sonin.mn

Агуу их Ялалтын ой болоход ердөө л 40 гаруйхан хоног үлджээ. Агуу Их Ялалтыг ойртуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн нэгэн шидэт дууны тухай өгүүлэх гэсэн юм. Энэ бол Та бидний сайн мэдэх “Катюша” юм…

Ид шидэт дуу


Хөгжмийн зохиолч Матвей Блантер, найрагч Михаил Исаковский нар 1938 онд нэгэн цэрэг эх оронч нэгэн дуу зохиожээ. Энэ нь Катюша дуу юм. Катюшаг 1938 оны 11 дүгээр сарын 27-нд Зөвлөлүүдийн Ордны Баганат танхимд Валентина Батищева анх удаа их оркестртой дуулсан гэдэг. Гэхдээ энэ дууг тэр үеийн оросын алдарт дуучин Лидия Русланова дуулж алдаршуулсан юм.
Дууны агуулга энгийн атлаа нэн гүнзгий. Орос нутгийн сэтгэл догдлом хавар цагт хилээ хамгаалсан хайрт залуугаа санагалзсан үзэсгэлэнт орос бүсгүй Катюша голын эрэг дээр гарч хайрт хүндээ хандан дуун захидал илгээн сэтгэлийн үгээ дамжуулж байгаа уянгын дуу юм. Тэр хайрт хүнээсээ хариу захидал хүлээж насан турш үнэнчээр хүлээнэ гэдгээ уяран хайлан дуулдаг юм.


Энэ дуу тэр дороо л олны хүртээл болох нь тэр. Гэхдээ зүгээр л сайхан, уярам дуу л байлаа…
Гэтэл Эх орны Агуу Их Дайн эхлэв. Дайны эхэн үед холбоо харилцаа байхгүй, ар тал бараг байхгүй, дайсан байнга давшиж, довтолж, өөрсдөө ухарч, хориглож, голдуу үхлийн тулалдаан хийж байсан хамгийн хүнд үе байлаа. Энэ үед үхэлтэй нүүр тулсан цэрэг эрст ар гэр, эхнэр хүүхэд, ээж гээд эмэгтэй хүн л бодогддог аж. Тэр нь хэн байж болохов ?! Тэр нь Катюша болсон юм.
Мөн Катюша бол орос эмэгтэйн хамгийн түгээмэл нэр юм. Ингээд Катюша нэр бүх орос хүүхнүүд, ээжүүдийг төлөөлөх болов. Одоо бол оросын бүх эмэгтэйчүүд, хүүхнүүд энэ дуугаар дамжин Катюша нэрээр төсөөлөгдөх болов. Хайртай дотно гэр бүл, төрөлх гал голомт, бүлээн дулаан ар тал гэсэн утгыг Катюша бүхэлд нь илэрхийлэх болов.
Үүний дээрээс оросууд Эх орноо Ээж, Эх хүнтэй зүйрлэдэг үндэсний ухамсрын онцлог нэмэгдэн нөлөөлөв. Эх орноо Эх хүн болгон биет байдлаар төсөөлж, түүнийхээ төлөө амь насаа зориулдаг ард түмэн хэр олон байдгийг би мэдэхгүй. Лав л оросууд Эх орноо “Эх орон-Эх” (“Родина-Мать”) гэж нэрлэдэг юм.


Эх Орноо нэгэнт эмэгтэй хүн гэж бодит, биет байдлаар төсөөлж байгаа тохиолдолд тэр нь бас л бодитой байх ёстой. Энэ бодит хүн нь бас л Катюша байв.
Энэ бүх хүчин зүйл нөлөөлсөөр Катюша бол зүгээр нэг дуу биш, харин нийгмийн бодит үзэгдэл болон хувирсан юм. Нийгмийн үзэгдэл болно гэхээр энэ бол биетэй бодитой хүч болно гэсэн хэрэг байлаа. Энэ дуу орос цэргийн хувьд үр хүүхэд, дурлалт бүсгүй, хайрт гэргий, ачлалт ээж, зөвлөлтийн бүх эмэгтэйчүүд, тэгээд Эх орон-Эх зэрэг нандигнан хайрладаг бүх үнэт зүйлийнх нь биетэй бодитой биелэл болсон юм.


Ийм болохоор энэ дуу ер бусын ид шидийн хүчтэй болсон юм. Орос цэрэг учир утгагүй үхээгүй, харин Катюшийн төлөө үхэхэд гомдолгүй бөгөөд ихээхэн учир утгатай, ач холбогдолтой.
Энэ шидэт дуу эхлээд фронтод, дараа нь партизаны отрядад, дараа нь фашистын бөөнөөр хорих лагерьт хүртэл дуурсаж байжээ. Ялангуяа хорих лагерьт зовж буй хүмүүсийн сэтгэлийг зогоох ганц зүйл нь Катюша байж. Тэртэй тэргүй үхэх юм чинь Катюшатайгаа “уулзаад” үхэхэд ядахдаа сэтгэл амар.
Үхэлтэй нүүр тулгарсан хүнд хэцүү үед ганцхан Катюша л хань болж байв. Орос цэргүүд Катюшатайгаа хамт давшилтад орж, окопонд хань татаж, тэр ч байтугай үхэхдээ хүртэл түүнийгээ дуулж байгаад буудуулдаг байсан.


Фронт, дивиз, хороо, партизаны отрядууд Катюшагийн өөр өөрийн хувилбарыг зохиож дуулдаг байжээ. Энэ дууны ач холбогдлыг Зөвлөлтийн тал ч, Германы тал ч сайн ойлгож байжээ. Германууд хүртэл сурч аваад оросуудыг уяраан татахыг оролдож байсан гэдэг.
Оросууд Катюшагийн пянзыг сая саяар нь үйлдвэрлэж фронтоор тарааснаас гадна фронтоор аялан тоглож байсан урлагийн бригадын алдартнууд заавал Катюшаг дуулдаг байжээ. Олон дахин дахиулахгүй өнгөрсөн нэг ч тохиолдол байгаагүй юм.
Ялангуяа алдарт дуучин Лидия Русланова Катюшагаа дуулаад өнгөрсөн фронтын хэсэг дээр заавал давшилт болдог, чингэхдээ заавал ялалт байгуулдаг зүй тогтлыг олон офицер, цэргүүд анзаарсан байдаг.


Орёл орчимд ийм явдал болжээ. Хоёр тал хориглолтод байсан үе. Германуудын олзны юман дотор хэдэн пянз байсны нэг “Катюша” байж. Окопонд уйдсан герман цэргүүд тэр пянзыг тавьж гарчээ. Бодвол таалагдсан бололтой. Энэ нь салхины аясаар оросын окопонд дуулдаад байж. Оросууд “муусайн немцүүд манай катюшыг тавилаа” гэж их зэвүүцжээ. Тэр үед тушаалгүй давших буюу ухрах хатуу хориотой. Ингээд тэсээд байж. Тэгтэл германууд нөгөө пянзаа нэг тавьж гэнэ, хоёр тавьж гэнэ, гурав дахиа тавихад нь тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв, орос цэргүүд тушаалгүйгээр давшилтад орж “Катюша”-гаа немцүүдээс салган авчирсан гэдэг. Тэр нь ердөө л пянз тоглуулагч, пянз хоёр шүү дээ. Харин хэдэн хүн үхснийг хэн ч тоолоогүй. Хаа очиж оросын хатуу ширүүн офицерүүд энэ байдлыг ойлгож тушаалгүй давшсан цэргүүдээ шийтгээгүй гэдэг.
Энэ явдал өнөөгийн бидэнд хачирхалтай байж болох ч тухайн үедээ хамгийн их учир утгатай байсанд эргэлзэх зүйлгүй…


Эх орон-Эх ирэв


Зөвлөлтийн зохион бүтээгчид дайны үед тийрэлтэт их бууны хөдөлгөөнт систем бүтээсэн бөгөөд түүнийг цэргийнхэн болон мэргэжилтнүүд БМ-8, 13, 31 гэж нэрлэдэг байв. Үүнийг 1941 оны хүнд хэцүү үед анх удаа байлдаанд хэрэглэсэн юм. Гэтэл энэ нь тэр дороо л Катюша болон хувирав. Яахаараа армийн догшин зэвсэг турьхан бүсгүйн нэрийг авдаг байна ?! Энэ нь бас л мөнөөх нийгмийн үзэгдэлтэй холбоотой.
“Эх орон-Эх дуудаж байна” сүрлэг, дайчин зурагт хуудсыг мэдэхгүй хүн ховор. Энэ бол Катюшагийн нийлбэр дүр юм. Саяхан болтол танкны өөдөөс винтов, лонхтой шатаах шингэн бариад ордог байсан цэргүүдэд ид шидэт зэвсэг гараад ирэх нь тэр. Энэ бол зэвсэг биш, Эх орон-Эхийнх нь илгээсэн тусламж байлаа.


Тийрэлтэт их бууны анхны буудлагыг ахмад Флеров 1941 онд Орш хотын орчимд хийсэн бөгөөд тэр газар нь яг дуунд гардаг шиг эгц өндөр эрэг байжээ. Энэ буудлагын гайхамшигт үр дүнг харсан нэгэн цэрэг “Энэ чинь ёстой Катюшийн захидал байна” гэж дуу алдсан гэдэг. Үүнийг сонссон нэгэн холбоочин “Катюша” гэдэг нэгэн нууц зэвсэг гарчээ гээд цуурч орхиж. Энэ нь фронтын жирийн нэг цуурхал хэдий ч бүх хүний сэтгэлд нийцжээ. Яагаад гэвэл Эх орон-Эхийнхээ туслахыг цэрэг болгон тэсэн ядан хүлээж байлаа. Ингээд Эх орон нь цэрэг хөвгүүддээ туслахаар иржээ. Танкаар, нисэх онгоцоор, бас катюшагаар. Одоо бол орос цэрэгт зөвхөн Катюша, ялалт хоёр л хэрэгтэй…
Герман цэрэг эх орноосоо алс “ганцаараа” байлдаж байсан бол орос цэрэг эх орныхоо төлөө Катюшатайгаа хамт байлдаж байсан юм. Хоёулаа хүн чинь ялдаг юм байгаа биз дээ. Энэ бол оросуудын ялалтын нууц түлхүүр байсан юм.


Оросууд “онцгой төрлийн миномёт” хэрэглэж байгаагийн эсрэг германчууд хариу арга хэмжээ тэр дор нь авсан юм. Тэд яаж ийж байгаад “Катюшийн” анхны батерейг бүсэлж чадсан билээ. Тэр үед “Катюша” цэргийн дээд зэргийн нууц байсан нь мэдээж хэрэг. Тэр батерейг ахмад И.А.Флеров командалж байв. Түүний сүүлчийн товч мэдээлэл энэ байна:
1941 оны 7 дугаар сарын. 14. Оршийн төмөр замын зангилаанд буй фашистын цуваанд цохилт өгөв. Үр дүн онцгой. Нил галан тэнгис харагдаж байна…
1941 оны 10 дугаар сарын 7. Вязьмагаас 50 км-т Богатырь тосгоны дэргэд бүслэлтэд орлоо. Эцсээ хүртэл үзэлцэнэ. Өөрсдийгөө дэлбэлэхэд бэлтгэж байна. Үүрд баяртай, нөхөд минь…”


Армийнхаа дээд зэргийн нууц болсон Катюшаг дайсанд хэрхэвч олзлуулж болохгүй гэсэн эрс хатуу тушаалтай тэр зоригт эрчүүл дэлбэлэх товчийг дарахаасаа өмнө Катюша дуугаа сүүлчийн удаа дуулсан гэж орос домогт өгүүлсэн нь баттай үнэн гэж би бодном…
Ингээд оросууд ганц ч Катюшагаа дайсанд олзлуулаагүй юм…


Катюша удалгүй дэлхийн бараг бүх хэлэнд орчуулагдаж, сүүлдээ бараг тэдний эх орны дуу болон хувирсан байдаг. Катюшагийн зохиогч, яруу найрагч Михаил Исаковский дайны дараа Польшид наргих үеэр энэ бол польшийн партизануудын дуу, оросууд авчихсан юм гэж барин тавин нотолсон гэдэг. Дараа нь Югославт очсон чинь югославын партизанууд оросуудаас аль өмнө зохиосон дуу гэж түүнд хэлж байжээ. Тэгээд би нэг их маргаагүй гэж суут зохиолч хэлсэн нь буй.
Саяхан гадаадуудаас Орос орныг юугаар нь мэддэг вэ гэж асуухад Катюша дуу эхний байранд орсон байдаг. Энэ нь тийм ч гайхмаар үзэгдэл биш юм.


Учир нь Катюша бол Ялалт, Эх орон гэсэн утгатайд л хамаг учир нь байгаа юм…
Судлаач Х.Д.Ганхуяг

 

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?