sonin.mn

Зохиолч бидний төдийгүй монгол түмний хайртай, хүндэтгэлийг нь хүлээсэн Монгол Улсын Ардын уран зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, Бөхийн Бааст хөвүүн ерэн таван нас сүүдэртэйгээ золголоо.

Би л гэхэд Баастын барааг харснаасаа янагш жаран жилийг элээжээ. 1956 онд номын дэлгүүрт болсон зохиолч-уншигчдын уулзалт дээр шүлгээ уншихыг нь харж, “Цогт” гэдэг тууж ном дээр нь гарын үсгийг нь зуруулж худалдаж авснаа тод санаж байна.

Тэр уулзалтад зохиолч С.Эрдэнэ, З.Баттулга, Д.Пүрэвдорж, М.Ширчинсүрэн (оюутан) нар оролцож, Ч.Чимид хөтөлж байсансан. Тэгэхэд Бааст цангинасан дуутай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хошуу халимагтай тун хөдөлгөөнтэй жижигхэн шар залуу ид гялалзаж байв. Одоо ч тэр л янзаараа. Үнэндээ бол Бааст их эртний хүн. Бод доо, та минь. Бааст Ховд аймгийн дунд сургуульд сурагч байхдаа “Тэмцлийг удирдав” жүжиг бичин Ховдын театрт тоглуулж, ардын хувьсгалын удирдагч алдарт долоогийн нэг “Хөх торгон дээл” гэдэг гайхамшигт дууг (одоо ч дуулагдсаар) зохиогч Дансранбилэгийн Догсом гуайгаас талархлын бичиг, 100 төгрөгийн шагналын хамт 1939 онд хүртэж байжээ. Энэхүү баримтаас үзвэл Монгол уран зохиолын түүхийн улааг наян жил цуцалтгүй нэхжээ гэж болохоор бодит үнэн байна.

baastОдоо ч Бааст гуай бичиж туурвисаар байна. Бид Монгол уран зохиол хийгээд зохиолчдын болоод зохиолчдын байгууллагын амьд хадгаламж (архив) гэж ярьдаг нь үнэн юм. Баастад гадаад дотоодын зохиолч, уншигчдын үй түмэн захидал, зохиолчидтой холбоотой хурал чуулганы тухай тэмдэглэл сурвалжлага, тэр ч бүү хэл Чойбалсан, Цэдэнбал нарын зохиолчидтой уулзаад хэлсэн үгийн бичилт хүртэл бий. Бааст бол жинхэнэ номын хорхойтон мөн. Түүний номын санд байхгүй ном байдаг юм уу гэмээр суут хүмүүсийн амьдрал (ЖЗЛ), “Монгол уран зохиолын 108” боть бүх төрлийн нэвтэрхий толиос эхлээд, зөвхөн номынх нь нэрийг жагсааваас хэдэн боть болохоор шүү. Бааст уран зохиолын бүх төрлөөр бичсэн. Жүжиг өгүүллэг, тууж, шүлэг, дууны үг, туурь, дууль бүгдийг туурвисан том зохиолч, тэмдэглэл, найруулал, сурвалжлага, өгүүлэл, тэр ч бүү хэл шүүмж ч бичдэг их гарын бичээч мөн. Бас Казах уран зохиолоос орчуулна.

Алдарт зохиолч Б.Ахтаан, Хурметбек, Шинай, Даниель нарын бүтээл туурвилыг монгол хэлт уншигчдад гаргаж ирсэн найрсаг сайхан сэтгэлтэй, соён гэгээрүүлэгч этгээд бол Бааст юм аа. Олон хүмүүс хийгээд зохиолч нөхдийнхөө тухай гайхалтай сайхан дурсамжууд нь бид бүхний өмнө, алсын одны цацраг мэт анивалзан гэрэлтэж байнам.

Бааст гуай найрсаг сайхан сэтгэлтэй, хөгжөөн цэнгэлтэй, бас баруун Монгол эрийн омогтой, хэрэндээ л шазруухан эр гэж байгаа. Зохиолчдын байгууллага “хагардаг” дээрээ тулсан, зохиолчдын эвлэлийн 90-ээд оны нэг их хурал дээр манай нэг ахмад зохиолч Д.Сэнгээг дотоод яамны хэлмэгдүүлэгч гэх мэтээр индэр дээрээс тааруухнаар хэлтэл Бааст хурлын танхимаас “Чи өөрөө хэлмэгдүүлэгч, ахыгаа чи матаа биз дээ” гэж хашгичиж билээ. Ер нь хүнийг загнах авьяастай. Ардын уран зохиолчийн найран дээр нь би мань эрийг баахан магтаад “Чамайг үдье” гэдэг алдарт дууг нь дуурь хоолойгоор л аминдаа аваад хаячихлаа. Тэгээд тайзнаас буугаад ном, хадаг хоёр бариад очлоо. “Чи их сайхан үг хэллээ” гээд үнссэнээ гэнэт толгойгоо гэдийлгэж “Чи яагаад энэ дууг муухай дуулж байгаа юм. Цаана чинь Цэргийн чуулгын гоцлол дууч Ч.Баярмаа (одоо УГЖ), манай Ховдын Цэрэнпил гавьяатын охин дуулах гэж байхад чи хөтөлбөр эвдээд” гэж “зочин”-оо загнаж байгаа юм даа. Бааст гуай Цоодол, До.Нямаа, Сүрэнжав, Лхагвасүрэн бидэнтэй үерхэх санаатай үзэж тарж, үсэрч наалдана. Саяхны нэг өдөр утасдаж байна. Амар мэндээ мэдэлцсэний дараа “Би Баянбууралд амраад дөнгөж ирээд байна” гэхээр нь би “Саяхан л Аржанчивланд амарлаа гэх чинь билээ. Орос хэлний Галсан хэлсэн. Ямар юмаа хийж дандаа амралт хэсээд байдаг юм. Архи ууж чадахгүй, авгай эргүүлж мэдэхгүй байж” гээд тавьчихсан чинь “Чи битгий хуцаж бай” гээд утсаа салгаж байх жишээтэй ярвигтай эр дээ. Бааст гуай нэг өдөр гэртээ урьж байна. Очлоо, үхрийн тарган хавирга, ногоотой цэлцэгнүүр болтол нь чаначихсан таваглаж, шотланд хорз хундаганд хийснээ гэнэтхэн болиод шилэн аяганд пүл пүл хийдэг байгаа. Тэгээд ерөөлийн үг хэлнэ байх гээд хүлээзнэтэл, үг хэл ч байхгүй “За уучихъя” гэж байгаа юм даа. Би Бааст гуайг Багааст гэж уртаар дуудахад ах их дуртай. Сайхан зохиолч, сайн хүмүүн, хүүхэд шиг ааль ааш гаргагч эрхэм хүндэт Бааст гуай минь, хорин насны зөрүүтэй ч хонгор сайхан найз минь тантайгаа, чамтайгаа олон олон жил бараа бараагаа харж явмаар байна шүү. Ерэн тавтай хөвүүн минь.

Ардын уран зохиолч Пунцагийн БАДАРЧ