sonin.mn
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс, харшлын их эмч С.Янжмаатай ярилцлаа. 
 
-Хавар, зуны улиралд хүмүүсийн харшил их хөдөлдөг. Энэ юутай холбоотой вэ? 
 
-Харшлын өвчнүүд дотор улирлын шинж чанартай нь дийлэнх хувийг эзэлдэг. Тэр дундаа ургамлын тоос, тоосонцор, нарны харшил нь зуны улиралд эрчимждэг бол өвөл буурч, шинж тэмдэггүй болж намждаг. Арьсны өвчин судлалын үндэсний төвд үзүүлж байгаа нийт үйлчлүүлэгчдийн дунд амьсгалын замын харшил тэр дундаа ургамлын тоос, тоосонцрын харшилтай хүмүүс ихэсч байна.
 
Ургамлын тоос тоосонцрын харшлыг дунд нь гурван бүлэгт хувааж үздэг. Модлог ургамлын харшил нь дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд зургаадугаар сарын эхэн хүртэлх хугацаанд илэрдэг. Мөн үет ургамлын харшил бий. Одоо хүмүүсийн үет ургамлын харшил хөдөлдөг үе.
 
Үет ургамалд ерхөг, согоовор, биелэг гэх ургамлууд багтдаг. Наадмын дараагаас эхлээд зэрлэг ургамал буюу шарилж, луулийн харшилтай хүмүүсийн харшил хөдөлж эхэлдэг. Нарны харшлын хувьд жил бүр гуравдугаар сарын дунд үеэс эхлээд зуны турш үргэлжилдэг. 
 
-Нийт хэдэн төрлийн харшил байдаг юм вэ?
 
 -Шалтгаанаасаа хамаараад тоолж баршгүй олон төрлийн харшил бий. Сүүлийн жилүүдэд хоолны харшил нэмэгдэж байгаа. Хоол ундандаа анхаарал тавьж сонголтоо зөв хийх хэрэгтэй. Энэ тал дээр мэргэжлийн хяналтынхан сайн анхаараасай гэж боддог.
 
Хилээр маш олон төрлийн шошготой доторх найрлага нь үл мэдэгдэх бүтээгдэхүүн их орж ирж байна. Манайхан хугацаа, гаднах байдлыг нь хараад таалагдвал авч хэрэглэдэг. Доторх найрлагыг анхаарах хэрэгтэй. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх учраас дор бүртээ анхаарч шалгах ёстой. 
 
-Харшлын шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
 
 - Ургамлын тоос тоосонцорын харшлын хувьд хүнд илрэх шинж тэмдгүүд нь өөр өөр. Ургамлын харшлын үед ихэвчлэн нулимс гоожих, нүд улайх, загатнах, хамар битүүрч, нус гоожих, найтаалгах шинж тэмдгүүд илэрдэг. Ерөнхийдөө илрэх шинж тэмдэг бүх хүнд адилхан байдаг боловч сорилын шинжилгээгээр өөр өөр ургамлын харшилтай болохыг тогтоодог.
 
Тиймээс харшил хөдлөхөөс урдчилан сэргийлэх, хөдөлсөн үед мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ бичүүлэх зайлшгүй шаардлагатай. Нарны харшил гэдэг нь нарны хэт ягаан, хортой туяаны нөлөөлөл арьсны эсүүдийн хамгаалах чадвараас давж гарснаас болж үүсдэг. Нүүрний төвгөр хэсэг буюу хацар, хамрын арьс, гар мөр шуу, хүзүүний хэсгээр улайж гөвдрүүт тууралт гарах байдлаар эхэлж ажиглагддаг.
 
Хүндэрсэн тохиолдолд цэврүүнцэр тууралт гараад, хагарч эдгэхээрээ соривжилт үүсэх хандлагатай байдаг учир хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авах шаардлагатай. Озоны давхрага цоорсноос үүдэн нарны хортой туяа ихэссэн учир зөвхөн хүн төдийгүй амьтан ургамалд ч сөрөг нөлөө үзүүлдэг. 
 
-Нарны харшлаас яаж хамгаалах вэ? 
 
-Хэт задгай хувцастай явахгүй байх, тэр дундаа үдийн халуун буюу 12-16 цагийн хооронд гадаа явахгүй байхыг зөвлөдөг. Нарны харшилтай хүмүүс эмчилгээ хийлгэхээс гадна нарнаас хамгаалах нь их чухал. Гадуур явахдаа нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийтэд нарны харшил түгээмэл болж байна.
 
Энэ нь нийт арьсны эмч, ард иргэдийн сэтгэлийг зовоосон асуудал болж байгаа. Яагаад гэхээр нарны харшил нь арьс цайх өвчин, арьсны хорт хавдрын эхлэл болох тохиолдол бий. Мөн арьсыг үрчийлгэж, хөгшрөлтийн процессыг хамгийн хүчтэй эр- чим жүүлдэг. Иймээс сүүлийн жилүүдэд нарны харшлыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулж байна. 
 
- Харшил өгдөг хүчин зүйлээс гадна харшлын өвчлөлд сөргөөр нөлөөлдөг зүйл байдаг уу. Сүүлийн үед хийсэн судалгаа бий юу?
 
 -Өвчнөөс нь хамаараад эмч нар янз бүрийн судалгааны ажил хийж байна. Зөвхөн арьсны эмч гэхгүй дотрын, сэтгэл судлаач, сэтгэл зүйч эмч нарын хийсэн маш олон судалгаа бий. Тэднээс ажиглаж байхад сэтгэцийн эмчийн судалгааны ажил онцгой анхаарал татсан. Тэр нь юу вэ гэхээр хүнд эсийн болон шингэний гэсэн хоёр төрлийн дархлааны систем байдаг.
 
Дархлааны системийн тэнцвэрт байдлыг алдагдуулан харшлын өвчинд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь стресс гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс санаа зовох, байнгын стресст орохгүй байх нь чухал. Стресст орсноороо тухайн өвчнийг хүндрүүлэх байдал ажиглагддаг.
 
Ялангуяа эцэг эх, эмээ өвөө нь хүүхдээ дагуулан эмчид үзүүлэхдээ санаа нь маш их зовсон байдалтай ханддаг. Тэгснээр хүүхэд өөрөө, би их хүнд өвдсөн юм байна гэсэн ойлголттой болдог. Ийм хүүхэд харшлын улиралд бусад айлын хүүхдүүдээс хамаагүй хүнд өвддөг. Энэ бол стресс нөлөөлж байгаагийн жишээ.
 
 -Стрессээс гадна тухайн хүний бие физиологийн онцлогоос шалтгаалах уу, яг ямар тохиолдолд харшлаар өвчилдөг вэ? 
 
- Харшил бол удамшлын өвчин биш ч удамших хандлагатай гэж үздэг. Тиймээс ээж аавын аль нэг нь харшлын өвчтэй байвал хүүхэд нь харшилтай байх магадлал 50, ээж аав нь хоёулаа харшилтай бол харшилтай төрөх магадлал 70-80 хувьтай гэсэн судалгааны дүн бий. Түүнээс гадна хүрээлэн буй орчин маш чухал.
 
Хүн эрүүл орчинд амьдрах ёстой. Улаанбаатар хотын иргэдийн хувьд эрүүл зүлэггүй, хогийн ургамал ургаж, тоос шороо бургисан, өвөл нь асар их утаатай, агаарын бохирдол дунд амьдардаг тул харшил хамгийн хүнд асуудал болсон. Харшил нь яваандаа астма болж хүндэрдэг. Астма нь хүнийг амьсгалын дутагдалд оруулдаг хүнд өвчин учраас ийм байдалд орохгүйн тулд эмч нар төдийгүй төр засгаас анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон.
 
 - Цаашдаа бүрэн эдгэрэх боломж бий юу? 
 
- Харшил эмчилгээ сайн авдаг. Эмчилгээний үр дүн өндөртэй. Гэсэн хэдий ч цусанд хадгалагдаад үлдсэн харшлын бодис насан туршд нь байдаг учир сэдрэх магадлал хэзээд бий гэдгийг мартаж болохгүй.
 
 -Харшлаар өвчлөгсдийн дийлэнх нь хэдээс хэдэн насных байдаг вэ? 
 
- Харшлаасаа хамаараад өөр байна. Хоол хүнсний харшлаар бага насныхан өвдөх хандлагатай байдаг. Амьсгалын замын харшлаар оюутан, сурагчид өвчлөх хандлага их байхад насанд хүрэгчдийн дунд бага бий. Настай хүмүүс өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр илэрдэг. Энэ нь нас ахиад ирэхээр дархлааны идэвхжил бага байдагтай холбоотой. 
 
-Амьсгалын замын харшил юунаас үүсдэг вэ? 
 
- Ургамлын тоос тоосонцор, гэрийн тоос, хачиг, өрөө тасалгааны агаарт буй хөгцний мөөгөнцөр болон амьтнаас үүсдэг. Нохой, муурын үснээс харшилтай болох тохиол дол сүүлийн жилүүдэд ихэссэн.
 
Хэрвээ нохой, муур гэртээ тэжээх гэж байгаа бол тухайн амьтанд тохирсон саван, шампуныг хэрэглэж, тохирсон хоол ундыг нь өгч чадах амьдралын боломжтой байх хэрэгтэй. Үгүй бол тухайн амьтныг зовоох, нөгөө талаасаа өөрсдөө давхар өвчлөх магадлалтай учир зөв тэжээж, арчлах шаардлагатай.
 
 - Аль нэг зүйлээс харшилтай бол өөр зүйлээс харшлах магадлал ихтэй гэсэн. Энэ үнэн үү? 
 
- Харшлын зөрлөг урвал хүний биед явагддаг. Ингэснээр харшлыг буруу таньдаг. Жишээлбэл, шарилжинд харшилтай хүн жимс, ногоо, алим, тооронд харшилтай байдаг. Өвөл ч гэсэн тоор жимс идэхээр шарилжны харшил нь хөдөлж байгаа мэт шинж тэмдэг илэрдэг.
 
Тиймээс хоол унд, ургамлын харшил бүгд хоорондоо холбоотой. Нэг зүйлээс харшилтай болсон хүн өөр олон зүйлээс харшлах магадлалттай байдаг учир анхааралтай байх хэрэгтэй.
 
 - Дээхнэ үед хүмүүс харшил гэж төдийлөн ярьдаггүй байсан санагдах юм. Харин сүүлийн үед харшилгүй хүн ховор болж. Үүнд юу нөлөөлөөд байна вэ?
 
 -Хоёр талтай. Нэг нь байгаль орчны нөлөө байна. Озоны давхрага цоорсон, үйлдвэржилт, хотжилт ихэссэн. Энэ бүхнийг бид өөрсдөө хийж, байгаль орчноо тодорхой хэмжээгээр бохирдуулж байгаа учир эргээд хүмүүст нөлөөлж болох юм.
 
Түүнээс гадна хүмүүсийн амьдралын хэвшил өөрчлөгдсөн. Идэж ууж байгаа хоол, ундны бүтэц огт өөр болсонтой холбоотойгоор хүний бие мэдрэг, эмзэг болсон байж болно. 
 
Э.Төвчимэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин