sonin.mn

Монгол Улсын хөгжил хаашаа явна вэ. Бид зөв замаар явж байна уу. Хэрэв зөв замаар явж байгаа бол яагаад хөгжихгүй байгаа зэрэг асуудлын талаар сүүлийн үед олон нийт, эрдэмтэн судлаачид эрчимтэй хэлэлцэх боллоо. Бид юуг орхигдуулчихав, хүн төвтэй нийгэм байгуулахаар зорьж ирсэн мөртлөө, хүний хөгжил, аюулгүй байдлыг үл анхаарч Төрийн бодлого иргэнээ хамгаалж, иргэндээ хүрч чадахгүй байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөх боллоо. Төрийн бодлого шийдвэр буруу, дутуу дулимаг гарч, зохистой хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй байна уу гэвэл зарим судлаачдын үзэж буйгаар үгүй гэнэ. Харин баталсан хуулиа сахиж мөрдөх, олон түмнээр өргөн хэлэлцүүлэх, амьдралд хэрэгжих орчинг бүрдүүлж чаддаггүй, хууль гаргаснаар бүх зүйл болсон мэт ойлгодгоос үүдэн гарсан хууль хэрэгжихгүй орхигддог байна.

Бид өнөөдөр өөрсдийнхөө эрх ашиг, үүрэг хариуцлагыг мэдэхгүйгээсээ болж хохирч үлдэх нь цөөнгүй болжээ. Аливаа хуулийг боловсруулаад зөвхөн өргөн барихдаа илүүтэй анхаардаг, харин түүнийг боловсруулах шатандаа нийтийн хэлэлцүүлэг хийх, иргэдийн санал, бодол тусгах, бодит байдалд нийцүүлэх, нутагшуулах, нийтэд таниулах, хэрэгжилтийг нь хангах, хяналт тавих, хариуцлага тооцох асуудлуудыг орхигдуулдаг нь харамсалтай.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай буюу хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх, осол тохиолдвол ямар арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх талаар олон хэлэлцүүлэг, чуулган болж буй энэ өдрүүдэд анхаарвал зохих зүйлсийн талаар мэдээллэхийг зорилоо.

Монгол Улсад ажилтан, ажил олгогч хоёрын хоорондын харилцааг Хөдөлмөрийн тухай хууль зохицуулдаг. Энэхүү хуулийн 97 дугаар зүйлд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх талаар заасан. Үүнд:

“ 97.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:

97.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа; /Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

97.1.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.”

Ингэснээр ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтныхаа өмнө амь нас, эрүүл мэндийн хариуцлага хүлээдэг.  Тэгвэл үүнтэй адил Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн заалтууд байдгийг дор дурдвал:

“1. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.
/Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

2. Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно:
/Энэ хэсэгт 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
        1/ ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад;
        2/ ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед;
        3/ ажилдаа ирэх, буцах замд.

З. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд түүнд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй.”

Үүнийг энгийнээр хэлбэл аливаа ажилтан ажлын байран дээр, албан томилолтоор явж байх үедээ, бүр ажилдаа ирэх, явах үедээ ч аливаа гэнэтийн осолд өртсөн бол (Жишээ нь, өвлийн цагт өглөө ажилдаа гарахдаа орцны үүдэнд хальтирч унаад бэртэх хүртэл орно) ажил олгогч, нийгмийн даатгалын сангаас эрүүл мэндийн хохирлын буюу гэмтлийн зэрэглэлийн дагуу нөхөн төлбөр авах эрх нь хуулиар зохицуулагдсан  байдаг.

Монгол  Улсын Засгийн газрын 2008 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ батлан хэрэгжүүлдэг. Түүнд аливаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас эрүүл мэндийн хохирлыг хэн хариуцах, хамрах хүрээг зааж өгсөн:

“1.1. Энэ дүрмийн зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "ажил олгогч" гэнэ/-д гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судалж тогтоох, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдөж ажиллана.

1.3. Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө.”...

Үйлдвэрлэлийн осол гэдгийг чухам юу гэж ойлгох вэ гэдгийг Засгийн газрын тогтоолын хавсралд мөн тодорхой зааж өгсөн:

“1.5. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дараах нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно:
1.5.1. ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсхүл гэрээ хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа;
1.5.2. ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
1.5.3. ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;
1.5.4. ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа (энэхүү ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэс болгоно);
1.5.5. үндсэн ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчин үүсгэгчийн гэнэтийн аюулд өртсөн;
1.5.6. тухайн байгууллагад ашиглаж байгаа түүхий эд, материал болон бусад технологийн процессод ашигладаг химийн бодис, биологийн гаралтай бохирдуулагчийн улмаас үүссэн өвчин, хордлогод өртсөн;
1.5.7. байгалийн гэнэтийн аюул, гамшиг, хөнөөх хэрэгслийн болон гоц халдварт өвчний голомт, сүйрэл, дэлбэрэлтийн үед.” ...

Хэрэв Монгол Улсын иргэн, ажилтан бүр энэхүү эрүүл мэндийн хохирлоос хамгаалагдсан эрх, үүргээ мэдээд хэрэгжүүлэхийг шаардвал тухайн ажил олгогч, төр засаг нь санхүүгийн хүндрэлд орох нь гарцаагүй. Үүний гарцыг хайвал ажил олгогч байгууллага өөрийн санхүүгийн эрсдэлээ бусдад шилжүүлэх буюу даатгуулах юм гэдгийг  тус хуулиудад адил тусгасан байдаг.

Жишээ нь, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиийн 18 дугаар зүйлд Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг дотор:

“18.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь  нийтлэг эрхтэй байна:
18.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага  хангасан ажлын байранд ажиллах;
18.1.2.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах;” гэж заасан байдаг.

Албан байгууллага нь ажилтнаа амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулъя гэхээр санхүү, төсвийн асуудлыг хөнддөг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний санхүүжилтын талаар зохицуулахдаа:

“26.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
26.1.1.улсын болон орон нутгийн төсөв;
26.1.2.гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив;
26.1.3.гадаадын зээл, тусламж;
26.1.4.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
26.2.Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна.
26.3.Энэ хуулийн 22.1.9-д заасан мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.”

гэж зааж өгсөн.

Хэрэв эдгээр хуулийн эрх, үүргээ мэдэж, хэрэгжүүлдэг бол өнөөдөр олон хүн гэнэтийн ослын улмаас эрүүл мэндээр хохирч, санхүүгийн хүндрэл бэрхшээлд автахаас зайлсхийх боломж бий.

Даатгалын салбарын улс орны дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь олон улсын дунджийг харахад 4-5% байдаг. Тухайлбал, 2014 онд АНУ 5.6%, Швед 4.2%, ХБНГУ 3.9%, Франц 3.4%. Харин Монгол Улсын хувьд даатгалын салбарын ДНБ-д эзлэх хувь нь дөнгөж 0.54%-тай байгаа нь олон улсын түвшнээс 10 дахин бага байна. Энэ даатгалын салбарын өсөх боломж, ирээдүйг харуулж байна.

 

МАН-ын газрын дарга А.Ариунзаяа