sonin.mn
Л.Оюун-Эрдэнэ АНУ-д Харвардад суралцахаар одох гэж байхдаа Вашингтон ДС -д надтай ирж уулзсан юм. Ардчиллыг анхнаас нь сонирхож "алтан хараацай" нь байгаагүй ч, сэтгэл зүрхээрээ дэмжиж явсан миний хувьд, өөрөө тэгтлээ ойшоодоггүй байсан МАН-ын залуу лидер энэ залуутай уулзаж ярилцах сонин байлаа.
 
Бид тэр орой нилээд нээлттэй ярилцав. Зүгээр л залуу хүний хувьд түүний санаа бодол минийхтэй олон зүйл дээр нийлж байсан. Би түүнд тоглоом шоглоомоор "Чиний нам чинь надад таалагддаггүй ч, хувь хүнийхээ хувьд чи надад таалагдлаа" гэж хэлсэн. Хэтэрхий нэг талыг барьсан гэмээр миний хазгай сэтгэлгээнд түүний хариултууд надад нэгэн өвөрмөц сэтгэгдэл үлдээсэн юм.
 
Магадгүй алив зүйлийг зөвхөн нэг талын итгэл үнэмшлээр бус олон талаас нь харах сэдлийг тэр надад үлдээсэн байж болох. Гэхдээ залуу хүнийх нь хувьд би түүнд сэтгэл хангалуун байлаа. Тэр тусмаа Харвадад сурахаар одож байгаа түүнд яагаад ч юм бэ? итгэл урам хайрлах сэтгэл төрсөн сөн.
 
Түүнээс хойш нилээдгүй хугацаанд бид хоёр зөндөө л уулзаж ярилцсан. Өөрийнхөө хийж байгаа цуврал ярилцлагад оруулах саналыг минь тэрээр "Галаа ахаа, дүү нь Харвардад суралцаж нилээд зүйлийг ойлгох түвшинд хүрч байж ярилцлага хийе" гэж хариулсан. Би ч зөвшөөрөхдөө "энэ залуу Монголын өнөөгийн улстөрийг дэлхийн хэмжээтэй харьцуулж байж яриг дээ" гэж дотроо өгүүлсэн хэрэг. Нилээд хугацааны дараа бид хоёр ярилцлага хийсэн л дээ. Ярилцлага маань доорхи линкэн дээр байгаа. Та сонирхвол уншиж болно.
 
"Хүн бүхэн хот руу тэмүүлж байхад би хөдөөг сонгосон" \ярилцлага-18\ Л.Оюун-Эрдэнэ
 
Хэнтий аймгийн Бэрх тосгонд өвөө дээрээ өссөн энэ залуу амьдралын гараагаа хөдөөнөөс эхэлж, олон улсын төслийн байгууллагад ажиллаж, МАН-ын удирдах түвшинд хүртлээ өссөн замнал нь надад сонин байв. Монголын улстөрийн бохир ч юм шиг, эрсдэлтэй ч юм шиг энэ ертөнцөд оюун ухаан, мэдлэг чадвараараа өөрийн орон зайг бий болгосон замнал нь тийм ч амар байгаагүйг би ойлгож байлаа.
 
Өдгөөгийн Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн суралцаж төгссөн Харвардын Жон Кеннедийн сургуулийг цэл залуу насандаа суралцаж төгссөн нь хувь заяаных нь тохиол байх.
 
Тэрээр Вашингтон ДС д завдал болгож ирэхдээ надтай боломж гарган уулзаж, Монголын улстөрийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ хуваалцаж, саналаа солилцоно. Тэр болгондоо бид хоёр гаргалаа, шийдлийн талаар илэн далангүй ярилцах.
 
Харвардад суралцаж байхдаа 80 орчим монгол залуусыг Харвардын сургуультай танилцуулж, Харвардын оюутнуудыг Монголд аваачин уулзалт хийлгэн, АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзан санал бодлоо хуваалцан Монголын хөгжилд тэдний оролцоог бий болгох талаар санаа тавьж байсан юм.
 
Бараг 7 жилийн өмнө Харвард, МIТ-ийн оюутнуудтай уулзахад дэндүү салангид мэт санагдаж байсан тийм ч дотно бус харилцаа энэ жил ойртон зөөлрөв. Бид хэд хэдэн удаа тэдэнтэй уулзахдаа ойртож дотноссон энэ харилцааг мэдэрч байлаа. Өнгөрсөн хавар Харвардын 5 сургуулийн хэмжээнд Монголыг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулахад нь би дэмжиж оролцож байв.
 
Энэ бол Харвардад Монголын залуусыг ойртуулах оролдлого байв. Тэгээд л би түүнийг үнэлж дэмжиж байсан хэрэг. Тийм ч учраас Харвардын Кеннедийн Их Сургуулийн төгсөлт дээр нь түүнд хүндэтгэл үзүүлэн зорьж очсон юм.
 
Сургуулиа төгсөхөд нь бид хоёр Монголын улстөрийн шинэчлэлийн талаар ярилцаж, хэд хэдэн асуудал дээр санаа нэгдсэн. Тоймчлон өгүүлбэл:
 
1. МОНГОЛЫН УЛСТӨРИЙГ НАМЧИРХСАН ТАЛЦААНААС АНГИЖРУУЛАХ. МАН, АН-уудад миний хувьд үнэлж хүндэлдэг залуу улстөрчид болон ирээдүйгээ өөдрөг сайнаар харж мэдэрч байгаа нилээдгүй залуус бий. Тэд бие биентэйгээ уулзаж, санаа бодлоо солилцон ойлголцох хүсэлтэй байдаг хэдий ч намуудын талцлын улмаас тийм боломж тэдэнд олддоггүй.
 
Хэтэрхий архагшиж хуучирсан намуудын ахмад гишүүд тэдэнд ийм боломжийг олгохыг хүсэхгүй. Тэдний хувьд эдгээр залуус намчирхаж талцсан наймаалцлалд "хүүхэлдэй" мэт хэрэгтэй. Тийм ч учраас тэд улс орны нэгдмэл эрх ашигт бус намуудын бүлэглэлийн эрх ашигт таацсан шийдвэрийг гаргуулахдаа тэднийг ашиглана.
 
Тийм болохоор энэ заваарлыг зогсоож, хэдийгээр намууд өөр өөрийн үзэл бодолтой ханддаг ч Монгол улсын эрх ашиг, монгол хүний үнэ цэнэ хийгээд хөгжилд нөлөөлөх шийдвэрүүд дээр залуус нэгдэх хэрэгтэй гэдэг санаан дээр нэгдсэн. Өөрөөр хэлбэл намуудын эрх ашгаас Монгол орны эрх ашгийг дээдлэх хэрэгтэй гэсэн үг.
 
2. МОНГОЛЫН УЛСТӨРИЙГ БИЗНЕСЭЭС САЛГАХ. МАН, АН-ын хувьд дангаараа болон хамтран Засгийн эрхийг барьж байхдаа Монголын улстөрийг бизнес болгон хувиргасан. Монголын улстөрд орсон хэн боловч мэдээлэл авах, шийдвэр гаргах түвшинд ойр байдгийнхаа хувьд уг боломжийг бизнес болгон ашигласаар ирлээ.
 
Тэд хот болон орон нутгийн эрх мэдлүүдийг өөрийн танил талаараа дамжуулан авч, төндөр хэрэгжүүлэх болон авилгал авах замаар бүх бизнесүүдэд нөлөөлөхийг хичээх болжээ. Төрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалууд болон олон улсын зээл тусламж, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайнуудын гэрээ хэлэлцээрүүдэд тэд хувь эзэмшихийг санаархаж байгаа.
 
Тэд энэ улайралдаа намын жирийн гишүүд болон өөрсдийн томилсон "гар хөл"-үүдээ ашигладаг. Одоо тэд хууль бус энэ тогтолцоогоо бэхжүүлэх, хариуцлагаас зайлсхийх, улмаар Монголын улстөрд үе дамжин нөлөөллөө тогтоохыг хүсч улайрах болжээ. Улстөр иргэдэд шударгаар бизнес хийх боломжийг олгохоос бус өөрөө бизнес болон ашиглагдах учиргүй гэдэг дээр бид санал нийлж байгаа.
 
3. УЛСТӨРИЙН ШИЙДВЭР НЬ СУДАЛГАА, СТАТИСТИК ДЭЭР ТУЛГУУРЛАХ ЁСТОЙ. Эс тэгвэл хэрэгжих баталгаа болон үр дүн нь муу байх магадлал өндөр. Монголын улстөрийн өнөөгийн гаргаж байгаа шийдвэрүүд нь судалгаа, статистик үзүүлэлт дээр тулгуурлахгүйгээр баримжаа маягаар гарч байгаа учраас амьдрал дээр хэрэгжих баталгаа муу.
 
Мөн улстөрийн намууд дахь бүлэглэлүүд, бизнесийн ашиг сонирхолтой хэсгүүд өөрсөддөө ашигтай байдлаар шийдвэр гаргуулж, түүнийг нь хэн ч албан баримтаар няцаадаггүй учраас энэ нь хардлага, таамаглал дээр тулгуурласан хэрүүл маргааныг өгдөөхөөс хэтэрдэггүй. Хариуцлага хүлээхгүй байгаа өнөөгийн тогтолцоо нь улстөрчдийн эрээ цээрээгүй дураараа авирлах боломж нь болон хувирч байгаа хэрэг.
 
Тийм ч учраас гарч байгаа улстөрийн шийдвэрүүд хийгээд, улстөрчдийн хууль бус, ес зүйгүй үйлдлийн эсрэг олон нийтийн судалгаа, статистик дээр тулгуурласан бодит хяналтын тогтолцоог бий болгон дэмжих хэрэгтэй гэдэг дээр бид санал нийлж байгаа юм.
 
4. МОНГОЛЫН УЛСТӨР МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ РУУ ХАНДАХ ЁСТОЙ. Өнөөгийн Монголын улстөрийн сонгуульд ялсан нам нь ЗГ хийгээд орон нутгийн шийдвэр гаргах түвшний бүх ажилтнуудыг өөрийн намын гишүүдээр сольж, өмнө хэрэгжиж байсан олон төслүүдийг үгүйсгэн дур зоргоороо өөрчилж байгаа нь улстөрийн тогтворгүй, олон нийтэд итгэлгүй байдлыг бий болгож байгаа хэрэг.
 
Ийм байдлын улмаас олон нийтийн зүгээс төрд итгэх итгэл, төрийг хүндлэх хүндлэл үгүй болж байна. УИХ болон ЗГ, орон нутгийн эрх барих түвшинд мэргэжлийн, хариуцлагатай хүмүүсийг тогтвортой ажиллуулж, бодлогыг дор хаяж 20-иос дээш жилийн түвшинд судлан боловсруулах учиртай.
 
Нэгэнт тогтсон бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар намууд мөрийн хөтөлбрөө боловсруулан өрсөлдөж, хариуцлагаа ч хүлээж байх ёстой гэдэг дээр бид санал нийлж байгаа юм. Аажим аажмаар энэ тогтолцоог бий болгохын тулд боловсон хүчний бодлого хийгээд иргэдээ хөгжүүлэх бодлого нь амин чухал асуудал байх болно.
 
5. МОНГОЛЧУУД БИД АЗИ, ЕВРОП ТИВД ХЭН БАЙХ ВЭ? Ази, Европын хамгийн хүчирхэг гүрнүүдтэй хиллэн оршдогийн хувьд монголчууд бидэнд олон давуу талууд бий. Бидний гадаад бодлогод ч давуу талууд нилээд байгааг бид ярилцаж байсан. Монголчууд бид дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн түүх соёл, гадаад харилцааны уламжлал, нүүдэлчин сэтгэхүйн олон давуу талуудаа ашиглан хөгжих боломжтой.
 
Зөвхөн газрын доорх баялгаар биш, бусад олон үнэт зүйлсээ бид ашиглан хөгжиж чадахгүй байна гэдэг дээр мөн л санал нийлж байгаа. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж боловсрол эзэмшсэн залуус, цаашид сурч боловсрох залуус, өнөөдөр дэлхийн хэмжээний нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаа монголчууд, гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд, бидний туурга нэгт монгол үндэстнүүд бүгдээрээ монголын үнэт баялаг. Бид хамтран ажиллах бүх л боломжийг нээлттэй болгох хэрэгтэй гэдэг санаа ч биднийг холбож байгаа нэгэн холбоос.
 
...Харвардыг төгсөөд уулзсан яриандаа тэрээр "Олон жилийн тэртээд Хэнтийн Бэрхийн тосгоноос ажил амьдралын гараагаа эхэлж байхдаа, хэзээ нэгэн цагт Харвардыг төгсөөд ингэж зогсож байна гэж төсөөлж байгаагүй. Харин өнөөдөр ингээд зогсож байхдаа Монголын ардчилал бидэнд ямар их боломжийг авчирч өгөө вэ? хэмээн бахархаж байна. Цаашид олон олон залуус ийм мундаг сургуулиудыг төгсөж, хамтдаа Монгол эх орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно" гэж хэлсэн юм.
 
Түүнийг Монголдоо очиход нь бахархал атаархал, зусардал хорсол хамтдаа л угтаж байгаа. Хэдийгээр амаргүй боловч Монголын өнөөгийн бохирдсон улстөрд "Галаа ах аа, би хэзээ ч эвдрэхгүй ээ, чин сэтгэлээрээ Монголын төлөө хийж чадах бүхнээ хийх болно" гэж амалсан шигээ зүтгэнэ гэж би түүнд итгэж байгаа. Тийм болохоор улстөрийн намаас нь хамааралгүйгээр хувь хүнийх нь хувьд түүнийг дэмжиж байгаа юм.
 
Тэрээр Харвардаас дэлхийн хэмжээний улстөрийн жишгийг мэдэрч, түүнд суралцаж чадсан залуусын нэг нь. Удахгүй Харвардын 40 залуус Монголд очих нь. Нэг л шинэ эхлэл мэт мэдрэмж төрөх. Эх орондоо дөнгөж буусан эхний өдрөөс нь хэвлэлээр дайрч буйг харахад харамсал төрөх. Бидний мэдэх сэхээтний нам, хөрөнгөтний нам болон өөрчлөгдөж, ерөнхийлөгчийн сурсан сургуулийг дүүргэсэн залуу боловсон хүчнээ ийн утгахыг харахад гуниг төрөх.
 
Л.Оюун-Эрдэнийг өмнө нь "сайн муу" байсан тухай элдэв яриаг би сонирхдоггүй. Одоо ч түүний өмнө сайн муу, сайхан муухай бүхэн арсалдан тэрсэлдэж байгаа. Л. Оюун-Эрдэнээ Чи энэ бүхнийг даван гарч чаднаа! Ашиг сонирхол, атаа хорсол, авилгалын сүлжээгээр хэлхэлдсэн энэ бүхнийг сөрөн зогсох хэцүү ч, Махатма Гандид бие ороох алд даавуунаас өөр юу ч байхгүй байсныг санаарай. Амьдралаа одоо байгаа хугацаанаас биш, харин юуг үлдээсэн байх ёстой гэсэн төгсгөлөөс нь харна гэж хэлж байснаа бодоорой!
 
Миний мэдэх олон зөв сэтгэлтэй эрдэм боловсролтой дүү нар минь! Та нар нэгдэн нийлж, сэрэх цаг иржээ. Та нарын сурч мэдсэн мэдлэг, ухаарал бүхэн нь Монголын хөгжилд хэрэгтэй. Та нар ирж буй цаг бас дэлхийн хэмжээнд сэтгэж буй залуусын төлөөлөл. Ийм залуус, тэдний эв нэгдлээс Монголын ирээдүй шалтгаалах болно.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах