sonin.mn
Монголын телевизүүдийн холбоо, телевизийн удирдлагууд хуралдаад энэ удаагийн үндэсний их баяр наадмыг хамтран шууд дамжуулах шийдвэр гаргажээ.
 
Улмаар энэ шийдвэрийг нь  Үндэсний их баяр наадмын комисс хурлаараа авч хэлэлцээд, дэмжсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Тодруулбал нэр бүхий 15 телевизээр эрийн гурван наадмын үйл ажиллагааг нэг тайлбар, нэг дүрсээр шууд дамжуулах шууд нэвтрүүлгийн дундын нэг багтай байхаар болсон байна. Ингэснээр МҮОНТ энэ удаагийн үндэсний баяр наадмыг дангаараа шууд дамжуулахаас гадна Монголын телевизүүдийн холбооны баг нэгдэж ажиллах аж.  
 
Сүүлийн үед телевизүүдийн тоо өсөн нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт ажиллаж байгаа шууд нэвтрүүлгийн баг олон болсон. Олон камер, сурвалжлагч нар байдгаас наадам үзэх нөхцөл бололцоо муу байдаг гэсэн гомдолыг иргэд олон жил хэлсээр ирсэн нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн гэдгийг хурлын үеэр хэлж байлаа. Улмаар “Энэ удаагийн үндэсний их баяр наадмыг маш өндөр технологиор өндөр түвшинд, тив дэлхийн олимпийн наадмын хэмжээнд шууд дамжуулах болно.
 
Цээжний морьд дээр бүх телевизийн машин овоорч зураг авахгүй гэсэн үг. Ердөө л дөрвөн машин морь дагаж бичлэг хийнэ. Төв цэнгэлдэх  хүрээлэнд ч олон телевиз, сэтгүүлчид бөөгнөрөхгүй гэсэн үг. ” хэмээсэн юм.  
 
Энэхүү анх удаагийн шууд нэвтрүүлгийг нийтдээ өргөн нэвтрүүлгийн 15 телевиз (ТМ, STAR, ЭХ ОРОН, МОНГОЛ HD, TV9, NTV, ШИНЭ ДЭЛХИЙ, EAGLE, SBN, TV5, MN25, TV8, UBS, C1,БОЛОВСРОЛ) хамтран баг бүрдүүлж шууд дамжуулах аж. Харин шууд нэвтрүүлийн ерөнхий найруулагчаар NTV телевизийн ерөнхий найруулагч, “On&of”-ын н.Тулга ажиллах юм байна.
 
Шууд нэвтрүүлгийн тайлбарлагч нар хүртэл сонгогджээ. Харин наадмыг сурвалжлах мэдээний багаа телевизүүд тус тусдаа гаргаж, өөрсдийн өнгө аясаа харуулах юм байна.