sonin.mn
Гудамжинд зогсох арван хүнээс та “хүн шиг амьдарч” чадаж байна уу гэхэд ес нь үгүй гэлээ. Үлдсэн нэг нь хариулсангүй, шууд зодох гэж дайрав…
 
 
 
Нам солиод улс хөгжихгүй гэдгийг Ардчилсан нам тараа таниулан байж нотоллоо. Зарлах дайсангүй болсон эрх баригчид ирэх сонгуульд популистуудын эсрэг уриатайгаар оролцохоор шийдэв бололтой. Өнөө цагт үнэнийг хэлдэг хүн цөөрөөгүй, харин үнэнийг сонсож чаддаг хүн цөөрсөн гэдгийг санаж уншваас энэхүү нийтлэл олон түмэн та бүхэн хийгээд АН, МАН, МАХН-ы нэрээр эрх барьж буй нөхдийнхөө хөлд чирэгдэн буй мянга мянган гэмгүй дэмжигчдэд хэрэг болно гэдгийг чухалчлан сануулъя.
 
 
 
Огтоос ялгаагүй АН, МАН, МАХН-ны “дарга нар” дараагийн сонгуульд “байдгаараа” бэлтгэж, бэлэн амлалт, уран үгээ зэхэж байна. Улс төрчид сонгогчдыг дэндүү богино санах ойтой хэмээн улайн цайм ил зарлаж доог тохуу хийж байгаа энэ үед, бид загаснаас урт санах ойтой гэдгээ батлан харуулж тэдний эрээ цээргүй ааш занг бага ч болтугай засах ёстой. Бид улс төрчдийн амлалтыг марталгүй сануулж, инээгээд ирэх үед нь ам асууж чаддагсан бол өнөөгийн засаг төр, эрх баригчид хавьгүй чадамжтай байх бизээ.
 
 
 
Улс төрчдийг өөрчлөгдөхийг хүлээснээс тэднийг сонгодог хүмүүсийг өөрчлөх нь хялбар гэдэг. Улс төрчдийн өөрчлөгдөхийг хүлээлгүй өөрсдөө өөрчлөгдье. Учир нь өнөөгийн хямралаас гарах хамгийн боломжит гарц нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Сонгогчдын санах ойг сайжруулах юм. Арван сонгогчийн долоо нь сонгуулийн амлалтыг огт санахгүй байгаа одоогийн нөхцөлд худал амлалт, уран үгэнд итгэж үр хүүхдийнхээ ирээдүйг тампуу гурил, шуудай нүүрс, балга бензинээр наймаалах дэндүү үнэгүй, даанч үнэтэй уламжлалт сонголт өөрчлөгдөхгүй!
 
 
 
Ерөөс Монголын зовлон бол мартамхайн зовлон билээ. Иймд сонгогчдын санах ойг сайжруулах хөтөлбөр буюу “Сонгуулийн музей″-г санаачилж байна. Сонгуулийн музей нь зөвхөн бодит баримтыг дэлгэн харуулах бөгөөд иргэдэд дахин худал амлалтанд өртөхгүй, уран үгэнд хууртахгүй байх дархлаа тогтоох эрхэм зорилготой. Музей үзэнгээ боловсрол авна гэдэг сайхан шүүдээ.
 
 
 
Ингээд музейгээ танилцуулъя. Музейн хоёр давхар эгэл даруу барилга хотын төвд байрлаж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Үзэгчид музейрүү орохдоо улаан, цэнхэр, ногоон, хар, шар….гээд Монгол улсад бүртгэлтэй улс төрийн 22 намыг бэлгэдсэн 22 өнгийн хаалганаас сонгох бөгөөд дуртай хаалгаараа орох эрхтэй. /үнэн хэрэгтээ ихэнхи хаалга нь огт онгойдоггүй/
 
 
 
Гэвч аль ч хаалгаар орсон ялгаагүй бараандуу өнгөтэй үүдний танхим угтан авах бөгөөд энэ нь аль ч намыг сонгосон ялгаагүй хэвэндээ л байдаг өнөөгийн өнгө төрхийг бэлгэдэн харуулж байгаа хэрэг юм. Музейн барилгыг анх төлөвлөхдөө зүүн жигүүрт зүүний нам, баруун жигүүрт барууны үзэлтэй намууд гэх зэргээр байрлуулах санал гарсан ч өнөөгийн намуудын бодит байдлыг харгалзан үзвээс намууд жигүүрээ байнга сольж музей маань эцэстээ төөрдөг байшин болоход хүрсэн тул татгалзсан болно.
 
 
 
Хэрвээ улс төрийн намууд үзэл баримтлалтай, түүндээ тууштай байдагсан бол ядаж л сонгуулийн музей маань жигүүр нь тодорхой хүн төөрөхөөргүй эмх цэгцтэй болох байлаа. Үзэл баримтлалгүй намуудад үнэт зүйл бүрэлдэхгүй нь даанч харамсалтай. Жигүүр гэснээс Иргэний зориг – Ногоон намд музейн цэцэрлэгт хүрээлэнг хариуцуулъя гэсэн ч байгаль орчноо хамгаалах чиглэлээр сайн дурын клубүүдээс муу ажилладгийг нь бодохоор цэцэрлэгээ харамламаар санагдав. Ер нь цэцэрлэгт хүрээлэнд нэг эмэгтэй улс төрчийн хөшөөг босгож орхичихоод цэнхэр өнгийн хаалгаар гүйгээд орчих эрсдэлтэй нам. Зүй нь үзсэн хүн бүр тайтгарч байгалийн сайхныг мэдрээд, ногоон үзлийн боловсрол авахуйц цэцэрлэгтэй болвол хэн хэндээ л ашигтай.
 
 
 
Харин одоо Музейн танхим, дотоод үзмэрүүдтэй танилцъя.
 
 
 
Нэгдүгээрт. МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАНХИМ – Энэ танхимд Монгол улсад ардчилсан чөлөөт сонгууль явуулж эхэлснээс хойшхи бүхий л сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг дэлгэн харуулах юм.
 
 
 
Танхимын 4 хананд томоор хэвлэсэн мөрийн хөтөлбөрүүд байрлана. Энэ танхимаас намуудын мөрийн хөтөлбөр хэрхэн өөрчлөгдөж ирснийг харах боломжтой. Харамсалтай нь алдарт амлалтууд хэд хэдэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дамжин байрласан байх нь элбэг тохиолдоно. Жишээлбэл 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас 6 бүлэг бүхий мөрийн хөтөлбөрийг дэмшүүлж уг хөтөлбөрөө Монгол Ардын Хувьсгалт Нам энэхүү хөтөлбөрийг ТАНЫ ТӨЛӨӨ ТАНЬТАЙ ХАМТ хэрэгжүүлснээр Монгол хүн Та эрүүл, аюулгүй орчинд амьдарч, чанартай боловсрол эзэмшиж, хүртээмжтэй үйлчилгээ авч, эрх чөлөөтэй, ая тухтай, чинээлэг, бүтээлч, ирээдүйдээ итгэлтэй ажиллаж амьдрах бүх талын бололцоо бүрдэнэ хэмээн сурталчилж байсан байна.
 
 
 
Харин “Эх орон-Ардчилал” эвсэл 16 бүлэгтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж” Бид 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр арван мянган төгрөгийн “Итгэлийн мөнгө”олгох болно. Дэлхийн баян, ядуу олон оронд хэрэгждэг хүүхдээр дамжуулж ерх гэрийг тэтгэх арга нь манай оронд нийгмийн баялгийг шударга хуваарилах, ард түмний олонхийн өдөр тутмын дарамтыг зөөллөх, ирээдүйдээ итгэлтэй амьдрахад түлхэц болно гэж үзэж байна гэж мэдэгдэж байжээ.
 
 
 
Өнөө цагт дээрх 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг санаж байгаа хүн байхгүй гэдэгт эргэлзэх зүйл алга. Учир нь хэн ч мөрийн хөтөлбөрийн биелэлтэд дүн шижилгээ хийж, үгүй ядаж улс төрийн намуудаас ам асуун нэхэхгүй байгаагаас илэрхий харагдана.
 
 
 
Гэх мэтчилэн 2008 оны УИХ-ын сонгуулиар МАН /МАХН/ Эх орны хишиг 1.500.000 төгрөг, АН-ын дэвшүүлсэн Эрдэнийн хувь 1.000.000 төгрөг, 2012 оны сонгуулиар АН- ын дэвшүүлсэн  ХҮН ШИГ АМЬДАРЧ УЛС ШИГ ХӨГЖҮҮЛЭХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР, МАН-ын ХҮН-ШУДАРГА АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ хэмээх 6 бүлэг мөрийн хөтөлбөр, МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн “ МОНГОЛОО АВРАХ 5 ХУВЬСГАЛ” хөтөлбөрүүд бүрэн эхээрээ хар дээр цагаанаар эгнэн жагсана.
 
 
 
Энэ амлалтуудыг санаж байгаа сонгогч бүр хямрал нүүрэллээ улс дампуурлаа гэх эрх баригчдаасаа “улс шиг хөгжиж” байгаа чинь хаана байна гэж, Шударга ёс эвслээс “улсаа аврах таван хувьсгал” чинь юу болсон гэж даналзтал асуух хэрэгтэй! Өөрөөсөө бусдад санаа зовдог залуу хүн бүр том намуудаас “арай өөр гэж итгэсэн юмсан АНдуурал байв уу?”, “Мэдсээр байтал хулгай хийгээд та нар жаахан МАНгар уу?” гэж шөвөлзтөл асуух эрхтэй!
 
 
 
Хоёрдугаарт. ХУДАЛ АМЛАЛТЫН ТАНХИМ – Мөрийн хөтөлбөрийн танхимд үндсэн ойлголт авсан үзэгчид тухайн мөрийн хөтөлбөр амлалт дотроос сонгосон, эхэндээ элэг авмаар, эцэст нь элэг эмтэрмээр ТОП гэж хэлж болохуйц амлалтуудыг эзэнтэй нь танилцуулах “худал амлалтын танхимд” зочлох болно.
 
 
 
Танхимын хананд амлагчдын зураг, сонгуулиар тараасан зурагт хуудас, амлалт болгон хэлсэн үгнүүд нь томоор байрлах бөгөөд дөрвөн буланд байрлах дэлгэцээр амлалтаа өгч буй бодит бичлэгийг харуулах юм.
 
 
 
Ингээд жишээ болгон худал амлалтын танхимд зайлшгүй байрлах “хүндэт үзмэрүүд”-тэй танилцъя:
 
 
 
Ш  “Хамгийн ядуу монгол хүн гэхэд гарааны хөрөнгө аминдаа 40 саяын өмчтэй, дансандаа 2 сая төгрөгтэй болно” Лу.Болд /2008/
 
 
 
Ш  “Хонгконг Лондонг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулж мөнгө босгоно” Талх гурилийн үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулна. Ч.Сайханбилэг /2008/
 
 
 
Ш  “Эх орны хишиг″ 1.500.000 төгрөгийг иргэн бүрт олгоно. С.Баяр /2008/
 
 
 
Ш  “Иргэдийн эрүүл ахуйн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хүний эрүүл мэндийн “32 цагаан манаач” болсон шүдийг эрүүлжүүлэх Ерөнхийлөгчийн тусгай Хөтөлбөрийг санаачилан ивээлдээ авч хэрэгжүүлнэ. Н.Энхбаяр /2005/
 
 
 
Ш  Уул уурхайн ордуудаа ашиглан “Баян монгол корпараци” байгуулснаар нэг хүнд 361 хувьцаа буюу 36100 ам доллар буюу нэг хүнд 40 сая төгрөг ногдож байгаа юм. Таван жилийн дараа нэг хүнд 137000 ам доллар буюу 150 сая төгрөг болж өснө. Эхний жилийн ногдол ашиг 2сая төгрөг. 5 жилийн дараа 8сая төгрөгийн ногдол ашиг нийт иргэддээ тараана. Лу.Болд /2008/
 
 
 
Ш  “Эх орны хишиг″ дээр “Эрдэнийн хувь”-ийг нэмж 2.5 сая төгрөгийг бэлнээр өгүүлэхийн төлөө ажиллана. Ц.Элбэгдорж /2009/
 
 
 
Ш  10 жилд 100 үйлдвэр байгуулна. Н.Батбаяр /2008/ 
 
 
 
Ш  Амьжиргааны баталгаажих доод түвшин гэх ойлголтыг аажмаар халж, дундаж орлоготой өрхийн тоог нийт өрхийн 60-аас дээш хувь хүртэл нэмэгдүүлнэ. Ардчилсан Нам /2008/
 
 
 
Ш  Уул уурхайн томоохон ордуудыг 100 хувь ард түмний мэдэлд авна. Шударга ёс эвсэл /2012/ 
 
 
 
Ш  Эх орны түүхий эдэд түшиглэсэн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгож, дотоод хэрэгцээгээ ойрын 5 жилд багтаан хангах зорилт хэрэгжүүлнэ. Ардчилсан Нам /2008/
 
 
 
Ихэнхи нь мартагдсан, эргэж санахад инээдтэй, эцэстээ уур хүрмээр энэ амлалтуудыг бүгдийг нь жагсаавал цаг багадаж цаас дутна. Танхимд байрлахаар зөвхөн өнгөрсөн амлалтууд биш ирээдүйн амлалтууд дугаарлан жагсаж байна. Учир нь МАХН ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Малчдад төрөөс цалин олгодог болох, гэр хороололд амьдарч байгаа иргэдэд цалингийн 15 хувийн нэмэгдлийг олгохоор тусгахаа мэдэгджээ. Малчдад цалин олгох энэхүү амлалтыг хэрэгжүүлэхэд сар бүр 100 тэрбум төгрөгийн зардал гарах гэнэ. Энэ бол гарцаагүй манай музейн үзмэр мөн!
 
 
 
Бид чухал бус асуудалд тэвчээр алдан дүрэлзэх нь энүүхэнд атлаа чухал асуудалд даанч хэнэггүй хандаж байна.
 
 
 
Гуравдугаарт. УРАН ҮГИЙН ТАНХИМ –  Зөвхөн 2012 оны УИХ-ын сонгуульд л гэхэд 11 нам эвслийн болон бие даагч 544 нэр дэвшигч дэвшиж уран үгийг уралдуулжээ. Энэ танхим зөвхөн ярьснаа хийхийг нэхэх бус юу ярихаа мэдэж байх тухай давхар сануулах учиртай.
 
 
 
Бид амандаа хоолгүй нэгнээ амин зуулгатай залгуулж, амь зуулгатай айл өрхийг арвидсан хөрөнгө хураах боломжтой болгоно. Ардчилсан Нам /2008/
Уул уурхай, газрын баялагтаа монголчууд бид өөрсдөө эзэн нь байх ёстой. М.Энхсайхан /2005/
“Шилжилтийн үеийг цэглэнэ, Амьдралын доройтлыг арилгана” П.Очирбат /1993/
“Орхигдсон тойргоо хөгжүүлнэ, Мартагдсан үрсээ тэтгэнэ.” Ц.Батаа /2004/
“Авилгачдыг цээрлvvлнэ” М.Энхсайхан /2005/
“Махны үнийг 250 төгрөгт барих ёстой.” сумоч Б.Батбаяр /2008/
“Иргэнд тэгш боломж, Нийгэмд шудрага ёс” Монгол Ардын Нам /2012/
 “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье.” Ардчилсан Нам /2012/
“Мөнгө олох гэж биш, мөнгө үрэх гэж гадаад явдаг болно” Д.Бат-Эрдэнэ /2012/
Төрөө хямралаас гаргаж, Түмнээ ядуурлаас аваръя.” МАХН /2000/
 “Та нар намайг нэг өдөр дэмж, би та нарыг дөрвөн жил дэмжье.” Ц.Элбэгдорж /2013/
“Сайн цагийг бид л авчирна.” ИЗНН /2012/
Эрүүл Нийгмийн Хамтдаа Бүтээцгээе Ард Түмээн. Д.Энхбат /2008/
“Иргэн амгалан бол нийгэм амгалан” Л.Амгалан /2012/
 “Баян Монголынхоо эзэн нь болсноор 2,600,000 иргэнээ Хаан ширээнд өргөмжилж байгаа юм” Лу.Болд /2008/
Уул шугамандаа үгэнд машид болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь үг биелчихдэг гэмтэй. Жишээлбэл 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам “Олуулаа” “Олуулаа” гэсээр ямартай ч аль аль шатанд “Олуулаа” болж чадсан. Гэтэл өрсөлдөгч МАН “Ардын нам ард түмэнтэйгээ хамт” аян өрнүүлээд мөн адил биелүүлж чадсан байна. Сонгуульд ялагдаж эрх мэдлээсээ хагацаад, эцэстээ УИХ-д хүртэл бүлэггүй болж нэг хэсэгтээ л “ард түмэнтэйгээ хамт” байсан билээ.
 
 
 
* * *
 
Сонгуулийн музейд хүний эрхийг оройлон дээдлэх бөгөөд гагцхүү музей үзэхдээ идэж уухыг хориглоно. Учир нь хүн цочирдмоор мартагдсан амлалтууд санаанд нь орох үед хахаж цацах, амьсгал боогдох, улмаар амь насанд аюул учрах өндөр эрсдэлтэй.
 
 
 
Худал амлалтууд иргэдийг дахин хохироохыг бид яасан ч зөвшөөрөхгүй. Сонгуулийн музейд үзсэн хүн эхэндээ инээж сүүлдээ уурлах бөгөөд уран үгэнд хөөрч, баргийн амлалтанд итгэхээ больно. Ач холбогдлыг нь эд хөрөнгөөр хэмжих боломжгүй энэхүү музейг залуусын ирээдүйд санаа зовдог байгууллага бүхэн дэмжигтүн.
 
 
 
Монголын Залуучуудын Холбоог хар цагаан жагсаалтаараа музейн үзмэрийг маань нэмж манлайлна гэдэгт итгэж байна. Ямартай ч энэ музейг үзсэн хүн нам сонгохдоо хувцас сонгохоос илүү чухал хандаж, энэ музейг үзсэн хүүхдүүд худалч ах эгч нарыгаа жигшин хүмүүжиж, энэ музейг үзсэн залуус даргын цүнх барьж гүйхээс ичиж, энэ музейг үзсэн иргэд худал үг хуурамч амлалтад үл итгэж, энэ музейг үзсэн сонгогч саналаа өгөхдөө сайтар нягталдаг болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэдний санах ой сайжирсан.
 
 
 
Уншигч та Сонгуулийн музей байгуулахыг дэмжиж байгаа бол өөрт байгаа музейн үзмэр болохуйц сонгуулийн сурталчилгааны түүхэн баримтуудыг skypost-544 шуудангийн хайрцгаар илгээж, сонгогчдын санах ойг сайжруулах хөтөлбөрт хамтран ажиллах саналаа илэрхийлж, нийтлэл бичигчтэй нүүрномын “Сонгуулийн музей″ хуудсаар нэгдэх, election.museum@gmail.com хаягаар холбогдох боломжтой.
 
 
 
Зөв тогтолцоо зөвхөн улс төрчдөөс бус сонгогчдын боловсролоос шалтгаалах тухай санаагаа сийрүүлсэн болхи нийтлэл маань үүгээр өндөрлөж байна. Тахал дэгдэхээс өмнө дархлаа тогтооё. Үгүй бол дахиад 4 жил өвдөнө.
 
 
 
 
 
“Улс төрд шинэ манлайлагч” төслийн оролцогч М.Энхбадрал