sonin.mn
 
 
 
Хошин шогийнхны бүтээсэн нэг киноны сурталчилгаанд
 
-Танайх нүүрс түлдэг
 
Манайх покаришка түлдэг
 
гэж гардаг. Үүнийг санаанд оруулам үгийг нэг солонгос нөхөр хэлж байна.
 
-Манай улсад түймрийг онгоцоор унтраадаг. Тэгвэл танай улсад сайд дарга нар нь онгоцоор нисч түймрийг сонирхдог гэж. Энэ үгийг сонсоход ичмээр ч юм шиг. Ядуугийн зовлон хэцүү юм даа гэж халагмаар ч тал талын сонин бодол төрөх юм. Арвантаван аймгийн 110 гаруй суманд түймэр дэгдэж олон мянган га газар нутгаа, мал сүрэгтэйгээ хуйхлуулчихаад байхад Монголын улстөрчид ердөө л “Тавантолгой” гээд хэрэлдээд сууж байна. Монголын эдийн засаг зөвхөн уул уурхай юм уу. Биш ээ. Хэзээ ч дуусашгүй, дундрашгүй юм нь өгөөжит байгаль бас мал сүрэг минь шүү дээ. Гэтэл түүнийгээ түймэр гэдэг “мангас”-аас аврах талаар дээдчүүл бараг л дуугүй. Шадар сайд нь онгоцоор нисч очоод ирж. Ерөнхийлөгч нь улстөрийн өөр ухаан гаргаж байгаагаа харуулан онгоцоор биш машинаар явж түймрийн голомтыг үзсэн байдаг. Тэдний үйлдлийг буруутгах аргагүй ч гадаадынханд тэр нь шоглох олз болж байх юм. За тэр ч яахав. Ер нь манайхан шиг модын үзүүрт хаймар, шуудайны таар уячихаад түймэртэй тэмцэж байдаг улс орон одоо цагт байгаа болов уу. Ний нуугүй хэлэхэд онцгой байдлынхан хүртэл бараг л тийм зэвсэгтэйгээр түймэр унтрааж явах юм. Дорнод, Сүхбаатарт гарсан түймрийг унтраах явцад салхины хүч их учир гал дийлдэхгүй байна гэх үг олон сонссон. Нидэр дээрээ тэр түймэр дээр ажиллаж байгаа хүмүүс чинь улаан гараараа галтай ноцолдож харагдана лээ. Тийм байхад яаж ч түймэр унтраахав. Төр, засгийнхан олон тэрбумын хөрөнгөтэйгөөрөө гайхуулдаг. Өөрсдийгөө эх орончид гэж өргөмжилдөг. Тийм бол Онцгой байдлынхандаа түймэрт зориулсан ганц нисдэг тэрэгтэй болгочихооч.
 
Ц. Жаргалсүрэн
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин