sonin.mn
Үндсэн хууль батлагдаж, мөрдөж эхэлснээс хойш 23 жил өнгөрч байна. Энэ бол Үндсэн хуулийн насжилтын хувьд тийм ч удаан хугацаа биш.
 
Гэхдээ дэлхийн улс орнуудын заримд батлагдсан Үндсэн хууль нь нийгмийн амьдралын олон талт асуудлыг зохицуулахад үнэхээр саад болоод байгаа тохиолдолд өөрчлөлт оруулдаг байхад заримд нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг дээд байгууллагууд нь Үндсэн хуулийнхаа  чадавхийг бүрэн ашиглах эрэл хайгуул хийхийн оронд зохицуулж чадахгуй байгаа асуудлаа Үндсэн хуультайгаа холбож үздэгээс Үндсэн хуулиа өөрчлөх хандлага ажиглагддаг.
 
Парламент нь зохицуулж чадахгүй байгаа нийгмийн харилцаагаа Үндсэн хуультайгаа холбон тайлбарлаж. түүнд өөрчлөлт оруулсан цөөнгүй улс орнуудад улс төрийн, бүр Үндсэн хуулийн хэмжээний хямрал болж, үймээн самуун, иргэний дайн дэгдэх шалтгаан болдгийг Африк тивийн зарим орнуудын жишээнээс харж болно.
 
Миний бие Үндсэн хуулийн 20 жилийн ойгоор “Үндсэн хуулиа дээдлэхүй” гэсэн өгүүлэл бичиж, тэр нь төвийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ном тохимлуудад хэвлэгдсэн билээ.
 
Энд чухамдаа манай Үндсэн хууль одоог хүртэл нийгмийн амьдралын олон талт харилцааг зохицуулах чадвартай байгааг дурдсаны хамт, парламент тодорхой харилцааг зохицуулж чадахгүй болохоороо Үндсэн хуулиас болж байна гэж шалталан өөрчлөх гэж хийрхэхийн оронд Үндсэн хуулийнхаа боломжийг дайчлан ашиглахыг хичээвэл улс орныхоо тогтвортой хөгжилд илүү өгөөжтэй гэснийгээ давтан өгүүлье.
 
Миний бие Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууулахдаа 1990-1992 онд Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлсэн дэс дарааллыг эргэн харж, Ерөнхийлөгчөөр ахлуулсан комиссыгУИХ- аас томилж, тэр үеийн жишиг, дарааллыг баримтлан ажиллуулах саналтай байдгаа илэрхийлье.
 
УИХ-ын дарга захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хариуцуулсан нь цаанаа Үндсэн хуулийг сайжруулах зорилготой байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй байх. Ажлын хэсэгт орсон улс төрийн намуудын төлөөллийн байр суурийг ажиглахад эхэндээ баахан эмх замбараагүй маргалдаж байснаа сүүлдээ ажил хэрэгч оролцоо нь мэдрэгдэхгүй болж байх шиг байна. Ер нь намууд анхнаасаа Үндсэн хууль судалдаг эрдэмтэн судлаачдаа идэвхтэй оролцуулах тал дээр дугуу анхаарав уу даа гэсэн бодол байгааг нуугаад яахав. 
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, төрийн эрх барих дээд байгуулагуудын бүрэн эрхийн хугацааг уртасгах зэрэг сонгогчдын зүгээс шаардахгүй байгаа хоёрдугаар зэргийн асуудлыг оруулж байгаа тухай чих дэлсэж байна. Энэ мэт өнөөдөр нийгмийн харилцааг зохицуулахад саад болохгүй байгаа  асуудлыг хөндөх нь тэртэй тэргүй хомс байгаа төсвийн зардлыг нэмэгдүүлэхээс хэтрэхгүй бөгөөд олон түмний зүгээс хүсэж шаардаагүй байгаа энэ мэтийн асуудлыг ард нийтийн хэлэлцүүлгээр шүүлгэх  нь илүү нийцтэй мэт санагдана.
 
Үүнийг эс нуршин гол сэдэв рүүгээ орж, Үндсэн хуульд олон түмэн, судлаачдын зүгээс сайжруулах шаардлагатай гэж үздэг эрэлт дагуулсан ямар асуудлууд байна вэ гэсэн асуултад хариулах гэж оролдьё.
 
1. Хамгийн түрүүнд УИХ- ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг хавсарч болохоор 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нэрлэж болох бөгөөд үүнээс үүдэн Засгийн газрын гишүүд нь УИХ-аас шийдвэр гаргахад олонх болчих гээд байгааг нэрлэж болох уу. Энэ асуудлыг хоёр замаар шийдвэрлэж болохоор байна. Нэгд: Үндсэн хуулийн анхны эх /29 дүгээр зүйлийн1/-д зааснаар “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах аливаа ажил албан тушаал хавсарч болохгүй” гэж томъёолж болно.
 
Хоёрт: Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийг “УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах аливаа ажил албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөөд Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно”гэсэн өгүүлбэр нэмж зохицуулах боломжтой.
 
2. Засгийн газраас өргөн барьсан төсвийн гухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс төсөлд тойргийн сонирхол хавчуулсан нэмэлт зардал оруулж, төсвийн алдагдалыг нэмэгдүүлэхэд хүргэж байгааг бид олон жил ажиглаж байна. 
 
Засгийн газар оруулсан төслөө хамгаалж, нэмэлт зардлыг зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа хамгаалахын оронд аялдан дагалдаж байгаа нь парламентын  засаглалтай зарим улс орнуудад Үндсэн хуулиар олгогддог Ерөнхий сайд парламентыг тарааж, дараагийн сонгуулийн товыг зарлах эрх нь дутагдаж байгаатай холбоотой байж болох.
 
Иймээс Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд “Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын дагуу УИХ-аас баталсан хуулийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхий сайд УИХ-ыг тарааж, сонгуулын товыг зарлана” гэсэн 4 дэх заалт нэмж болохоор байна. Ер нь УИХ-д Засгийн газрыг огцруулах боломж Үндсэн хуулиар олгогдсон ч гүйцэтгэх засгийн тэргүүнд УИХ-ын байр суурийг ганхуулах зохицуулалт байдаггүйгээрээ эрх мэдлиин дэнс парламент талдаа жин дардгийг дурдах нь зүйтэй болов уу.
 
3. Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Засгийн газрыг бүхэлд нь болон сайд нарыг огцруулах санал байн байн гаргаж, огцруулах, халах солихтой холбоотой хоёрдугаар зэргийн асуудалд хууль тогтоох үнэтэй цаг хугацааг алдаж байгаагийн зэрэгцээ Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэхтэй холбогдсон олон чухал асуудлууд хойш тавигдаж  байгааг засах шаардлага байгааг дээр доргүй ярьж байна.
 
Үүнийг зохицуулахын тулд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтаас “Засгийн газрын гишүүд” гэснийг хасч, 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд томилно” гэж өөрчилж, үүнтэй холбоо бүхий Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг шинэчлэн найруулах маягаар зохицуулж болно.
 
 
4. Сум багийн түвшинд хэт улстөржиж, намчирхаж байгааг олон нийт шүүмжилдгийг Үндсэн хуульд зарим нэг зохицуулалт хийх замаар шийдвэрлэх хэрэгтэй байх. Үүний тулд Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийг “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэлд тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, дүүрэг, баг, хороонд Иргэдийн нийтийн хурал, тухайн хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн” гэж өөрчлөн найруулах боломжтой.
 
Ардын хувьсгалын анхны жилүүдэд 10 гэр, 20 гэрийн зохион байгуулалттай байсныг эргэн харж, багийн түвшинд Иргэдийн нийтийн хурлын бүрэлдэхүүнд 10, 20 гэрээс төлөөлийг оруулж, сумын хурлыг багийн Иргэдийн хурлаас бүрдүүлэх, хорооны иргэдийн нийтийн хуралд хэсэг, гудамж, байрны төлөөллийг оруулж, дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг хороодын Иргэдийн нийтийн хурлын төлөөлөлтэй бүрдүүлэхээр холбогдох хуулиудаар зохицуулах боломжтой.
 
5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх хэмжээний талаар зарим шүүмжлэл гардаг ч ихэвчлэн дарга нарынх нь зүгээс аймгийн эрх мэдэлтэй болох санаархал байдаг гэдгийг ч бодолцох ёстой.
 
Магадгүй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад хот тосгоны эрх баригчдын төсвийн талаарх зарим эрх мэдлийг өргөжүүлэх, улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлгэй хот тосгоны эрх хэмжээний талаар эрх зүйн зохицуулалт оруулж өгөх замаар ч шийдвэрлэж болохоор санагдана.
 
Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд Засгийн газраас улсын болон орон нутгийн зэрэглэл тоггоож болно. Хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж өөрчилж болох юм.
 
6. Судлаачдын зүгээс парламентын засагаалтай улс орнуудын нийтлэг жишгийн дагуу Ерөнхийлөгчийг сонгох Үндсэн хуулийн зохицуулалтыг эргэж харах шаардлагатай гэж үздэгийг авч үзэж болох талтай. Үүний тулд Ерөнхийлөгчийг парламент (ихэвчлэн 2 танхимтай парламент бүхий улс орнуудад)-аас, парламент-сонгогчдын коллегиос, сонгогчдын коллегиос шууд бусаар сонгох гэх мэт олон хувилбар байдаг ч дэлхийн улс орнуудаас нэг танхимтай парламент бүхий парламентын засаглалтай, нэгдмэл улсад Ерөнхийлөгчийг сонгох аль хувилбар нь илүү тохирохыг нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах нь зохимжтой гэж үзнэ.
 
7. Шүүх эрх мэдэл Ерөнхийлөгчөөс хамааралтай гэж шүүмжлэх нь цөөнгүй. Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс оролцоод байгааг одоо хүртэл нотолж чадаагүй байгаа боловч Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчдийн дундаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал оруулснаар дээд шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар 6 жилийн хугацаагаар сонгоно” гэж зохицуулбал шүүх эрх мэдэл хэн нэгнээс хамааралтай харагдах хардалтыг багасгана гэж үзнэ.
 
8. Зарим суцлаачид Үндсэн хуулийн эдийн засаг гэсэн ухагдахууныг гаргаж тавих болосн.Үүнтэй холбоотой судалгааг санал гаргаж байгаа судлаачдаар гүйцэтгүүлэн Үндсэн хуульд зохих байрыг нь эзлүүлэх шаардлагатай байж болох юм.Тухайлбал төсвийн тэнцэл, зайлшгүй тохиолдолд байж болох төсвийн төсвийн алдагдлын дээд хэмжээ, өрийн тааз гэх мэт үзүүлэлтийг Үндсэн хуульд оруулж өгвөл эдгээр үзүүлэлтийг дур зоргоороо өөрчлөхөөс зайлсхийх боломж олгоно
 
9. Зарим судлаач, шинжээчид Үндсэн хуульд байгаа зарим нэр томъёог өөрчлөх санал дэвшүүлдэг. Үүнийг харгалзаж үзэж болох юм. Бас энэ удаадаа тэвчсэн ч хохирох зүйлгүй мэт.
 
10. Үндсэн Хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах зарим нэр томъёог зөв болгох гэх мэт саналууд гардаг. Үүнд туйлын болгоомжгой хандах учиртай. Үүгээр далимдуулан Үндсэн хуулийг сайжруулах бус дордуулах, төлөвшүүлж ядаж байгаа төрийн тогтолцоог өөрчлөх санаархал бүхий этгээдүүдэд олзлогдох, муугаар бодвол улс төрийн тоггворгүй байдал, Үндсэн  хуулийн хямрал руу татагдан орохоос болгоомжлох шаардлага зүй ёсоор тавигдана.
 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Үндсэн хуулиас эхтэй олон хуулиудьгг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдана. Иймээс эдгээр хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийг шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулахын тулд шилжилтийн хуулийг давхар гаргах хэрэгтэй болно. Үндсэн хуульд оруулж байгаа аливаа нэмэлт өөрчлөлт нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн харилцан хамаарал, тэнцвэрийг алдагдуулахгүй байх шаардлагатай гэдгийг орхигдуулж ер болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад үндэсний эрх ашиг ямагт дээгүүр тавигдах ёстой. 
 
Судлаач Ц.Товуусүрэн