sonin.mn
БЭЭЖИН. /Scmp/. “Азийн байгалийн болон органик бүтээгдэхүүний үзэсгэлэн” /Natural & Organic Products Asia expo/ өнгөрсөн долоо хоногт Хонконгт гарлаа.
Жил тутмын уг үзэсгэлэн өнгөрсөн жилийнхээс илүү өргөн дэлгэр болсон байна. Хонконгийн Конвенц болон үзэсгэлэнгийн төвийн арга хэмжээний танхимд болсон уг арга хэмжээнд 25 орны 250 гаруй байгууллага, хувь хүн оролцож, хэдэн мянга гаруй бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулжээ. Үүнээс дурдвал:
 
Арьс арчилгааны монгол бүтээгдэхүүн
 
Монголын талаар бодохоор үзэсгэлэнт байгаль, өргөн уудам тал нутаг санаанд орно. Д.Хулан гэдэг эмэгтэй эх орныхоо байгалийн баялгаас арьс арчилгааны органик бүтээгдэхүүн /Lhamour/ гарган авсан байна.
 
Урьд нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж байсан Д.Хулан 2014 онд компаниа байгуулжээ. Тэрбээр тус үзэсгэлэнд оролцож, анх удаа гадаадын зах зээлд хөл тавьсан нь энэ юм. Тэрбээр чацаргана, сарлагийн сүү, тусгай чулуун давс зэрэг орц найрлагатай саван, ванны хөөс, лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ.
 
Түүний ашигласан өөр нэг гайхалтай түүхий эд бол хонины сүүлний өөхөн тос юм. Үүнийг монголчууд үрэвсэл намдаах эмчилгээний зориулалтаар ашиглахын хажуугаар хүнсэндээ хэрэглэдэг байна. Уг тос нь арьсанд тэжээл өгч, чийгшүүлдэг гэж тэрбээр хэлэв. Үүнээс гадна Монголын харшлын эмнэлгүүд өөхөн тосноос гаргаж авсан саванг экзем болон хайрст үлд зэрэг өвчтэй хүмүүст хэрэглэж эхэлжээ.
 
Д.Нямтулга
 
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг