sonin.mn
Нийтлэлийн өмнөх хэсгийг эндээс уншина уу !
 
Ний нуугүй хэлэхэд бараг сарын өмнө А.Баатархуяг “Хэрэв Уянга байр сууриа өөрчлөөд парламентын нөгөө талд гарчихвал яах вэ ?” гэж асууж байсан. Би мань эр л ойр байснаараа Ерөнхийлөгч, эсвэл С.Баяр нартай нэг ярьж гэж “хардаж” байсан. Гэвч асуудал нь зарчмын бөгөөд яалт ч үгүй Ерөнхийлөгч ба Г.Уянга нар “Өршөөлийн хууль” дээр нэг тал болчихож байгаа юм. “Парламентын нөгөө тал” гэдэг ойлгомжгүй томъёолол, гэтэл “Өршөөлийн хуулиар авилгачдыг өршөөхийг” гуравхан гишүүн эсэргүүцсэн нь батлагдсаныг харвал бодитой л байж. Харин энэ нэг талын тухайд С.Баярын шалгагдаж байгаа энэ хуулиар хаагдах байсан хэрэг хаагдахаа больсон гэсэн үг. Дараа нь А.Баатархуягаас хэрэг болгож энэ тухай нь асуухад “Би нэг муу зөнтэй юм шиг байгаа юм, түүнээс хаалттай хуралдааны асуудлыг хэн ч ил гаргахгүйшт” гээд мушийж байна билээ.
 
Тиймээс би олон удаа Г.Уянгын байр сууринаас их юм хамаарна, ямар алхам хийхээс олон зүйл шалтгаална гэж байсан маань энэ. Одоо ахиад л Г.Уянгын байр сууринаас их зүйл хамаарна. Талууд тэнцсэн энэ нөхцлөөс хэрэв Засгийн газар үргэлжлэн засаглавал Таван толгой “9, 90, Г.Батхүү” гэсэн бүлэглэлд хамаарна, Зам тээврийн яамыг л авсан нөхцөлд Засгийн газрыг тогтооно гэсэн “хориг” тавьсан УИХ дахь “Шонхор-МоАХ” бүлэглэлд энэ нь таалагдахгүй бол тоглолт ахиад задарна. Хэрэв Ч.Сайханбилэг буулт хийвэл МАН Г.Уянгын бичиг гарын үсэг зураад үр дүн мөн л адилхан болно, гэхдээ тайлбар нь “МАН хариугаа авч байна” гэх улстөржсөн тайлбар болохоос хэзээ ч Таван толгойн тээврийн гэрээнээс боллоо гэхгүй шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр ордонд гар зөрүүлэхдээ тулсныг бодвол энэ асуудал яавч эв зүйгээр шийдэгдэхгүй нь тодорхой. Харин энэ зөрөлцөөнд нь Н.Энхбаяр өртөж баларч байгааг харвал тэр бас л золио болох байх…
Баларч байгаа “Рио Тинто”-д улсаа худалдсан гэрээг гацаасан шиг Таван толгойг бас Г.Уянга гацааж байна. Гацуурт бол дууссан. Мэдээж эдгээр ордуудад улсын эрх ашиг хангагдсан нөхцөлд гэрээг үргэлжлүүлэх бол нээлттэй, Г.Уянга дахин дахин хэлж байгаа харин манай хэвлэлүүд гаргахгүй байгаа, тэр нь “Бид хөрөнгө оруулалтыг эсэргүүцээгүй, гацхүү хөрөнгө оруулалт манай улсад ашигтай байх нөхцөлд л үргэлжлэн хийгдэх ёстой”.
Би Г.Уянгатай ойр ажилладгийн хувьд үүнийг бичиж байна, мэдээж үүний цаана олон хувь хүн, бие хүн, гишүүд, Ерөнхийлөгчийн байр суурь үйлдэл бий, харин түүнийг би төлөөлөн бичиж чадахгүй, болох ч үгүй.
 
Цэвэр улстөрийг нь ялгавал…
Одоо үүнээс цэвэр улстөрийн тэмцлийн дүр зургийг тодорхойлбол “үе халах тэмцэл” гэсэн ганцхан дүгнэлтэд хүрч байна.
Өмнөх үеийн Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарын улстөрчид хүчтэй шахалтад өртөн улс төрийн тавцангаас арчигдаж байна. Ц.Элбэгдорж ч нэг жилийн дараа хүрсэн өндөрлөгөөсөө “… дугаар хороон иргэн” болно. Оронд нь М.Энхболд, З.Энхболд, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар түрэн гарч ирж байна. Өмнөх үеийнхэн нь дараа үеийнхнийхээ зөрчил дээр тоглож байгаа учраас гарч ирж буй “шинэ үе” өмнөх үеэсээ дутахгүй гарз хохирол үзэж байна. Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх нар бодит золио юм. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар удахгүй унахаар байна…
Удаа дараа “… дугаар хорооны иргэн”-ийг тодорхойлж байгаа нь тэд улс төрийн төгсгөлөө, ялагдлаа хүлээж авахыг хүсэхгүй байгаагаас үе үе гол дүрд тоглож үзэгчид исгэрч шүгэлдэн, муудсан жимс шидлэн хөөхийг үл тоон “Терминатор-2” болохыг хүсч байна. Гол дүрд тоглохдоо хоорондоо л уралцахаас дараа үеийнхнийхээ тоглоом болж байгаагаа ч ухаарахгүй байна. Гэвч цувралыг үргэлжлүүлэх хүсэл ард түмэнд төдийгүй дараа үеийнхэнд нь байхгүй юм. Тэднийг амилуулагчид нь мэдээлэл муутай худалдагдсан сэтгүүлчид, мэдрэмжгүй тоймчид, толгойгүй улстөрчид юм. 
 
Одоохондоо тоглоомын тойргийн төвд “хоёрдугаар үеийхэн” байна. Тэд өөртөө л найдаж байна, түүний гадуур жийгдэж буй өмнөх үеийхэн байна, ахиад түүний гадуур цоо шинэ үе хүрээлсэн байна. Цоо шинэ үеийнхэн нь бүр өмнөх үеийн улстөрчидтэй, харин тэдний завсарт хавчуулагдаж хөөгдөж буй үеийнхэн эрх ашгаараа нам дамнан сүлжилдэж байна. Гэвч дотоод тойргуудын тулсан дайн нь гуравдугаар хүрээний дэмжлэггүйгээр амжилт олохгүй нь улам бүр тодорхой болсоор байна.
 
Би залуу, мэдлэг туршлагаа төрдөө өгмөөр байна гэж улиглаж байгаа нөхдөд хорооны иргэдийн хурал гэж нэг лут газар байгаа шүү дээ. Өөрсдөө хэн ч биш болчихсон атлаа УИХ-ын гишүүн болсон сулхан улстөрчдийг “үхсэн буурын толгой”-гоор айлгаж өнөөдөр эрх барьж буй үетэй тэмцэх гэж царайчилж яваа С.Баяр, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар одоо хороондоо л мэдлэг туршлагаа зориулмаар юм. Тэгэхгүй бол төгсгөл нэн эмгэнэлтэй байж болно, Н.Энхбаярыг хар, С.Баярыг хар, М.Энхсайхан ч дээ ялгаагүй сүрхий нэр хүндтэй Ерөнхий сайд байсан хүн “портфельгүй сайд” болтлоо уруудаж болдог юм уу ?! Жирийн сайд горилогчидтой өрсөлдөж явах нь М.Энхсайханы зиндаа мөн үү ?! Тэгээд ч ард түмний мандаттай ямар ч муу гишүүн тэднийг дагуулахгүй өндөрлөгт байгаа гэдгийг ойлгох цаг нь болсон баймаар. Чухам энэ ужгирсан заваан тэмцлээс зайлсхийх зорилготой Г.Уянгын санаачилсан хуулийг аль аль нь айдас өсөрхөлөөсөө болоод батлахгүй зугтсаар гурван жил болж байна. Хэрэв тэр хууль гарсан бол өдийд ийм үе хоорондын улайрсан тэмцэл хямрал болохгүй байсан юм.
 
Онолын асуудлууд 
Ямар ч гэсэн чөтгөрийн тойрог үлэмж хумигдаж байна. “Онолд” бол төрийн хямрал 3 үе шаттай байдаг. Эхний үе шат нь нийгэмд олон тооны хямралт үзэгдэл болдог. Энэ нь манайд ужиг болоод эдүгээ тэсрэлтийн байдалд орсон. Дараа нь зөрчлийг эвлэрэл, зохицлын замаар шийдвэрлэх боломжгүй болж, төрийн засаглал, нийгмийн бүх институтын үйл ажиллагааны бүх механизм эвдрэлийн байдалд ордог. Манайд эдүгээ хэвийн ажиллаж байгаа нэг ч байгууллага, институт байхгүй. Энэ үе шатыг бид сайн мэдэх бөгөөд үзээд өнгөрч байна.
 
Харин хамгийн сүүлчийн шатанд оршин буй улс төрийн бүтэц задарч, сарнин, төрийн засаглал үнэгүйдэж, засаглалын байгууллагууд хамгийн чухал шинж болох нийгмийн процессыг удирдах, нөлөөлөх аливаа чадвараа гээдэг. Ингээд бүх нийтийг хамарсан нийгэм-улс төрийн зөрчил (конфликт) гарцаагүй эхэлдэг. Миний ойлгож байгаагаар манайх төрийн хямралын хамгийн сүүлчийн гурав дахь шатандаа нэгэнт ороод байна.
Одоо бол энэ адгийн төр засгийг засаж залруулах алив боломж дууссан. Шинэ цаг хаалга тогшиж байна…
Тийм болоод УИХ-ын гишүүн Г.Уянга: “нийгмийг өөрчлөх их салхи дэгдвэл ч дэгдэг” гэж хэлсэн.
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?