sonin.mn
УИХ-ын гишүүн, УИХ дахь  МАХН, МҮАН-ын “Шудрага Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг БНСУ-ын Төрийн албаны тогтолцоо, хүний нөөцийн удирдлага, Орон нутгийн удирдлагын сургалт, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах айлчлал хийн тус улсад ажиллаж байна.
 
Энэхүү танилцах, туршлага судлах айлчлалыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас ( КОИКА) зохион байгуулж байгаа бөгөөд уг айлчлалын хугацаанд эрхэм гишүүн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Шим-Жей-Гвон, KOIKА-ийн газрын дарга И Дун-Гу, Удирдах зөвлөлийн гишүүн Чой Сон-Ху, Орон нутгийн удирдлагын сургалт, хөгжлийн хүрээлэнгийн ( LOGODI) ерөнхийлөгч Жо-Нак-Еон нарын албаны хүмүүстэй уулзлаа.
 
УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын төрийн албаны хуулинд өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн ба эрхэм гишүүн энэхүү ажлын хэсгийн гишүүн юм. Дээрх хуулийн өөрчлөлтөөр төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах, сургах, давтан сургах, тогтвор суурьшилтай мэргэшүүлж ажиллуулах, зэрэг дэв ахих зарчмаар тушаал дэвших, нийгмийн баталгааг хангах зэрэг олон талт харилцааг иж бүрэн зохицуулахаар зорьж буй ажээ.
 
Э.Сүрэн