sonin.mn
...Боловсролын талаар  монголчууд бид жаахан "хазгай" ойлголттой. Дээр үеийн "Боловсролтойгоороо битгий гайхуулаад байгаарай" хэмээсэн шазруудуухан хэллэгээс өнөө үеийн "Хоёр гурван ч дээд сургууль төгссөн мундаг боловсролтой хүн юм гэнэ билээ" хэмээх атаархуу төрхөөр шивнэж ярих хүртэл хугацаа нь боловсролын хөгжлийн үе шат нь. Сургуульд сурах хүсэл байвч "мал дээр" хөөгдөж гарахаас, мөнгөө төлж сургуульд нь бүртгүүлээд дипломыг нь бие хийгээд толгойгоо зовоолгүй "худалдаж" авах хүртэлх хэмнэл нь боловсролын үнэ цэнийн  хэмжүүр. Дээд сургууль төгссөн залуус нь "томилолтоор" улс орны хэрэгцээтэй газар нь очиж ажилладаг байсан үе өнгөрч, дээд сургууль төгссөн залуус нь дэлгүүрт худалдагч, боссын бие хамгаалагчаар ажилладаг болсон үе ирсэн нь боловсролын чанарын ялгаа. "Улаан шугам" давж, элсэлтийн шалгалтад өндөр оноо авч бусад шалгууруудыг хангаж байж их дээд сургуульд суралцаж "шилдэг боловсон хүчин" болдог байснаас өнөө үе шал өөрчлөгдөж, чанартай чанаргүй олон сонголтоос сонгож, өөрөө хичээж эсвэл огт хичээхгүй байсан ч ДИПЛОМ авч
болдог үед бид амьдарч байна. 
 
 
Дээд сургууль төгссөн дипломтой хүнийг "боловсролтой хүн" гэж үнэлдэг бидний сэтгэлгээ тэгтлээ өөрчлөгдөөгүй. Тийм болохоор ямааны самнасан ноолуур, төхөөрсөн үхэр хонины мах, "тэтгэврийн", "цалингийн зээл", гадаадад ажиллаж байгаа монголчуудын илгээсэн маш их мөнгө боловсролын салбрын санхүүжилтыг бүрдүүлж байгаа. Дээр нь засгаас сар бүр өгч байгаа 70 000 төгрөгийн "халамж", автобусаар үнэгүй зорчих эрхийн тасалбар бүхэн нь монголын оюутнуудын тоог өсгөх шалтгаан болж буй. Амьдрал мэдэхгүй, өөрөө хөдөлмөрлөж сургалтын  төлбөрөө олдоггүй, чөлөөт цагаараа баар цэнгээний газар элдэв зохиомол баяруудыг тэмдэглэж өнгөрүүлдэг, сар бүрийн 70 000 төгрөгөө хугацаандаа өгөхгүй бол бухимдаж уурлан төр засгийг харааж зүхдэг, буруугаар "эрхэлсэн" олон оюутнууд  байгаа болохоор бие хүн төлөвшиж өөрийгөө хөгжүүлэн боловсруулах чадваргүй болгож байна. Дээд сургууль төгссөн атлаа "боловсролгүй" бүдүүлэг залуус олон байдгийн шалтгаан нь энэ. Төр, боловсролын тогтолцоо, хувь хүн аль аль нь үүнд буруутай. Ядаж байхад чанартай сургуулиудын төлбөр нь олон
улсын хэмжээний сургуулиудаас "хэт доогуур". ЧАНАРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЯМД, ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮНЭТЭЙ байдгийг бид үзэж мэдрэхээрээ нэг болсон доо. 
Гадаадад сар бүр 1000 орчим ам доллар сургалтандаа төлж үүнийхээ төлөө хичээлийн бус цагаар ажиллаж, хөлсний байрандаа шөнийн цагаар хичээлдээ бэлтгэж бие, оюун сэтгэхүй нь амрах чөлөөгүй зүтгэж байгаа монгол залуус олширч байна. Залуу хүн өөрийнхөө өмнө тулгарч байгаа саад бэрхшээл болгоыг хэнд ч найдалгүй өөрөө давж гарч байх нь тэдний хөгжил боловсролын эхлэл юм. Тэд амаргүй хүнд ажил хийж байхдаа дотор сэтгэлдээ "Энэ ажлыг би насан туршдаа хийхгүй шүү дээ, миний ирээдүй бол огт өөр. Би маш сайн мэргэжилтэн болох ёстой "
гэж өөртөө ямагт хэлж байдаг юм. Ажил амьдралын шаардлагаар олон хүмүүстэй сайдалцаж муудалцаж байхдаа арга эвийг нь олж, ирээдүйд тэднийг удирдах чадварыг өөртөө шингээж байдаг. Сургалтын төлбрөө төлөх гэж цуглуулсан мөнгөө хөлөрсөн атгандаа атгаж байхдаа мөнгөний үнэ цэнэ, утга учрыг ухаарч байдаг юм. Өөдрөг оюун санаа, залуу насны гоо үзэсгэлэн, хүчирхэг бие бялдраараа гайхуулж байх ховорхон цаг үедээ өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө шантралгүй, уйгагүй зүтгэж бүхнийг өөрийн итгэл урмаар давж гарч байхдаа тэд
боловсрогдож чаддаг. Тэд өөрийгөө дайчлан бүх талаар хөгжиж байхдаа жинхэнэ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУС болон төлөвшинө.
 
 
 
ЗАЛУУСАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
 
 
-Ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбрөө 2 ангилж, суурь боловсролоо "Хүүхдийг зөв иргэн хүн болгон төлөвшуулэхэд", сонгох боловсролоо "Хүүхдийн авьяас чадварыг нь хөгжүүлэхэд" чиглүүлэх хэрэгтэй байна. Суурь боловсрол нь төлбөргүй байхыг хуульчилж, сонгох боловсрол нь төлбөртэй байж болохоор тогтоож болно.
-Их дээд сургуулиудаа олон улсын жишигт ойртуулж чанартай мэдлэг олгож байгаа сургуулиудынхаа төлбрийг өндөр тогтоож, чанаргүй мэдлэг олгож байгаа сургуулиудын төлбрийг хямд тогтоон хянаж байх хэрэгтэй байна. Оюутнуудын ирц, дүнг хянаж байдаг "сургалтын алба"-ыг оюутнуудад зөвлөж тусалдаг чиглэлээр өргөжүүлэн өөрчлөх хэрэгтэй байна. Их дээд сургуулиуд дэргэдээ судалгааны том хүрээлэнгүүдтэй байх нь тэдний санхүүжилтэд сайнаар нөлөөлөх төдийгүй оюутнуудыг мэргэжлээрээ хөгжихэд ч том тус болно.
 
 
-Оюутнуудад Засгийн Газраас "халамж" өгдгийг зогсоож, тэднийг хичээлийн бус цагаар ажиллаж болох ажлын байруудыг бий болгож, сургалтын төлбрөө зээлээр төлж болох олон боломжуудыг бий болгож, үнэхээр сайн оюутнууддаа сургууль нь өөрөө тэтгэлэг олгодог тогтолцоог дэмжих хэрэгтэй байна. Оюутны хотхон, оюутны дотуур байрууд оюутнуудыг зөвхөн хичээлээ хийх боломжоор бүрэн хангах учиртай. 
-Заавал оюутнууд гэлтгүй эгэл жирийн залууст ч өөрсдийгөө хөгжүүлэх боломж болгож номын сан, мэргэжил олгох сургалт, сонирхолтой хөтөлбрүүд, сайн дурын клубууд байгуулж ажиллуулахыг дэмжвэл сайн сан. Заавал дээд боловсрол эзэмшихгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг бий болгох нь Монголын ЗГ-ын үүрэг юм шүү дээ. 
 
 
...ДИПЛОМ бол БОЛОВСРОЛ юм гэдэг нийтлэг ойлголтоосоо салах цаг болжээ. Диплом бол тухайн хүн сургуульд юу судалсныг гэрчилж байгаа цаасан баримт болохоос боловсролын баталгаа биш. Миний ойлгож мэдэрч байгаагаар БОЛОВСРОЛ гэдэг нь ХУВЬ ХҮНИЙ САЙН ТӨЛӨВШИЛ юм. Хогоо хээв нэг газар хаячихаад алгаж яваа дээд сургууль төгссөн залуугаас хогоо хогийн саванд хийж байгаа ахлах сургууль төгссөн залуу илүү боловсролтой хүн. Ном унших дургүй гоо бүсгүйгээс ном унших дуртай жирийн бүсгүй илүү боловсролтой. Ном гэдэг чинь цаг ямагт хүмүүсийн мэдлэг оюуныг тэлж ухааруулж байдаг шидтэн. Дээд сургуулийн сурах бичгээс илүүтэй хүмүүст мэдлэг ухаарал олгож байдаг олон номууд бий. Интернетээс хов хэрүүл, сайрхал жүжиглэл дүүрэн хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл уншиж үзэж байдаг эрхмээс өөртөө хэрэгтэй мэдээллээ олж амьдралдаа ашигладаг хүмүүс хамаагүй илүү боловсролтой. Интернет ертөнц бол буруу ашиглавал "хогийн сав", зөв ашиглавал "мэдлэгийн далай". "Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу" гэдэг хэллэг бий. Залуу насанд нь буруу эрхлүүлэх аваас засарч
сайжрах нь юу л бол. 
 
 
Намрын зөөлөн салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хот хүн машины хөлд дарагдан "бөхийж" байгаа. Хичээл эхлэх гэж сурагчид, оюутан залуус цуглаж байна. Бужигнана даа бужигнана. "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас..." бус хот орж диплом олж ирэхээр зоригсод цөөнгүй. Их дээд сургуулиудаас гадна зочид буудлууд, баар цэнгээний газруудын эзэд баярлаж байгаа. Мөнгө хүчтэй ч сайн боловсрол түүнээс ч хүчтэй. ЧАНАРТАЙ МЭДЛЭГ ЭЗЭМШИЖ, САЙН БОЛОВСРОЛТОЙ БОЛООРОЙ залуус аа. "Пивоо бага ууж номоо их уншаарай" гэж ерөөе дөө.
 
                                                      Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах