 160 орчим км алслагдсан. Улаанбаатраас мордоход сэрүүн цэнхэр агаар цалгиж шинэхэн цасны жавар тамшаалж байлаа. Хөххотод буухад битүү манан дунд байна. Чийглэг сэрүүн агаар нь өдрийг үдэш мэт харагдуулж байна. Сураг сонсвол нэлээд хонож байгаа гэнэ.
 
Байтай буюу “цагаан суврага”-ын нислэгийн буудлаас шууд л Дархан муумянган холбоот хошууг яаран зорилоо. Ингэж яарсны учир бас байна. Тэнгэр хойноосоо муудаж цас орох магадлал ихсэж түрүүчийн хялмаа Далан харын цаагуур эхэлжээ. Далан хар уул цасанд хаагдахаас өмнө энэ уулыг давах нь гол зорилго байсан болохоор тэд ийнхүү яаравчилжээ. Далан хар уулыг баруун хойд чиглэлд нь даваад л цас залгаж, халтиргаа гулгаа ихэслээ... Өвөл иржээ...
 
Жаахан цас ороод л даваагаар давуулахыг хориглож зам хааж тэдний яриагаар бол зорчигчдын амар тайвныг хамгаалдаг байна. Манайтай адил үүгээр түүгээр ил далд явна гэж байхгүй. Зам хаасан л бол хэдэн цагаар ч хааж мэднэ. Замд гарсан машин тэрэгнүүд зогсож л байна. Дүрэм журам хатуу... Манайхан ч ийм л баймаар аа... Манайхан чинь зарлан анхааруулсаар атал дураараа гарч давхиад осол эндэлд орж цас мөсөнд боогдохоос эхлээд аль их эрсдэл хүлээдэг билээ дээ гэж бодогдож л байлаа... Дархан муумянган холбоот хошуу хүртэл зам зуур Хавт Хасарын тухай яриа болж явлаа. Тэр дундаас нэг сонин домог сонссон юм. Энэ домгийг ярихын өмнө Хавт Хасар гэж хэн билээ гэдэг бяцхан тайлбар илгээе...
 
Хасар нь Чингис хааны эх, эцэг нэгтэй гурван дүүгийн нэг гэдгийг та олон лавтайяа мэднэ. Тэрээр нум, сум харвахдаа чадварлаг сайн байсан учраас түүнийг Хавт Хасар гэж нэрлэдэг байжээ. Хасарыг хүүхэд байхад нь тайчуудын жанжин Таргутай Хирилтуг гэр бүлийнх нь хамт Боржигон овгоос хөөж явуулсан удаатай гэж байгаа.
 
Хоол хүнс ховор байсан болохоор түүний эх нэгтэй дүү Бэxтэр хүнс хулгайлсан учраас Хасар ах Тэмүжингийн хамт Бэхтэрийг ангаас дөнгөж ирээд байхад нь алсан... гээд эрс тэс, шийдмэг, зоригтой алхамуудын дунд түүний бага нас өнгөрсөн. Энэ талаар үлгэр домог ч их байдаг. Чингис хааны эцэг, эх нэгтэй дүү Хасар, Хачиун, Тэмүгэ, Бэлгүтэй нарт Их Монгол Улсын зүүн захад нутаг олгож, зүүн жигүүрийг бүрэлдүүлсэн бол Чингис хааны гурван хүү Зүчи, Цагадай, Өгөдэй нарт баруун захын нутгийг өгч баруун жигүүрийг байгуулсан.
 
Баруун жигүүр баруун тийш үлэмж хэмжээгээр газар нутгаа тэлсэн боловч зүүн жигүүрт тийм их эзлэх газар байгаагүй. Өмч хөрөнгө тэнцүү хуваадаг байсан Баруун жигүүрээс ялгаатай нь Зүүн жигүүрт Хасар, Хачиунаас илүү Тэмүгэг дэмждэг байсан. Хасарын улс Тэмүгэгийн улсаас хавьгүй жижиг байсан. Түүний анхны газар нутаг Хянган уулсын баруун тал байсан. Эргүн, Хайлар мөрөн болон Хөлөн уулаар хүрээлэгдсэн байжээ. Хятадыг байлдан дагуулсны дараа Хасарын удмын ноёд нэмж Шаньдун болон Жяньши мужуудад тус тус хувь газар хүртээж өгсөн. Ийм нэг баримт сэлт түүхнээ байдаг.
 
Тэгтэл Болунай Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийших нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрний захиргааны Жиримийн чуулганы Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Зуу Үд чуулганы Ар хорчин, Улаан Цав чуулганы Дөрвөн хүүхэд Муу Мянган, Урад аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингийн ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсан эхний үед эзэн хаан Айсан Гюрийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрний ноёрхлын туршид дээд түвшний ноёдын цол хэргэмтэй байсан.
 
Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд Чин гүрэнд дагаар орж Хасарын үр удмынхныг удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан... Энэ бол түүхэнд үлдсэн шар хуудсууд... Дархан муумянганы хойчис Хавт Хасарыг “Монголын хаант төрийг хамгаалахад агтын нуруун дээр хандсан зүгтээ дайсангүй довтолж, баларшгүй гавьяа зүтгэл гаргасан суут алдартай шалгарсан баатар эр гэж одоо ч хүндэтгэсээр байдаг ажээ. Түүнийг үеийн үедээ хүндэтгэн дурсахын төлөө байгуулсан тахилгын өргөө тус хошууны мянган балгасанд байгуулагдаж, Чингисийн онгонтой өмнө хойноо хараа бараандаа байгаа юм.
 
 
Замын турш, цас хялмаалж өвлийн өнгийг улам л тод зурсаар... Дархан муумянган холбоот хошуунаас тосохоор ирсэн моринд хорхойтой эр Эрдэнэцогт ч ам хуурайгүй ярьсаар л явна. Тэр голдуу адуу ярина. Шинэ маягийн адуу өсгөж тэжээж байгаа, морин дэл дээр давхиж явснаа, адуу малд үнэн сэтгэлээрээ ханддаг гээд ярианы сэдэв зөндөө... Эдний хошуу манай Дорноговь аймгийн Хатанбулаг сумтай хил залгаа юм байна. "Ханги-Мандал"-ын боомтоор нааш цаашаа явдаг юм байна. Дархан муумянган хошуу нь Далан хар уулын ар бэл газар зүйн хувьд умард өргөрөгийн 41 градусаас 42 градуст, зүүн өргөрөгийн 109-111 градуст байрладаг.
 
Зүүн талаараа Дөрвөд буюу Дөрвөн хүүхэд хошуутай залгаж, өмнүүрээ Уучаан шан Гүйн шантай зах нийлж, баруун тийш Дундад хошуутай нүүрлэн, умард талаараа Монгол Улстай хил залган оршдог. Хүн амын хувьд үнэндээ манай халхчуудтай адил юм. Ийм л нутаг усныхан. Тэд Дарханбэйлийн хошуу, Шавь нар, Муумянган нийлж энэхүү холбоот хошууг байгуулжээ. Мал аж ахуйтай, урд талаараа тарианы газартай. Хүн амын дотор монголчуудын эзлэх хувь арав хүрэхгүй. 11.3 түмэн хүн амтай. 1945 оны чөлөөлөх дайны үед Монголын дайчид энд явж Батхаалгын хавьд тулалдаж явсан түүхтэй юм билээ. Үнэндээ бол хошууны төв нь Батхаалга буюу... Бат хаалгын сүм энд байдаг. Соёлын хувьсгалын жилүүдэд бурхан тахил нь устгагдаж сүм нь үлдсэнийг дахин сэргээжээ.
 
 
 
 
 
Манай халхууд шиг л яриа хөөрөөтэй аялга дуудлага хол зөрөхгүй юм. Адуу малаа маллах нь хүртэл адил. Уяа шон дээр байгаа эмээл хазаартай адуу нь хүртэл говь нутгийн шагай дөрвөлжин биетэй жижиг адуунууд... Эрдэнэцогт ер нь манайхаар бол нийгмийн идэвх сайтай, адууны төлөө бол зогсошгүй урагшлах нэгэн. Эрдэнэцогт, Буд, Цогсүлд гэж шадар гурван цэрэг шиг андууд юм. Нийлээд л адуу, адуу гэж ярин ярьсаар эрлийз маягийн адуутай болж байгаагаа  дурсаад өнгөрсөн. Очиж үзэхийн хүсэл асан дүрэлзэж явлаа. Тэр өөрөө л хамаг адуучдаа зохион байгуулж, “Монгол Улсаас багш залж” тэдэндээ хурдан морь, түүний уяа засал шинжин таних эрдмээр боловсрох нэг анги нээж ийнхүү хичээллүүлэх гэж байгаа юм.
 
 
Цогсүлд, Буд, Эрдэнэцогт гурав нийлж адууны нийгэмлэг маягтай юм байгуулаад энэхүү ажилд шуударч, тэр ажлынх нь эхлэл маягтай боловсрох сургалт болж байгаа нь энэ гэнэ. Сураг занги дуулаад тэр ч Хөлөнбуйр, энэ ч Ордос, Шилийн гол, Байран баруун хошуу, Хишигтэн гээд моринд хорхойтой хүмүүс холыг хол гэлгүй хүрч ирсэн байна. Үнэндээ бол орны хэмжээний цараатай ийм нэг хичээл сургалт боллоо. Манай А.Баярмагнай гуай ч мэдэхийн хэрээр хэлж өгч тэд ч сонсохын хэрээр сонсон тэмдэглэж байлаа. Уяаны дэг сургуулийн талаар зөндөө ярьж, адууны жүчээнд очиж, малчны суурьт хүрч юм, юм л үзлээ... Аргагүй л адуунд бахтай эрчүүд цуглажээ. Одоо дээр ярьж өгнө гэсэн ёсоороо нэг домог толилуулъя. Энэ бол Хавт Хасартай холбоотой домог ажгуу...
 
 
 
 
Эрт цагт Чингис хаан Тангудыг дайлахаар явж байтал замд нь нэг ууль шувуу бархирч гэнэ. Чингис хаан түүнийг сонсоод,
- Муу ёрын шувуу бархирч байна. Хурдан харваж ал гэж тушаав. Чингис хааны дүү Хавт Хасар нумаа сааж байгаад харвасанд сум нь уулийг харвасангүй цаана нь байсан шаазгай шувууг харваж алав. Тэр үед, Чингис хааны хажууд Хавт Хасарт тун дургүй, санаа муутай түшмэл байжээ. Тэр өнөөх завшааныг ашиглаж Хавт Хасарыг хорлоё гэж бодоод, Чингис хаанд,
 
- Хаантаан, энэ Хавт Хасар сахилга батыг эвдэж, архи дарс ууж, ...эхнэр эмс эргүүлж, элдэв муу ажлыг хийгээд таны үгийг сонсохоо байжээ. Та уг нь уулийг ал гэж байхад шаазгайг алчихлаа гэж ховолж гэнэ. Чингис хаан энэ үгийг сонсоод уур нь хүрч,
 
- Тэр тийм бүтэхгүй юм бол хурдан барьж, дөрвөн мөчийг нь хүлээд, худгийн ёроолд хая гэж зарлигдав. Муу санаат түшмэлийн бах тав нь ханаж, Хавт Хасарыг барьж хүлээд худгийн ёроолд хаяж оруулав. Чингис хаан цааш явж, Тангудын нутагт ирэхэд дайн хийхийн аргагүй улаан шороо нүдэж байв. Аргагүйдэж мэргэн хүнээр төлөг буулгуулж асуухад,
 
- Ноднин жил манай энд нэгэн хараалч хар Тангуд ирсэн юм. Тэр эхнэртэйгээ нийлж хараал тавьснаас хойш улаан шороо нүдээд зогсохоо болив гэж хэлэв. Чингис хаан түүнийг сонсоод хараалч Тангудыг, эхнэртэй нь хамт ал гэж тушаав. Цэргүүд нь хэчнээн харвасан боловч хоёр хараалч дийлдсэнгүй гэнэ. Эцэст нь дахин нэг мэргэнээс асуухад, мэргэн хүн,
 
- Таны цэргүүд энэ хоёр шулмыг дийлэхгүй юм байна. Харин нэг л хүн дийлнэ. Тэр хүн одоо муу хүнд хорлогдон, далан харын нэг худаг дотор хүлээтэй хэвтэж байна гэж хэлжээ. Чингис хаан муу хүний мэхэнд орсноо мэдэж, муу түшмэлийг алан элч томилж,
 
- Та нар хурдан буцаж, Хавт Хасарыг гаргаж, зуун хар хонь хийн биеийг нь тэнхрүүлээд Хэрээ шорогт суугаа хараалч эр, эм хоёрыг дар гэж явуулав. Хавт Хасар гарч ирээд, зуун хонины шөлөөр биеэ тэнхрүүлж, хүч чадалтай болоод, нум сумаа гаргаж, Хэрээ шорог уруу нар гарахад онилж, нар жаргахад харваж тавьсан гэнэ. Сум нь явсаар шулам эмийг онож гаталсанд өнөө шулам Улаан мөрөн рүү унаж үхэв. Шуламын цуснаас болж Улаан мөрний ус одоо болтол улаан байдаг нь тийм учиртай гэнэ. 
 
Тэр сум эм шулмыг нэвт гаталж, хараалч хар Тангудын хөлийг нь хугалж шархдуулжээ. Шархадсан хараалч Тангуд унахдаа хажуудаа байсан том *хамхагаас шүүрч босох гэтэл өнөө хамхаг нь үндсээрээ булга татагдан унаж гэнэ. Уурласан Тангуд,
 
- Ургахаараа урга, үндсээрээ эргэ гэж хараажээ. Түүнээс хойш хамхаг үндэсгүй болсон гэнэ. Тангудын хажуугаар нэг луус явж өнгөрөхөд түүний ноосноос татаад босох гэтэл луус үргээд цааш зугтаажээ. Тангуд мөн уурлаж,
 
- Төрөхөөрөө төр, төрсөн нь төрөлгүй бол гэж хараав. Тийм учраас луус одоо болтол үргүй байдаг нь тийм учиртай гэнэ. Тангуд улам уурлаж “Энэ муу Хавт Хасар яагаад ийм сүрхий харвадаг юм” гэж төлгөө татаад үзсэнд, зуун хар хонины шөл ууснаас тийм их хүчтэй болсон юм байжээ. Тэгээд хараалч Тангуд,
- Муусайн хар хонинууд өсөхөөрөө өс, нэг сүрэгт зуу битгий хүр гэж хараагаад үхжээ. Тийм учраас нэг айлын хотонд хар хонь цөөхөн байдаг болсон гэнэ.
 
Ийм л сонин сайхан домог бидэнд ярьж өгсөн Дархан муумянган хошууны буурал түүхч Мөнхдэлгэрт баярлаж байна. Дархан муумянган хошуунд орон нутаг судлах музей гэж байна. Маш их чулууны бичиг бүхий хад байх юм. Энэ музейг Мөнхдэлгэр гуай өөрийн олон жилийн идэвх зүтгэлээр цуглуулсан судалж нээсэн зүйлээрээ байгуулжээ. Бүх хошууны хэмжээнд нийт 1910 хэсэг 3452 хадны зураг байдгаас энд нэлээд нь төлөөлөл болон байршжээ. Оддын байршлыг харуулсан нарийн хэмжээст хадны зургаас эхлээд манайд байх адуу мал, буга, хүн, араатан зэргийг дүрсэлсэн хадны бичиг зураг олон дэлгэгджээ.
 
Музейд арзгар араа шүдтэй том бул чулуун тээрэм маягийн зүйл байна. Уртаараа нэг метр хагас, голчоороо 80 см орчим голоороо нүхтэй эргэн тойрондоо арзгар араа бүхий юм. Энэ чулуу ямар учиртай юунд хэрэглэдэг тухай тодруулахад Мөнхдэлгэр гуай ингэж тайлбарлалаа... Энэ бол зам засаж тэгшлэхэд зориулсан индүү юм гэж байна. Музейгээр тойрч ижил хүндэтгэлтэй оршуулсан хоёр шарилын дэргэд ирснээр бидний дунд нэг сайхан яриа хөөрөө өрнөлөө. Чингис хааны гуравдугаар охин Алагбэхийн тухай өрнөсөн яриа тун ч сонин байлаа...
 
Энэ тухай судлаач буурал Мөнхдэлгэрийн ярьсныг дараа та олондоо хүргэхээр үүцэллээ. Дээдсийн түүхийг өдий хүртэл хадгалсан Дархан муумянган хошууны үүх түүхээс сонирхуулан ярьж өөрийн бүтээсэн музейгээ сонирхуулж яваа энэ настан бол өдгөө 77 насыг зооглосон ч ануухнаараа гялалзаж байгаа нэгэн. Хөххот хэд хоногийн манан түүгээр залгасан цасаа тойруулж, цэнхэр тэнгэрээ өлгийдэн үдлээ... Хүйтний эрч чангарч Хөххотыхон дулаан хувцсаа өмсөж, ойрын жилд ингэж цас ороогүй гэлцэн хоцорлоо... Хавт Хасарын нутгаар аялсан замын тэмдэглэлийн нэгээхэн хэсгийг уншигч танаа толилууллаа...
 
 
Лханаагийн Мөнхтөр