sonin.mn
Төрсөн эцэг болон хойд эхийхээ гарт харамсалтайгаар амиа алдсан дөрвөн настай охины араас өнөөг хүртэл монголчууд гашуудан эмгэнэсээр байна. Тиймээс олон нийтийн зүгээс гэмт хэрэгтнүүдийн хэргийг шударгаар шийдэж тэдэнд холбогдох шүүх хурлыг нээлттэй хийхийг уриалж эхлээд байна. Хамгийн гол нь талийгаач охины төрсөн эцэг болох Т.Цогт нь эхний мэдүүлгээрээ охиноо зоддог байснаа хүлээсэн аж. 
 
Тодруулбал, тэрбээр “Маралаа бид хоёр дандаа охиноос болж хэрэлддэг байсан. Талийгаач ээжийнхээ захиалгаар бид хоёрыг байнга хэрэлдүүлддэг байсан учраас би түүнийг ганц, хоёрхон удаа л бөгсөн дээр нь алгаддаг байсан” гэж мэдүүлсэн аж. Хэдийгээр дээрх хоёр сэжигтэн өнөөдөр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа ч тэднийг үгээ нэгтгэж магадгүй хэмээн нарлагаанд нь гарахад нь хүртэл хянагч дагаж яваа аж. Түүнчлэн тэд хамтарч охины аминд хүрсэн атлаа энэхүү хэргээс мултрахын тулд бие биен рүүгээ хэргээ бухаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байсан. 
 
Тодруулбал, охины эцэг Т.Цогт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчээр ажиллаж байсан тухайг бид өмнө нь мэдээлж байсан. Тиймээс уг хэрэг дээр ажиллаж байгаа шинжээчдээс “Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хуулийн дагуу үнэн зөв дүгнэлт гаргана.Хууль бус дүгнэлт гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн баталгааг цагдаагийн байгууллагаас гаргуулж авчээ. Юутай ч одоогийн байдлаар шинжээчид талийгаач охиныг уушгины бяцралт, тархины цус хуралтын улмаас амиа алдсан гэдэг дүгнэлт гаргаад байгаа.
 
Харин олон нийтийн зүгээс энэхүү дүгнэлтийг хуурамч хэмээн үзэж буйгаа цахим ертөнцөөр илэрхийлэх болсон билээ. Учир нь гэмт этгээд Т.Цогт нь тус хүрээлэнд ажиллаж байсан мэргэжлийн шинжээч хүн учраас түүний ах дүү амраг саданг хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Ингэж үзэж ч болох талтай. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарт олон нийт итгэхээ байсан. Учир нь тус газрын ажилчид бусдаас авлига авч хүнд бэртлийг хөнгөн, хөнгөнийг нь хүнд гэж дүгнэлт гаргаж байсан бармит ч бий. Тиймээс л шинжжэч нарыг охины хэргийн дүгнэлтийг иймэрхүү маягаар завхаруулсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм. Товчхондоо бол Т.Цогт мэргэжлийн шинжээч хүн учраас тус газрынхан нэр нүүрээ бодсондоо охиныг уушигны бяцралт, тархины цус хуралтын улмаас амиа алдсан гэж дүгнэсэн нь ихээхэн эргэлзээтэй байна гэж үзэх хуулийнхан ч байгаа юм. 
 
Юутай ч сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар охиныг үхэлд хүргэсэн нь хөдөлшгүй баримт болох нь гарцаагүй. Тиймээс л хуулийнхныг дөрөвхөн настай охины энэхүү хэрэгт бүхий л бололцоогоо дайчлан зөв шударгаар ажиллахыг Монголын ард түмэн бүгд хүсч байна. Түүнээс хэн нэгэн мөнгөтэй хүний халаасанд багтаж хэргийг хэрэг биш болгочиховий гэсэн болгоомжлол байна гэсэн үг. Олон нийтийн анхааралд ороод байгаа энэхүү хэргийг ямар ч байсан олон нийтийн зүгээс нээлттэйгээр шүүх хурлыг явуул гэсэн уриалгыг гаргаж эхэллээ. 
 
Эх сурвалж: