sonin.mn
 \Энэ бичлэгийг Саяннямбуугийн Юндэндоржийн гэгээн дурсгалд зориулав\
 
...1987 онд энэ бүхэн эхэлсэн юм. Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуульд багшилж байлаа. 1983 онд энэ сургуульд шилжиж ирэн багшилсаар 5 жилийн нүүрийг үзэж буй үе. Намайг энэ сургуульд багшаар ирэх үед надад даалгасан 5-р ангийн сурагчид маань 10-р ангиа төгсөх дөхөж байлаа.
 
Би тийм их мундаг багш байгаагүй ч, сэтгэл зүрхэн дэх багтаамж юугаа өөрийн хэрээр шавь нартаа зориулдаг байсан болохоор багш шавь нар сэтгэлийн дотно холбоосоор холбогдсон байсан гэдгийг би мэдэрдэг. Хэдийгээр социализмын үзэл суртал хүчтэй ноёрхож байсан хэдий ч шавь нартаа зориулсан сэтгэлийн их өглөг талаар болоогүйд би одоо хэр нь баярлаж явдаг юм.
 
Хичээл эхлэхээс өмнөх хэдхэн хоромд Оросын их сурган хүмүүжүүлэгч Макаренко болон Сухомлинскийн өгүүллэгүүд, Дагестаны их яруу найрагч Р.Гамзатовын "Миний Дагестан", бас Оросын сонгодог номнуудаас өөрт таалагдсан хэсгүүдийг шавь нартаа уншиж өгнө. Ялаа ниссэн ч сонсогдохоор тийм л чимээгүй орчилд шавь нарынхаа амьсгаа даран чагнаж, төгсгөлд нь бүдэгхэн төдий санаа алдах чимээг сонсох нь миний хувьд жаргал байв.
 
Зүгээр л би өөрийн сэтгэлд оршиж буй мэдрэмжээ тэдэнтэй л хуваалцахыг хүссэн байх. Хожим нь энэ бүхэн шавь нарын минь сэтгэлд дурсамж хэвээрээ үлдсэн байгааг мэдрэхэд таатай байсан шүү. 
 
Тэр хавар би, эхнэрийг минь дарамталж, 5-р ангиас нь даасан 10-р ангийг нь түүнээс салгаж авсанд бухимдаж шаралхсандаа сургуулийнхаа удирдлагуудтай "муудалцсан" юм. Тэр л шарандаа тэр үеийн УАХШХ \Улсын Ардын Хянан Шалгах Хороо\-нд тэдний тухай "матаас" бичсэнээр миний амьдралын адал явдал үүсэв. МАХН-ын үзэл суртал, ёс суртахууны хэм хэмжээнд захирагдаагүй учраас би буруутан болж тэр сургуулиас хөөгдлөө.
 
Миний дотны бүх найз нар надаас "нүүр бууруулж", сургуулийн хаалгаар алхаж орсон мөчүүдэд намайг үзэн ядаж, шоолж тохуурхсан багш нарын харцан дор би 3 сарыг тэсч өнгөрөөсөн. Надад ангийг нь даасан хэдэн шавь нар л сэтгэлийн өмөг түшиг болж байсан юм шүү. Хаврын элсэлтийн шалгалтанд миний 28 шавь нараас 7 нь гадаадын \ОХУ, Чехословак, Унгар, Герман\ дээд сургуульд, 4 нь дотоодын дээд сургуулиудад, бусад нь технникумд тэнцэж элссэн боловч тэр жил миний ажлын үзүүлэлтээр хамгийн сүүлийн байранд оруулсан байсныг хожим нь тэр сургуульд захирлаар очиж ажиллахдаа олж үзэж байв.
 
Сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар намайг тэр сургуулиас "хөөснөөр" миний амьдралд шинэ сонголт үүслээ. Би өөр сургуульд очиж ажиллах "цөллөг"-ийн хуваарь авсан юм. Тэр сонголт нь Завхан аймгийн Сонгино сумын 8 жилийн дунд сургууль байлаа. Увс аймгийн Зүүнхангай, Завханы Сантмаргац, Түдэвтэй, Цэцэн-Уул сумуудтай хил залгаа оршдог БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуугийн унаган нутаг.
 
Хэд хэдэн "Хөдөлмөрийн баатар" төрсөн Мангина хайрхан уулаа нутгийн ардууд ихэд сүслэн дээдэлнэ. Урд даваагаа даваад л хязгаарлагддаг "Хар адууныхан", "Алаг адууныхан" овгууд өөр хоорондоо ил цагаахан өрсөлддөг болохоор Сонгиныхон бусад нутгуудаас арай өөдрөг. Нутгийн ард нь ил цагаахан, бас өөдрөг дэврүүн хүсэлтэй болохоор, тэр л амаргүй хүнд үед намайг түшиж дэмжиж байсанд нь би одоо хэр энэ нутгийханд талархаж явдаг юм.
 
Олон он жилүүдийн урсгал дунд зөндөө хүмүүсийн нэрийг мартаж орхижээ, өршөө. "Шуудангийн Баяраа", "Холбооны Бадрал", "Нэгдлийн жолооч Жамсранжав", "Хөтгөр багшийн гэр бүлийнхэн", олон сайхан хүүхдүүдтэй "Төмөр гуайнх"  гээд зөндөө хүмүүс миний амьдралд гэгээн дурсамж үлдээсэн. Их гэгээн нутаг. Одоо хэр нь би фейсбуукээс энэ нутгийн хөгжил дэвшлийн өөдрөг сайхан мэдээллүүдийг унших бүрдээ тэдэнд баярлаж талархдаг юм. 
 
Сургуулийн захирал С.Юндэндорж, хичээлийн эрхлэгч Цогт-Очир нартай уулзсан цагаасаа л би сэтгэл дэх өөрийн үнэнээ уудалж учирласан. Би чин үнэнээсээ ойлголцож, тэдний сэтгэлд хургасан элдэв хардлага, таамаглалыг арилгахыг л хүссэн юм.
 
Тэгэхгүйгээр тэр үед амжилттай ажиллах боломж үгүй байсан юм шүү дээ. Багш нарын хамт олонд ч өөрийн сэтгэл дэх "үнэн" -ээ илчилж тэдний сэтгэлд ойртохыг л хичээсэн. Энэ бүхэн талаар болоогүй ээ. Бид ойлголцож хамтдаа сайн ажиллацгааж байв. 1988 онд Улсын хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгуулагдсан "Багш нарын ур чадварын уралдаан"д сургуулиасаа шалгарлаа.
 
Аймгийн төвд очиж сургууль бүрээс шалгарсан багш нартай өрсөлдөхдөө өөрийн илт давуугаа мэдэрч байсан ч шалгаруулсан комиссын шийдвэрээр 2-р байр эзэлсэн. Энэ шалгаруулалт миний "эсрэг" байсныг ойлгохдоо сэтгэл дотроо "Би хэзээ ч хэн нэгэнтэй ойрхон байж болохгүй юм байна. Эсвэл бүр хол тасрах хэрэгтэй. Жаахан ойр байх юм бол би ялагдах магадлал өндөр" гэдгийг л  ухаарсан юм. Сум руугаа буцаж ниссэн "Ан-2" хэмээх ногоон онгоцны цонхонд духаа наан энэ тухай бодож байхдаа л дараа жилийн уралдаанд хичээлээ хэрхэн зааж "тасрах" боломжийг олж авсан. Энэ миний хувьд ололт байлаа.
 
Аймагтаа 2-р эзэлсэн нь "тийм ч муу үзүүлэлт биш юм" гэдгийг сургуульд дээрээ очоод ойлгосон хэдий ч "Ан-2" онгоцонд сэтгэлдээ мэдэрсэн мэдрэмжээ алдахыг л хүсэхгүй байв. Мал төлөлтийн үеэр сумдын сургуулиуд бараг сар хагас "амардаг" үеийг ашиглаад Юндэндорж захирал дээр орж Увс аймгийн физикийн багш Гомбожавын хичээл дээр сууж үзэх хүслээ хэллээ.
 
Захирал зөвшөөрсөн болохоор бензин зөөдөг цистерн хэмээх машинд дайгдан Увс аймгийн Улаангом хотод очиж 2-р 10 жилийн сургуулийн багш Гомбожав \Одоо МУГ Багш болсон\ багшийн хичээлд сууж, тэр үедээ алдаршаад байсан "Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга" тай нь танилцав. Би тэр багшаас "хичээл гэдэг чинь хүүхдийг дарамтлах биш, мэдэхгүй зүйлийг нь зааж өгөх боломж юм" гэдгийг л ухаарч ойлгосон юм.
 
Сургууль дээрээ буцаж ирээд энэ санаагаа багш нартай хуваалцаж заах аргын хувьд боломжууд байгааг учирлалаа. Харин намар нь Юндэндорж захирал намайг дуудаад "Чи хэдэн багш нар аваад Хөвсгөл аймаг руу явж Нямжав багшийн хичээлийг сонирхоод ирэх үү?" гэж санал болгов. Энэ нь миний хүсч байсан боломж болохоор нэгдлийн даргын "УАЗ-469" машинаар хэдэн багш нарын хамтаар Мөрөн хотыг зорилоо.
 
Хожим нь МУГ Багш болсон Нямжав багшийн хичээлээс "Хичээл гэдэг бол албадлага биш, хүүхдийн дуртай цаг мөч байж болох юм" гэдгийг л маш сайн ойлгов. Үндсэндээ энэ аялалуудаар би өөрийн гэсэн заах аргаа л бий болгож байсан юм. Тэр үеийн заах аргуудаас огт өөр заах арга миний сэтгэлд боловсрогдсон.
1989 оны хичээлийн жилийн ээлжит "Багш нарын ур чадварын уралдаан" сургууль дээр зохион байгуулагдлаа. Өөрийн гэсэн шинэ заах аргаа боловсруулсан байсан болохоор би огт санаа зовоогүй.
 
Уралдааны дүн гарахад багш нарын саналаар би 2-р байрт орж физикийн багш Б.Цэнд \одоо нас барсан\ түрүүлдэг юм. Б.Цэнд бид 2 залуухан бас найзууд байсан болохоор би барьцсангүй. Харин захирал маань дүнгийн хурал дээр багш нарт учирлаж "Галбадрахын заах арга бол цоо шинэ үзэгдэл. Энэ удаад Галбадрах аймагт түрүүлээд зогсохгүй, улсад ч түрүүлэх болно" гэж хэллээ. Захирал болоод багш багш нарын хооронд маргаан өрнөсөн боловч багш нарын санал ялсан юм.
 
Миний хувьд багш нарын саналыг хүндэтгээд, Б.Цэндэд туслахыг хичээлээ. Өөрийн боловсруулсан заах аргаа Б.Цэндийн заах физикийн хичээл дээр хэрхэн ашиглаж болох талаар бид хамтдаа ярилцаж бэлтгэв. Цэндийг аймаг руу нисэх өглөө би хичээлгүй учраас гэртээ унтаж байлаа. Гэнэт жижүүр сурагч  гэрийн хаалгыг тогшиж захирал дуудаж байгаа мэдэгдэв. Хувцсаа өмсөөд захирлын өрөөнд очиход захирал ширээнээсээ онгоцны тийз гарган надад харуулаад "Галаа чи аймаг руу нис. Би боловсролын хэлтэс рүү ярьчихсан байгаа. Би эрх мэдлээ ашиглаад чамайг энэ уралдаанд оруулахаар шийдлээ" гэдэг юм байна.
 
Гайхаж цочирдсон би "Захирлаа Цэнд нисч байгаа шүү дээ" гэсэн чинь. "Онгоц 30 минутын дараа бууна. Би Цэндэд ч хэлсэн байгаа. Та 2 ярилцаад энэ уралдаанд хамт ороод ир. Энэ бол чамд олдож байгаа боломж, чи энэ удаад заавал түрүүлэх ёстой шүү" гэж хэлсэн. "Хэрэв та надад итгэж байгаа бол би заавал түрүүлэх болноо" гэж амалсан.
 
Улиастай хотод Цэнд бид 2 буугаад шууд л Боловсролын хэлтэс дээр очлоо. Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд бидэнтэй уулзаад "Юндэндорж захирал бидэнд хандаад Галбадрахыг энэ уралдаанд албан ёсоор оролцуулж, Цэндийг албан бусаар оролцуулахыг санал болгосон" гэж тайлбарлав. Хариуд нь би "Цэнд энэ уралдаанд албан ёсоор түрүүлсэн юм аа, харин захирал маань надад санал болгосон учраас би ирлээ, тэгэхээр би албан бусаар оролцох хүсэлтэй байна" гэдгээ учирлав. Үдээс хойш зохион байгуулалтын талаар хэлэлцсэн хурал дээр би босч "Захирал минь надад санал болгосон учраас би энэ уралдаанд ирлээ.
 
Та нар зөвшөөрвөл Цэнд энэ уралдаанд албан ёсоор оролцог. Харин би хамгийн сүүлд хичээл заая. Хэрэв би түрүүлэхгүй л бол уралдааны жагсаалтаас өөрийн саналаар гарна. Хэрэв би түрүүлбэл улсад явах болно, учир нь би энэ уралдаанд оролцох гэж бус зөвхөн түрүүлэх л гэж ирсэн" гэж тайлбарлав. Уралдаанд оролцогчид энэ саналыг зөвшөөрсөн л дөө.
 
Энэ бол Юндэндорж захирлын хэлснээр "надад олдож байгаа хамгийн том боломж" гэдгийг сайн ойлгож байв. Энэ бол миний хувьд босч ирэх боломж. Хэрэв би энэ уралдаанд түрүүлж чадахгүй л бол "эсэргүү" хэвээрээ үлдэж, дахин өндийж босч ирэх боломж улам хязгаарлагдана гэдгийг тогтолцооны систем дээр маш сайн ойлгож байлаа.
 
Уралдааны сүүлийн өдөр миний хичээл дээр аймгийн төвийн бараг бүх багш нар ирж суусан. Яагаад ч юм бэ? "Сонгины Галбадрах энэ уралдаанд түрүүлнэ гэж ам гарсан гэнэ" гэдэг яриа тархаж, хүн болгон сонирхож байсан. Би огтхон ч тэвдээгүй, тайван байлаа. Учир нь энэ бол өмнөх жилийн уралдааны дараа Сонгино сум руу "Ан-2" онгоцоор буцаж нисэхдээ сэтгэлдээ боловсруулж Увсын Улаангом, Хөвсгөлийн Мөрөн хотууд руу зорьж очин итгэлээ баталгаажуулсан заах арга минь байсан юм.
 
Хичээл гэдгийг дарамт бус "чөлөөтэй сонголт" гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж, 45 минутыг зөв ашиглавал маш олон мэдээллүүдийг багцлан авч задлан ойлгож болно гэдгийг хүүхдүүдэд мэдрүүлсэн заах арга байлаа. Бас багш бол хичээлийг заагч биш, хүүхдүүд мэдлэг олгоход туслан чиглүүлэгч байж болох юм гэдэг санааг ч энэ заах аргадаа тусгасан.
 
Намайг хичээлээ зааж дуусахад бүх багш нар босч алга ташин талархал илэрхийлсэн төдийгүй, энэ заах аргаараа тухайн үеийн шалгаруулалтын хамгийн өндөр оноог авсан юм. Тэр үед би нэг л хүнд, Юндэндорж захиралд л сэтгэлдээ талархаж байлаа. Тэр хүн намайг системийн балчигт шигдэж байхад энэ дэмжлэгээрээ намайг тэр балчгаас суга татан гаргасан хүн. Тэр хүн надад итгэсэндээ, бас намайг хайрласандаа энэ алхмыг хийсэн хүн.
 
Тэр жил би улсад шалгарч заах аргын уралдаанд 2-р байр эзэлсэн. "Арга зүйч багш" тэмдэг гараад удаагүй байхад тэр тэмдгийг улсын уралдаанд амжилттай оролцсоныхоо төлөө энгэртээ зүүж байсан болохоор энэ шагнал миний амьдралын үнэ цэнийг надад сануулдаг юм. Зөвхөн заах аргаараа ч биш, сургуульдаа бас Сонгино сумын хэмжээнд олон сайхан зүйлсийг санаачилж хийж байсныхаа төлөө "1989 оны аймгийн аварга сэхээтэн" гэдэг улаан тууз зүүж ч байв.  
 
Юндэндорж захирал, тэр нэгэн өдөр өрөөнд нь орж суугаад сэтгэлийн тэртээд хургасан гомдол, зовлон жаргалаа чин үнэнээр нь уудалж байхад, надад итгэж намайг ойлгож дэмжин өөрийн чадах зүйлээ бүгдийг хийсэн ачтай хүн, миний хувьд. Сайн муу бүхнийг л туулж байдаг удирдагч хүнийхээ хувьд тэр өөрийн гэсэн мэдрэмжтэй, ухааралтай, юуг хийх ёстойгоо сайн мэддэг, түүнийхээ төлөө тууштай байж чаддаг тийм л хүн.
 
Зөвхөн надад ингэж хандаж , дэмжиж тусалж байсан болохоор надаас өөр хичнээн хүнд ч ингэж тус дэм болж явсныг би мэдэхгүй. Гэхдээ л тэр хүнд өнөө хэр ч талархаж явдаг юм. Би өөрөөр яаж явах байснаа төсөөлдөггүй л дээ. Гэхдээ сайн хүмүүс, аргаа олохгүй тэвдэж яваа олон хүмүүст сэтгэл гаргаж, боломжоороо тус дэм болж, амьдралыг нь сайнаар өөрчлөхөд тусалж байдгийг би мэднэ. Харин тэд өөрсдөө тэгж бодож дурсдаг эсэхийг би мэдэхгүй. Магадгүй тэд энэ тухай санахгүй ч байж болно. Саналаа гээд ач бодохгүй л болов уу? 
 
С.Юндэндорж захирлын удирдаж байсан "Улсын тэргүүний" Сонгино сумын 8 жилийн дунд сургуульд би 4 жил ажилласан. Амьдралын уналтын хэмээс өрсөж босох чадал энэ л сургуульд надад бий болсон. 4 жилийн дараа би Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуульд захирлаар очиж 8 жил ажилласан. Миний сэтгэлдээ алдуурч байсан итгэлийг Юндэндорж захирал надад эргүүлж тогтоож өгсөн болохоор би алдуурсан итгэлээ өөрийн сэтгэлдээ зангидаж чадсан байх.
 
Амьдралд итгэлээ алдан уруудаж яваа нэгэнд сэтгэлийн дэм өгч, алдагдсан итгэлийг нь гарт нь буцааж атгуулах олон боломжийг тэрээр надад өгсөн байх. Хичнээн амаргүй байлаа ч уртаар амьсгаа авч, эргэн тойрноо огт өөр нүдээр харж тэнгэрт дүүлж буй шувуудыг харан тайтгарах уужралыг тэрээр надад сургасан байх. Хүн өөрөө ч анзаарахгүй хэрнээ, хэн нэгэнд өгсөн тус дэм амьдралд ямархан үнэ цэнэ болдог гээч.
 
Америкт ирсэн хойноо Сонгино сумын ойгоор Юндэндорж захиралд би өөрийн сэтгэлээ шингээн байж гарын бэлгээ илгээсэн, баярлуулж чадсан эсэхийг би мэдэхгүй. Ажил амьдралын буулганд зүтгэж яваад Юндэндорж захирлыг бурханы оронд одсоныг охиноос нь дуулав. Тэр өдөржингөө сэтгэл харанхуйлаад, "ямар сайхан хүмүүсийг бурхан бидэнд илгээж, бас буцаагаад авч одсон"-ыг эргэцүүлэв. Амьдад нь халуун дулаан талархал хэлж амжсангүй дээ. 
 
Айраг хэмээх нуурын бараа алсрах тэртээд нэгэн их дэвсгийн хонхор дунд Сонгино сум оршдог юм. Хаанаас нь ч харсан асгасан шагай шиг сумын төвд миний амьдралын 4 жил өнгөрсөн. Зөндөө олон сайхан хүмүүстэй нөхөрлөж, зөндөө олон сайхан залуусаар "багшаа" гэж дуудуулах хувь тавиланг энэ л нутаг надад заяасан юм. Сэтгэлдээ гуниг тээж очоод итгэл өвөрлөн өндийж ирэх боломжийг энэ нутаг надад өгсөн.
 
Сургуулийн лагерьт Юндэндорж багшийнх, Цогт-Очир багшийнх, Хөтгөр багшийнх, Чулуунбаатар багшийнх, миний дотны анд асан Цэндийнх гээд бидний гэр бүлээрээ зорьж очдог айлууд зөндөө. Айл болгон амжиргааны хэдэн малтай болохоор амьдрал ахуй нь дутмаг биш. Тэр нутгаас олон сайхан залуус төв суурин газрыг "бараадсан " ч төрж өссөн нутаг усаа марталгүй эргэж тойрж анхаарч байдаг. Миний сэтгэлийн тэртээд энэ нутаг оршиж л буй.
 
Нэгэн цагт зорьж очин саатах биз. Тэр үедээ амьд сэрүүн байгаа, гэгээн алсад одсон олон хүмүүст талархал илэрхийлэн дурсах болноо. Алс холын тивээс амьдад тань хэлж амжаагүй талархалаа дурсамж болгон тэрлэв, Юндэндорж багш аа. Таны амьдралын тасаршгүй хэлхээс үр хүүхдүүд тань байгаа болохоор таны тухай гэгээн дурсамжаа тэдэнд сануулан бичив. Та минь бурханы оронд амгалан нойрс доо. Та олон хүмүүсийн сэтгэлд оршиж байгаа шүү. Сайхан сэтгэлийн сайн үйлс хэзээ ч балардаггүй юм даа.
                                           
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах