sonin.mn
 
Ардын уран зохиолч Тангадын Галсантай ярилцлаа.
 
-Та өнгөрөгч морин жил хэд хэдэн ном гаргажээ?
 
-Манай хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж насныхаа намраар “Тарчилсан сүнс", “Нарны жавар", “Улаан зүүд” зэрэг роман, тууж туурвисан. Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын “Хонины өвгөн”, Пунцагийн Бадарчийн “Эсэг бусаг” зэрэг номыг залуус тан нар унш. Хүүрнэл зохиол шүү дээ. Яагаад тэд үргэлжилсэн үгийн зохиол хэцлэх болов. Сэдэв бүхэн өөрийн агуулгатай. Агуулга бүхэн өөртөө таарсан хэлбэр, бичлэгийн төрөл зүйлийг нэхдэг. Өөрөөр хэлбэл, сансарын хөлөгийг гацуураар, алтан ээмэгний шигтгээг сүлд модны чимэглэлийг хуваар хийдэггүй. Тэгээд ч хулжран одогч морин жилд хүүрнэл зохиолын хоёр боть, “Төр улсын дотор Гэр-улс бат оршихуйн нууц” эссэ хэвлүүлж ард түмнийхээ алган дээр тавьсан. 
 
-Хоёр боть нь Монголын сэтгүүлчдийн холбооноос хэвлүүлсэн 99 цувралын 16 дугаар ботийн хоёр дэвтэр гэдгийг бид мэднэ. Энэ талаар?
 
-Манай эрдэмтэн ба зохиолч багш До.Цэнджав “Т.Галсан гуайн хоёр ботийг бүрнээ шувтартал уншиж ойлгож чадваас мөн ч их ухаарал таны тархинд үлдэнэ дээ. Энэ хоёр боть зөвхөн сэтгүүлзүй нийтлэл, хүүрнэлийн ном биш Монгол хэлний утгазүй, найруулах ёсон, эх оронч сэтгэлийн илчийг мэдрүүлэх хөөрөл бахархалын товчоон. Энэ номын үг бүхэн дээгүүр алтан цох гүйх шиг мөрлөж уншвал сайнсан” гэж зөвлөсөн. 
 
Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч доктор профессор Л .Норовсүрэн багш “Энэ ном нийтлэл, уранзохиолын зааг дээр цогцолсон сургааль номлол, шүүмжлэл зэмлэл, егөөдөл ёгтлол, магтаал сайшаал хосолсон баян тансаг агуулгатай, уламжлал шинэчлэлийг золгуулсан өвөрмөц сонин хэлбэр зохиомжтой бөгөөд бүхэлдээ оюуны бяд зааж, онгодын охиор хөглөгдсөн. Соён гэгээрүүлэгч шинжтэй бүтээлүүд” гэж үнэлж байна лээ.
 
-Та яагаад эссэ гэдэг төрлөөр бүтэн ном бичих болов оо?
 
-Нарны галанд уулын нүүрнээ шар тос мэлцэрсэн намрын нэг сайхан өдөр өвгөн би төрийн нэгэн яамнаа уригдан очлоо. Урьд баригдаж явдаг байсан этгээд одоо уригдаж явдаг эрхэм болчихоод, төрийн яамныханд үгээ хэлэх, сэтгэлээ асгах, зүтгэлээн хамтатгах болсон нь ардчиллын маань буян юм даа. Уулзалт өндөрлөсний дараа төрийн нарийн бичгийн дарга Отгонжаргал хэмээх төв ёстой, зөв сэтгэлт бүсгүй “За та сая ярьсан “Гэр-улс бат байж гэмээ нь төр улс бат оршино” гэсэн сэдвээрээ ном бичиж манай үйлст тусал гэж тулган шаардав. Би “за” ч гэсэнгүй, “үгүй” ч гэсэнгүй. Гэтэл маргааш нь миний урланд Батнаран гэдэг өндөр чийрэг залуу хоёр авдар цаас, тавин харандаа, бичгийн үдээс, цавуу хүргэн ирсэн төдийгүй яг таг бэлдсэн, гагцхүү гарын үсэг зурах нь халаг гэрээ авчрах нь тэр. Энэхүү гэрээний захиалагч нь С.Эрдэнэ сайдын яам. Би “гүйцэтгэгч” нь болох албанд баригдах нь тэр. 
 
Тэгээд л өөрийн үр хүүхэддээ, тэдэн шиг залууст төдийгүй өнөр Монгол түмэндээ, төр улсын дотор “Гэр-улс” байгуулахын, бас бат оршихуйн нууцыг шивнэнгээ чарлаж, уйлангаа инээж түмнийг ч сэрээе, төрийн сонорт ч дэншиг дэлдье гэж шийдээд үүдээ түгжин, үзгээ элээж, үгээ хэлхэж сууснаар нэг ном бүтээсэн. Эссэ бол уран зохиолын бүх төрөл зүйлээр алаглуулан хэлхсэн улс төр нийгмийн сэдэвт туурвил шүү дээ. Исгэл даага гэвэл сүү сайт гүүний унага эхийгээ хөхсөөр цагийн хатууг дажгүй туулах утгатай үг. Исгэх хөрөнгө нь зөв бол айраг сайхан болдог. Тэгээд л Гэр-улс гэдэг сэдвээр эссэ ном бичсэн дээ.
 
-Та Гэр-улс гэж юуг хэлээд байна. Манайд Гэр-улс бий юу?
 
-Монгол бол хүн овогтоны өвөг үндэстэний нэг Гэр-улс нь хүчирхэг үедээ төр улс нь хүчирхэг байсан. Одоо манайд Гэр-улс нь буурсан, буруудсанаас болоод Төр улс нь түйвэргээнтэй байна.
 
-Та яагаад ийм муу өнгөтэй үг хэлнэ вэ?
 
-Нууж болохгүй муу ёрт таван гэр бүл байна. Тэднийг бат бэх гэр-улс гэхэд хэцүү.
 
-Ямар таван гэр бүл?
 
-Нэгдүгээрт, Үнсэх хөөрхөн үртэй, өвлөх их бага хөрөнгө нэгтэй атлаа Монгол төрөөрөө баталгаажуулдагүй, түмний урд хуримладаггүй, өөрөөр хэлбэл гэрлэлтийн баталгаагүй хэврэг гэр бүл. Хоёрт, зуны гурван сар хамт зугаалдаг (намар салдаг) өвөл болохоор бөөрөө бүлээтгэхийн тулд нэг хөнжилд хамт өвөлжөөд, хавар болохоор хар цагаан дуугүй салан одогсод буюу Америк маягийн хамтран амьдрагсад. Дараагийнх нь гадаад ханьтай. Хоёрдмол иргэншилтэй, эрлийз хэл бүхүй хүүхэдтэй, эх орон тодорхойгүй, эвлэх эвдрэх нь цөөнгүй, хэтийн ирээдүй нь хэврэг гэр бүл. Мөн аль нэг улс гүрэнд ажиллаж байгаа, ар гэрийхнээ алсаас тэжээж байгаа, гэвч илгээдэг мөнгө нь ихэсч бус багасч байгаа, энд байгаа нь ч тэнд очсон нь ч “илүүдэл орон тоотой” болж буй тэнэмэл гэр бүл. Тэр хирээрээ хэврэг гэр бүл. Эцэст нь өрөвдөм, өрөөсөн багана шиг ганцаардмал өрхийг толгойлсон эмэгтэйчүүдийн гэр бүл.
 
-Гэр-улс гэж та яг юуг хэлээд байна вэ. Ийм үг Монгол хэлний үгсийн санд байдаг гэж үү?
 
-Гэр, Улс гэдэг хоёр үгсээс бүтсэн юм. Гэр гэдэг нь,
Гэрэл урьсан тоонотой
Гийчин урьсан үүдтэй
Гиймэл нандин өргөө шүү дээ. 
 
Улс гэдэг нь нэгдмэл эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх аман хуультай, эртний түүх нэгтэй, ирээдүйн хувь заяа нэгтай ард түмэн шүү дээ. Энэ хоёр үг хоршиход л ГЭР-УЛС гэдэг шив шинэ сайхан үг үүсч байгаа юм. Шинэ үг бүхэн шинэ ухагдахуун илэрхийлдэг. Төр улс бий болохоос хэдэн мянган жилийн урьд Гэр-улс бий болсон түүхтэй. Монголчууд “Одны гэр”-ийн онолоор Гэр-улсаа байгуулсан. Түүнийхээ ачаар цөөхөн атлаа олноос хүчирхэг улс байв. Өөрөөр хэлбэл, Гэр-улсын хүчирхэгжил нь Төр улсын хүчирхэгжилийн үндэс байжээ.
 
-Жишээ нь танайх ямар гэр улс вэ?
 
-Дээр дурдсан таван муу ёртой гэр бүлээс онхи өөр. Үр ачдаа үлгэр дууриалалтай таван буман ( таван зуун мянган) гэр улс Монголд бий. Тэдний л нэг. Би бол Галсан Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сангийн сайд миний хань бол Галсан хэмээх гэр улсын эрүүл мэндийн, гэгээрлийн, хөнгөн хүнсний, хүн ам зүйн бодлогын сайд бас төв банкны захирал. Хэдэн хүүхэд маань эрүүл өссөн. Энэ бол эрүүл мэндийн сайдын ач. Нэг нь ч дунд сургуульд дунд, муу сураагүй. Тэр бол Гэгээрлийн сайдын тайлан. Ганц Галсанг дөрвөн хүү, нэг охинтой болгож, манай удмыг өнөржүүлсэн. Энэ бол Хүн ам зүйн бодлогын сайдын том гавъяа.
 
-Таны тайлан?
 
-Манайх гэдэг Гэр-улс хэзээ ч хиртэй, өртэй, хилэнцтэй байгаагүй. Хиргүй гэдэг эрүүл, өргүй гэдэг баян, хилэнцгүй гэдэг буянтай гэсэн үг. Гэр-улсын тэргүүн байх сайхан. Гэвч гэрулсынхаа тусгаар тогтнол, эв эе, тэгш эрх, амь зуулга, хувь заяаг данайтал дааж явна гэдэг өндөр үүрэг, хатуу хариуцлага. Ер нь айл өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь Гэр-улсын тэргүүнээс ихээхэн шалтгаална.
 
“Удам"-аан доортговоос 
Уул нурахын дайтай.
Ханиа гомдоовоос 
Хайрхан нурахын гайтай." гэж би боддог. 
 
Миний хань “Нэрээ хөдөс болгуузай! Гэрээ гахайн үүр болгуузай!” гэх сургаалиар одоо ч үр ачаа хүмүүнжүүлсээр л.
 
-Төр улс төсөвтэй байдаг. Гэр-улст төсөв байх уу?
 
-Байлгүй яахав. Тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон өдрөөсөө Гэр-улс төсөв зохиож сурдаг. Төсвийг хамтран батална. Гэр бүлийн төсөв нь орлого, зарлага, хуримтлал гэсэн үндсэн гуравхан хэсэгтэй. Орлого бол цалин, туслах аж ахуйн унац, хадгаламжийн хүү зэргээс бүрдэнэ. Тогтмол орлогынхоо 25 хувийг хадгаламжинд хийдэг айл хэзээ ч гачигдахын зовлонд тарчилахгүй. Ингэж чадсан айл дөчин наснаасаа эхлээд
 
Яана аа гэхийн гачигдал зовлонгүй 
Явган гэлдрэхийн ядаргаат сажлалгүй 
Үүц хийх амбан шартай 
Ууц тавих халзан ирэгтэй болно шүү дээ. 
 
-Орлогоос гадна бас зарлага гэж нэг сүрхий гайтай юм байдаг биз дээ?
 
-Гайтай бишээ, жамтай юм. Таван шанага цай хийдэг домбонд тавин мянган шанага сүү хийж болно. Тэгэхийн тулд арван мянган удаа суллах хэрэгтэй. Суллах тутамдаа дүүргэх ёстой. Яг түүн шиг зөв гарсан гарлага эргээд олон дахин арвижсан орлого болдог. Зарлагыг орлого болгоход ухаан хэрэгтэй.
 
-Зарлагыг яаж орлого болгох вэ?
 
-Гэр улсын сарын зарлага орлогоосоо хэзээ ч давж гарах ёсгүй. Хэрвээ ахиу зарлага гарч гэмээнэ орлогын ондоо эх үүсвэрээр дутсаныг нөхөж, дундуурыг дүүргэх ёстой. Жишээ нь, цагаан сараар малчин хүн хоёр ирэг зарлаа гэхэд оронд нь 3-4 охин төлөг авах жишээтэй. Тэр нь хойтон хавар төллөхдөө 6-8 хонь болно. Хот суурингийнхан бол хос зурагтынхаа нэгийг зарж болно. Илүү өрөөгөө, эзгүй зусдаг зуслангаа түрээслүүлж болно. Итгэлтэй хүнд мөнгө хүүтэй зээлүүлэх ч унацтай. Олон хэл мэддэг бол орчуулга хий. Арван насны хулгайч архи, таван насны хулгайч тамхи авахаа боль. Орой үдэш зорчигч зөөвөрлө. Хэтэрсэн зарлагыг дор нь нөхөөд багагүй орлого олох энэ мэтийн боломж айл бүрт зөндөө бий. 
 
Эрдэм, ажил хоёр эргээд буян арвижуулдаг жамтай. Арга барагдсан үеийн нэг аврал бол зохист зээл. Богино хугацаатай, их хүүтэй зээл бүү ав. Тэр бол түймэртэй адил. Харин урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хурдан эргэлдүүл. Нэг мэгж аваад олон торойтой болох шиг мөнгө чинь үржинэ. Чи зээлийн өрөөс гарах төдийгүй, зээлдүүлэх мөнгөтэй болно. Ер нь гачигдаж өрийн нээнтэгт орох тусмаа хүн гайхалтай сэтгэж, гавшгайлан зүтгэж, олзны орд нээдэг. Лоохууз 17 төгрөгний цалинтай үедээ, би 70 төгрөгний цалинтай болуутаа л тосон чөмөгтэй амьдрахын ухааныг олсон. Тийнхүү гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээсэн Гэр-улсад, 
 
Эрүүл энхийн цагаан буян 
Эд хөрөнгийн арвис буян 
Инээд баясалын далай буян 
Эрдэм ухааны гэгээн буян 
Өдрөөс өдөрт чуулаад эхэлдэг дээ хө. 
 
-Гэр улсаа хэдийд байгуулвал зохистой вэ?
 
-Дурлах насандаа гэрлэж болохгүй. Үнэнхүү үер шиг халгиж цалгих үед л гэр улсаа байгуулах нь зөв.
 
-Яагаад?
 
-Дурлал гэдэг үгийн язгуур “Дур”. “Би чамд дурлаж байна аа” гэвэл “Миний дур дийлдэхээ болилоо" гэсэн утгатай тачаангуй өдөөлөг. Дурлалд жолоо алдсан охин л дунд сургуульд байхдаа ижий болж, амьдралдаа алддаг. Харин хайр бол дурлалаас дэндүү тэнгэрлиг. Дурлал харцаар оруутаа доод тив рүү тэмүүлэн тэнэглэдэг. Хайр харцнаас зүрхэнд, зүрхнээс тархинд үүрээ засдаг аз жаргалын алтан хараацай. Өөрөөр хэлбэл, дурлал аавын хүү, ээжийн охиныг ахин залруулашгүй гэмшилд унагадаг. Хайр залуу хосыг бат бэх Гэр-улс болгож өөд татдаг.
 
-Гэр-улсыг байгуулахын тулд ирээдүйн хань буюу таны хэлдэгээр “Хос багана”-ын нэгээ хэрхэн шинжиж олох вэ?
 
-Танилцсан залуу хос төдийгүй, аав ээж нь энэ шинжээнд хамтран орох үүрэгтэй. Яагаад гэвэл Гэр-улсыг байгуулах нь хүүхэд чулуугаар гэр барьж тоглохтой адилгүй. Манай Монголчууд удамаар нь, үг яриагаар нь, эрдэм авьяасаар нь эзэмшсэн ажил мэргэжил, зан аашаар нь заяа төөрөгөөр нь, тэр ч байтугай унаж яваа мориор нь (одоо тэргээр нь) залуусыг шинждэг уламжлалтай. Тэр дунд хамагаас эрхэм нь удам. “Сүх авахдаа онгийг нь хар. Хүн авахдаа удамыг нь хар” гэдэг мундаг сургаал шүү.
 
-Гэр улсыг байгуулахаас татгалзах хориг байх уу?
 
-“Төр улсын дотор Гэр улс бат оршихуйн нууц” номыг гуравдугаар бөлөгт “татгалзах таван хориг’’-ийг нэн бүрчлэн заасан байгаа.
 
-Нэгдэх нь?
 
-Төөрөг нэгтэй, төрөл заяа нэгтэй садангууд ураглах байтугай өвөр нэгтгэх хориотой. Түүнийг цус ойртох гэдэг. “Цус ойртсон дорхноо яс хөсрийтсэн нь дээр” гэдэг үг ч бий. Хэрвээ энэ хоригийг зөрчвөөс Өгөдэй хааны хэлснээр “Өөхөнд ороовч нохой шиншихгүй, Өвсөнд ороовч үхэр хивэхгүй" хүн-торой гардаг. Энэ бол бие нь сул, өвчин салдаггүй. Яс нь сул тахир, махир, бөгтөр төдийгүй амархан хугардаг. Хэл нь сул ээрүү, дүднээ, гацаа, шулга. Оюун нь сул барьсан тавьсанаа мэддэггүй. “1+1=хэд вэ?” гэхэд дав (тав) гээд гөлийж байдаг. Нас нь охор гарахдаа зулбамхай, амьд гарлаа ч нас богино. Энэ бүхэн бол удам бузартсаны гай. Бусад хоригийг номоос нь уншчих.
 
-Залуу хос Гэр-улс байгуулахдаа заавал хуримлах ёстой юу?
 
-Хурим бол гурван их ёслол. Хуримын ордонд бүртгүүлээд, төрийн ордны өмнө батиараа татуулдаг нь төрийн өмнө Гэр-улсаа батлуулж буй сайхан бэлгэдэл. Хийдэд очиж, лам багшаасаа ерөөл сонсож, дурсгалын батиар татуулдаг нь Бурханы урд шажин номын ёс ёмбойлгож буй их хүндэтгэл. Гал голомтондоо анхны галаа асаан, шинэ бэрийн цай хоол хүртэж найрлах нь хамт олны өмнө Гэр улс болсноо тунхаглаж буй их ёслол. Хурим заавал нүсэр байх ёсгүй. Гол нь нэгэн насандаа үл мартагдах нандин дурсгал, хүмүүн ёсны их хүндэтгэл байх ёстой.
 
-Гэр-улсыг өөд татдаг гэгээн буянд юу юу багтдаг вэ?
 
-Гэр-улс бат байхын гам хошлон нь нэг сэтгэл, нэг итгэл үнэмшил. Эрийн ясан чөмөг сунаж, эмийн цусан цэнэг ханасан үедээ нийлсэн гэр нэг, ор нэг, дэр нэг, амь зуулга нэг хосын бие нь тус тус боловч итгэл үнэмшил нь нэг байх ёстой. Нэг нь бөө шүтдэг, нөгөө нь Есүс шүтдэг бол хэтийн заяа гэгээн болохгүй. Арвилан хэмнэлт бол эд хөрөнгөөр дутуухан ч ирээдүйд элбэг дэлбэг амь зуухын нөөц. Балгадаг айлд хэзээ ч буян чуулдаггүй. Бага багаар хэмнэдэг айлын буян дундардаггүй. 
 
Хань ижил, аав ээж, үр хүүхдээн 
Хайрлахын дээдээр хайрлан халамжилдаг байх 
Эргэн тойрныхоо олон түмэнтэй
Эх нэгтэн шиг эвсэг найрсаг явах 
Анх цагаас, мөнх цаг хүртэлх 
Алсч хараа, холч ухаантай байх зэрэг арван найман гэгээн буян айл гэрийг өөд татдаг юм даа хө.
 
-Гэр-улсыг доройтуулдаг гэмт нүгэл юу юу байдаг вэ?
 
-Аз жаргалыг хөндөгч айл гэрийг түйвээгч арваад муу ёрын нүгэл бий. Нэгдэхь нь хар. Хар бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл. Хар хүүшилсэн айл цоожгүй шоронтой адил. Ханиа хардагч бол буугүй хуягтай адил. Харыг хог дээр хаяж чадсан Гэр-улс жаргалтай.
 
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам яагаад ийм ном захиалан бүтээсэн юм бол?
 
-Сайд С.Эрдэнэ хэлэхдээ “Монгол улс хүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой. Энэ бол иргэн бүрийн төв үзэл зөв ухаан бодлыг Монгол төрийн үйл хэрэгт дайчлан ашиглана гэсэн үг. Манайханд ярьсан Галсан гуайн үгэн дотроос “Төр улсын доторхи гэр улс" гэдэг үг цочирдом содон дуулдсан. Тэгээд л бид захиалж, гэрээ хийж ном бичүүлсэн. Энэ ном ганц бие залууст байтугай гал голомтоо аль эрт бадраасан эхнэр нөхрүүдэд ахин дахин уншууштай, алт мэт санаануудтай, аван шууд хэрэглэх өгөөж хишигтэй юм. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд оюунлаг иргэдийнхээ оролцоо дэмжлэгтэйгээр бүтээсэн олон өөдрөг үйлсийн нэгэн гэгээн зул боллоо” гэж үнэлсэн байна лээ.
 
-Төр улсын дотор Гэр-улс бат оршиход төрийн зүгээс юу хийвэл үр өгөөжтэй болохсон бол?
 
-Гэр-улс баян бол Төр улс баян болно. Гэр-улс хүчирхэг болвол Төр улс хүчирхэг болно. Иймд баян, ядууг эс ялгасан хавтгайрмал халамжаас татгалзууштай. Харин залуу хос заяагаа гагнуут авгай нөхрийн аль алинд ажил өгдөг болууштай. Энэ бол идээд дуусдаг хүнс, үрээд дуусдаг мөнгө биш. Гэр улсыг өөд татах гэгээн бодлого. Салж сарнилгүй гурван жил болуут нь сууцны зээлд шууд хамруулууштай. Хүүхэд төрүүлэхийн тоолонгоор өрөөний үнийг хасууштай. Бат бэх Гэр-улс мөнөө арван жил харуулсан бол гадаад дотоод аялал, эмчилгээний зардал, үр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг улс даагууштай. Тэгэж гэмээнэ долоон муу ёрийн гэр бүл цөөрч, тогтвортой батжилтай Гэр-улс олширно. Гэр-улс батжихын хирээр төр улс хүчирхэгжинэ шүү дээ хө.
 
Шувуу хос жигүүрийнхээ ачаар өндөрт нисдэг 
Мод олон салаа үндэснийхээ ачаар өндөр ургадаг 
Хүн эвлэснийхээ хүчээр жаргалд хүрдэг 
Монгол улс минь Морин жилд гурван сая иргэнтэй боллоо. Ойрын үед нэг сая гэр улстай болтугай! Гэр-улсын гишүүн бүхэн нь:
 
Эзэгнэсэн өмч хөрөнгөтэй 
Эрхэлсэн ажил хөдөлмөртэй 
Эргэж хөрвөдөг орлоготой 
Эх оронч сэтгэлтэй 
Эрдэм ном шүтээнтэй 
Эрх чөлөө жаргалтай 
Эв нэгдлийн гагнаастай 
Инээн жаргацгаах болтугай! 
 
Б.Отгон
Эх сурвалж: "Нийслэл таймс"