sonin.mn
Монголын рок, поп урлагийн “Пентатоник” академиас санаачлан Монголын орчин үеийн урлагийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд “Алдрын од” шагналыг олгож байхаар болсон билээ. Энэ талаар “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгионтой ярилцлаа.
 
-“Пентатоник” академиас санаачлан орчин үеийн урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд жил бүр “Алдрын од” шагналыг олгохоор боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
 
-“Алдрын од” шагналыг жил бүр олгохоор болсонд би болон манай рок поп урлагийнхан үнэхээр их баярлаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнийг бид олон жил ярьсан. Бидний мөрөөдөл байсан гэж хэлж болно. Өнөөдөр мөрөөдөл минь биеллээ олж байна. Ер нь гадаад орнуудын туршлагаас үзэхэд иймэрхүү ёслолууд нийгэмд уламжлал болсон байдаг. 
 
Энэ нь хэд хэдэн чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, тухайн уран бүтээлчдийг алдаршуулах. Алдаршуулна гэдэг нь мартагдуулахгүй байх нэг том хэлбэр. Хоёрдугаарт орчин цагийн хөгжмийн урлаг хэдийнээс яаж хэрхэн өнөөг хүртэл хөгжиж ирснийг баталгаажуулж байгаа хэрэг юм. 
 
Тэр ч утгаараа өмнө нь UB паласын хананд гарын хээ авч үзсэн. Гэхдээ бодож, хүсч байсан зүйлс маань тодорхой шалтгааны улмаас тэр бүр хэрэгжээд байдаггүй байлаа. Харин өнөөдөр бидний мөрөөдлийг хэрэгжүүлж байгаад Хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл буюу Quiza, Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан нартаа баяр хүргэх хэрэгтэй. 
 
Ялангуяа Хотын захирагч маань урлагийг дэмжиж, ойлгодог хүн байгаа нь азтай хэрэг. Хамгийн ойрын жишээ дурьдахад л, “Рlау Тime” наадам болоход хотын зүгээс яаж анхаарал тавьж ажиллав. Нөгөөтэйгүүр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь рок поп урлагийнхан бидний хувьд маш том шинэ талбарыг бий-болгосон гэж хэлж болно.
 
-Хамгийн анхны "Алдрын од” шагналыг “Соёл Эрдэнэ” хамтлаг хүртэж байна. “Соёл Эрдэнэ” хамтлаг бол яалт ч үгүй Монголын рок поп урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хамтлаг шүү дээ. Үүнтэй маргах хүн үгүй байх?
 
-Миний хувьд сайн анд нөхөд болох “Соёл Эрдэнэ”-ийнхэн Монголын рок поп урлагийн суурийг тавих, биежүүлэх анхны дардан замыг нээж байсан юм. Тэр үед төр засгаас ч албан ёсоор зөвшөөрч байсан. Зөвшөөрөхөөс ч өөр арга байгаагүй. Учир нь залуучууд, тэдний эрч хүч, дур сонирхол, хөгжмийн дундаршгүй авьяас билэг үүнийг шаардаж байсан юм. 
 
Хамгийн анх “Соёл Эрдэнэ” хамтлаг Японы ямаха хөгжмийг барьж, тэр үеийн техникийн дэвшлийн хамгийн соргог, сайхан бүхнийг мэдрүүлж, маш үлгэр жишээч хамтлаг байсан гэдгийг ард түмэн мэднэ. Тиймээс “Соёл Эрдэнэ” хамгийн түрүүнд энэ том шагналыг хүртэх нь маш зөв шийдвэр болсон гэж үзэж байгаа. Цаг цагаараа л нэр томьёо нь өөрчлөгдөх юм даа. 
 
Дагшаа найрал хөгжим, хөнгөн хөгжим, эстрад хөгжим, рок поп урлаг одоо бол шоу бизнес гэж томьёологдож байна. Энэ бүхний урсгал, чиглэл, хэв маягийг Монголд нэвтрүүлэх бодит үүрэг гүйцэтгэсэн хамтлагийн хамгийн анхны пионеруудын нэг яах аргагүй “Соёл Эрдэнэ” мөн. 
 
“Соёл Эрдэнэ” анхны концертуудаа тавьсанаар үе үеийн олон залуучуудын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, хөгжимд дуртай болгох, хөгжмийг мэддэг болох, дэлхийн рок поп хөгжмийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад асар том үүрэг гүйцэтгэж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. 
 
Өнөөдөр зарим нь тэнгэрийн оронд морилоод биднийхээ дунд байхгүй ч, бид тэднийгээ дурсах хэрэгтэй. Шинэ залуу уран бүтээлчдэд ч “Соёл Эрдэнэ” хамтлагийнхны хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнөөдөр дуртай бүхнээ дуулах бололцоотой болсон гэдгийг мартах ёсгүйг сануулах хэрэгтэй.
 
-“Соёл Эрдэнэ” хамтлагийн найман гишүүнд шагналыг өгнө гэж сонссон?
 
-Эдүгээ амьд сэрүүн байгаа, идэвхитэй найман гишүүнд нь “Алдрын од” шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна билээ. Энэ нь ч зөв. Үүнээс гадна урьд өмнө нь байсан, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан, өнөөдөр бидэнтэйгээ байхгүй байгаа гишүүд ч гэсэн хамрагдаж байгаа шүү гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу.
 
-Ер нь “Алдрын од”-ыг яагаад Соёлын төв өргөөний хананд байрлуулахаар болсон юм бэ?
 
-Монголд гудамж, талбай байх хэрэгтэй. Гэхдээ манайд дээр үеэс уламжлагдан ирсэн ёс жаягт таарахгүй гэсэн шашны нэг үзэл байдаг учраас гудамж, талбай тэр бүр дэмжигдэхгүй байгаа юм. Тиймээс ханан дээр байрлуулахаар болсон. Бид заавал бусдыг дуурайж газар, гудамжаар хэвтүүлэх шаардлагагүй. Иймээс сайхан сонголт болсон гэж миний хувьд бодож байна.
 
-“Алдрын од”-ыг 100 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдана гэсэн. Шагналын санхүүжилтийг хүмүүс их сонирхоод байх шиг?
 
-“Соёл Эрдэнэ” хамтлаг 100 сая байтугай хөрөнгийг Монголын ард түмний сайн сайхны төлөө зарцуулсан. Нэгэн үед Монголын бүх аймгаар аялан тоглолт хийж, ард түмнийг баярлуулж явсан. Тэр бүхнээс олсон бүх орлогоо улсад тушааж байсан юм. Ийм хэмжээний гавьяа байгуулсан хамтлагт 100 сая төгрөг өгчихөд юу нь болохгүй байх вэ. Тэр байтугай л мөнгө өгөх хэрэгтэй байх. Яах вэ ард түмний өнөөгийн амьдралаас болоод ийм санал шүүмжлэл гарч байгааг ойлгох хэрэгтэй. 
 
Эцсийн эцэст ард түмэн баясч, цэнгэх хэрэгтэй. Түүнийг нь хийдэг хэн нэгэн байх ёстой. Тэдний хүчин чармайлтыг үнэлдэг байх хэрэгтэй. Энэ утгаар ард түмэн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Жилд ганц удаа зохиогдох учир шоу гэдэг утгаараа цаад ач холбогдолыг нь сайтар ойлгуулах хэрэгтэй юм болов уу гэж миний хувьд боддог юм. 
 
Хамгийн наад захын жишээ дурьдахад, Орост “Алдрын талбай” гэж бий. Жил бүр тэнд асар гоё ёслол зохиогддог. Лос-Анжелест “Оддын гудамж” гээд бий. Залуу үед өвөг дээдэс ахмад үеэ хүндлэх, дурсахад маш их ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг бүр дахин дахин давтан хэлмээр байна.
 
-“Алдрын од” шагналыг олгоход тавигдах шаардлага нь юу байна?
 
-Аливаа зүйл байнга л боловсронгуй болж явдаг шүү дээ. Мэдээж хэнийг шагнах, хэнийг алдаршуулан мөнхжүүлэх вэ гэдгийг тодруулахад ард түмнийхээ саналыг үндэслэнэ. Хэн нэгэн хүний шийддэг асуудал биш. Хамгийн наад зах нь рок поп гэр бүлд хийсэн уран бүтээл нь ил тод байдаг, мартагдсан уран бүтээлчдээ сануулж байх нь бидний үүрэг. Хотол олноороо ярилцаж байж шийддэг болно гэж л хэлмээр байна.
 
-“Алдрын хүндэтгэл” тоглолтыг хэн найруулж, зохион байгуулж байгаа вэ. Хаана тоглогдох вэ?
 
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ дагуу өнөөдөр Чингисийн талбайд 20:00 цагт  “Алдрын хүндэтгэл” тоглолтыг хийнэ. 
 
Тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулга НӨҮГ-ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюссерээр НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү ажиллаж байна. Мөн хамгийн анхны “Алдрын од”-ыг“Соёл Эрдэнэ” хамтлагт өнөөдөр гардуулна.
 
 
Б.Даваа
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин