sonin.mn

Эмнэлэгт 2 хоног шаналж хэвтэж байхдаа Зөвлөлтийн сэтгүүлч И. Лаврецкийн "Эрнесто Че Гевара" номыг уншлаа. ЭРХ ЧӨЛӨӨ-г магтан дуулдаг индепендентчүүдийн энгэр дээр, малгайд нь, гитар дээр нь энэ залуугийн зураг байдаг болохоор түүний тухай тодорхой ойлголттой болоосой гэж бодож НЕПКО хэвлэлийн газраас Че Геварагийн тухай бичсэн олон номноос Лаврецкийн номыг онцолж хэвлэжээ. Энэ ном өмнө нь ЖЗЛ-ийн цувралаар гарч байсан, Социализмын үзэл суртал, ухаалга багатай, мөрөөдөл, романтик сэтгэл дээр тулгуурлаж бичсэн сайхан ном байна.


Энэ номыг уншаад хуудас хорох тусам ЭРХ ЧӨЛӨӨ-ний салхи эхлээд эсгэрч дараа нь шуугин, сүүлдээ шуурга болон миний сэтгэл зүрхэнд дэгдлээ. Испани, Каталинаас гаралтай өвөг дээдсийн халуун цус нь ЭРХ ЧӨЛӨӨ-гөөр ундаалж Латин Америк даяар цацагдаж олон түмнийг тэмцэлд уриалж чаджээ.
Бага залуу насандаа халуун орны хумхаа өвчин тэмцлийнх нь гол зорилго болж ЭМЧ мэргэжлээр суралцан, Өмнөд Америк даяар аялаж байхдаа зөвхөн хумхаа өвчин түүний тэмцлийн зорилго биш Нийгмийн шудрага бус байдал, Эрх чөлөөг боомилогч дарангуйлал юм байна гэдгийг хатуу ойлгожээ. 20-оодхон насандаа хийсэн мотоциклтай аялалын зам "хорвоотой түүнийг танилцуулжээ".


Номноос түүний гайхалтай сонин зан, харизмыг мэдрэх олон амьд мөрүүдийг олж уншлаа. Цалин хангамж өндөр, амар тайван эмчийн ажил түүнийг хүлээж байсан ч тэр татгалзаж хаана хувьсгал, хаана тэмцэл хэрэгтэй байгаа газар луу "Салхич шувуун дууг дуулсан" "цахлай шувуу шиг" элэн халин нисэж "Их шуурга нижигнэнхэн хөдөл" гэж уриалсан "Изергиль эмгэний" ДАНКО хүү шиг өөрийн мөрөөдөлдөө хүрэхийн тулд "олон түмэнд зүрхээ урж өгсөн" нь гайхамшигтай амьдрал биш гэжүү.


Төсөөлж ч байгаагүй Куба арлын зүг шинэ танилуудтайгаа Гранма онгоцоор 7 хоног хөвөхдөө, Сьерра Маестра ууланд партизанчлан байлдаж байхдаа тэр "Өвгөн Тэнгис 2" шиг олон зүйлийг эргэцүүлж бодсон байна. Амьдрал бол тэмцэл, яг юуны төлөө тэмцэх үү? Тэр тэмцлийн үр дүн хир олон хүмүүсийг ухааруулж, байлдан дагуулах уу? гээд олон зүйлийг бодож бясалгажээ. Эртний Грекийн Диоген шиг зөвхөн бодсонгүй, ажиллаж, бүтээж боджээ. Шүд авдаг эмчээс эхлээд Кубын төв банкны дарга хүртэл явсан каръерын замналд нь Говийн зэрэглээ киноны Арслангийн мэргэжлээс ч баялаг ажлыг нөхөр ЧЕ хийж үзсэн байна.
Түүний амьдрал ПАРТИЗАН байжээ. Италиас гаралтай сонсголтой энэ үг түүхэнд олон дайны, дарангуйлагчийн хувь заяаг шийдсэн АКА-М буутай адилхан "халдвартай үг". Хэнд АКА буу байна. Хэн өөрийгөө партизан гэж байгаа нь хамгийн чухал утга. 13-хан настай хүүхэд АКА буу бариад өөрийгөө эрх чөлөөний төлөө тэмцэгч Партизан гэж хашгирсан цуурай "Африкийн ногоон толгод"-д анирлаагүй байна. Нөхөр ЧЕ-гийн Партизаны тэмцэл гэгээрэлд хүрэх гэсэн, шудрага ёсыг тогтоох гэсэн "салхич шувууны тэмцэл" байлаа. Тэр ном - тамхи - шатар 3-ыг агаар ус шиг хэрэглэдэг залуу байсан учир юуны төлөө тэмцэхээ уншсан бодсон онолч байжээ.
1960,70 оны хиппичүүдийн онолч, лого нь ЧЕ өөрөө боллоо. Эрх чөлөөний дууч Леннон түүний хэмжээний бодож, уншиж байсангүй.
ТҮҮНИЙ АМЬДРАЛ САЛХИН ТЭЭРЭМТЭЙ ТУЛАЛДСАН КИХОТ НОЁНЫ БҮТЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ БАЙСАНГҮЙ.


Түүний цогтой харц, царайлаг дүр, ХАРИЗМ нь ЗАЛУУ ҮЕ-ийг эрх чөлөөнд уриалан дуудсан мөнхөд асах БАМБАР болж мөнхөрчээ.
Залуусаа та нар өнөөдөр эрх чөлөөтэй юу? Та нарт ямар ч эрх чөлөө алга. Мэргэжил эзэмших гэсэн эрх чөлөөг чинь "хуурамч стандартай" чанаргүй сургууль дөнгөлчиж.... за за би Өвлийн өвөөдөө амлалт өгсөн болохоор юмыг шүүмжлэхгүй ээ...
Залуусаа нөхөр ЧЕ-гаас суралц


Д. Сэрдарам