sonin.mn
“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө
 
 
Өөрийгөө насанд хүргэх эрх чөлөө.
Хүний бие байгалийн болон биологийн хөгжилөөр нас бие гүйцэх мэдээжийн. Харин хүний ухаан насанд хүрэх мэдээжийн биш. Хүн өөрөө өөрийнхөө ухааныг өөрөө л хичээж зүтгэж байж насанд хүргэх боломжтой. Тиймээс насанд хүрэх гэдэг зөвхөн өөрийн бүтээлийн үр дүн. Нэг үгээр хэлэхэд өөрийн үйлийн үр гэмээр.
Хэн ч хэнийг ч насанд хүргэж чадахгүй зөвхөн хэрхэн насанд хүрэхэд сургах боломжтой. Тиймээс сайн сургагчтай байх чухал. Муу сургагчтай өөрөөр хэлбэл муухан багштай хүн насанд хүрч чадалгүй үлдэх тал бий. Насанд хүрэлгүй үлдэх хүмүүс үйлийн үр биш үйлийн лайтай гэхүү дээ.
 
 
Хичнээн сайхан том биетэй булчин шөрмөс зангирсан хэдий ч ухаан хөгжөөгүй хүнийг насанд хүрсэн гэх боломжгүй. Ийм бие том ухаан жижиг хүмүүс амидралын турш хүүхэд шиг явсаар нэг бол залилаж эсвэл бүгдийг хүчээр булчингаараа шийдэж ухааны хомсдолоор дуусах жишээтэй. Насанд хүрэх тийм амар бишээ. Олон хүн насанд хүрч чадахгүйн баталгаа гэвэл ээжээсээ хамааралтай аавынхаа сүүдэрт дуусаж олдсон ганц амидрал өөрийнх биш хүнийхээр л дуусах байлтай.
Насанд хүрэх хэцүү. Яагаад гэвэл өөрөө л хичээх ёстой. Олон зүйлд суралцаж өөрөө өөрийгөө насанд хүргэж цаашлаад бусдад насанд хүрсэн хүний шинжээр хандаж хамгаалж явах амар бишээ. Амидралд тулгарах олон эргэлзээнүүд, бэрхшээлүүд цаашлаад төвөгтэй зүйлтэй учирч тэр бүгдийг даван туулах амар биш. Энэ бүгдээс шантарсан хүн бусдыг өөрийнхөө өмнөөс шийдүүлж аргаа барахдаа ламаас очиж асууж идэвхит амидралаас татгалзаж идэвхигүй хий хоосон өдөр өнгөрүүлнэ. Ийм хүмүүс ажил дээрээ ч ойр орчимынхондоо ч маш их хортой.
 
 
Яагаад олон хүн насанд хүрэхгүй явна вэ? Яагаад үнэтэй хувцас өмсөж үнэтэй машин унаж үнэт зүйл эдлэж хэрэглэж буй мөртлөө ухаан хөгжихгүй муу юманд гарамгай сайн юманд дасахгүй хувиа л хичээсэн хүүхэд шиг явна вэ? Муу газар муу л хүн амжилттай гэж үү? Энэ тэгээд муугийн ёс уу?
Насанд хүрэхгүй том хүмүүс өөрөөр хэлбэл ээж аавуудыг яах вэ? Насанд хүрэх боломжгүй яваа залуу хүмүүсийг яах вэ?
Яаж насанд хүрэх вэ яагаад насанд хүрэх шаардлагатай вэ?
 
 
Насанд хүрсэн хүний онцлог гэвэл олон зүйлийг төсөөлж чадах, яагаад хийж буйгаа тайлбарлаж чадах, ойлгох чадвар, бусдын сэтгэлийг өөрийн сэтгэлээрээ сэтгэж чадах цаашлаад юмны уг үндэсийг олж мэдэж ялгаж чадах гээд олон оюуны чадваруудыг шаардана. Бодож сурах хамгийн чухал насанд хүрсэн хүний үйлдэл байдаг. Хэрхэн бодох вэ гэхээр ямар идей хэлэх гэж буй билээ гэдгээ тодорхойлох. Үүний хажуугаар ямар үг болон ухагдахуун хэрэглэвэл зөв бэ гэж өөрөөсөө асуух болон цаашлаад ямар зарчим хэрэглэж бодох вэ гээд олон зүйлийг чадах шаардлагатай.
Мэдээж Грекийн философичидоос гаралтай сурган хүмүүжүүлэх тухай ойлголт хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой тул хэзээ ч ээжийгээ эсвэл аавыгаа дууриахгүй тул заавал сургуулийн газар сурган хүмүүжүүлэх ёстой гэж анх эхэлсэн. Үүний тулд бие бялдар болон ухаан хоёрыг зэрэг хөгжүүлэх чухал гэсэн. Харин бие дааж боловсрол олох боломж өгөх хэрэгтэй гэж байжээ. Яагаад бие даалгаж сургах ёстой гэхээр багш бүгдийг сургаж зааж чадахгүй. Тиймээс хүн цааш хөгжих гэвэл өөрөө л өөрийгөө хөгжүүлэх ёстой.
Хүүхэд гэдэг ямар ч ухамсаргүй яагаад гэвэл тэд сонссон бүхэн мөн харсан бүхэндээ үнэмшдэг. Маш амархан уйдна бас ямар ч маргаашийн тухай ойлголтгүй тул төлөвлөх тооцоолох гэсэн ойлголт байхгүй. Гэтэл насанд хүрч чадсан хүн өөр байх ёстой. Олон хүн нас явчихсан мөртлөө үнэмшилийн хохирогчид болцгоодог жишээ хаа сайгүй л бий. Хамгийн наад захын жишээ гэвэл мухар сүсэгт эсвэл зурагтын нэвтрүүлэг цаашлаад сонин уншаад олон хүн шууд үнэмшдэг шүү дээ. Ухамсартай насанд хүрч чадсан хүн шүүмжлэнэ, эргэлзэнэ бас асууж шалгаана.
 
 
Хүүхэд өдөр бүр л шинэ зүйлтэй танилцаж алдаж ононо. Тэдэнд өчигдөр мартагдана. Харин насанд хүрсэн хүн маргааш юу хийх бас өчигдөр юу хийсэн тэр бүгдийг бодож тунгаах тул маргааш төлөвлөгдсөн мөн өчигдөр дүгнэгдсэн байх жишээтэй. Насанд хүрэх хэцүү. Олон хүн шүүмжилж чадахгүй, эргэлзэж чадахгүй, бүр асуулт тавиж чадахгүй. Ерөнхийдөө чигээрээ.
Иргэний үнэмлэх авах бол бие хаа хөгжиж гүйцлээ гэсэн баталгаа.
 
 
Харин ухааны хөгжил гүйцэх гэж үгүй. Яагаад гэвэл үргэлж явагдах үйл ажиллагаа. Ухаан хөгжих бүр л хүн өөрийгөө насанд хүрч буйг ухаарна. Ухаан хөгжихгүй гэвэл хүүхэд хэвээрээ. Яаж ухаанаа хөгжүүлэх вэ? Ном уншина, ярилцана, шүүмжлэнэ цаашлаад залруулна. Ерөөсөө хэн энэ хорвоог алдаа мадаггүй бэлэн цаанаасаа иж бүрэн гэж хэлээд байна вэ. Хэн хэнээс юугаар илүү төрдөг вэ. Бүгд л адилхан хүссэн хүслээ биелүүлж нэг их сүйд майд болохгүй л явах чухал байх. Ухаан хөгжөөд ирэхээр хүний хүчээр явах биш өөрийнхөө хүчээр явж эхэлнэ. Алдаж буй алдаа өөрийн алдаа болох цагт насанд хүрч эхэлнэ.
Хүүхэд л бүх зүйлийг ид шидтэй мэтээр харж илбийн мэт л бүх зүйлд үнэмшиж гайхаж нүдээ бүлтийлгэнэ. Ухаан насанд хүрээгүй хүмүүс хүүхэд хэвээрээ тул шашинд автагдах, мухар сүсэгт мадлуулах цаашлаад найз нартаа хүртэл тоглоом болцгооно.
Хүүхэд сохроор үнэмшихтэй адил ухаан хөгжөөгүй хүмүүс бүгдэд үнэмшинэ үүнтэй адил хүүхэд юуг ч тоохгүй үнэлэхгүйтэй адил ухаан хөгжөөгүй хүмүүс мэдлэгийг болон шинийг тоохгүй үнэ өгөхгүй өөрийгөө улам хоцрогдуулна. Ухаан хөгжөөгүй хүмүүс шинэ зүйлтэй тааралдахаараа үхтэлээ уурлаж бухимдана. Үнэмшсэн зүйлээсээ салахгүй тэр чигээрээ ингээд л явна гэж ухаан хөгжөөгүй хүмүүс ичсэндээ зугатааж мэдэхгүйдээ хорогдоно. Үүнийг харанхуй агуйтай зүйрлэх боломжтой. Агуйгаас гарч гэрэлд нүдээ гялбахаас олон хүн татгалзана.
 
 
Ухаан насанд хүрэх гэдэг тохиолдолыг зөвшөөрөх. Тохиолдол юуг ч тохиох боломжтой тул түүнд бэлтгэлтэй болж чадах чухал. Тиймээс тохиолдол өөрөө азтай ч бас азгүй ч ирнэ шүү дээ. Эхний үед тохиолдол азтай мөртлөө сүүлдээ азгүй болох жишээтэй. Энэ бүгдэд утга хайж эсвэл буруутан хайж ийш тийш хүмүүс рүү гүйх хэрэггүй. Очиж асуудаг хүмүүс бас л тохиолдолууд шүү дээ. Тиймээс тохиолдолыг чөлөөтэй тохиолдуулах чухал. Тэгж байж л амидрал улам сонирхолтой болох. Өөрийн асуудал өөрийнх л шүү дээ.
 
 
Дутуу гэр бүлд төрсөн гээд хувийн заяа шийдэгдэхгүй харин өөрийгөө бүтээж чадах л чухал. Өөрийгөө бүтээж чадсан хүн гэвэл Францын философич Руссогийн жишээг нэрлэх боломжтой. Руссо хэдийгээр цаг засварчин хүний хүү болж төрсөн хэдий ч өөрөө бие даан суралцаж ном уншиж явсаар Францын оюуны томчуудын нэгд тооцогдох хүн болж чадсан. Руссогийн ээж түүнийг төрүүлээд ес хоногийн дараа нас барсан гэдэг. Тэгсэн ч Руссо хувийн заяагаа өөрөө гартаа авч чадсан. Ерөөсөө оюуны чадвартай болох гэвэл сайн мундаг гэр бүлд төрөх ч албагүй их мөнгөтэй байх ч шаардлагагүй.
Руссо ингэж өөрөө өөрийгөө бүтээж явахдаа гэгээрсэн гэдэг. Энэ гэгээрэл бол нэг л өдөр гэнэт сэрэхтэй адил гэжээ. Мэдээж шашины гэгээрэл бурханыг харлаа гэдэг гэвэл мэдлэг боловсролын гэгээрэл бол соёлын буюу соён гэгээрэл байх жишээтэй. Тиймээс хэн ч хэзээ ч соён гэгээрэх боломжтой. Мэдээж энэ соён гэгээрэх зам дардан биш маш төвөгтэй бас бэрхшээлтэй.
 
 
Руссо ямар ч гэр бүлд төрсөн гэсэн өөрийгөө бүтээх боломжтой бас заавал сургуулийн багшийг бүрэн дагах биш өөрийн замаар бие дааж соён гэгээрэх боломжтой гэсэн хоёр том амидралын жишээг батлан харуулж чадсан. Тиймээс сургуулийн хаалга татлаа гээд бүгд шийдэгдэхгүй нэмж бие дааж маш их зүйл уншиж сурах хэрэгтэй.
Мэдээж хүүхэд насны олон мөрөөдөл биелэгдэхгүй шүү дээ. Тиймээс нэгэнт амидралд орсон хойноо мөрөөдөх хэрэггүй. Ялангуяа залуус мөрөөдөх шаардлагагүй. Ерөөсөө залуус мөрөөддөг хүүхэд насаа орхих хэрэгтэй. Хатуу уйтгартай тэгсэн мөртлөө тохиолдолоор дүүрэн амидрал хүлээж байгаа тул үүнд л бэлдэх чухал. Амидралыг муухай гэж эсэргүүцэх ч хэрэггүй бас амидралыг гоё гэж магтан дуулах ч хэрэггүй. Нэг их хар муухай бодохгүй бас учир зүггүй хөөрч баясахгүй л амидралыг харж чадвал хэн ч тийм их жаргалтай биш бас хэн ч тийм их жаргалгүй биш. Хүний насанд хүрсэн ухаан л энэ бүгдийг шийднэ шүү дээ.
Насанд хүрч чадаагүй том хүмүүс гэр бүл ойр орчимын хүмүүстээ хохирол учруулаад зогсохгүй төрийн дээд албанд очиж улс орон ард түмнийг баллах жишээтэй. Хүүхэд насандаа ойр дотно хүнгүй өссөн ялангуяа олигтой эмээ өвөө эсвэл сайн ээж аавтай байж чадаагүй хүмүүс биеэ дааж чадаагүй бол бас л насанд хүрч чадахгүй алдагдсан хүүхэд насаа дурсан уйлагнан явах жишээтэй. Иймэрхүү биеэ дааж чадаагүй хүмүүс хүмүүс ээжийн тухай шүлэг бичих эсвэл дуу дуулсаар л үлдэнэ. Дуундаа л хүүхэд насаа эргэн олох мэт. Аавын тухай дуулдаг хүмүүс мэдээж хаа ч байхгүй тэр аавыг төсөөлөн дуулах жишээтэй.
Насанд хүрч байсан шиг байх гэдэг нэг талдаа өөрийн байхыг хэлж буй ч нөгөө талдаа заавал ёстой гэсэн зүйлүүд байгаагаа илэрхийлэхэд чухал. Амидралд ёстой гэсэн олон зүйл учирна. Гэтэл хүүхэд ёстой гэдгийг ойлгохгүй. Насанд хүрсэн хүн ёстой гэж олон зүйлийг дотроо дургүй ч хийхээс өөр замгүй. Энэ бас л гэрийн биш хотын амидралын дүрэм горимтой хамаатай шүү дээ.
 
 
Ажил хөдөлмөр заавал гэдэгтээ биш харин зайлшгүй гэдэгтээ. Яагаад гэвэл ажил хөдөлмөрөөр л сайн сайханыг болон шинийг бүтээнэ шүү дээ. Үүгээрээ хүн амитанаас ялгаатай. Гэтэл олон хүн бусдыг өөрийнхөө өмнөөс ажил хийлгэж өөрөө залхууран зөвхөн мөнгө хийж хоосон хөдөлмөрлөж өөрийнхөөрөө хэзээ ч амидарч сайн сайханыг өөрийн гараар бүтээж чаддаггүй. Түүнээс гадна өөрөө бодохгүй бусдаар бас бодуулж амидрах хүн насанд хүрээгүй л жишээ шүү дээ. Насанд хүрэх хэцүү.
 
 
Өөрөө бодох, өөрөө хийх болон өөрөө чадах гэдэг насанд хүрсэн хүний шаардлагууд тул тийм ч амархан биелэгдэхгүй. Монголоороо байгаа ч гэж буй хүмүүсээс хол явах хэрэгтэй. Даяарчлагдсан дэлхийд нийтэч явах хэрэгтэй. Бусад орон луу явж бусад ард түмэнтэй танилцаж тэдний оршихуйг ойлгох хэрэгтэй. Заавал Монгол орноороо явж үзнэ гэж хязгаарлагдах хэрэггүй. Юм үзэж нүд тайлах гэдэг өөр ард түмэн өөр амидралтай танилцаж үзэхийг л хэлэх болохоос дандаа л танидаг хүмүүстэй уулзаж дассан зөөлөн газраар явахыг хэлэхгүй.
 
 
Насанд хүрч бие дааж чадсан хүн шашинд нэг их бууж өгөх эсвэл өөрийгөө алдан шүтэхгүй. Харин тэд шашиныг сэтгэлийн тайвширалд л хэрэглэж сурсан тул утга агуулгатай болгож чаддаг. Насанд хүрсэн хүн шашин хэзээ ч туслаж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Шашин төрөхөд болон үхэхэд мэдээж сэтгэлд зөөлөн ханддаг. Тиймээс сэтгэлийн юм шүү дээ. Энэ тухай дараагийн өөрийгөө золиослох сэдэвт бичнэ.
Ухаан насанд хүрсэн хүн өөртөө итгэлтэй тул заавал бусдаас асууж бусдын үгэнд орохгүй. Бие даах чухал. Барагийн зүйлд үнэмших хэрэггүй. Мэдээж мэдлэг боловсрол гэвэл өөр хэрэг шүү дээ. Энэ тухай дараагийн боловсролын эрх чөлөө бүлэгт ярилцана.
Насанд хүрэх тухай ярилцаж буй сэдэвт хүүхэд гэж хэн бэ гэдэг тухай заавал ярилцаж буй шалтгаан гэвэл хүүхэд тийм ч санасанаар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэдийг гэнэн томоогүй гэнэн гэх ямар ч үндэслэлгүй харин ч хүүхэдэд боломж өгвөл ямар муу муухай үйлдэл хийхэд бэлэн түүнийгээ нууж далдлах ч чадвартай тухай “Lord of Flies” кино филмд гардаг. Хүүхэдэд дүрэм горим, ёс суртахуун болон дэг журам алдагдвал зөвхөн биеийн хүч чадал хууль болдог тухай харуулдаг.
Ялангуяа бага насны эрэгтэй хүүхэдийг хамт удаан хугацаагаар орхих эсвэл дотуур байрны хүүхэдүүдийг ямар ч хараа хяналтгүй орхивол шууд л хамгийн зэрлэгийгээ боос дарга болгоод түүнийгээ даган баясдаг. Тэдний эсрэг хэн нэг хүмүүжил сайтай хүүхэд томоотой эв найрамдалтай байх тухай шаардвал шууд л нийлэн бүлэглэж айлган сүрдүүлж гэмтээх хүртэл аюултай. Ийм байдалд угаасаа өсөж ямар ч ёс суртахуунгүй хүмүүжсэн хүүхэдүүд сүүлд том хүн болсон хойноо хүүхэд насны дураараа эрх зангаа үргэлжлүүлнэ гэсэн ойлголт. Тиймээс эмэгтэйчүүдийн анхаарах нэг зүйл бол эрэгтэй хүүхэдийг эр хүн болгохын тулд маш зөв хүмүүжүүлэх хэрэгтэй шүү. Яагаад том эр болсон мөртлөө хүүхэд шиг авирлаад заавал боос болох гээд буйг бас нэрийн хуудсан дээрээ үргэлж хамгийн том дарга гэж бичих дуртайг ойлгох хэрэгтэй. Насанд хүргэх хэцүү.
 
 
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг эр хүн болгохын тулд урам хайрлах бас хэт их мухар сүсэгтэж эр хүнийг өөрийн бодолгүй чадваргүй болгохоос болгоомжлох хэрэгтэй. Ерөөсөө хаана муу эр хүн байна вэ түүний ард гэмт эмэгтэйчүүд л байгаа шүү дээ. Ийм осолтой эмэгтэйчүүд жендэр ярих бүр дуртай байх жишээтэй. Эр хүн болгож чадаагүй байж одоо тэгээд эр хүний буруу гэх ямар шаардлага байна даа. Элдэв хүмүүсээс эр хүний тухай заавар авч хэрэгтэй хэрэггүй ном уншуулах эсвэл энд тэнд элс цацах ч бас л эр хүнийг доош хийж буй л жишээнүүд. Сайхан л санасан гэж өөрийгөө зөвтгөх хэрэггүй л болов уу. Насанд хүрцгээх хэцүү.
Хүний хүүхэд нас гэдэг өөрийгөө танин мэдэхэд маш чухал үүрэгтэй. Аавууд хүүгээ бага настай байхад өөрийнхөө хувийн асуудалаа тулгаж хүүгээ бага наснаас өш хонзонтой болгосон жишээ бол нутгархах, үндсэрхэх, муудалцах, зодолдохоос авахуулаад хүүгийнхээ толгойд дэндүү буруу ойлголт хийснээс хожим тэдний үр хүүхдээс өөрөөр хэлбэл хойч үеэс хонзон авах гэдэг арчаагүй зан үргэлжилдэг жишээ олон бий.
 
 
Хүүхэд нас гэдэг гэнэн хонгор хөөрхөн үрсийн өнгөрүүлэх цагаан цайлган цаг үе байх ёстой атал элдэв хонзон хэлмэгдэл ажлаасаа халагдсан нэрийн дор хүмүүжигдэж бүхэл бүтэн амидралаа хэн нэгнийхээ өшөөг л хэнээс ч хамаагүй тааралдсан болгоноос авах гэж өнгөрөөх ямар их хоосон амидрал вэ? Манай өвөөг алсан гээд л одоогийн шинэ үеийнхэн рүү дайрч дарамтлах ямар утга байна. Насанд хүрэх хэцүү.
 
 
Хүүхэд төрүүлсэний төлөө ач хариулна шүү гэж шахаж шаардах ээжийн тухай дуу дуулах дуртай хүмүүс уяруулах биш өрөнд унагаж буй л хэрэг шүү дээ. Эхийн санаа үрд үрийн санаа ууланд байх ёстой. Гэрээсээ явж юм үзэж нүд тайлахгүй бол ээжээрээ хязгаарлагдсан амидрал ядуу. Насанд хүрэх хэцүү.
Ёс уламжлал зан заншил ихэнхдээ ёс суртахуун болон ёс зүйтэй зөрчилддөг тул нийгэм болж амидарч буй хүмүүст хор уршиг ихтэй. Өнгөрсөн үеийн олон туршлага өнөөдөр ач холбогдолгүй. Зан заншил уламжлалт ёснууд ээж аавуудын бахархалууд залуу хүмүүсийн там болдог жишээ олон бий. Олон хүн насанд хүрч чадахгүй.
Музейд тавих ёстой хуучны эдлэл хэрэглэл хөөрөг гэх мэтээс авахуулаад надам цагаан сар гээд цаашлаад тавган дээрээс ганц чихэр авахдаа хүртэл гар хүрч буйг харахад хэзээ өнөөдөрт ирэх вэ гэж л асуумаар. Өнөөдөрт ирдэггүй үргэлжийн өчигдөрийн хүмүүсийн балаг ихдээ. Насанд хүрэх хэрэгтэй.
 
Үргэлжлэл бий.
 
Доктор С.Молор-Эрдэнэ