sonin.mn
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 тоот захирамжийн дагуу нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгээс захирамжийн хэрэгжилтийг шалгалаа. Шалгалтад 65 их дээд сургууль, 151 Ерөнхий Боловсролын сургууль, 279 цэцэрлэг, 472 төрийн байгууллага, нийт 967 төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг хамрагдав.  Үүнээс 14 их дээд сургууль цагийн хуваарийг зөрчиж байна.
 
Цагийн хуваарийг зөрчин ажиллаж байгаа сургуулиуд холоос явдаг оюутан ихтэй, оюутны хичээл хоцролт их болсон тул хичээлийн хуваариа өөрчилж 08.00 цагаас орж байна, нийслэлээс тогтоосон бүсээс гадна байгаа нь түгжрэл үүсэхэд нөлөөлөхгүй, оюутнуудаас санал авсны дүнд хуучин цагийн хуваариа өөрчлөөгүй, хотын төвөөс хол байдаг учир хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй гэсэн тайлбарыг өгчээ.
 
Мөн Боловсролын байгууллагын багш, ажилчид, эцэг эхчүүд зэрэг нийт 11409 хүнээс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авав. Судалгаанд хамрагдсан иргэдийн 66.9 хувь нь ажил эхлэх, дуусах цагийн хуваарийн өөрчлөлт нь үр дүнтэй байна гэсэн бол 54.6 хувь нь цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар замын түгжрэл буурсан, 53.7 хувь нь нийтийн тээврийн ачаалал багассан гэжээ. Харин хүүхдээ сургууль цэцэрлэгт  хүргэж өгөхөд цагийн хуваарийн өөрчлөлт нь хүндрэлтэй байгаа эсэх талаар судалгаанд оролцогчдын 50.3 хувь нь ажил эхлэх цаг, 45.8 хувь нь ажил тарах цаг хүндрэлтэй байна гэжээ.
 
“Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжийн  хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн ачааллыг өмнөх үетэй харьцуулан судлав. Ажлын 10 хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга, зорчигч урсгалын судалгаа болон автобусны зогсоол дээрх ачааллыг судлахад:
 
Ажил эхлэх тарах үеийн цагийн хуваарьт өөрчлөлт орох захирамж гарахаас өмнө хийсэн зорчигч урсгалын судалгаагаар өмнөх онд өглөөний 07:00-08:00 цагийн хооронд 1 тээврийн хэрэгсэл 152 зорчигч тээвэрлэсэн бол захирамж гарснаас хойш хийсэн судалгаанаас үзэхэд 135 зорчигч тээвэрлэж  автобусны зорчигч дүүргэлт өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурсан бөгөөд ажил эхлэх үед зорчигч багтахгүй байх асуудал багассан эерэг үзүүлэлттэй байна. Энэ нь өглөөний оргил цагийн үргэлжлэх хугацаа уртасч, нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ачаалал жигдэрснийг илтгэж байна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.