sonin.mn
Би эх хүн. Тиймээс ч хүүхэдтэй холбоотой асуудал бүхэн сэтгэлийг минь эмтэлдэг. Ганцхан би ч биш, эх хүн бүр ингэж өөрийнхөө төдийгүй өрөөлийн үрсийн төлөө сэтгэлээ сэмлэдэг байх.
Сүүлийн үед эхчүүдийн зүрхийг зүсч, аавуудын зэвүүцлийг хүргэсэн асуудлууд боловсролын салбар тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад ихээр гарах болжээ. Хамгийн сүүлд өглөө нь эрүүл саруул гарсан хүү нуруу, мөр, цээж дүүрэн түлэнхийн сорвитой болоод гэртээ ирснийг нүдээр үзлээ.
 
Таван настай Золбоо хүү Нийслэлийн 147-р цэцэрлэгт сурдаг. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед цэцэрлэг дээрээ ийнхүү түлэгджээ. Учир явдлыг лавлавал тухайн өдөр туслах багш Төгсбаяр халуун бантан барин анги руу орж ирэх үедээ Золбоотой мөргөлдөж, барьж явсан хоолоо хүүгийн мөрөн дээр асгаснаас ийнхүү бяцхан хүү эрүүл мэндээрээ хохирчээ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энгийн нэгэн цайны газрын үйлчлүүлэгчдэд олгох 1-р хоол +75 хэм, 2-р хоол +65 хэм байхаар холбогдох журамд заасан байдаг. Тэгвэл цэцэрлэгийн хүүхдийн хоолыг халуун биш бүлээн байх ёстой гэжээ. Энэ бол хүүхэд санамсар болгоомжгүйгээс болж хоолоо асгах буюу гараараа атгасан ч түлэгдэхээргүй байх ёстой гэсэн утга гэдэг нь ойлгомжтой. Гэтэл тухайн өдрийн камерын бичлэгээс харахад туслах багш Төгсбаяр том кострултай халуун хоол барьж ангидаа орж ирээд ширээ тойрон явж тавгалдаг бололтой. Тэр ч бүү хэл, тэрбээр Золбоо хүүгийн мөрөн дээр хоол асгаж түлснийхээ дараа халуун хоолоо газар тавьж орхиод, 00 өрөө рүү харайлгаж буй харагдав. Анги дотор ямар ч хараа хяналтгүй холхилдох хүүхдүүдээс хэн нэгэн нь савтай хоолонд нэмж түлэгдчихээгүй нь ёстой л зол гэлтэй.
 
Тухайн өдөр ангийн багш нь ирээгүй учир туслах багш ганцаараа ажиллаж байсан гэнэ. Гэвч тэрбээр хүүг түлэгдсэн даруйд эмнэлгийн тусламж дуудаагүйн дээр цаг гаруйн дараа аав руу утасдан мэдэгдсэн байна.
 
Аав Б-г цэцэрлэг дээр очиход хүүгийн мөрөн дээрээс халуун юм асгаснаас гүн түлэгдсэн байдалтай угтсан бөгөөд бинтээр боож торгоосон байжээ. Айж сандарсан эцэгт элдвийг шалгааж зогсох сөхөө байсангүй, хүүгээ аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорьсон аж. Болсон явдлын талаар лавлахад туслах багш Төгсбаяр тухай бүрт өөр зүйл ярьж байсан учир хүүгийн аав цэцэрлэгийн эрхлэгч Х.Цэрэнчимэдийн өрөөнд орж, камерын бичлэг шүүлгэн тухайн өдөр болсон явдлыг нүдээр харжээ. Ийнхүү багшийн болгоомжгүй хайнга зангаас болж хохирсон хүүд эрхлэгч Х.Цэрэнчимэд эмчилгээний зардал гэж таван сая төгрөг гаргаж өгсөн гэнэ. Харин хариуцлага алдсан багш Төгсбаяр хоёр сая төгрөг шилжүүлжээ.
 
Золбоо хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтүүлж, арьс шилжүүлэн суулгах мэс засалд оруулсан байна. Хэдийгээр аав нь хүүдээ арьснаасаа өгөхийг хүсч байсан ч хүүхдийн арьс эмзэг нимгэн байдаг учир Золбоогийн гуянаас арьс авч, мөрөн дээр нь нөхөөс тавьжээ. Өвдөлтөндөө шаналан өдөр шөнөгүй уйлагнах хүүг өвчин намдаах лаа, тариа ч тайвшруулж чадсангүй. Тиймээс демодрол хүүхдийн тунгаар хийж түр зуур аргацаадаг байж. Тарианы үйлчилгээ гарах үед хүү тэсэхүйеэ бэрхээр уйлагнаж, ааваасаа аврал эрэн чарлана. Өвдөлтөндөө шаналсан хүүгээ тэвэрч аргадъя гэвч шархыг нь хөндөхөөс айна. Хэвтүүлж амраая гэвч нуруу, мөр, цээж, гуян дээрээ шархтай учир хөдөлгөөн бүр нь шарх хөндөх гэмтэй. 
 
Хэвтэн эмчлүүлэх эмчилгээ дууссан ч тэд арав хоногийн давтамжтайгаар физик эмчилгээнд явах учиртай. Харамсалтай нь физик эмчилгээнд ороход өмсдөг хувцас нь Монголд байдаггүй, солонгосоос захиж авч ирүүлдэг гэнэ. Шарханд түлхдэг тос, өвчин намдаадаг эм нь хүртэл Монголд байдаггүй, ховор эд гэж байгаа. Ийнхүү аймшигт өвдөлтийг цаг мөч бүрийд биеэрээ мэдрэх хүүгийнхээ зовлонг эцэг, эх хоёр нь сэтгэлээрээ амсаж явна.
 
Харин эмчилгээний зардлыг бүрэн даана, хүүг чинь эрүүл болгож өгнө гэж амласан цэцэрлэгийн эрхлэгч, багш хоёр сураггүй болжээ. Тэд залгахад утсаа авахгүй, авсан ч хөөрхий эцэг, эх хоёрын үгийг сонсолгүй өөдөөс нь зовлон тоочдог болсон байна. Арга мухардсандаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан боловч багш Төгсбаярын болгоомжгүй үйлдлээс болж бяцхан хүү эрүүл мэндээрээ хохирсон учир “Хэрэг үүсэх боломжгүй” гээд хэргийг хаажээ. Хачирхалтай нь, болгоомжгүй байдлаар бусдыг гэмтээсэн тохиолдолд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх тухай заалт манай хуульд байдаггүй аж. 
 
Ингээд бодохоор, таны, миний хүүхэд цэцэрлэг, сургууль дээрээ болгоомжгүй, хариуцлагагүй багш, ажилтнаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирвол та бидний хохь болоод л үлдэнэ гэсэн үг. Магадгүй, тухайн багшийн хүн чанараас л шалтгаалах зүйл бололтой. Баянзүрх дүүргийн 147-р цэцэрлэгийг зорьсон боловч эрхлэгч Х.Цэрэнчимэд, туслах багш Төгсбаяр нар ажилдаа ирэлгүй “зугтжээ”. Тэд бүр утсаа ч авах завгүй яваа бололтой. Тэдний хувьд таван настай бяцхан хүүгийн эрүүл мэнд ердөө л долоон сая төгрөгийн үнэтэй аж. Эрүүл мэнд бол эдгэрч болдог зүйл юм гэж тайтгаръя. Гэтэл өчнөөн сар махан биеэрээ тарчилж, эдгээгээд өгч чадахгүй байгаа аав, ээж, өвөө, эмээдээ гомдсон гомдлоор бяцхан зүрхээ сийчиж яваа хүүгийн сэтгэлийн тэр шархыг юугаар нөхөх вэ. Юм бүхнийг зоосны нүхээр хардаг хүмүүст бол зугтаад байвал Монгол Улс өргөн уудам юм шиг санагдаж байгаа байж болох л юм. Албан тушаалын өнцгөөс хандвал аливаа зүйл амар хялбар санагддаг байх. Гэвч бид бүгдээрээ хүн бас эцэг, эх. Өнөөдөр биш ч хожим эцэг, эх болно. Тиймээс хүн гэдэг нүдээр бусдыгаа харж, хайрлаж энэрч сураасай. Учир нь, та бидний алдааг хууль цааз, дүрэм журам ч бүрэн шүүж чадахгүй. Харин сэтгэлээсээ сэтгэл тасдаж, биеэсээ бие тасалж төрүүлсэн үрс минь шүүдэг юм шүү дээ. 
 
Харамсалтай нь, ийнхүү мэргэжлийн аюулгүй байдлаа сахиагүй, наад захын үүргээ биелүүлээгүй багш ямар ч шийтгэл хүлээхгүй нь. Гэхдээ хэн нэгэнд шийтгэл хүлээлгэхсэн гэсэндээ асуудлын гол нь оршиж байгаа юм биш ээ. Аливаа хууль дүрмийг ярьж бус хэрэгжүүлж байж бодит биелэлд хүрдэг юм. Нэг хүний алдаа нөгөө хүнд сургамж болдог. Харин нэгнийх нь толгойг илээд орхивол дараагийнх нь уг алдааг давтдаг. Өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж хүүхдийнхээ эрүүл мэндийг аюулд учруулсан ээж, аавууд насаараа шаналж, өөрийгөө шийтгэдэг. Гэтэл З хүүгийн аав, ээж хариуцлагатай нэгний гарт хүүгээ өглөө гэж итгэснийхээ төлөө эрүүл саруул үрээ эмгэгтэй болгож орхисондоо гомдолтой байгаа.
 
2014 онд Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэгийн багш хоёрхон настай хүүхдийг тодорхойгүй шалтгаанаар зодож шийтгэсэн тул хууль хяналтынхан түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хэдхэн хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн багш Я.Нямцэцэг гурван настай хүү Б-г өмдөндөө шээлээ хэмээн өгзгөн дээр нь алгадаж, баруун төмсөгний дээд хэсгийг асаагуураар түлсэн. Тэр энэхүү харгис үйлдлийнхээ төлөө ердөө л гурван сар 10 хоног баривчлах ял авсан. 
 
Биднийг багад эмч, багш хэмээх хоёр хүнийг бурхан мэт шүтдэг байлаа. Учир нь, тэднийг өрөөлийн үрсийн төлөө өөрийн биеэ зориулан зүтгэдэгт эргэлздэггүй байсан юм. Харин өнөө цагийн багш нар адайр ааштай, хайхрамж муутай, хүйтэн сэтгэлтэй хойд эх шиг болчихож. Хувийн цэцэрлэгийг өндөр үнэтэй, хариуцлага муутай гэж адалдаг байсан. Тэгвэл улсын цэцэрлэгүүд ч багш нартаа үүрэг хүлээлгэж, хариуцлага тооцож чадахгүй байна. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс хүртэл айж байна. Би ч бас... 
 
Ц.Туяа
 
Эх сурвалж: