sonin.mn

Аяллын дараагийн өртөө Нью Йорк хот байлаа. 1884 онд Францаас бэлэглэсэн Эрх чөлөөний хөшөө, 2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа босгосон дэлхийн худалдааны төвийн тэнгэр баганадсан шинэ барилга гээд үзэж харах зүйл арвин юм.

Дэлхийн Засгийн газар буюу НҮБ-ын төв байр Нью Йоркийн төв хэсэгт оршдог аж. Онгоцны зорчигчдоос дутахааргүй аюулгүй байдлын үзлэгийг давж НҮБ-ын “цайз”-д нэвтэрлээ. Арга ч үгүй биз. Террорист халдлага америкчуудын толгойны өвчин болсон болохоор аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна.

 Төв байрны үүдэнд босгосон гол төмрийг нь мушгисан гар бууны хөшөө бид аливаа асуудлыг хүчээр бус энхийн замаар шийдвэрлэдэг гэвэн үзэл санааг илэрхийлэх бөлгөө.

Гол хаалгаар нэвтрэхэд мөн л биеийн байцаалт шалгаж, түр нэвтрэх үнэмлэх олголоо. Одоо л НҮБ-д нэвтрэх бүрэн эрхтэй болж байгаа бололтой. Нэг давхрын урт хонгилд Дэлхийн Засгийн газрын тэргүүний албыг хашсан эрхмүүдийн хөргийг хүндэтгэлтэй залжээ. НҮБ-ын байранд хаана ч явсан энх тайван, дэлхийн улс түмнүүдийн найрамдал нөхөрлелийг билгэдсэн зурагт самбарууд нүд баясгах юм.

НҮБ-ын нэрийн хуудас болсон бүтцийн байгууллагуудын нэг болох Энхийг сахиулах ажиллагааны газарт хөл тавилаа. Дэлхийн хэмжээнд явагдаж буй 16 энхийг сахиулах ажиллагаа, 118 мянга орчим цэнхэр дуулгатнуудаа удирдамж чиглэлээр хангадаг “Жанжин штаб” гэж хэлж болохоор газар юм. 100 гаруй мэргэжилтнүүдтэй энэ газарт анхны монгол офицер алба хашиж байгааг хараад бахархах сэтгэл төрж байлаа.

Дэд хурандаа Г.Болор албаны авсаархан өрөөнд төвхнөжээ. “Анхны юм болгон сайхан ч цаанаа үүрэг хариуцлага өндөртэй. Өөрийгөө дайчилж хичээж л байна. Монгол цэрэг өөрөө НҮБ-д нэр хүндтэй байгаагийн ач буянаар энэ өндөр босгыг алхсан, дөрвөн сарыг ардаа орхиод байна. Эхлээд надад Конгын ажиллагааг өгсөн. Даргадаа санал тавьж зөвлөлдөөд монголын цэргийн баг байгаа Өмнөд Суданы ажиллагааг хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Үүгээр БХЯ, ЗХЖШ-аас өгсөн үүрэг даалгаврын эхний хэсгийг биелүүллээ гэж бодож байна” гэж ярилаа.

Тэрээр их ажлынхаа хажуугаар олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллагад хүчин зүтгэдэг ажээ. НҮБ-д ажилладаг цөөхөн хурандаа, дэд хурандаа цолтой эмэгтэй алба хаагчдын нэг болж байгаа учраас дуу хоолойгоо өргөх зорилгоор Дэлхийн энхийг сахиулагч-эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгуулжээ. Тэргүүнээр нь энд 3 жил ажилласан Этиопын хурандааг сонгосон гэсэн. Тус байгууллага НҮБ„-ын төв сайт дээр “Эмэггэй цэргийн алба хаагч” гэсэн шинэ хуудас нээсэн, жил бүр шилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулж НҮБ-ын төв байранд урьж шагналыг нь гардуулахаар төлөвлөсөн гээд хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлууд цөөнгүй ажээ.

Г. Болор гэж монгол бүсгүй НҮБ-д ажиллах эх орон нэгтнүүдийнхээ мөр замыг итгэл төгс татаж явна. АНУ-д Холбооны офицерын болон англи хэлний багшийн дамжаа, Агаарын цэргийн коллеж дүүргэж, Энхийг сахиулах ажиллагааны хүчний штабт нэгжийн даргаар ажиллаж туршлагажсан түүнд эхэндээ мэдэхгүй чадахгүй зүйл тулгарч амаргүй байсан гэж ярьж байгааг сонсоод дараа дараагийн хүмүүс өөрийгөө сайн бэлтгэх, ялангуяа албан бичиг боловсруулах чадварт илүүтэй суралцах хэрэггэй юм билээ гэснийг сонордуулахад илүүдэхгүй биз ээ.

НҮБ-ын алба хаагчдын зоогийн газарт үдийн зоог барив. Ёстой л олон үндэсний байгууллага гэдгийг түмэн хэлийн чуулган болсон өдрийн хоолны үеэр мэдэрсэн. Гадны хүнд үзэж хараагүй бүхэн сонин харагддаг даа. Хоолоо өөрийн идэх хэмжээнд тааруулж аваад жингээр нь төлбөрөө хийж байх юм. Ахиухан иддэгт нь багадуулж, бага иддэгт нь ихдүүлдэг бидний тэгшитгэсэн хуваарилалт ч үеэ өнгөрөөж дээ. Бас хоолны хэрэгсэл бүгд нэг удаагийн хэрэглээнд шилжсэн байна. Аяга, таваг угааж цэвэрлэх хөлс хүчийг хэмнэж, дээр нь хүний гар дамжин он удаан жил хэрэглэгддэг замыг халсныг манайд нэвтрүүлж болохоор санагдсан.

Эрх чөлөөний хөшөөг хараагүй бол Нью Йоркт очсон гэж яриад хэрэггүй биз. Мэнхэтэн дүүргээс Эрх чөлөөний хөшөө оршдог арал руу усан онгоц 30 минут тутамд аялах юм. Хөшөө өөрөө 46,5 м өндөр, суурь өндөрлөгөө. нь ороод 93 м болдог гэж тайлбарлагч хэлнэ лээ. Эрх чөлөөний хатагтайн титэм руу шатаар 354 алхаад гарч болно. Тэндээс Нью Йорк хотын эргэн тойрон сайхан харагддаг гэсэн.

Нью Йоркт очсон хүн бүрийн нүд хужирлах дуртай газрын нэг нь Брүклин гүүр. 1869-1883 онд бүтээсэн 1,8 км урттай гүүрийг бүтээн босгох нүсэр ажлын явцад 600 ажилчин амиа алджээ. Гүүр ашиглалтад орсон ч Нью Йоркчууд гүүрээр гарахаас айгаад байж. Гүүр найдвартай гэдгийг батлахын тулд ойр орчмын циркийн амьтад, тэр дунд 21 заан авчирч шинэ гүүрэн дээгүүр марш хийлгэж байсан удаатай.

Хамгийн сүүлийн сонинг хурандаа И.Батболд бидэнд сонирхуулсан. Хэдхэн Жилийн өмнө гүүрний 80 гаруй м өндөр цамхаг дээр мандаж байсан АНУ-ын далбаа нэг өглөө цагаан далбаагаар солигджээ. Хэн авирч гараад сольчихдог байна гэж хүн бүр гайхаж. Гэтэл хэд хоногийн дараа Германы хэдэн залуу нөгөө тугаар биеэ ороож авхуулсан зургаа фэйсбукт тавьсанаар хулгай баригдсан байна. Тэр явдлаас хойш гүүрний хоёр цамхагийн дэргэд байнгын харуул хамгаалалт гардаг болжээ.

“Times Square” гэж Нью Йоркчууд шинэ оноо угтдаг шоу цэнгээний алдартай гудамжинд очлоо. Энд бараг шөнө болдоггүй бололтой. Дуу бүжиг, үзвэр үйлчилгээ, худалдаа наймаа жинхэнэ оргилж байна. Гудамжны эхэнд орших өндөр харшийн оройд нэгэн бөмбөг гэрэлтэж харагдана. 12 дугаар сарын 31-ний шөнийн 24 цагт тэр бөмбөгийг унагаж шинэ оноо угтдаг ёслол энд уламжлал болжээ. Өглөөнөөс эхлэн хүмүүс энд цугларч шөнө дунд болоход хөл тавих зайгүй болдог гэсэн.

Америкийн энэ алдартай гудамжинд 150 дугаар ангийн анхны цэргүүдийн нэг Жүрмэдийн Баттулгатай хэдэн хором ярилцлаа. Далайн чанадад хөл тавиад 7 жил болсон тэрээр цэргийн алба, онжавуудаа дурсан санаж явдаг ажээ. “Элитийн батальон" нэртэй дуу зохиож Ирак руу мордохын өмнө бэлтгэл дээр анх дуулсан.

Одоо дууны нэр өөрчлөгдөж “Энхийн цэргүүд” болж, Элитийн батальон алхаж явна гэдгийг энхийн цэргүүд болгож үгийг нь өөрчилсөн байна лээ гэж өгүүлсэн. Ж.Баттулга хамт алба хааж байсан найзуудтайгаа байнгын холбоотой явдаг. Цэргийн баяр болгоноор ангийнхаа анхны захирагч бэлтгэл хурандаа Цэрэнчимэд руу ярьж баярын мэнд хүргэнэ. Гардан тулаан, ер нь л сургалттай холбоотой шинэлэг баримт материал олдвол мэргэжлээрээ ажиллаж байгаа найзууддаа дамжуулдаг байна.

Нью Йоркт дайнд оролцсон ахмад дайчдын холбоо байдаг. Дайны хөлд нэрвэгдсэн хүмүүс, дайнд тахир дутуу болсон дайчдын амьдралд туслах зорилготой ТББ ажээ. Тус байгууллагад Ж.Баттулга элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, хандив өргөдөг гэсэн. Америк нөхөд нь түүнийг “Монголын Зэвсэгт хүчний ахмад дайчин” гэж хүндэтгэлтэй ханддаг. Жил бүр тус байгууллагаас зохион байгуулдаг ахмад дайчдын ёслолын жагсаалд оролцохдоо Монгол Улсынхаа Төрийн далбааны өнгөтэй туузан дээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний Мэргэжлийн тусгай батальон” гэж англиар бичүүлээд цэцэг өргөдөг гэсэн.

Тэрээр “албаныхаа өрөөний хананд одон медалиа зүүсэн ёслол албаны хувцсаа Шилдэг энхийг сахиулагч шагналтайгаа байрлуулчихсан. Ажлаас орж ирэхэд хамгийн түрүүн хувцас маань нүдэнд тусдаг. Мөн ханандаа Төрийн дуулал, цэргийн тангарагаа хадчихсан” гэж ярьж байлаа. Цэргээс халагдсан ч гэсэн үсний засалт, өмссөн хувцас нь “десант” түүнээс Зэвсэгт хүчнээ гэсэн итгэл, сэтгэлийн илч мэдрэгдэж байсан юм.

Нью Йоркчууд “кодоор ярьдаг” гэж нэг зочин мэдэмхийрсэн тухай хурандаа И.Батболд сонирхуулсан. Уртаасаа 120 гудамжтай. Нэгтал нь тэгш, нөгөө нь сондгой дугаартай. 44-өөс гараад 33-аар уруудлаа гэж мэдээлэл дамжуулна. Хаана яваагаа гудамжны дугаараар хэлж байгаа аж. Тэр олон гудамжийг өөрөөр нэрлэх аргагүй бололтой.

Мэнхэтэн дүүрэг гэж тэнгэр тулсан барилгууд, нарийнхан давчуу гудамж, хүн машин багширсан газар байна. Тал нутгаас ирсэн бидэнд заримдаа амьсгалах агаар ч дутагдах шиг. Тус хотод бүрэн эрхтэй эзэд нь шар таксинууд байна. Хойгуур урдуур сүлбэх шахам давхилдах юм. Цагдаа нар ч тэднийг нэг их тоохгүй шинжтэй. Манай нэг нэртэй зохиолч “Нью Йоркийн шар чөтгөрүүд” гэж нэрлэсэн нь оносон зохисон нэр шиг санагдсан.

Хурандаа Г.Нямдорж

Эх сурвалж: “Соёмбо” сонин