sonin.mn
\Олон жилийн өмнөх бичлэгээ дахин сийрүүлэв\
 
Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг. Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр "эх орон" гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм.
 
Хүний газар жаргаж зовж, ядарч  баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ. Бүр зүрхнийхээ гүнд шүү.
 
...Алсад цэнхэртэн бидэртэх уулс, жимс самартай ой модод, мяралзан урсах гол ус, дэнжийнх нь ногоон зүлгэн дээр алаглан ургасан цэцэгс, хөл дороос жигнэн эрвэгнүүлэх элс, хааяадаа хөлд шигдэн хатгах өргөс чулууг алжааж ядарсан шөнийн эргэн хөрвөөх бодолдоо ч, амрах нойрон дундаа ч зүүдлэн мөрөөдөн санадаг юм даа.
 
Харь энэ нутагт сүрлэг сайхан уулс, өнгө өнгөөр алаглах гоёмсог цэцэгс модод, эргээ цохилон давалгаалах их мөрөн, гайхам содон зохицол, дуу алдан бишрүүлэх үзэмж байдаг хэдий ч эх орны минь байгаль шиг зүрхэнд минь хоногших нь үгүй.
 
Их далайн сүрлэг давалгаа, мяралзан урсах голын минь урсгал шиг зүрхэнд минь хүртэл цалигладаггүй юм. Ээвэр газрын зүлэг их далайн эргийн элс нь, хөлд шигдэн өвтгөх өргөсгүй хэдий ч зүрхэнд минь хүрэх бүлээн дулаанаар жигнэдэггүй юм. Эх нутгаа шөнөжин зүүдэлсэн зүүдэндээ, чийг даасан дэрэн дээр сэтгэл нь жиндэн сэрдэг юм, тэд...
 
...Тал дүүрэн билчих мал сүргээ хангинатал янцгаан үүрсэх хүлэг морьдоо, сүү саалийн үнэр ханхалсан монгол гэрүүдээ, хатуу зөөлнөөр ээлжлэн эргэх дөрвөн улирлын өнгөө хааяа элэг зүрхэндээ санах бүрд, сэтгэл минь өвөл шиг жиндэж, хавар шиг шуурч, зун шиг дэлгэрч, намар шиг налайн "нутагтаа нэг очих сон доо" гэж санаа алдахуйяа, айргийн үнэр хамар цоргих шиг л санагдах.
 
Харь энэ нутагт, үзэж сонирхох амьтдын хүрээлэн идэж уух амттан, ээлжлэх хатуу зөөлөн улирал байдаг хэдий ч Монголын минь амьдрал шиг сэтгэл уяраах нь үгүй. Хайлган хавар цагт сакура цэцэглэхийг үзсэн ч, хээр талд минь хэнзлэн ургах яргуйн үнэр шиг хамар цоргидоггүй юм.
 
Хааяа нэг "нэрийн" шар айраг ууж суухад намрын чимчигнэсэн айраг шиг сэтгэл согтоодогггүй юм. Өсөх бага наснаасаа, өдий болтол үзэж туулсан монгол ахуй, жаргал зовлон шиг ээлжлэн ээлжлэх дөрвөн улирлаа санах бүрдээ сэтгэлдээ жиндэж, хайлан уярдаг юм, тэд...
 
...Дэлгэр зуны тэнгэрт шуранхайлан дуурсах уртын дууны аялгуунд дэнж хотойлгон наадах монгол наадам, өвлийг өнөтэй даван ирж яваа цагаа бэлэгдэл монгол "цагаан сар" аа өөрсдийн амьдарч байгаа газар бүхэндээ боломжоороо тэмдэглэн, алтан соёмбот далбаандаа мөргөж "Халуун элгэн нутаг"-аа дуулан хүндэтгэх тэдний аньсага нь чийгтэж, сэтгэл нь уярч, зүрхэндээ омогшдог юм.
 
Харь энэ нутагт дэлхий дахинаа гайхуулсан өч төчнөөн  спортын гайхамшигийг үзэж сонирхож явах хэдий ч монгол наадам, цагаан сар шиг ёслол төгөлдөрийг үзсэн нь үгүй. Хаа газрын урлагийн гайхамшигийг үзэж, сонсож баясан бишрэх хэдий ч, морин хуурын аялгуунд уртын дуу шиг тэнгэрт тасарч эргэж зүрхэнд минь эгшиглэхийг сонссон нь үгүй.
 
Жилдээ ганц болдог наадам, цагаан сараа харь газар байгаа монголчууд хамтдаа тэмдэглэхдээ, бэлэгтэй сайхан ерөөл, инээд баясал, дуу хуураар харийн тэнгэрт, монголын салхийг сэвэлзүүлэн баясгадаг юм тэд. Энэ үедээ, их Монголын хэлтэрхий энэ дэлхийн дайдад сүр хүчээ алдаагүйг бахдан сануулдаг юм, тэд...
 
Харь орнууд хөгжлөөрөө, үзэмжээрээ, боломжоороо Монголоос минь илүү байж болох хэдий ч, тэгтлээ сэтгэл алдарч хоргодох нь үгүй. "Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн эжий минь" гэдэгчлэн төрж өссөн Монгол нутаг минь сэтгэлд илүү ойрхон.
 
"Эх орон" гэдэг буцаад очиход нөмөр нөөлөгтэй, дулаахан гэр минь юм. Эх орны минь уулс толгод нь ухаанаа цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ хянан байж намайг сургаж ухааруулдаг "аав" минь юм.
 
Эх орны минь урсгал сайхан гол мөрөн минь, хатуу зөөлнөөрөө бүхнийг тэнцүүлж хайр энэрлээрээ цаг ямагт бялхаж байдаг "ээж" минь юм.
Эх орноо хайрлана гэдэг сэтгэлийн гүнээс гарах үг, зүрхний чанадаас урсах нулимс юм.
 
Г.Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com