sonin.mn
Өнгөрсөн жил ээжийгээ хамгийн их саналаа. Гэвч жил бүр төрсөн өдрөөрөө ээждээ зориулж шүлэг 
бичдэг байсан уламжлалаа дагаж чадсангүй. Амжсангүй гээд олон шалтаг хэлж болох ч ганцхан л шалтгаан байна. Шүлэг л бичвэл мэлмэрүүлэн уйлж, алсад суугаа ээж рүүгээ залгаж, сэтгэлийг нь сэмрээчих гээд байсан учраас төрсөн өдрөөрөө ч яриагүй.
 
Хамгийн сүүлд уулзахад ээжийн минь тэргүүн дэх үсний буурал нэлээд нэмэгдчихсэн харагдсан. Тавь ч хүрээгүй ээжийгээ ийм эрт бууралтана гэж бодоогүй явсансан. Амьдрал хүнийг их дардаг бололтой. Тэр тусмаа миний муу жижигхэн бор ижийг амьдрал даанч хайрласангүй. Насаараа л зовсон санагддаг. Гэвч бас үгүй юм аа, сүүлийн арван жил ижий минь сүрхий жаргаагүй ч амар амгалан, дураараа амьдарч байгаа гэдэгт би итгэж байна. Амьдрал ижийг минь аравхан жилийн өмнөөс л хайрлаж эхэлж. Би ч гэсэн. Аравдугаар ангиа төгсөөд л бусдыг бус төрсөн ижийгээ хайрлаж эхэлсэн юм шүү дээ.
 
Хажууд нь байхдаа мэдэрдэггүй байсан нөмөр нөөлөг, энэрэл хайрыг би ихээ хол ирснийхээ дараа л мэдэрсэн. Энэ хорвоо дээр намайг хувиршгүйгээр хайрлаж чадах цор ганц хүн нь тэр жижигхэн эмэгтэй гэдгийг ухаарсан. Хэдийгээр одоо хамтдаа амьдрах боломжгүй байгаа ч хэзээ нэгэн цагт би ижийгээ дэргэдээ суулгаад, өдөр бүр хацраа үнэрлүүлж сууна аа гэж боддог. Тэр цаг хэзээ гэдгийг харин мэдэхгүй.
 
Өдөр бүр л намайг хүрээд ирэх юм шиг санаж суудаг ижий минь жил бүрийн хаврыг, дараа нь зуныг хүлээдэг. Гэвч ачлалгүй үр нь би хавартаа ч, зундаа ч очиж амжилгүй сэтгэлийг нь гонсойлгоно.
Би хаварт их дуртай байж билээ. Миний хүлээсэн хүнийг анхны яргуй, харийн шувууд авч ирнэ ээ гэж итгэдэг байсан учраас тэр. Харин тэр хүнийг минь авч ирээгүй учраас би хаварт дургүй болсон. Ижий минь ч бас “Миний охиныг авч ирнэ ээ” хэмээн хаврыг хүлээдэг биз. Хуйсагнуур салхи, олон ааш, нүүр нүдгүй балбасан шороон шуургатай хаварт учиргүй ихээр дурлаж суугаа. Хавар хагацлаас бусдыг авч ирдэг улирал. Хавар бүх зүйл сэргэж, эргэн төлжиж, бүгд учралдан золгож, баярлалдан дуулалддаг. Харин хагацал л ганцаараа буцдаг. Яагаад гэвэл, түүнд тэр олон учрал хайрын дунд багтах зай байхгүй. Ингэж итгээд л явж байтал хавар хагацал буцдаггүй юм аа гэдгийг мэдрүүлэх гэсэн мэт нэгэн хавар надаас хоёр ч нандин эрдэнийг минь булаагаад авчихаж билээ. Гэвч би хариултыг нь олсон. Хагацал гэдэг чинь өөрөө буцах гэсэн үг юм билээ.
 
Гэхдээ ээж минь та бүү санаашир. Таныг учиргүй их дурлуулсан хавар тань охиныг чинь авч ирнэ ээ. Тантайгаа ярих бүртээ хүрээд ирээч ээ гэмээр байдаг ч үгээ залгидаг, очих бүртээ дагуулаад ирмээр байсан ч хүслээ нууцалдаг. Энэ л биелээгүй мөрөөдөл, хүртээгүй жаргал, дуусаагүй хүлээлтээ тандаа л хацраа үнэрлүүлж тайлна аа.
 
Сэтгэл гижигдэм цэнхэрхэн яргуйтай, зүрх догдлуулсан шувуудын ганганаатай, онгод хөглөсөн олон олон учралтай, ааш нь амьдрал шиг хахирган хэрнээ яг л амьдрал шиг хүн бүрийг өөртөө хачин ихээр дурлуулж чаддаг хавар цаг...
 
Хавар бүгдийг авч ирдэг гэдэгт итгэсэн хэвээрээ л байгаа биз дээ. Тийм ээ, ээж минь тэр бүгдийг, энэ хорвоо дээр таны бүх зүйл болсон намайг тань дээр аваачина. 
 
Бүхнээ алдсан юм шиг гутран гуниж, уйлан цурхирдаг үе надад олон бий. Гэвч нартын доорх наран болсон таныгаа байхад бүхнээ алджээ гэвэл түүн шиг том алдас үгүй. Өдөр бүр хамт байж чадахгүй ч гэлээ тантайгаа хааяахан утсаар ярьж, сургийг тань дуулж, жилдээ ганц очиж үнсүүлдэг минь ч гэсэн дээдийн заяа юм.
 
“Хавар дуусах нь ээ” гэж битгий гуниарай. Хаврын үргэлжлэл нь зун юм шүү. Би чинь удахгүй очно. “Очно” гэж хэлээгүй байхад ч хараа тавин хүлээсээр л суух ээж тань руугаа би чинь яарсаар л яваа шүү.
 
Ц.Баттуяа 
 
Эх сурвалж: