sonin.mn
Эх дагины номын өргөө байгаад хожим нь МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль болсон барилга өнгөрсөн 23-нд зул болсон. Уг барилгад гал гарахад гал унтраах ангийн 40 албан хаагч шөнийн гурван цаг хүртэл ажилласан. Тус барилга 130 жилийн настай. Нийслэл хотын түүхийн нэг хэсэг байлаа. Харамсалтай нь шатахаас өмнөх сүүлийн үеийн гэрэл зураг нь ч үлдсэнгүй.
 
Харин өчигдөр тус циркэд ажиллаж байсан хүмүүс мэдээлэл хийв. Тэд “Циркийн жүжигчид тоглолт бэлтгэл хийх байргүй болсныг төр засгийн удирдлагуудад хүргэх гэж бид цуглалаа. Маш даруйхан засч сэлбэж, үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай болоод байна. 40-өөд оноос үйл ажиллагаа явуулж байсан энэ сургуулиас дэлхийд алдартай бүхий л уран бүтээлчид төрж гардаг байсан. Одоо циркийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Циркийн урлаг Монгол Улсад хэрэгтэй гэж үзэж байгаа бол бидэнд бэлтгэл сургуулилтаа хийх орон байрыг бэлтгэж өгөх хэрэгтэй. Хөгжим бүжгийн коллежид бэлтгэл хийж эхэлсэн гэдэг мэдээлэл худлаа. Үлдсэн түүхэн баримт, зураг хөргөө гаргаж, Хөгжим бүжгийн коллеж руу зөөсөн.
Ер нь зүгээр нэг заал биш, тусгай төхеөрөмж, хамгаалалтын хэрэгсэл, тоноглол бүхий тусгай байр бидэнд хэрэгтэй. Сургууль шатахад хэний буруутай, буруугүйг ярих нь гол биш. Энэ том соёлын түүхэн өвөө алдсан нь гол. Монгол Улсын циркийн жүжигчид дэлхийн өнцөг булан бүрт очиж улс эх орныхоо нэрийг дуурсгаж явах ёстой гэж үзэж байгаа бол энэ асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй байна. Амралтын цаг ирж, сонгууль дөхөж байгаа энэ үед бид дуу хоолойгоо нэгтгэхгүй бол төр засаг анхаарлаа хандуулахгүй, чимээгүй өнгөрөх магадлал өндөр байгаа юм" гэжээ.
 
Тухайн циркэд 60 гаруй сурагч, 100 орчим уран бүтээлчид бэлтгэл сургуулилтаа базааж, амьдрал ахуйгаа залгуулж байсан гэдгээ хэлжээ. Уг нь бол энэ тооноос нэлээд бага хүн л эргэлдэж байдаг. Гадаад, дотоод яваад ирэхээрээ ордог хэдэн циркчингээ нэмээд дээрх тоог гаргасан байх. 
 
Ерөнхийдөө циркийн сургуульгүй болсон. Сургуультай болго гэсэн дохиог л өгсөн үйл явдал л даа. Үнэхээр ч тэнд ирэн очин байдаг хэдэн циркчнээс өөр хүн байхгүй. Хэрэв тэд дуугарахгүй бол ингээд өнгөрөх асуудал. Одоо мэдээлэл хийгээд нийтэд ярьчихлаа. Цаашаагаа харин таг чиг болчихож мэдэх юм. Дээрээ ч тэр, доороо ч тэр.
 
Циркийнхэн л аргагүй эрх ашиг нь хөндөгдөөд дуугарч байгаа болохоос зөвхөн циркийн урлагтай хамаатай эд биш л дээ. Уг барилга нь өдгөөгөөс 130 гаруй жилийн тэртээ буюу 1880 оны орчим баригдсан байдаг. Анхандаа Богд Жавзундамба хааны их хатан Дондогдуламын зуны сэрүүн лавиран нь байжээ. Уг сэрүүн өргөөндөө их хатан бурхан тахил, ном судар хадгалахаас гадна уран дархан, сийлбэрч, барималч, оёдолчин, бичгийн их мэргэд амьдарч, бүтээлээ туурвидаг байсан аж. Тэр цагаас “Эх дагины номун өргөө” хэмээн нэрийджээ. 
 
Түүгээр барахгүй дайны цагт зэр зэвсэг хүртэл хадгалах агуулах болгон ашиглаж байсан гэх мэдээ бий. Харин 40-өөд оноос маршал Х.Чойбалсан номын өргөөг циркийн зориулалтаар ашиглах тухай тушаал гаргасан байдаг. Ингэснээр дуганы голд байх дөрвөн баганыг архитектор Намхайцэрэн гүүрийн холбоос хийх аргаар дотоод зохион байгуулалтыг нь өөрчлөн циркийн манежийг бүтээжээ. Хожим нь 1971 онд Улсын цирк шинэ барилгатай болсноор хуучин циркийг Циркийн сургууль болгон шинээр суралцагсад бэлтгэлээ хийх болсон байна.
 
Харин одоо шатчихлаа. Сэргээн засварлалаа гэхэд шинээр барихаас аргагүй муудсан байна билээ. Ерөөс хүмүүс өөрсдийн эрх ашгаа бодох эрхтэй. Үүнийгч өнгөрсөн зуунд олон уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгчид тунхагласан. Айн Рэнд, Милтон Фридман нарын зөгнөсөн тэрхэв маяг руу хүн төрөлхтөн ороод байгаа. Энэ тохиолдолд нийтийн дунд байгаа соёлын зүйлсэд бүгдээрээ анхаараад явж чадахгүй. Түүнийг төрд татвар төлж, төр хэмээх бидний хөлсөлсөн бүлэг хүмүүс хамгаалах үүрэгтэй юм. 
 
Гэвч өнгөрсөн хугацаанд эх дагины номын өргөөг анхаарсан байдал нь даанч харамсмаар. Зуны улиралд дээврээс нь дусаал гоожиж, өвөлдөө халаалттай байсан ч салхи сийгэж хүйт даасан байдалтай олон оныг үдсэн гэдэг. Ямар аргатайдаа л Монгол Улсын болон ОХУ-ын СТА, ахмад циркчин Г.Доржнамжил “Циркийн урлагийг дэмжихгүй, сургуулийн барилгад засвар хийж өгөхгүй устгах гээд байгаа бол бид энэ барилгадаа дарагдаад үхсэн ч яахав” гэж байх билээ. 
 
Хоёр гурван жилийн л өмнөх явдал шүү дээ. Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулж болохгүй гээд байсан тул арга буюу Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хандаж байсан байдаг. Гэвч соёл хариуцсан яам юу ч хийсэнгүй. Гадаадад яваа ястай л хөөцөлдөөд байлаа. Дотоодод нь байгаа дурсгал нь үмхэрч илжрээд, одоо бүр шатчихлаа.
 
Аливаа улсын сүр хүч нь насандаа байдаг тал бий. Хятадууд өөрсдийгөө төрт ёсны 5000 жилийн түүхтэй гэж хөөрөгддөг. Яг нарийн батлагдаагүй зүйл. Мөн нийслэлүүд эртний барилга байгууламжуудаараа өрсөлддөг. Эртний үнэт үл хөдлөх дурсгал хэр олон байна тэр хэрээр үзэх юмтай байна гэсэн үг. Жуулчид татах хэрэгсэл нь ч тэр болно. Бид дэргэдээ байгаа зүйлсдээ дэндүү хайхрамжгүй хандаж байна. Энэ хэрээрээ өнгөрсөн зуунд биш өнгөрсөн жил байгуулагдсан хот шиг болох нь. Ямартай ч бусад хүмүүс тэгэж л харна. 
 
Өнөөдөр нийслэлд жуулчин татаж их мөнгө олох тухай яриад байгаа. Тэр жуулчид хотод ирж байгаа бол хэдэн блокон байшин харах гэдэггүй. Машин дүүрэн чихсэн зам нь ч сонин биш. Өөрсдөд нь өндөр байшин, өргөн зам хангалттай бий. Харин Монгол Улсын сүүлийн эзэн хаан Богдын Жавзундамба гэгээний өргөө, түүний их хатан Дондогдулам дагины зуны сэрүүн лаврин л сонирхолтой. Хархорины туурь, Цогтын балгасын үлдэгдэл л анхаарал татна. Түүнээс саяхан барьсан шинэ хөшөө мянга үзүүлээд сонирхохгүй. Дахиж ч ирэхгүй юм болно.
 
Ганц гагнуур хийхдээ л хуучны модон барилгаа галд өргөчихөж байгаа энэ байдлаа одоо засаасай. Манайд далайн эрэг, дарвуулт завь, ягааны гудамж, шөнө дөлөөр ажилладаг уушийн газар, дээд зэрэглэлийн зочид буудал аль нь ч байхгүй. Тийм болохоор энэ бүс нутаг амралтаа өнгөрөөх хүмүүсийн анхаарлыг татдаггүй юм. Харин илүү сониуч, соёл судлаач, түүх домогт дуртай хүмүүсийн ирдэг газар. Тэнд нь тэгээд түүхийн үлдэгдэл юу байна вэ.
 
Дагины лаврин шатсан нь түүхийн дурсгалт газруудаа хайрлаж хамгаалах том сургамж боллоо. Одоо Ардын түр Засгийн газар түр байрлаж байсан байшин, “Өндөр хоршоо”-ны хоёр давхар байшин, Богд хааны ногоон ордон музейн цогцолбор, Гэр хэлбэрт модон дуганууд, Гэсэр сүмийн цогцолбор, Сонгинохайрхан уулын өвөрт орших Тоорил ханы ордон хэмээн нэрлэдэг ордны туурь, Чойжин ламын сүм музейн цогцолборууд ямар байдалтай байна вэ. 
 
Ихэнх нь шүдэнз хүргэхэд дүрсхийгээд алга болохоор байгаа. Эдгээр дурсгалуудад циркчид байхгүй. Тийм болохоор шатчихад араас нь ажлын байргүй боллоо гээд хэл ам хийх хүн ч гарахгүй гэсэн үг. Одоо анхааралдаа авч хөрөнгө хүчээ хаях цаг нь болжээ.
 
Ж.Баярсайхан 
Эх сурвалж: