sonin.mn
 
         Өгүүллэг
Намайг бага байхад хөгшчүүл цөвүүн цагийн тухай Богдын лүндэнг байсхийгээд л ярьдагсан. Түүнд шулханаганы бөөс толгойд гарах цаг ирнэ шүү гэдэг байв. Өвөөгөөс шулханага гэж юуг хэлдэг юм гэхэд өмдний өргөн түрийг хэлдэг юм. Шулханаганы бөөс тэргүүнд гарна гэдэг чинь түрийний бөөсийг хэлж байгаа юм гэлээ. Тэгэхээр бөөс яавч сайны жишээнд орох амьтан биш байна гэдгийг мэдэж авч билээ. Тэр үед бөөстэй хүн ч байж л байх. Харин соёлын довтолгооны хүчинд монголчууд бөөснөөс салцгаасан нь үнэн гэцгээдэг. Салахаас ч аргагүй эрүүл мэнд, соёл яриа таниулга, албадлага хаа сайгүй болжээ. Энэ тухай онигоо хүртэл гарчээ.
 
Мөн л соёлын довтолгооны үед юм байх. Алсын нэг аймагт айл сумаас ариун цэврийн шалгалт ирэв. Өвгөнөөс нэг бөөс олоод эзнийг нь 25 төгрөгөөр торгох болж торгуулийн тасалбар бичээд мөнгийг нь авахаар болтол өвгөн бор авдраа уудалж уудалж, том түрийвч гарган ирж бүхэл 50-тын дэвсгэрт өгөхөд шалгалтынхан хариулт мөнгийг нь өгч чадахгүй арга мухардан торгохоо больё гэхээр тасалбар биччихсэн учир гацаанд орон явах байхаа мэдэхээ байж саатлаа. Тэгтэл өвгөн шалгалтынхныг явуулахын түүс болж дахин нэг бөөс гаргаж хоёр болгоод өргүй болжээ. Энэ ч яахав онигоо. Гэтэл амьдрал дээр бас тиймэрхүү явдал ховор ч гэсэн үзэгддэг байвал яана. Тийм явдал одоо хүртэл бас байна. Би биеэрээ үзлээ гэж нэг танил маань ярив. Тэр саяхан нэгэн амгийн төвд танилындаа сууж байжээ. Тэгтэл тухайн айлын хүү шар өвчин тусч, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа тухай яриа болжээ. Бүхэл нь өндөр, бууж өгөхгүй, муудаад байна гэсэн онош тавигдаад ар гэрийнхэн нь сандралдаж байгаа үеэр манай танил тэднийд очсон хэрэг юм. Тэгтэл энэ үед гаднаас дээлийнхээ ханцуйг сугалдарласан, хэнхдэг цээж нь ярамхай, архи үнэртүүлсэн эр орж ирээд <<Бөөсчнөөс нэг мөр таван ширхэгийг тавхан мянган төгрөгөөр аваад ирлээ>> гээд атгасан гарынхаа алгыг тэнийлгэн пенацилланий шилтэй зүйл шалны өрөн дээр тавьжээ. Түүнийг нь гэрийн эзэн ухасхийн авлаа.
 
Би тулдаа олж ирлээ гэсэн шиг нөгөө халамцуу нөхөр маадгар сууж ах аа, эгч ээ дүү нь хэлсэн үгэндээ хүрдэг, тийм ээ гэж саймширч байна. Энэ үед нөхөр маань хэрэгт дурлан ямар юмыг таван мянгаар авсан хэрэг вэ? гэвэл нөгөөх эр та мэддэггүй юм уу. Манай энэ баруун хороололд миний таньдаг өвгөн бий. Нөгөө хэн гуай, аа цус, нэрийг нь мартчихаж. Бид Бөөсчин гэдэг юм. Өвгөн маань жилдээ нэг Цагаан сарын битүүний орой усанд ордог гэж байгаа. Элэгний өвчинд бөөс үнэхээр сайн даа. Өвгөн маань олон хүнд буян болж байгаа юм даа хөөрхий гэж ярьжээ. Үүнийг сонссон хүн мэл гайхаж, цэл хөхрөлгүй яах вэ.
 
Гэрийн эзэн тэгэхэд одоо яая гэхэв. Цаг нь ийм болсон хойно. Дүүгийн маань өвчнийг анагаахад тус болно гэж ойр хавийнхан яриад болохгүй юм. Өвгөн ч өөр хүн очихоор бөөснийхөө үнийг нэмчихнэ. Энэ нөхрийг явуулбал гайгүй өгчихөж байгаа юм гээд санаа нь зовсон байдалтай санаа алдав.
 
Хорвоод хүн их юм үзлээ. Зах зээлийн ороо бусгаа энэ үед бөөс хүртэл үнэд орохыг үзлээ. Би ч бас гэрийн эзэнтэй адил санаа алдлаа. Хэрэв энэ бүхэн үнэн бол, бурхан минь сүүлчийн бөөсчин л байгаасай гэж дотроо залбирсан билээ.
 
 
 
1993 он