sonin.mn

Их эрдэмтэн, зохиолч-сэтгүүлч, соён гэгээрүүлэгч  Л .Түдэв гуай  “Дал” сониныхоо энэ оны /2015 он/ есдүгээр сарын дугаарын /369/3/ тэргүүн нүүрэнд “Ямаа замчилмой!” гэсэн том өгүүлэл нийтэлжээ. Хүн болгон уншиж мэдмээр сонин өгүүлэл. Улс нийгмийн байдал, өнөөгийн улс төрчдийн үйл ажиллагаанаас үнэлэн дүгнэж эрдэмтэн доктор өөрийн бодол санаагаа ил тод илэрхийлэн өгүүлжээ.

...Толгой нь эргэтэл олон удаа солигдсон Монголын засгийн газар одоо хаагуур хаашаа явахаа бараг төсөөлөхгүй болчихоод “гарц” хайсаар байна. “Гарц” гэж цэцэрхэгчид бий ч тэд “үгэн гарц” дэвшүүлэгчид юм. Үгээр биш, үйл ажлаар л гарц гаргах ёстой биз дээ. Биднийг газарчлах таван буянтны нэг нь яах аргагүй “ямаа” юм. Сүүлчийн Засгийн газар дотооддоо хийжчадах юмыг гадаадаас авахгүй /импортлохгүй/. Гадаадад хийж чаддаггүй юмыг дотооддоо хийж экспортолъё гэсэн маш үнэтэй зөв бодлыг цухалзуулж байгаа нь сайн хэрэг. Тэр гадаадад хийж чаддаггүй юмыг “өөрөө хийчихдэг” гадаадынхныг царайчлахгүй юмыг дотооддоо хийчихдэг таван сайхан амьтантай шүү дээ Монгол Улс" гэж Л Түдэв өгүүлэлдээ онцлон тэмдэглэжээ. Тэр таван амьтны нэг нь ямаа аж.

-Ямаа бол хүний хийж чаддаггүй таван зүйл үнэт бүтээгдэхүүн өгдөг буянтан гэдгийг зохиогч онцолжээ. Ямааны сүү, мах, ноолуур, арьс, гэдэс дотор, яс үсийгч ашиглан хэрэглэж болдгийг баримт нотолгоотойгоор уг өгүүлэлд сийрүүлэн дурджээ. Ялангуяа ямааны ноолуур дэлхийн зах зээлд маш чухал хэрэгцээтэй ажээ. Ямааны мах ч дулаан бүсийн орнуудад ч мөн чухал болой.

Манай улс ямаагаар дэлхийд XII байр, ноолуурын ямаагаар дэлхийн хэрэгцээний 70 хувийг Монгол, Хятад хоёр улс хангадаг бөгөөд түүний 22 хувийг Монгол Улс эзэлдгийг тус өгүүлэлд дурджээ. Манай улс 3300 тонн ноолуур бэлтгэж шинэ зуунтай /2001 он/ золгосон ба Монгол ноолуур нь урт, нарийхан, зөөлөн сайн чанартай тул кашемир ангилд багтдаг гэнэ.

Энд нэг сонин баримт өгүүлжээ.Дэлхийн хэрэглээний ноолуурын 40 хувийг манайх өгдөг байлаа. Дэлхийн хэмжээнд 600 сая гаруй ямаа байгаа боловч тэдгээрийн гуравны хоёр нь сүүний чиглэлийнх юм.Тэгэхээр ноолуур өгдөг ямаа цөөхөн учир дэлхийн хэмжээнд 17 мянган тонн ноолуур бэлтгэдэг. 9000 тонныг Хятад улс, 7000 тонныг Монгол Улс бэлтгэдэг байж. Иймээс ноолуураар дэлхийд өрсөлдөгч улс бол Хятад Монгол хоёр улс юм.

Манай улс нь Япон улсын тусламжтайгаар 1981 онд ноолуур үйлдвэрлэх “Говь” комбинатыг байгуулснаар жилд ямааны ноолуур 1000 тонн, тэмээний ноос 200 тонныг боловсруулж, 900 мянгаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж 80 хувийг гадаадад гаргаж байсан нь өрсөлдөгч Хятад улсын анхаарлыг их татаж, тийм хэмжээний үйлдвэрийг Ордос мужид байгуулан ямааг олноор өсгөх болжээ.

Түүнчлэн дамын наймаачдаа / ченжүүд/ их мөнгөтэйгөөр Монголд явуулж хөдөөгийн малчдаас ноолуур хамж авдаг болсноор Монголын ямааны ноолуур Хятад руу урсах болов. Өрсөлдөөнд нөгөөх Ордос дахь ноолуурын үйлдвэр суга өсч .3600 тонн ноолуур боловсруулдаг болж найман сая ширхэг сүлжмэл үйлдвэрлэдэг болжээ .

Хятадууд Монголоос авах ноолуурын үнэ ханшийг эрс бууруулж, анхны боловсруулалт хийгээгүй ноолуурыг хилээрээ оруулахыг хоригложээ. Харин монголчууд дэлхийд арван томын тоонд ордог монголын үйлдвэр “Говь” комбинатаа өрсөлдөх чадвартай болгохын оронд хоорондоо суудал, эрх тушаалын өрсөлдөөн өрнүүлж 23 жилд 15 Засгийн газар сольсноор “тогтвортой хөгжил” гэгч нь биш “тогтворгүй засаглал” бүхий хямралын шуурга дэгдээж байхад хятадууд ямааны ноолуурын үйлдвэрээр дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсныг Л.Түдэв өгүүлэлдээ бичжээ.

Ийнхүү зах зээлийн өрсөлдөөний сэтгэл- гээгүй монгол түшмэдүүд дэлхий даяар нэрд гарч даяаршихгүй дангаар нийлж болох байнга нөхөн төлждөг /ямаа өсдөг тул/ ноолууран бттээгдэхүунээрээ олон улсад тэргүүлэх бэлэн боломжоо алдаж, улсаа ч, малчдаа ч хохироогоод 20 гаруй жилийг өнгөрөөлөө гэж бичсэнийг бас дурдах ёстой. Монгол ямааны ноолуур дэлхийд чанарын талаар дээгүүр ордог учир ийм ноолуурын хэрэгцээ багагүй болохоор түүгээрээ дэлхийн зах зээлд эдүгээ тэргүүн байр эзлэхэд нэг их хүндрэл манай улсад үгүй аж.

Дэлхийн зах зээлд ямааны нэг кг цэвэр ноолуур 150-160 америк доллараар зарагддаг болой. Тэгэхээр манай улс дангааршин баяжих гарцтай юм. Гэтэл ямааны ноолуурынхаа 70 гаруй хувийг боловсруулалгүйгээр гадаадад гаргадаг гэнэ. Бүх ноолуурынхаа арваад хувийг дотооддоо зохих хэмжээнд боловсруулдаг байна. Жил бүр малчдаас авдаг ноолуурынхаа тал хувийг дотооддоо боловсруулж чадвал 400- 500 сая долларын ашиг гар дээр буугаад ирэх боломжтой гэж эрдэмтэн Л.Түдэв бичсэн байна.

Ямаа бол ноолуур төдийгүй дээр дурдсан олон төрлийн ашиг өгөөжтэй мал. Тэр бүхнийг зах зээлд зохих ёсрор борлуулах юм бол өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гаргах боломж ихээ.

Эдүгээ манай бүх мал сүргийн 40 гаруй хувийг ямаа эзлэх болж хонин сүргээсээ тоогоороо олон болов. Тэгэхээр ямааныхаа ашиг өгөх бүтээгдэхүүнээр нэн даруй зохих хэмжээний олон шинэ үйлдвэр барьж байгуулан дэлхийн худалдааны зах зээлд борлуулж өрсөлдөх нь нэн чухал болоод байгааг эрдэмтэн мэргэд, энгийн хүмүүс ч хүсч яриад байгаа ажгуу.

Ямаан сүрэг ийнхүү олширч үүлдэр угсаа нь сайжирч буй нөхцөлд эдийн засгийн харанхуй замд ямаа.түүний өгөөж нь нэг сайн гарц болох боломжтой тул “Ямаа замчилна” гэж бичлээ хэмээн их эрдэмтэн зохиолч- сэтгүүлч, соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуай маш хэрэгтэй санал-санаачилга гаргасан шинэ өгүүлэлдээ гарчиг өгчээ.

Ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун

Эх сурвалж: Монголын үнэн сонин